| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/00542/И |
| Дугаар | 210/МА2025/01675 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01675
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04541 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 10,770,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж 8,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 10,770,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 8,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Талууд 2024 оны 04 сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь 55 маркийн экскаваторыг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн мөн оны 08 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* шугамын Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийн төсөл-ийн ажилд зориулан түрээслэх, түрээсийн нэг өдрийн төлбөр 550,000 төгрөг буюу нийт 90 хоногийн хугацаанд 49,500,000 төгрөг байхаар, түрээсийн төлбөрт тооцон 20,000,000 төгрөгийн үнэтэй ******* улсын дугаартай 55 маркийн экскаваторыг шилжүүлэхээр гэрээний 1.1, 2.1, 6.1, 6.3-т тус тус зааж тохиролцжээ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч нь 55 маркийн экскаваторыг 2024 оны 04 сарын 29-ний өдрөөс 2024 оны 06 сарын 11-ний өдрийн хугацаанд түрээслэн гэрээнд заасан ажил дууссан гэсэн үндэслэлээр түрээсийн гэрээг цуцалсан, түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг болон ******* улсын дугаартай 55 маркийн экскаваторыг 20,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, хариуцагч нь түрээсийн зүйл болох 55 маркийн экскаваторыг буцаан авсан үйл баримтад зохигч маргаагүй байна.
Түрээсийн гэрээний 6.4-т зааснаар түрээсийн зүйлийг ажлын 90 хоногийн хугацаагаар түрээслэхээр заасан ба нэхэмжлэгчээс уг техникийг 36 хоногийн хугацаагаар, хариуцагч талаас 44 хоногийн хугацаанд техникийг түрээсээр ашигласан гэж маргажээ. Нэхэмжлэгч талаас түрээсийн зүйлийг 36 хоногийн хугацаанд ашигласан тухай бүртгэлийн баримт, тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүх 36 хоногийн түрээсийн төлбөр 19,800,000 төгрөг болсныг зөв тооцсон боловч гэрээний 6.5-д зааснаар түрээсийн төлбөрөөс суутган тооцох дүнг энэхүү 19,800,000 төгрөг дээр /5 дугаар сарын төлбөр 5,000,000 төгрөг, 06 дугаар сарын 11 хүртэл ажлын 5 хоногийн төлбөр 1,285,714/ 6,285,714 төгрөгийг нэмж суутгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн ч түрээсийн зүйлийг 36 хоног ашигласны төлбөр 19,800,000 төгрөг болсон учир илүү төлсөн /30,000,000-19,800,000/ 10,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Харин гэрээний 6.5 дахь заалт нь дээрх 55 маркийн экскаваторыг 20,000,000 төгрөгт тооцон түрээсийн төлбөрт шилжүүлснийг хэрхэн тооцох тухай түрээсийн төлбөрийн задаргаа байх тул нэмж суутгах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацааны төлбөр буюу илүү төлсөн 10,200,000 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй тул хариуцагч ******* 10,200,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээний 6.1-д түрээслүүлэгч нь түрээсийн хугацаанд жолоочийг бүрэн хариуцна гэснийг үндэслэн түрээсийн зүйлийг ашиглах хугацаанд жолоочийн хоолны мөнгөнд 570,000 төгрөг зарцуулсныг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, хариуцагч уг шаардлагаас татгалзсаныг анхаараагүй байна. Гэвч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд талуудын зарчимд үндэслэн хариуцагчаас 570,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагч *******ээс /10,200,000+570,000/ 10,770,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2024 оны 04 сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бөгөөд энэ агуулгаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй алдаа гаргажээ.
Хариуцагч нь 2024 оны 04 сарын 29-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтооолгохоор сөрөг шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй буюу уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй байдлаа бүрэн илэрхийлээгүй, мөн энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаагүй байна. Иймээс зохигчийн тайлбар, хэргийн баримтаар дээрх гэрээ нь хууль зөрчсөн болон бусад байдлаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******ээс 10,770,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 10,770,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, 2024 оны 04 сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 8,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагч *******ий сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 187,270 төгрөг, хариуцагчийн төлсөн 217,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ