Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2026/0019

 

Б.Ө-н нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын

Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн        Д.Мөнхтуяа

Шүүгч:                                                        Г.Банзрагч

Шүүгчид:                                                   Д.Батбаатар

                                                                      Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                       П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0073 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2025/0722 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Дулаанхаан тосгоны захирагчаар томилохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Дулаанхаан тосгоны захирагчаар томилохыг Шаамар сумын Засаг даргад даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны иргэдийн Нийтийн Хуралдаан болж, тосгоны захирагчаар 118 хүнээс 115 хүний санал авсан Б.Ө-г нэр дэвшүүлсэн боловч Шаамар сумын Засаг даргаас “Иргэдийн нийтийн хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн хурал зарлах эрхгүй, хууль бус бүрэлдэхүүн байсан” гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан.

3.Нэхэмжлэгчээс: “ ... багийн иргэдийн Нийтийн Хурлыг үл тоож, ард түмний сонголтыг эсэргүүцэж, хууль зөрчиж байна, 2023.05.16-ны өдөр иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Ж.О тамгаа Л-д хүлээлгэж өгсөн, хурал зарласан багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2023, 2024, 2025 оны Орон нутаг хөгжүүлэх сангийн бүх хурлыг удирдаж, шийдвэр гаргаж байсан зөвлөл мөн, бусад шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөх атлаа хурал зарласан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлгүй, тосгоны захирагчийн хувьд багийн Засаг даргын зохицуулалтаас өөр, олонхийн санал авсан хүнийг томилох зохицуулалттай” гэж,

4.Хариуцагчаас “... Тус сумын Дулаанхаан 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаан зарлаж, удирдаж явуулсан зөвлөл нь өмнөх зөвлөлийн гишүүдийн оролцоогүйгээр дур мэдэн хурал зарлаж хууль зөрчсөн, хуучин зөвлөл хурлаа зарлаж албан ёсоор тамга тэмдэг хүлээлгэж өгөх ёстой, сумын Засаг дарга нэг удаа томилохоос татгалзах эрхтэй, татгалзсан тохиолдолд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж олонхийн санал авсан хүнээ нэр дэвшүүлэхээр хуульчилсан” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлэх тул зөвлөлийн гишүүд бүрэн оролцсоноор ээлжит хуралдааныг товлох талаар хуульд тусгайлсан заасан зохицуулалт байхгүй тул Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр товлож, тус хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны шинэ зөвлөлийг сонгох, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус ээлжит хуралдаанаар шинэ зөвлөлийн гишүүд болон шинэ хуралдаан даргалагчийг сонгож улмаар шинэ зөвлөл бүхий иргэдийн Нийтийн Хуралдаанаар багийн Засаг даргыг нэр дэвшүүлэн санал хурааж олонхын санал авсан нэр дэвшигч Б.Ө-г багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасантай нийцэж байна.

5.2.Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тус тогтоолыг хүлээж аваад томилохоос татгалзах эрхтэй хэдий ч багийн Засаг даргад нэр дэвшигчийн нь хувьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй бол, түүнчлэн ялтай байхдаа нэр дэвшсэн тохиолдолд түүнийг томилохоос татгалзахаар байна.

5.3.Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хуралдааны Засаг даргад уламжлах тухай тогтоол болон иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус гэж үзэж, эрх бүхий байгууллагаас хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоож шийдвэрлэсэн, мөн багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө тогтоолоо хүчингүй болгосон тохиолдолд, түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй талаарх үндэслэл бүхий шалтгаан байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах эрхтэй байна.

5.4.Гэтэл тус хурлын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад хариуцагчийн Хуралдааныг удирдаж явуулсан зөвлөл нь хууль зөрчсөн тул томилох боломжгүй гэх тайлбар нь нэхэмжлэгчийг Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл болохгүй учир хариуцагчийн татгалзал хууль бус байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь Б.Ө-г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан албан бичигтээ ...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн хурал зарлах эрхгүй талаар иргэнээс гомдол ирүүлсэн ... гэх үндэслэл дурдсан нь хуулийн зохицуулалтад нийцээгүй бөгөөд уг албан бичигт дурдсан үндэслэлээр багийн Засаг даргаар Б.Ө-г томилохоос татгалзсан энэ тохиолдолд тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарласан зөвлөлийн бүрэлдэхүүн хурал зарлах эрхгүй нь тогтоогдсон байх шаардлагатай.

6.2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнх нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлэн явуулж, иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг товлохоор заасны дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл нь дарга Т.Л, нарийн бичиг Т.Г, тэргүүлэгч П.Т нарын бүрэлдэхүүнтэй, 60 хувийн ирцтэй хуралдаж, тосгоны иргэдийн Нийтийн Хурлыг товлосон бөгөөд багийн Засаг даргад нэр дэвшигчид энэ талаар маргаангүйгээр 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон сонгуульд оролцож, Б.Ө-г 97,5 хувийн саналаар сонгогдсонд тооцсон тус багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг Шаамар сумын Засаг даргад уламжилсан нь хуульд нийцжээ.

6.3.Багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан Б.Ө-г томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ тохиолдолд нэр дэвшигч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан шаардлагыг хангасан байтал Шаамар сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/116 дугаар албан бичгээр Б.Ө-г багийн Засаг даргаар томилохоос татгалзсан хууль зүйн үндэслэл заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй нь хууль бус байна.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Анхан шатны шүүх МУЗЗНДНТУтХ-аар сумын Засаг даргад олгогдсон томилохоос татгалзах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан дүгнэлт хийсэн. Учир нь МУЗЗНДНТУтХ-ийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэж хуульчилсан байх бөгөөд ийнхүү татгалзахад шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй бол, түүнчлэн ялтай байхдаа нэр дэвшсэн тохиолдолд л тус татгалзах эрх олгосон хуулийн зохицуулалтыг хэрэглэх талаар хуульчлаагүй байна.

7.2.Харин сумын Засаг дарга МУЗЗНДНТУтХ-ийн 56.7-д заасан үндэслэлээр томилохоос татгалзсан тохиолдолд тус хуулийн 56.8.Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд дахин нэр дэвшүүлэх замаар дараагийн шийдвэрүүд хуулийн дагуу гарахаар зохицуулсан байна.

7.3.Мөн анхан шатны шүүхээс “... Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хуралдааны Засаг даргад уламжлах тухай тогтоол болон иргэдийн Нийтийн Хуралдааныг хууль бус гэж үзэж, эрх бүхий байгууллагаас хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоож шийдвэрлэсэн, мөн багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө тогтоолоо хүчингүй болгосон тохиолдолд, түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй талаар үндэслэл бүхий шалтгаан байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах эрхтэй байна” гэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. МУЗЗНДНТУтХ-ийн 56.9-т “Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй” гэж зохицуулсан байхад шүүхийн дээрх дүгнэлт нь хуулийн яг аль заалтыг тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй, хуулиар хориглоогүй Засаг даргын томилохоос татгалзах эрхийг хязгаарласан үндэслэлгүй дүгнэлт болсон.

7.4.Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь Дулаанхаан тосгоны 3-р багийн иргэдийн нийтийн .хурлаар Б.Ө-г томилуулахаар нэр дэвшүүлснийг хүлээн аваад томилохоос татгалзсан тул хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг хийгээгүй байхад Б.Ө-г Засаг даргаар томилох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй юм.

7.5.Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагчийн албан бичгийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасан байгааг багийн Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэж үзэхгүй багийн иргэдийн Нийтийн Хурал дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахгүй гэх зохицуулалт хуульд байхгүй.

7.6.Захиргааны хэргийн шүүх нотлох зарчмын хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулсны үндсэн дээр тухайн нотлох баримтаа үнэлэх замаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юу, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай. Гэтэл Сумын Засаг дарга томилохоос татгалзахдаа иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хууль бус бүрэлдэхүүнтэй байсан талаар тус Зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудлаар үндэслэж хариуцагчийн татгалзлын үндэслэлийг шалгах, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн эрх зүйн чадамжийн асуудал дээр шүүх хуульд заасан дээрх үүргээ бүрэн дүүрэн биелүүлээгүйн улмаас хэрэг маргааныг бодитой, үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй байна.

7.7.Хэрэг маргааныг шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Сэлэнгэ аймгийн Шаамар Дулаанхаан тосгоны захирагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Дулаанхаан тосгоны захирагчаар” томилуулах агуулгатай байхад шүүх энэ талаар тодруулаагүй, маргааны үйл баримтад Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт өгөөгүй, холбогдох нотлох баримт цуглуулаагүй байна.  

10.Хавтаст хэрэгт, Шаамар сумын “Дулаанхаан тосгон”, эсхүл “3 дугаар баг” гэсэн хоёр өөр нэршлээр нэрлэсэн баримтууд байхад анхан шатны шүүхээс уг эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулаагүй, Дулаанхаан тосгон байгуулагдсан баримт бичгийг нотлох баримтаар цуглуулаагүй, тухайн тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжтэй ямар хамааралтай талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу болжээ.

11.Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “энэ хэргийн тухайд тосгоны захирагчид томилогдох эсэх маргаан учир Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэнэ, уг хуулийг зохицуулалт багийн Засаг даргыг томилохоос ялгаатай” гэж тайлбарласан, анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ асуудлаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

12.Учир нь Дулаанхаан тосгон, эсхүл 3 дугаар багийн алинаар тодорхойлох маргааны үйл баримт тодорхой биш, нотлох баримт цуглуулсны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай, тосгон, эсхүл багийн эрх зүйн байдлыг тогтоосны дараа Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг эсхүл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэглэх эсэх талаар шүүхүүд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

13.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0073 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2025/0722 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                  Д.БАТБААТАР

   Ц.ЦОГТ

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ