Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 465

 

 

                          

 

 

 

     2019            4              25                                           465

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1163/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

 Э овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0050 60418 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Э овогт Бын Б нь Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “...” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, тус компаний үйл ажиллагаа түр хугацаагаар түдгэлзсэн байгаа гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

 “...” ХХК-ний захирал ажилтай Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ... тоотод үйл ажиллагаа явуулдаг тус компаний загас боловсруулах цехэд загас чанагч ажилтай Б.Y нь загас чанагч тогоог салгах үед тогоо дэлбэрч түлэгдан нас барсан үйлдэлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгаас: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У мэдүүлэхдээ: Амь хохирогч Б.Y нь миний төрсөн дүү юм. ...суманд 1997 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, гэр бүлгүй, оюутан хүүхэд байсан. Оюутны сарын амралтаараа тус компанид ажиллаж байсан. Өмнө нь бас 1 сар ажилласан юм. Оршуулгын зардалд баримттай зардал нь 7.667.032 төгрөг болсон, баримтгүй зардал нь 2.675.000 төгрөг болсон. Үүнээс 7.500.000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан. Үлдэх 2.675.000 төгрөгийн баримтгүй зардал байгаа. Үүнд ламаар ном уншуулсан, бензин тос зэрэг зардлууд орсон. Үүнийг нэхэмжилж байна. 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлнө гэж илэрхийлсэн. Талийгаачийн нэг сарын цалин 500.000 төгрөгийг авсан байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0050 60418 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“...Би талийгаач Б.Yын төрсөн ах нь юм. Талийгаач 1997 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ...суманд төрсөн. Бид эцэг, эхээс дөрвүүлээ ба, талийгаач Y доороосоо хоёр дахь хүүхэд нь байсан. Талийгаач Y Архангай аймгийн 2 дугаар арван жилийг 2017 онд 12 дугаар ангийг төгссөн, бөгөөд Архангай аймгийн багшийн сургуулийн 2 дугаар курсэд сурч байсан. ...Сургуульдаа уралдаан тэмцээнд их орж олон шагнал, медальтай, урлагийн авьяастай дуулдаг хүүхэд байсан. Архи, тамхи хэрэглэдэггүй.

Би талийгаачтай 2019 оны 02 дугаар сарын 15-ны хавьцаа байх, Улаанбаатар хотод Тахилтад байдаг гэрээсээ Архангай аймаг руу явсан. Явахдаа хамгийн сүүлд дүүтэйгээ уулзсан. Талийгаач Y зүгээр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Намайг Архангай аймагт байхад Y ажил дээрээ ууранд гараа түлчихлээ гэж хэлж байсан. Талийгаач Yд ямар нэгэн хууч өвчин байхгүй залуу хүүхэд байсан. Би 2018 оны өвөл тус цехэд тус тогоон дээр загас жигнэдэг байсан. Уг тогоо нь автоматаар унтардаггүй, гараараа унтрааж асаадаг байсан. Намайг ажилладаг байхад цехийн дарга аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж өгдөггүй байсан. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 9 сая орчим төгрөг зарцуулсан. Бүгд баримтаар байгаа. Түүнийг хэрэгт хавсаргуулж өгнө. Тус загасны цехийн дарга талийгаач дүүгийн ажил явдалд 7.500.000 төгрөгийг дансаар өгсөн. Тус цехийн даргаас талийгаач Yын ажилласан хугацааны цалинг гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ нь нэг сардаа 500.000 төгрөгийн цалинтай ажиллана гэж амаар тохирсон. Талийгаач Y 1 сар л ажилласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“...Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Б нь манайд хохирлын мөнгө гэж оршуулгын зардалд 7.500.000 төгрөгийг дансаар, талийгаач Yын ажлын цалин гэж 500.000 төгрөгийг тус тус миний дансаар шилжүүлсэн. Нийт 8 сая төгрөг өгсөн.  Оршуулгын зардалд баримтаар 7.600.000 төгрөг гарсан. Талийгаач Архангай аймгийн Эрдэнэбулган сум буюу аймгийн төвд ажил явдлыг нь хийсэн. Манай аймгийн Гандан нь ном уншуулахад мөнгөний баримт гэж өгдөггүй. Тэгээд гараар бичиж авч үлдсэн. Тэр нь тамга, тэмдэггүй баримт байгаа. Түүнээс бусад хохирлын баримтууд нь бүгд бодит, тухайн цаг хугацаанд гарсан, хэрэглэсэн зүйлс байгаа. Харин нийт бүх зардлын баримтыг авч хавсаргаж чадаагүй. Өгсөн нь л энэ юм. ...сэтгэл санааны хохиролд мөнгө нэхэмжилмээр л байна. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд сууна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дугаар тал),

 

2. Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Ирээдүй орд” нэртэй загасны бүтээгдэхүүний үйлдвэрт өчигдөр 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орсон. Тухайн үйлдвэрийн ажилчид нь 2 ээлжээр ажиллах болсон байсан, би өчигдөр өдрийн ээлжинд загас бэлтгэгчээр ажилд орсон. Тэгээд ажлаа хийгээд байж байтал 13 цаг 40 минутын үед талийгаач Нэмэхээ гэдэг залуу сууж байгаад босоод загас чанаж байсан тогоо руу явах шиг болоод юм тэсрэх чимээ гарсан. Би газарт унаад босох гэж байтал хамт ажилладаг ах намайг татаж босгосон. Би босоод Нэмэхээ рүү харахад харагдахгүй, үйлдвэрийн байр битүү манан татсан байсан. Тэгээд Нэмэхээгийн байсан газар руу гүйгээд очиход газарт хажуу тийшээ хараад хэвтэж байхаар нь өргөөд босгох гэтэл гаднаас ах Монхоо орж ирээд хамт Нэмэхээг өргөөд үйлдвэрийн байрнаас гаргасан. Тэгээд би машин руу гүйж очоод машин асааж ирээд Нэмэхээг суулгаад эмнэлэг дээр авчраад Монхоо ахтай хамт буулгаад буцаж яваад ажил дээрээ очоод байж байтал 03 цаг 45 минутын үед хүргэн Аагий залгаж Нэмэхээг нас барсан гэж хэлсэн. Тухайн тогоонд шилтэй загас чанаж байсан. Нэмэхээ тухайн тогооны халууныг тааруулдаг байсан юм. Надтай хамт ажиллаж байсан хүмүүст үйлдвэрийн хүмүүст зориулалтын хувцас гэж байхгүй, урд талдаа хормогч зүүгээд ажилладаг. Тухайн тогоо нь ямар шалтгааны улмаас дэлбэрснийг би сайн мэдэхгүй байна. Би цаад талд загас бэлтгэж байсан. Нэмэхээ тогооны халууныг тааруулаад унтраах цаг нь болоод босоход дэлбэрсэн гэж бодож байна. Дэлбэрэлт болох үед би загас бэлтгээд, хамт ажилладаг ах миний өөдөөс харчихсан загас боож байсан. Нэмэхээ загас чанаж байсан. Өөр хүн байгаагүй. Би 2018 онд талийгаачтай хамт загасны үйлдвэрт ажиллаж байсан болохоор таньдаг юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

 

3. Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би “...” ХХК-нд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон. Ажилд орохдоо ажилд зуучлах төвөөр дамжуулж орсон. Уг цехэд би загас утдаг ажилд орсон. Намайг ажилд орсон өдөр мөн талийгаач Нэмэхээ, Баярмагнай бид нар хамт нэг өдөр орсон. Манай загасны цех улирлын чанартай ажилладаг. Тэгээд 01 дүгээр сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Талийгаач Нэмэхээ загас чанадаг байсан. Нэмэхээ өмнө нь тус цехэд ажилладаг байсан гэсэн. Өөрийнх нь ярьснаар урьд нь ахтайгаа хамт ажилладаг байсан гэж ярьж байсан. Би болон Баярмагнай, Баярмагнайгийн эхнэр, манай эхнэр бид нар тус цехэд амралтын өрөөнд түр амьдарч байгаа. Хэрэг гардаг өдөр өглөө 09 цагийн үед ажилдаа орсон. Намайг ажилдаа ороход талийгаач Нэмэхээ ажилдаа ирсэн загасаа тогоондоо чанаад зогсож байсан. Мөн манай дарга Боддаваагийн дүү Б гэсэн байх, нэрийг нь санахгүй байна, нэг залуу  мөн ирсэн байсан. Би тэр өдөр цагаан загасны гэдэс цэвэрлэж, хальслах ажил хийж байсан. Талийгаач Нэмэхээ загасаа тогоонд чанаж хажуугаар нь шилэнд загасаа хийж байсан. Өдөр 13 цаг өнгөрөөгөөд байх, яг цагийг нь сайн санахгүй байна, талийгаач Нэмэхээ загас чанадаг тогооныхоо хажууд тогоондоо загасаа хийгээд, чанаад хажууд нь суугаад шилэнд загас хийж байсан. Би ард нь 2-3 алхмын зайд хойшоо харсан суугаад загас цэвэрлэж байсан. Миний цаана Б хөлдүү загас цавчиж байсан. Талийгаач бид хоёр нуруу нуруугаа харуулаад хоёр тийшээ харсан сууж байхад гэнэт дэлбэрэлт шиг дуу гараад би цэвэрлэж байсан загасныхаа дээгүүр шидэгдсэн. Тухайн үед цех дотор үзэгдэх орчин байхгүй болж халуун уураар дүүрсэн. Би тэгээд босож ирээд юу боловоо манайхаан гээд хашгирахад хэн ч дуугараагүй. Би босоод харахад цаана даргын дүү Б хана налаад унасан байсныг татаж босгосон. Буцаж эргээд Нэмэхээг хайхад тогооныхоо урд хэсэгт шалан дээр хагас доошоо харсан байдалтай, зүүн гараараа газар тохойгоороо тулсан, нүүр ам нь цус болсон байсан. Б бид хоёр Нэмэхээг хоёр талаас нь сугадаж өргөөд гаргахад үүдэнд дарга ирж таарсан. Дарга хурдлаач гээд байсан. Тэр үед би саарал ноосон цамцтай, хар өмдтэй байсан. Б бараан өнгийн хувцастай байсан. Талийгаач Нэмэхээ ягаан ноосон цамцтай, энгэр нь задгай, дотроо цагаан өнгийн футболктой байсан. Үүд рүү гаргаад дарга талийгаач Нэмэхээгийн дээгүүрх хувцсыг тайлж өөр хувцас нөмөргөөд Бг машинаа асаагаад ир гээд Бгийн машинтай дарга Б, Баярмагнай хоёр талийгаач Нэмэхээг аваад эмнэлэг рүү явсан. Цехэд өөрөөр гал бол гараагүй. Загас чанадаг тогоо л шатаж дэлбэрсэн. Их чанга дуу чимээ гарсан. Би талийгаач Yтай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хамт ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш л мэднэ. Нэмэхээ дуу цөөтэй, ажилдаа маш сайн санаачлагатай ажилладаг залуу байсан. Тамхи татдаг, архи ууж байгаагүй. Хэрэг гардаг өдөр бид нарын хэн нь ч архи пиво уугаагүй байсан. Өвдөж, ядарсан зүйл байхгүй байсан. Загас чанадаг тогоог талийгаач Нэмэхээ ажиллуулдаг байсан. Талийгаач хэд хоногийн өмнөөс Баярмагнайд зааж өгч байсан. Баярмагнай 2, 3 хоног ажиллуулсан. Дарга Б өглөө бүр ажилд гарахад амаар болгоомжтой ажиллах болон тэр тогооны талаар хугацаа, минутыг нь хэтрүүлж болохгүй, мөн заасан хугацаанаас өмнө салгавал загас улайж, дутуу болно гэж зааварчилгаа өгдөг байсан. Түүнээс бичгээр бол өгөөгүй, сургалт ороогүй. Би тэр орой толгой эргэх болон хүзүү чилээд байсан, одоо зүгээр. Өөрөөр ямар нэгэн гэмтэл учраагүй, түлэгдсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Надад ямар ч гомдол санал байхгүй. Би тогоог ажиллуулж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр тогоог залгаад хугацаа хэтрүүлж болохгүй гэдэг байсан. Цаг минут нь хэтэрсэн юм болов уу л гэж бодож байна. Түүнээс хэн нэгэн санаатай хэрэг хийгээгүй, тогоо л шатсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

 

4. Гэрч М.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би баз хүргэн Чинбатын хамт ажилд зуучлах төвөөр дамжуулан “...” ХХК-нд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон. ...Тэр орой шөнийн ээлжинд гарна гээд амарч байсан юм. Би эхнэрийнхээ хамт цехийнхээ өрөөнд түр амьдарч байгаа. Намайг өдөр унтаж байхад дарга Бгийн дүү орж ирээд тогоо буудчихлаа, гараад ир гээд буцаад гарсан. Би хувцсаа өмсөөд араас нь очиход цехийн үүдэнд Yын нүүр, цээж нь цус болсон, дарга Б, Чинбат нар хоёр талаас нь түшсэн зогсож байсан. Нэмэхээ Магнай ахаа би яачихваа, юу болсон бэ гээд ярьж байсан. Даргын дүү нь машинаа асаагаад дарга бид хоёр тэндээс эмнэлгийн машинаар Гэмтэл рүү явсан. Замдаа Нэмэхээ миний гар яачихваа гээд юм яриад байсан. Би Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би талийгаач Yтай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хамт ажиллаж эхэлсэн. Чинбат, Нэмэхээ, даргын дүү гээд залуу бүгд эрүүл байсан. Дэлбэрсэн тогоог Нэмэхээ л ажиллуулдаг байсан. Би өмнө нь 2-3 өдөр ажиллуулсан. Тэр тогоо шатсан урд орой би ажиллуулсан. Шилтэй загасаа хийгээд 220 вт тогоонд залгаад 1 цаг 30 минут болоод хэсэг унтраагаад 30 орчим минут амраагаад дахин 5-10 орчим минут асаагаад загас болдог. Нэг тогоонд 24 шил загас ордог. Тогооны талаар ус хийж буцалгаад шилтэй загасаа хийж битүү чанадаг. Чанаад цаг нь болсон үед уур гаргагчаар уурыг нь гаргаж байж тагийг нь авдаг. Тэгэхгүй бол хийтэй буудах аюултай гэж дарга Б байнга хэлдэг байсан. Бид нарыг өглөө ажилд гарахад амаар зөвлөгөөг дарга Б өгдөг. Бичгээр бол өгөөгүй. Сургалтанд суугаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

 

5. Гэрч Ц.Буянбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“...Би талийгаач Yын төрсөн аав нь юм. Манайх 4 хүүхэдтэй ба, багын дээд талын хүү юм. Архангай аймгийн төвийн 2 дугаар арван жилийн 10 дугаар ангийг төгссөн. Мөн аймгийн Багшийн сургуулийн 2 дугаар курсийн оюутан байсан. Бага насаа Архангай аймгийн төвд өнгөрүүлсэн. Миний хүү Y нь найз нөхөд, хамаатан садандаа нэр хүнд, нийгмийн идэвхи сайтай, төлөв даруу зантай хүүхэд байсан. Спортоор хичээллэдэг, сагс, гар бөмбөг тоглодог, сургуульдаа уралдаан тэмцээнд их орж олон шагнал, медальтай урлагийн авьяастай, дуулдаг, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан. Улаанбаатар хотод сургуулийнхаа амралтыг тараад 2018 оны 12 дугаар сард ажил хийх гэж ирсэн. Yын төрсөн ах У талийгаач Yын ажиллаж байсан загасны цехэд ноднин ажиллаж байсан юм. Тэгээд Yыг уг загасны цехэд ажилд оруулсан гэсэн. Талийгаач хүү Yд ямар нэгэн хууч өвчин байхгүй. Талийгаач хүүг ажил дээрээ осолд орох үед нь ах У нь Архангай аймагт байсан. Уг ажилдаа хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэсэн. Манай хүү У өмнө нь ажиллахдаа бас гэрээ хийгээгүй ажиллаж байсан гэсэн. Уг загасны цех нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй газар шиг санагдсан. Манай талийгаач хүү Y нь цехэд ажиллаж байхдаа гар утсаараа ажлын байраа ажиллаж байхдаа үзүүлж байсан. Тэгэхэд зүүн гарынхаа алгыг түлсэн гээд боосон байсан. Тэгээд ер нь уг газар нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөнөөс л ийм осол гарлаа гэж ойлгож байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Талийгаач хүү ид залуу хийж бүтээдэг 21 настай байсан. Энэ хэрэгт манай том хүү У хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгч, хэргийн материалтай танилцана. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

 

6. Гэрч Ж.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...Б бид хоёр гэр бүлийн гишүүд. Манай нөхөр бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Б бид хоёр 2006 онд танилцаж гэр бүл болсон. Тухайн үед бид хоёр Солонгос Улсад ажиллаж байгаад танилцсан. Бг бид нар Монхоо гэж дууддаг. ...Манай нөхөр бид хоёр 2014 оноос Тахилтад газар аваад байшин барьж, загас утах, шиллэж зарах ажлыг эхлүүлсэн. Манай нөхөр эхэндээ өөрөө ганцаараа хийдэг байж байгаад 2018 оноос эхлэн 4-5 хүн авч ажиллуулж эхэлсэн юм. Гэхдээ манай цех улирлын чанартай 12 дугаар сараас 02 дугаар сарын хооронд ажилладаг. Учир нь загасны хориотой үед манай бүтээгдэхүүн болох загасыг зардаггүй. Манай цех жижиг учир бид загасаа нөөцөлж авч чаддаггүй, улирлын чанартай ажилладаг. Би нөхрийнхөө утаж шилэлсэн загасыг түц дэлгүүр, захуудад хүргэж өгч зардаг. Манай цех ажиллаж байх үедээ сард ойролцоогоор 3-4 сая төгрөгийн орлоготой. Үүнээс хүн ажиллуулж байгаа үедээ цалин өгдөг. ...2018 оны 5 дугаар сард Хаан банкнаас ажлын байраа өргөжүүлэх зорилгоор 50 сая төгрөгийн зээл авч байсан. Манай нөхөр Б уг нь дээрх загасны цехээ өргөжүүлэхээр л ажилласан юм. ...Б өөрөө ажилчиддаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам танилцуулдаг. Мөн гарын үсэг зуруулдаг дэвтэр, аюулгүй ажиллагааны самбар, хуулийн булантай. Манай цех нь тийм том биш, олон ажилчин байхгүй, 4-5 хүн л ажил ихтэй үед авч ажиллуулдаг болохоор хөдөлмөрийн гэрээ бичгээр хийдэггүй. Yын төрсөн ах нь манайд өмнө нь ажиллаж байсан. Мөн Y өөрөө ажиллаж байсан. Y нь манайд яг ямар ажил хийдэг талаар би сайн мэдэхгүй. Манай нөхөр Б л өөрөө ажлаа зохицуулж хийдэг. Би түгээлтээ хариуцдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар тал),

 

7. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...:Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2014 оноос хойш хувиараа гэрээрээ өрхийн үйлдвэрлэл маягаар загас боловсруулж, чанаж, шиллэж зардаг. Манайх тухайн үед шиллэсэн загасаа борлуулахад дэлгүүр, захын худалдагч нар, хувь хүнээс загас авахгүй, компанитай гэрээ хийж байж авна гэхээр нь “...” ХХК-нийг байгуулан ажиллаж байсан. Би тус цехээ 2018 оноос өргөтгөж зээл авч томруулан, 4-5 хүн авч ажиллуулж эхэлсэн. Манай ажил нь улирлын чанартай учир 11 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл хугацаанд ажилладаг байсан.

2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ...өдрийн цайны цаг болж би хоол хийж дуусгаад ажилчдаа дуудах гээд амралтын байрнаас ажлын байр руу алхаж явахад ажлын байранд чанга юм дэлбэрэх чимээ гарсан. Би ажлын байр руу яваад ороход хаалганы цаанаас бөөн уур гарч ирээд цаанаас нь Б, Чинбат хоёр талийгаач Yыг сугадаад гараад ирсэн. Би шөнийн ээлжинд гарах гээд амарч байсан хоёр ажилчнаа дуудаад Бг машинаа асаагаад ир гэхэд Б машинаа асаагаад ирсэн. Би Батмагнайтай талийгаач Yыг аваад Б машин асаагаад бид нар эмнэлэг явсан. Гарахаас өмнө эмнэлэг рүү утсаар залгаж, дуудлага өгсөн. Би арай ойроор нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт шууд очсон. Тэндээс шууд 103 машинтайгаа талийгаач Yыг аваад явсан. Тэр үед талийгаач Y өөрөө алхаад эмнэлгийн машин руу орж суугаад Гэмтлийн эмнэлэг рүү шууд явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нар цэвэрлэгээ хийгээд зураг авсан. Тэр үед талийгаачийг нааш, цааш эргэ гэхэд өөрөө эргэж харж хэвтэж байсан. Тэр өдрөө хагалгаанд оруулаагүй биеийн байдлыг нь тогтворжуулж байж орно гээд орой цагийг нь санахгүй байна, хагалгаанд ороод шөнийн 02 цагийн үед хагалгаанаас гарч ирсэн. Шууд сэхээнд оруулсан. Тэр үед талийгаачийн ар гэрийнхэн нь ирсэн байсан. Талийгаачийн зүрх нь тасалдаад байна гээд ар гэрийнхийг нь оруулсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед нас барчихлаа гэж хэлсэн. Би хохирлын баримтуудыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын зардал, оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Мөн ажилласан өдрийн цалинг олгосон. Хохирлын зардалд оршуулгын зардал гэж 7.500.000 төгрөгийг дансаар өгсөн. Мөн талийгаач Yын 2019 оны 01 дүгээр сарын цалин гэж 500.000 төгрөгийг дансаар өгсөн. Нийт 8.000.000 төгрөг өгсөн, баримтыг хэрэгт өгсөн. Ажлын байрны дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас олгосон цагаас хойш зөрчил гаргаагүй бол хүчин төгөлдөр байдаг. Харин галын дүгнэлтийг нэг жилийн хугацаатай манай компаний зүгээс бичгээр гаргасны дагуу галын шинжээч нар ирж үзэж дүгнэлт гаргадаг. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би бичгээр хүсэлт өгөөд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирж үзэж шалгаад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр галын шинжээчийн дүгнэлтийг гаргаж өгсөн. Би задлан шинжилгээний болон мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118 дугаар тал),

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаартай дүгнэлтэд:

            -Талийгаач нь нүүр, хүзүү, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, шуу сарвууны 3б-р зэргийн түлэгдэлт болон зүсэгдсэн шарх, баруун гарын 3, 4, 5-р хурууны алганы шивнүүрийн ил хугарал, бүх биеийн гадаргуун 30-40 хувийг хамарсан түлэгдэлтийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

            -Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн хүнд зэргийн гэмтэл болно.

            -Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            -Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. /шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 57-61 дүгээр тал),

 

9. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...Түлэгдэлт өвчнийг 1, 2, 3-ын а, б гэж зэрэг болгон хуваадаг. Энэ нь арьс булчингийн аль давхаргыг гэмтээснийг харгалзан ангилдаг ангилал юм. 3б зэргийн түлэгдэлт нь арьсны бүх давхаргыг гэмтээж, үхжил үүсгэснийг хэлнэ. Үхжил гэдэг нь түлэгдэлт өвчний хувьд арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж, арьсаар уураг усаа алдаж, хамгаалах байдал нь алдагдсанаас нянгийн бохир үүсэж, дотор эрхтнүүдэд нянгийн бохирдол үүсгэснийг хэлдэг. Дээрх талийгаачид учирсан 3б зэргийн бүх биеийн 30-40 хувийг хамарсан түлэгдэлт өвчний үед амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтлийг авсан хүн тухайн хүний биеийн онцлог, эмчилгээнээс шалтгаалж харилцан адилгүй байх ба түлэгдэлт өвчин нь хүндрэл аажим явагдаж 24 цаг хүртэл амьд байх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 827 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн утга: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 26-41 тоотод “...” ХХК-ний загас боловсруулах цехэд загас чанаж байсан тогоо дэлбэрч 22 настай эрэгтэй Буянбаатарын Y нь түлэгдэж нас барсан гэх.

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Тогоо 1 ширхэг, Тогооны таг 1 ширхэг.

ДҮГНЭЛТ:

  1. Шинжилгээнд ирүүлсэн тогоо, тогооны таганд гэмтэл гарсан байна.
  2. Тогоо, тогооны таганд гарсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн

үйлчлээр үүссэн байна.

  1. Дээрх гэмтлүүд нь тогоо дэлбэрэх үед үүсэх боломжтой.
  2. Дээрх гэмтлүүдийг тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн эсэхийг

тогтоох боломжгүй.

  1. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын 4 дугаартай

асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байх тул хариулах боломжгүй. /лаборторын эрхлэгч, цагдаагийн хошууч Ж.Баттулга/. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 70-73 дугаар тал),

 

            11. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд:

190800506 дугаар хэргийн материалд хавсаргасан баримтуудад тулгуурлан шинжээчид тавьсан асуултад хариулт болгон гаргасан гэсэн дүгнэлтэд:

            “...1. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 26-41 тоотод байрлах иргэн Б.Бгийн эзэмшлийн цехэд 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон хэрэг учрал нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осолд тооцогдоно.

            2. “...” ХХК-ний ажил олгогч нь ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт MNS:4969 Монгол Улсын стандартын 4.9 /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч, биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх бөгөөд ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д заасныг тус тус зөрчсөн байна.

            3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу зөрчигдсөн хууль, дүрэм, журам, зааврыг сахин хангуулах этгээд нь “...” ХХК-ний захирал Б.Б мөн.

            4. Дээрх осол гарахад ажил олгогч нь үйлдвэрлэлийн орчинд үүсч болох аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/ тухайн үйлдвэрлэлд ашиглаж байсан чаналгын цахилгаан тогоог ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны зааваргүй нь 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/-д заасныг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

            5. Осолдогч Б.Yын ар гэр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 /үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа./-т заасны дагуу 36 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ажил олгогчоос гаргуулан авах эрхтэй. /шинжээч М.Ууганбаатар, Б.Эрхэмбаяр/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 дугаар тал),

           

            12. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-5 дугаар тал), 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 6-11 дүгээр тал),

            13. Амь хохирогч Б.Yын оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэл, хавсаргасан баримтууд (хавтаст хэргийн 17-35 дугаар тал), шүүгдэгч Б.Бгийн хохиролд 2.500.000 төгрөг, 5.000.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны баримт (хавтаст хэргийн 141 дүгээр тал),

           

14. “...” ХХК-ний Улсын бүртгэлийн 000076783 дугаартай гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 129 дүгээр тал),

 

            15. Амь хохирогч Б.Yын нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 83 дугаар тал), Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), түүний зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар тал), Архангай аймгийн Багшийн сургуулийн болон зан байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 86-87 дугаар тал), түүний авч байсан медаль, өргөмжлөлүүдийн гэрэл зураг (хавтаст хэргийн 88-99 дүгээр тал),

           

            16. Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 165 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 107 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 125-126 дугаар тал), Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 134 дүгээр тал), түүний Хаан банкинд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 124 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч “...” ХХК-ний захирал ажилтай Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны  өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 26-41 тоотод үйл ажиллагаа явуулдаг тус компаний загас боловсруулах цехэд загас чанагч ажилтай Б.Y нь загас чанагч тогоог салгах үед тогоо дэлбэрч түлэгдэн нас барсан үйлдэлд Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх” дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг заалтыг зөрчсөн, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 1.6, 1.8, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалт зохион байгуулалтын стандартын 4.9, 4.16 дугаар заалтуудыг тус тус зөрчсөны улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь мөрдөн байцаалтад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгаас: “Гэм буруугийн хувьд маргахгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10.342.042 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс бодит хохиролд 7.500.000 төгрөг, цалинд 500.000 төгрөгийн тус тус төлсөн. Баримтаар тогтоогдоогүй 2,675,010 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн, мөн цаашид гарах хор уршигтай холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь “...” ХХК-нийг үүсгэн байгуулсан, тус компаний захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

“...” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буюу загас боловсруулах, савлах, худалдах үйл ажиллагааг эрхэлдэг байна.

Тус компанид амь хохирогч Б.Y нь загас чанагчаар ажилладаг байсан байх ба 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын 26-41 тоотод үйл ажиллагаа явуулдаг тус компаний загас боловсруулах цехэд загас чанаж, тогоог салгах явцад тогоо дэлбэрч иргэн Б.Y нь түлэгдэж, нүүр, хүзүү, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, шуу сарвууны 3б-р зэргийн түлэгдэлт болон зүсэгдсэн шарх, баруун гарын 3, 4, 5-р хурууны алганы шивнүүрийн ил хугарал, бүх биеийн гадаргуун 30-40 хувийг хамарсан түлэгдэлтийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү мах, махан бүтээгдэхүүн боловсруулах ажил үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэхдээ ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй болох нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогджээ.

Иймд ажил олгогч буюу “...” ХХК-ний захирал, шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тахилтын 26-41 тоотод үйл ажиллагаа явуулдаг тус компаний загас боловсруулах цехэд загас чанагчаар ажиллаж байсан амь хохирогч Б.Yд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх), Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт MNS:4969 Монгол Улсын стандартын 4.9 (ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч, биечлэн үзүүлэх журмаар өгнө), 4.16 (Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх бөгөөд ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө)-д гэж тус тус заасныг зөрчиж ажил үүрэг гүйцэтгүүлсэний улмаас загас чанагч ажилтай Б.Y нь нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:

-Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн:

            “...“...” ХХК-ний ажил олгогч нь ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт MNS:4969 Монгол Улсын стандартын 4.9, 4.16-д заасныг тус тус зөрчсөн байна.

- ...осол гарахад ажил олгогч нь үйлдвэрлэлийн орчинд үүсч болох аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/ тухайн үйлдвэрлэлд ашиглаж байсан чаналгын цахилгаан тогоог ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны зааваргүй нь 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/-д заасныг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 102-103 дугаар тал),

-Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...13 цаг 40 минутын үед талийгаач Нэмэхээ гэдэг залуу сууж байгаад босоод загас чанаж байсан тогоо руу явах шиг болоод юм тэсрэх чимээ гарсан. Би газарт унаад босох гэж байтал хамт ажилладаг ах намайг татаж босгосон. Би босоод Нэмэхээ рүү харахад харагдахгүй, үйлдвэрийн байр битүү манан татсан байсан. Нэмэхээгийн байсан газар руу гүйгээд очиход газарт хажуу тийшээ хараад хэвтэж байхаар нь өргөөд босгох гэтэл гаднаас ах Монхоо орж ирээд хамт Нэмэхээг өргөөд гаргасан. Нэмэхээг суулгаад эмнэлэг дээр авчирсан. 03 цаг 45 минутын үед Нэмэхээг нас барсан гэж хэлсэн. Тухайн тогоонд шилтэй загас чанаж байсан. Нэмэхээ тухайн тогооны халууныг тааруулдаг байсан юм. ...Нэмэхээ тогооны халууныг тааруулаад унтраах цаг нь болоод босоход дэлбэрсэн гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

-Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Талийгаач Нэмэхээ загас чанадаг байсан. ...13 цаг өнгөрөөгөөд байх, талийгаач Нэмэхээ загас чанадаг тогооныхоо хажууд тогоондоо загасаа хийгээд, чанаад хажууд нь суугаад шилэнд загас хийж байсан. Би ард нь 2-3 алхмын зайд хойшоо харсан суугаад загас цэвэрлэж байсан. Миний цаана Б хөлдүү загас цавчиж байсан. Талийгаач бид хоёр нуруу нуруугаа харуулаад хоёр тийшээ харсан сууж байхад гэнэт дэлбэрэлт шиг дуу гараад би цэвэрлэж байсан загасныхаа дээгүүр шидэгдсэн. Тухайн үед цех дотор үзэгдэх орчин байхгүй болж халуун уураар дүүрсэн. ...Нэмэхээг хайхад тогооныхоо урд хэсэгт шалан дээр хагас доошоо харсан байдалтай, зүүн гараараа газар тохойгоороо тулсан, нүүр ам нь цус болсон байсан. Б бид хоёр Нэмэхээг хоёр талаас нь сугадаж өргөөд гаргасан. ...Нэмэхээг аваад эмнэлэг рүү явсан. Загас чанадаг тогоо л шатаж дэлбэрсэн. ...тэр тогооны талаар ...сургалт ороогүй. ...Цаг минут нь хэтэрсэн юм болов уу л гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр тал),

-Гэрч М.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Бгийн дүү орж ирээд тогоо буудчихлаа, гараад ир гэсэн. ...цехийн үүдэнд Yын нүүр, цээж нь цус болсон, дарга Б, Чинбат нар хоёр талаас нь түшсэн зогсож байсан. Нэмэхээ Магнай ахаа би яачихваа, юу болсон бэ гээд ярьж байсан. Гэмтэл рүү явсан. Замдаа Нэмэхээ миний гар яачихваа гээд юм яриад байсан. ...Дэлбэрсэн тогоог Нэмэхээ л ажиллуулдаг байсан. ...Сургалтанд суугаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

-Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ... ажлын байранд чанга юм дэлбэрэх чимээ гарсан. Би ажлын байр руу яваад ороход хаалганы цаанаас бөөн уур гарч ирээд цаанаас нь Б, Чинбат хоёр талийгаач Yыг сугадаад гараад ирсэн. ...Тэр үед талийгаач Y өөрөө алхаад эмнэлгийн машин руу орж суугаад Гэмтлийн эмнэлэг рүү шууд явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нар цэвэрлэгээ хийгээд зураг авсан. ...хагалгаанд ороод шөнийн 02 цагийн үед хагалгаанаас гарч ирсэн. Шууд сэхээнд оруулсан. ...шөнийн 03 цагийн үед нас барчихлаа гэж хэлсэн. Би задлан шинжилгээний болон мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118 дугаар тал), Амь хохирогч Б.Yын нас барсны гэрчилгээ (хавтаст хэргийн 83 дугаар тал),  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57-61 дүгээр тал), шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...Дээрх талийгаачид учирсан 3б зэргийн бүх биеийн 30-40 хувийг хамарсан түлэгдэлт өвчний үед амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтлийг авсан хүн тухайн хүний биеийн онцлог, эмчилгээнээс шалтгаалж харилцан адилгүй байх ба түлэгдэлт өвчин нь хүндрэл аажим явагдаж 24 цаг хүртэл амьд байх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дугаар тал),  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 827 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70-73 дугаар тал), 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-5 дугаар тал) зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хэргийн нөхцөлд “...” ХХК-ний захирал Б.Б нь үйлдвэрлэлийн ажлын байранд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүргээ зөрчиж, хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй ажиллагааг ханган ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын байранд гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрдүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээдийг томилж ажиллуулаагүй, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх талаархи Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,  МNS4969:2000 Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэмд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих,  тухайн үйлдвэрлэлд ашиглаж байсан загас чаналгын цахилгаан тогоог ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны зааврыг  мөрдүүлэх зэрэг ажил олгогчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг гэм буруутай байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “...” ХХК-ний захирал Б.Б нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн хариуцан ажиллаж буй үйлдвэрлэлийн ажлын /загас боловсруулах үйлдвэрт/ талбайд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь тухайн үйлдвэрлэлийн байранд осол гарч ажилтны амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар  хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зааж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зохицуулсан.

Тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх ба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд баримттай зардал нь 7.667.032 төгрөг болсон, баримтгүй зардал нь 2.675.000 төгрөг болсон, мөн амь хохирогчийн нэг сарын цалин хөлсөд 500.000 төгрөг гэх зэргийг нэхэмжилсэн ба, энэ талаар хэргийн 17-35 дугаар талд баримтуудыг ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь оршуулгын зардалд 7.500.000 төгрөг, амь  хохирогчийн нэг сарын цалин хөлс 500.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар талууд мэдүүлсэн, энэ талаар банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт ирүүлсэн.

Мөн шүүгдэгч Б.Б нь өөрөө зөвшөөрч, оршуулгын зардлын үлдэх баримтгүй зардлын төлбөрт 3.000.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлөхөө 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр илэрхийлж, хохирол төлөх баталгаа гэх баримтыг шүүхэд ирүүлсэн, уг баримттай  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У танилцаж, гарын үсгээ зурсан байна.

Иймд шүүгдэгч Б.Бгаас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга дүгнэлтдээ шүүгдэгч Бгийн хувийн байдлыг үзэхэд эхнэр 1-13 насны 3 хүүхэдтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Нотлох баримтыг шинжлэн судлахад хэрэг болсны дараа амь хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч хохирогч эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан байна.

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Б нь амь хохирогчийн гэр бүлд оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн баримтгүй зардлыг бас нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймээс шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх тул Б.Болдаваад хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн баримттай зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн үлдэх хохирлын төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4,  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Бын Бг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг хорих ялыг оногдуулахгүйгээр  2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн болон санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 2019 оны 5 дугаар сарын 25-ны дотор 3.000.000 (гурван сая) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ут олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА