| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/01588/И |
| Дугаар | 210/МА2025/01676 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01676
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04023 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай 2024 оны 11 сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* м.кв орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл байраа суллаж өгөхгүй байгаа тул энэхүү дурдсан орон сууцнаас хариуцагчаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэн зөв тайлбар гаргаагүй нь эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэрэг гэж үзэж байна. ******* нь бусадтай бүлэглэн, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж, мөнгө угаах үйлдэл хийж энэхүү нэхэмжлэлийг гаргаад байгааг шалгуулах, энэ хүрээнд уг иргэний хэрэгт хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэн оролцоно гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******гийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд түр өөрийн нэр дээр шилжүүлэн авч 320,000,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэй олгоё гээд орон сууцны гэрчилгээг худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Энэ тухай *******гийн санаачилгаар видео хийж дуу хураагуурт нэг дор бичлэг болгон бичсэн. Зээлдүүлсэн 320,000,000 төгрөгийг *******д гэрээ байгуулмагц шилжүүлнэ гэсэн ч хэлсэн ярьсан нь өөрчлөгдөж, маргааш нь мөнгийг дутуу буюу 293,600,000 төгрөг шилжүүлж, мөнгөн дүнд 10 хувийн хүү тооцож өгч байсан ба хэлцлийн дагуу 60 хоногт багтаан төлбөр тооцоог барагдуулж барьцаанд өгсөн орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхээр хандахад учир битүүлгээр нөхцлийг нь бүрдүүлж буцаан өгөхгүй өнөөдрийг хүрээд байна гэжээ.
4. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би энэ худалдах-худалдан авах гэрээг зээл авах зорилгоор итгэмжлэл өгч үйлдүүлсэн бөгөөд зээл өгөгч тал нь зээл, барьцааны гэрээ хийх боломжгүй, харин зайлшгүй өмчлөлд бүртгүүлэх замаар барьцаагаа баталгаажуулна гэснээр ийм гэрээг бодит бусаар хийсэн. Гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй ба 293,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний зээл авах хэрэгцээг урвуулан ашиглаж, зээл өгөхийн тулд зээлийн барьцааны гэрээ бус худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасныг зөрчсөн байна.
Дээрхээс гадна уг хэлцлийг ******* нь итгэмжлэлийн хүрээнд хийхдээ хөрөнгийн үнийг зах зээлийн ханшаас 2 дахин багаар, төлөгдөөгүй төлбөрийг төлсөн мэтээр тусган оруулснаар улсын бүртгэлд өмчлөгч солигдох нөхцлийг бүрдүүлсэн нь өөрт олгогдоогүй асуудлаар өмчлөгчийн нэрийн өмнөөс бодит бусаар төлөөлөх эрхийг хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн. Иймд миний өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны ******* гудамжны ******* байрны ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх тухай 2024 оны 11 сарын 05-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нар биесээ танихгүй бөгөөд ******* нь мөнгөний хэрэгцээ үүсч байраа 320,000,000 төгрөгөөр зарах тухайг гэрчээр оролцсон *******д хэлж, ******* нь *******д хэлснээр тухайн орон сууцыг ******* худалдан авахаар болж, гэрээг *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулж хууль ёсны өмчлөгч болсон. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан нөхцөлөөр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл юм.
******* *******гийн хүсэлтээр 20,000,000 төгрөгийг зуучлагч *******д, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 6,400,000 төгрөгийг төлж, 293,600,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн нь тэдний хооронд ярьсан утасны бичлэгээр нотлогдоно. ******* нь зээл авах зорилгоор уг гэрээг хийсэн гэжээ. Тэгвэл яагаад нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаан шилжүүлэлгүй 1 сарын дараа хүү гэсэн утгаар 30,000,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлж өнөөдрийг хүртэл түүнээс авсан мөнгөө буцааж өгөхгүй ашиглаад байгаа нь ойлгомжгүй, энэ үйлдэл нь анхнаасаа хүний мөнгийг ашиглаж байгаад зээл болгон харагдуулах, шүүхэд итгүүлэх зорилго нь тодорхой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот, ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн үндсэн нэхэмжлэл болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******д холбогдох 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төрөг, хариуцагчийн төлсөн 1,828,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний чөлөөт байдлын дагуу гол нөхцөлөө тохиролцож хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөр болох 320,000,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтийн дагуу 20,000,000 төгрөгийг зуучлагч *******д шилжүүлэн өгч, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 6,400,000 төгрөгийг төлж, 293,600,000 төгрөгийг түүний дансруу шилжүүлж гэрээний үнийг бүрэн биелүүлсэн, энэ талаар хариуцагч тал маргаагүй байхад анхан шатны шүүхээс гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцны эзэмшлийг шаардах эрхгүй хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн төлж хуулийн дагуу өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Сөрөг шаардлагын тухайд: Хариуцагч гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа 30,000,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн нь ямар учиртай нь ойлгомжгүй, тодорхой тайлбар өгөлгүй жил гарангийн хугацаа өнгөрөөсөн бөгөөд нэхэмжлэгчийг шүүхэд хандсаны дараа уг 30.000.000 төгрөгөө зээлийн гэрээний хүү байсан, байраа буцаан авна гэх байдлаар сөрөг шаардлага гаргаж, орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч энэхүү нөхцөл байдлаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч *******гийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн зээлийг авсан. *******аар итгэмжлэл хийлгэж 320,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 20,000,000 төгрөгийн зээл гэж ******* надад орой нь хэлсэн. Би *******д Би хүлээн зөвшөөрөхгүй, 10 хувийн хүү их өндөр байна. Хувь хүнээс зээл аваад ир гэж хэлээгүй, Банк, банк бусаад зээл аваад ир гэж хэлж итгэмжлэл өгсөн гэж хэлсэн. Миний хүсэл зорилготой нийцээгүй зээл учраас буцаана гэдгээ хэлсэн. 700,000,000 төгрөгийн байрыг 300,000,000 төгрөгт өгөхгүй. Энэ харилцаанд зуучлагч нар орж ирсэн. Жуучлагч нарын мөнгийг *******, ******* нар хүлээн зөвшөөрсний дагуу өгсөн. Үлдэгдэл 280,000,000 гаруй төгрөг өгснөөр гэрээнд заасан мөнгийг өгсөн гэж ярьж байгаа боловч энэ нөхцөл байдал болон талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх нь баримтаар нотдогддоггүй. Хэрэгт авагдсан баримтаар тухайн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш зээлийн харилцааны улмаас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нөхцөл байдал байгаа гэдгийг хариуцагч нар болон худалдах, худалдан авах гэрээ хийсэн ******* нар нотлоод яриад байхад шүүхээс талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснээс болж хариуцагч ******* нь байргүй, мөнгөгүй болсон. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрхэн яаж шийдвэрлэсэн гэдгээ тодорхойгүй, ойлгомжгүйгээр шийдвэрлэсэн тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.
9. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хэлсэн үйлдлүүд бүгд сөрөг. Худалдан авах гэрээгээр тухайн байр шилжсэн. Үүнтэй холбогдуулан яагаад давж заалдах гомдол гаргасангүй вэ гэж асууж байна. Шүүхээр шийдэгдэх асуудал тул шүүх шийднэ гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн үед зээл авах зорилготой хийсэн гэрээ. ******* гэх хүнийг танихгүй. Анхнаасаа зохион байгуулалттай зүйл болсон гэж үзэж байна. Анхан шатны хуралд оролцуулахгүйгээр зохион байгуулалттайгаар шүүх хурал хойшлуулсан гэж хэлдэг гэжээ.
10. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасан мэтгэлзэх зарчмыг ноцтой зөрчсөн. Хариуцагч *******гийн хувьд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг бөгөөд энэхүү татгалзлаа илэрхийлж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар зохих дүгнэлтийг хийх ёстой байсан. Хариуцагч *******гийн шүүхэд гаргасан хариу тайлбараар орон сууцаа худалдах биш харин яаралтай тохиолдолд зээл авах хүсэл сонирхол байсан ба *******д итгэмжлэл хийж өгсөн гэдэг. *******ын хувьд итгэмжлэлийн дагуу *******гаас зээл авахаар болоход үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүл тэгсний дараа зээл олгоно гээд 2024 оны 11 сарын 05-ны өдөр *******тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. *******гаас *******д олгосон итгэмжлэлийн агуулга нь зээл авах хүсэл байсан нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хэн аль нь хэлцэл байгуулах тухайн мөчид хэлцлийн агуулга, сэдэлт, хэлцэл байгуулах хүсэл зориг, үр дагаврын тухайд алдаа гаргаагүй, төөрөгдөөгүй, хэлцэл байгуулах хүсэл зориггүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрээ байгуулахдаа худалдагч үл хөдлөх эд хөрөнгөө 320,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэл зоригтой байж, энэхүү хүсэл зоригоо харилцан илэрхийлэн хэлцлийг байгуулжээ гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Хариуцагч *******гаас нэхэмжлэгч *******д 2024 оны 12 сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг хүү хэмээн шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байхад энэ талаар шүүх дүгнэх ёстой байсан ч дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
11. Хариуцагч *******гийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал процесс хуулийн дагуу явагдаагүй гэж байна. Шүүгч хэргийн оролцогч нарт эрх үүрэг болон өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг тайлбарлаж өгсөн. Хариуцагч талын төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй нь шүүхийн хариуцах асуудал биш, өөрийнх нь асуудал бөгөөд энэ тохиолдолд эзгүйд нь шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэж тайлбарладаг ч зээлийн гэрээ байдаггүй, харин худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажсан. ******* зохион байгуулалттай гэмт бүлэг намайг дээрэмдсэн гэж байгаа бол нотариатад энэ талаар хэлэх болон хуулийн байгууллагад хандаагүй байна. Үнэхээр зээлийн гэрээний харилцаа үүссэн бол өнөөдрийг хүртэл их мөнгө авчихаад яагаад буцааж өгөхгүй өнөөдрийг хүртэл 320,000,000 төгрөгийг ашиглаад байна вэ. Энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөхгүй яасан юм. Мөнгө шилжүүлснийг нь үнэн, энэ мөнгийг хариуцагч буцааж өгөөгүй. Иймээс давж заалдах гомдол нь нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот, ******* м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ. Хариуцагч *******гийн зүгээс тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үндэслэл болсон 2024 оны 11 сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түүний үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
3. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн хооронд ямар төрлийн эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг маргааны үйл баримтыг бүрэн, бодитой тогтоох замаар тодорхойлж, тухайн харилцаа нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 11 сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг худалдагч талаас хариуцагч *******г төлөөлж хариуцагч *******, худалдан авагч ******* нар байгуулсан байна. Энэ гэрээгээр талууд маргааны зүйл болсон ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот, ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцжээ. /хх.6/
Нэхэмжлэгч энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг худалдах-худалдан авах гэрээний үнэ 320,000,000 төгрөгийг бүрэн төлж, өмчлөх эрхийг олж авсан тул орон сууцыг эзэмшилдээ авах үндэстэй гэж тодорхойлж, мөн сөрөг нэхэмжлэлээс татгалзаж 20,000,000+6,400,000+293,600,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн нь тэдний хооронд ярьсан утасны бичлэгээр нотлогдоно гэж тайлбарласан бол, хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзсан болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******гаас 320,000,000 төгрөгийг зээлж барьцаанд нь маргаан бүхий орон сууцыг тавьсан, ******* орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг шаардсан тул нэр дээр нь гэрчилгээг гаргуулсан, зээлийг төлмөгц орон сууцны гэрчилгээг буцааж шилжүүлнэ гэж тохирсон, энэ нь 2 тал утсаар хамт видео хийж дуу хураагуурт бичлэг болгон бичсэн гэж тус тус тайлбарласан байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ хэргийн оролцогчийн зүгээс худалдах-худалдан авах болон зээлийн гэрээ байгуулсан гэж агуулгын зөрүүтэй, мөн хэргийн үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлын талаар тайлбарласныг анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.
5. Зохигч маргааны зүйл болсон орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар хийсэн хэлцэл нь талуудын жинхэнэ хүсэл зориг эсэх, нэхэмжлэгчээс 320,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалахдаа зээлдүүлэгчийн хүсэлтээр түүний өмчлөлд шилжүүлсэн тухай хариуцагч нарын тайлбар хэргийн байдалд нийцсэн эсэхийг бодитой тогтоох, түүнчлэн талуудын тохиролцоо нь хуульд нийцсэн бөгөөд хүчин төгөлдөр шаардах эрхийг бий болгох эсэхийг шүүх дүгнэх учиртай.
Энэ байдлыг тодруулах, тогтоох ажиллагааг шүүх явуулаагүй, ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйн улмаас зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх зөв тодорхойлж чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх шаардлагад нийцэхгүй юм.
Иймээс давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
6. Шүүх хариуцагч *******гийн давж заалдах гомдлоос түүний эрхийг анхан шатны шүүх хангалгүй, эрхийг нь зөрчсөн тухай гомдлыг хүлээн авахгүй. Өөрийнх нь сонгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцоогүйн улмаас эрх нь зөрчигдсөн, энэ байдалд шүүхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй нөхцөлд тэрээр энэ асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.
7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,757,950 төгрөг, хариуцагч *******гийн төлсөн 1,828,150 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ