Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01707

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

******* иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06846 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******тэй 2024 оны 12 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 24-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай, 1,000,000 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлж, ******* маркын ******* улсын дугаартай автомашиныг барьцаалж зээлдүүлсэн. Зээлээс 18,000,000 төгрөгийг *******ийн Хаан банкны ******* тоот дандсанд 2024 оны 12 сарын 09-ний өдөр шилжүүлж, бэлнээр 1,000,000 төгрөгийг өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүсэн. Гэрээний хугацаанд буюу сарын хүү 1,000,000 төгрөг, үндсэн зээлээс 2,000,000 төгрөгийг ******* буцаан шилжүүлсэн ба зээлийн гэрээний хугацаа дууссан ба өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэл төлбөр 17,000,000 төгрөгийг төлөөгүй, шаардахад удахгүй гэдэг боловч өгөхгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д зааснаар гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх 62 өдрийн алданги 85,000 төгрөг, нийт 22,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлээ багасгаж, алдангийг дахин тооцож 1,310,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Нийт 20,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: *******гээс зээл авсан ба дансаар 18,000,000 төгрөг авсан. Бэлнээр 1,000,000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа. 18,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 2,000,000 төгрөг гэхээр өндөр хүүтэй гээд, чи 19,000,000 төгрөг авсан гэж хэлээд эргээд төлөхдөө 20,000,000 төгрөг өгчих гэсэн. Би *******гээс авсан мөнгөө ******* гэдэг кино компанид хулхидуулаад зээлээ төлж чадаагүй. Барьцаанд өгсөн машинаа өгөхөөр ярилцсан ч ******* зөвшөөрөөгүй. Одоо мөнгийг төлөх боломжгүй тул тохиролцоод бага багаар төлөх саналтай байна. Зээлийн гэрээнд алданги тохирсон заалтыг бүрэн сайн ойлгоогүй гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 20,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлага 22,270,000 төгрөгөөс 1,310,000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 269,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 269,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч *******ээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 16,000,000 төгрөг, алданги 4,960,000 нийт 20,960,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, үндсэн зээл, хүүг буруу тооцсоноос болж , хариуцагчийн эрх зөрчигдөж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдаж, хохирч байна. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 12 сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөг 45 хоногийн хугацаатай сарын 1,000,000 төгрөгийн хүүтэй авч 2024 оны 12 сарын 16-ны өдөр буюу 7 хоногийн дараа хүү, үндсэн зээлд 3,000,000 төгрөг буцаан төлсөн. Ингээд 45 хоногийн хугацаанаас өмнө төлөгдсөн 3,000,000 төгрөгийг хасалгүй 16,000,000 төгрөгийн үндсэн зээлээс гэсэн нь алдаатай гэж үзэж байна.

2024 оны 12 сарын 17-ны өдрөөс төлөгдсөн 3,000,000 төгрөгийг хасч 15,000,000 төгрөгөөс үндсэн зээл, алданги тооцвол:

1. 2024-12-17 өдрөөс 15,000,000 сая

2. 45 хоног 1,0 сая:45=22,200 төгрөг

3. 22.200*7 хоног=155,400 төгрөг

4. Үндсэн 2,844,600=15,155,400*75,777

5. 1 хоног 75.777*55 хоног=4,167,735 алданги 4 сая 167 мянга, 735 төгрөг

6. Үндсэн зээл 15,155,400+4,167,735=нийт 19,323,135 төгрөг

7. 3 саяас хүү илүү төлөгдсөн 155,400 төгрөг хасах

8. Үлдсэн үндсэн зээл, алданги 19,167,735 төгрөг төлөх ёстой гэж тооцон гаргаж байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрт нийтэд дурдсан 20,960,000 төгрөгөөс бодитой тооцоход зөрүү 1,636,865 төгрөгийн үндсэн зээл, алдангийг төлөхөөр байгаа нь хохиролтой тул өөрчлөлт оруулж өгнө үү. Барьцаанд авна хэмээн приус-30 маркийн автомашиныг одоо хүртэл чөлөөлөөгүй тул түүний хадгалалт хамгаалалт болоод мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн заалтын дагуу иргэн нь хэрэглэгч, зээлдэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хангаагүй байхад нэхэмжлэгч *******г байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэх баримтгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн зээл, алданги тооцсоныг өөрчилж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2024 оны 12 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулсан өдрөө 18,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлүүлсэн. 45 хоногийн зээлийн хүү 1,000,000 төгрөг байна гэж тохиролцсон. Гэрээний 7.3.7-д алдангийн тухай тусгасан учир алданги гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээний хугацаанд буюу 2024 оны 12 сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 1,000,000 төгрөгийг үндсэн 18,000,000 төгрөгөөсөө хасаж хүүнд тооцож авсан. Гэрээний хугацаа дуусаж, шаардах эрх үүссэн үеэс эхэлж нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны хүү алдангийг тооцоолоход 20,950,000 төгрөг гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг, алданги 5,270,000 төгрөг, нийт 22,270,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,310,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг, алданги 4,960,000 төгрөг, нийт 20,960,000 төгрөгийг шаарджээ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан, одоо хэсэгчлэн төлөх саналтай гэсэн бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрсөн агуулгатай тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Зохигчийн хооронд 2024 оны 12 сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 19,000,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 24-ний өдрийг хүртэлх 45 хоногийн хугацаатай зээлдүүлж, гэрээний хугацаанд 1,000,000 төгрөгийн хүү тооцох, хариуцагч нь 7 хоног бүр 3,000,000 төгрөгийг төлөх байдлаар зээлийг хүүгийн хамт төлж дуусгахаар тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

Талууд зээлийн хэмжээг 19,000,000 төгрөг гэж гэрээнд тусгасан ч нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 09-ний өдөр 18,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 18,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагджээ. Энэ дүнгийн талаар хариуцагч маргаагүй байна.

Хариуцагч гэрээний хугацаанд буюу 2024 оны 12 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээс нэхэмжлэгч зээлийн хүүнд 1,000,000 төгрөгийг, үндсэн зээлд 2,000,000 төгрөгийг тус тус тооцон хасаж, улмаар зээлийн төлөгдөөгүй үндсэн үүрэгт 16,000,000 төгрөгийг, гэрээний 3.7-д зааснаар 4,960,000 төгрөгийн алдангийн хамт гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргээ тохиролцсон хугацаа буюу 2025 оны 01 сарын 24-ний өдрийн дотор бүрэн биелүүлсэн байх тохиролцоогоо зөрчсөн байна. Иймээс нэхэмжлэгч *******гийн хувьд зээлийн гэрээний 3.7-д зааснаар төлөгдөөгүй зээлийн дүн 16,000,000 төгрөгөөс алданги тооцон шаардах эрхтэй. Хариуцагч нь уг төлбөрөөс өөрөөр гэрээний үүргээ биелүүлсэн байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх үндсэн зээлийн төлөгдөөгүй дүн болон хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсэн хугацаа, алдангийн хэмжээг зөв тооцсон байна.

Зээлийн гэрээний 3.3, 3.6-д тус тус зааснаар талууд гэрээний хугацаанд 1,000,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн эргэн төлөлтийг 7 хоног бүр 3,000,000 төгрөгөөр тооцон тэнцүү төлбөрийн хуваариар тохиролцсон байх тул хариуцагчийн төлсөн 3,000,000 төгрөгийг зөвхөн үндсэн зээлээс хасах байсан гэсэн хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, энэ талаархи үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Энэ хууль зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд үйлчлэхгүй тул энэ тухай гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 16,000,000 төгрөг, алданги 4,960,000 төгрөг, нийт 20,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч тал зээлийн дүнг 17,000,000 төгрөгөөр тооцож, тус дүнгээс алданги тооцсон нь буруу байсныг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 1,310,000 төгрөгөөр багасгажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн хариуцвал зохих гэрээний үүргээс сайн дураар эсхүл эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаагүй байна.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь заалт нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан тогтоох хэсгийн агуулгад нийцэхгүй байх тул тус заалтыг хасаж, тогтоох хэсгийн дугаарлалтад өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон дугаарлалтын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ