Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0269

 

“С ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Д.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “С ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С ф” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлд дурдсан шаардлага маань “Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай байсан билээ. Үүний гол үндэслэл нь Маргаан шийдвэрлэх комисс нь “С ф” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлыг мэдэгдээгүй явдал хэмээн үзсэн юм.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад ... товлогдсон хурлын товыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 99121789 дугаартай утсаар мэдэгдсэн боловч ... ирээгүй, хуралд оролцох боломжгүй тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлээгүй тул ... гомдлыг хэлэлцэх, мөн өдрийн 09 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгосныг Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/88 дугаар тушаалаар баталгаажуулжээ”,

“...Хэдийгээр “С ф” ХХК-ийн захирал Г.Г нь тухайн үед гадаадад явж байсан. Уг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нь гомдлын үндсийг тайлбарлах, мэтгэлцэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн гэх боловч гомдол гаргагчаас хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж, мэдэгдээгүй, хуралдааныг хойшлуулах хүсэлтийг албан ёсоор ирүүлээгүй тул нөхцөл байдлыг хариуцагч мэдэх боломжгүй. Үүний улмаас гомдол гаргагчийн анх гаргасан гомдол, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/67 дугаар албан бичиг, 18/68 дугаар албан бичгээр өгсөн нэмэлт тайлбарын хүрээнд гомдлыг хэлэлцсэн нь Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 4.10-д “Комиссын хуралдааны товыг маргаан оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь маргааныг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад саад болохгүй гэж заасныг зөрчөөгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүх маргааныг хэлэлцэхдээ яг ямар үндэслэлээр хурлын товыг мэдэгдсэн хэмээн үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Учир нь анх хурлын товыг “С ф” ХХК-ийн 75753223 дугаарын утсанд мэдэгдэж байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон хурлын товыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 99121789 дугаарын утсанд холбогдон мэдэгдсэн хэмээн үзэж байгаа нь учир дутагдалтай юм. Аливаа шүүх хуралд болоод бусад хуралдаанд байгууллагын ажилтан нь албан ёсны итгэмжлэлгүйгээр байгууллагыг төлөөлөх эрхгүй байдагтай адил “С ф” ХХК-ийн албан ёсны дугаарт бус ажилтан руу залгаж хэлснийг байгууллагад мэдэгдсэн хэмээн үзэхгүй юм.

Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссоос хурлын товыг ядаж манай албан ёсны шуудангийн хаягаар явуулах бүрэн боломжтой байсан. “С ф” ХХК-ийн захирал тухайн үед гадаадад байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ тодорхой дурдсан байна. Гэтэл хурлын товыг мэдээгүй, гадаадад байгаа хүн яаж хойшлуулах хүсэлт гаргах билээ.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ маргааны үйл баримтын тухай дурдсан байна. Энэ нь шүүхэд бус тухайн Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын хуралдаанаар өөр нотлох баримт гаргаж хэлэлцэгдэх асуудал гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаж буй барааны тэмдэгтүүдэд тухайн “Д” хэмээн нэр нь албан ёсоор орчуулга гэх хэсэгт орчуулсан орчуулга байхгүй байгаа явдал бөгөөд барааны тэмдэг бүртгэгдсэнээс хойш буюу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд цугларсан нотлох баримт гэх орчуулгаас шүүх хэрэглэсэн байна.

Иймд “С ф” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон хурлын товыг мэдэгдээгүй, гомдлын дагуу тайлбар, үндэслэл, нотлох баримт гаргаж өгөх эрх, мэтгэлцэх зарчмаар хангах үүднээс хэргийг бүхэлд нь дахин шалгаж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С ф” ХХК-иас Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст тус тус холбогдуулан “Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан, гэтэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон” захиргааны акт биш байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол”, 33.2-т “Сонирхогч этгээд энэ хуулийн 33.1.1, 33.1.2-т заасан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана” гэж тус тус заасны дагуу барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Маргаан шийдвэрлэх комисст гаргах эрхтэй.

Ийнхүү гомдлыг Маргаан шийдвэрлэх комисс хянаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5 дугаар зүйлийн зүйлийн 5.1.1-д “өргөдөл нь үндэслэлгүй бол хэрэгсэхгүй болгох”, 5.1.2-т “өргөдлийг хүлээн авах үндэслэлтэй бол эрх олгосон баримтыг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт, нэмэлт оруулах тухай тогтоол гаргах”-аар заасан.

Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч нь шүүхэд гомдол гаргахыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг маргаан бүхий тохиолдолтой харьцуулан авч үзвэл, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Д гэх үг нь тухайн бараа үйлчилгээг тодорхойлсон нэр гэж үзэх үндэслэл тодорхойлогдохгүй байгаа тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж бүртгэсэн гэх гомдол нь үндэслэлгүй гэж “С ф” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Энэхүү тогтоол нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасан шийдвэр биш буюу маргаан бүхий асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгоогүй, эрх зүйн үр дагаваргүй буюу нэхэмжлэгч компани урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд хариу өгсөн тогтоол байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тогтоолыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч “С ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон маргаж буй субьектив эрх сэргэхгүй. “Д” барааны тэмдэгийн бүртгэлийг хүчингүй болох үр дагавар үүсгэхгүй юм.

Иймд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаанд хэрэг үүсгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон