Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 13

 

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 226/МА2016/00013
    
                                                                                                      

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын
газрын нэхэмжлэлтэй, Ч.Батгэрэлд холбогдох
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг төлөөлж  Б.Сүнгээ,  өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Ч.Батгэрэл, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 461 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлоор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Ч.Батгэрэлд холбогдох “комьпютерийн процессорын үнэ болох 211 309 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын сургалтын танхимд онлайн хуралд ашигладаг комьпютер алга болсон бөгөөд жижүүрийн рапортын дэвтэрт 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны хооронд уг компьютерийг улсын байцаагч Ч.Батгэрэл авч гарсан гэх мэдээлэл тэмдэглэгджээ.   
             Уг асуудлыг аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар манай байгууллага хүсэлт гаргаснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн Хэнтий аймгийн Прокурорын газраас улсын байцаагч Ч.Батгэрэл нь уг комьпютерийг авсан болохыг тогтоосон тухай 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 тоот хариу мэдэгдэх хуудас ирсэн юм.  
  Иймд хариуцагч Ч.Батгэрэлээс уг комьпютерийн үнэ болох 211 309 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  
    Нэхэмжлэгч Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрыг  төлөөлж  Б.Сүнгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай нярав, жижүүр болон бусад хүмүүсийн мэдүүлэг, мөн цагдаагийн байгууллагын шалгалтаар Ч. Батгэрэл компьютерийн процессорыг авч гарсан нь тогтоогдсон байдаг. Мөн  аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудаст  процессорыг Ч.Батгэрэл сургалтын заалнаас авч гарсан нь тогтоогдож байна, гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тул энэ хэргийг шалгах боломжгүй гэсэн. Мөн манай өмч хамгаалах байнгын комисс буруутай этгээдээр алга болсон процессорыг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Алга болсон процессор нь үнэлгээний комиссоор 211 309 төгрөгийн үнэтэй гэж гарсан. Энэ нь байгууллагын болоод  Ч.Батгэрэлийн  нэр хүндийн асуудал учраас бид  дотооддоо шийдье гэж бодсон боловч, Ч.Батгэрэл булзайруулж, зугтаж явсаар байгаад  эрүүгийн хэрэг үүсгэх хугацааг өнгөрөөж байсан юм. Хэрвээ эрүүгийн хэрэг үүссэн бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ч.Батгэрэл эрүүгийн хариуцлага хүлээх байсан. Гурван удаа шүүх хурал болоход хариуцагч өөрөө ирсэнгүй, тийм учраас энэ асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэж, төрийн байгууллагыг хохиролгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.
Ч.Батгэрэл нь цагдаагийн байгууллагад шалгуулж байхдаа тэжээлийн блокийг эргүүлж өгсөн тул манайх  нэхэмжлэлийнхээ үнийн дүнг 43095 төгрөгөөр багасгаж, 198 214 төгрөгийг нэхэмжилж байна  гэжээ.
Хариуцагчийг төлөөлж  өмгөөлөгч Б.Болортунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Батгэрэлийг 2015 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих орой Мэргэжлийн хяналтын газрын хурлын заалнаас “Acer” маркийн процессорыг авч өрөө рүүгээ орсон, үүний улмаас уг процессорын эд анги алдагдсан гэж эрүүгийн журмаар шалгасан байдаг. Тэгээд аймгийн прокурорын газраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс 6 сар өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Батгэрэл нь тухайн байгууллагадаа өөрийн үүрэгт ажлаас гадна программ хангамж хариуцсан, IT инженерээр ажиллаж байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих орой алга болсон процессорын эвдрэлийг шалгахаар өөрийн өрөөндөө оруулсан байдаг. Харин компьютерийн дэлгэц, гар хоёрыг нь авч ашиглаж байгаа шүү гэдгээ байгууллагадаа хэлчихсэн байсан. Үнэхээр Ч.Батгэрэлийг сургалтын өрөөнөөс процессор аваад өрөө рүүгээ авч орж байхыг жижүүр хараад тэмдэглэсэн юм бол Ч.Батгэрэл тэр процессорыг буцаагаад өрөөнөөсөө аваад гадагшаа гарч байхыг яагаад хараагүй юм бэ. Мэргэжлийн хяналтын газрын “Өмч хамгаалах комисс”-ын хуралдаанаар алга болсон процессор эвдэрхий байсан гэсэн асуудал яригддаг. Нэхэмжлэгч сая ярихдаа Ч.Батгэрэлийг прокурорын байгууллагаас  гэм буруутай гэж тогтоосон учраас манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү  гээд байна. Тухайн хүнийг гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх л тогтооно. Үндсэн хуульд зааснаар миний үйлчлүүлэгч шүүхээс гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад яагаад гэм буруу нь тогтоогдсон, хохиролгүй болгож өгнө үү гээд байгаа юм бэ. Д.Нямдэлэг прокурор алга болсон процессорыг Ч.Батгэрэл авсан гэдэг нь тогтоогдож байна, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн тогтоол гаргасан байгаа. Бид Аймгийн прокурорт гомдол гаргахад Д.Нямдэлэг прокурорын гаргасан тогтоол үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Ингээд бид Улсын ерөнхий прокурор Сагсайд гомдол гаргахад Ч.Батгэрэлийг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлтэй байна, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үүнийг шалгах шаардлагагүй гэсэн хариуг ирүүлсэн байгаа юм. Алга болсон процессор үнэхээр ажиллаж байсан юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй тогтоогдоогүй байна. Хэрвээ Ч.Батгэрэлийг байгууллагын эд хөрөнгийг завшсан гэж үзвэл тэр процессор Батгэрэлийн нэр дээр байгаагүй, нярав Эрдэнэсувд нь хариуцаж байсан. Нярав Эрдэнэсувд Ч.Батгэрэлийг процессорыг буцаагаад тавьчихъя, чи байна гээд хэлчих гэсэн зүйл яриад байгаа нь нотлогдоогүй  учраас үүнийг яриад байх шаардлагагүй гэж үзэж байна. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй Ч.Батгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 461 дугаартай шийдвэрээр:
    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Ч.Батгэрэлд холбогдох, “байгууллагад учруулсан гэм хорын хохирлын 211 309 төгрөгийг гаргуулах" тухай хариуцагч Ч.Батгэрэлээс байгууллагад учруулсан гэм хорын хохирлын 168 214 (нэг зуун жаран найман мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь төрийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тухайн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  6 990 (зургаан мянга есөн зуун ерэн) төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ч.Батгэрэлээс 5 696 (таван мянга зургаан зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар тус тус зааж шийдвэрлэжээ.

     Шийдвэрийг эс зөвшөөрч  өмгөөлөгч Б.Болортунгалаг нь давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад гомдол гаргаж байна.
Монгол улсын үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй үед хэнийг ч гэм буруутайд үл тооцож болно гэж заасан байдаг. Гэтэл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэгээс Ч.Батгэрэл нь комьпютерийн эд ангийг авсан нь тогтоогдож байна гэж мэдэгдэх хуудас ирсэн. Иймээс хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон учир комьпютерийн үнийг гаргуулах саналтай байна гэсэн нэхэмжлэгч байгууллагын дарга Б.Сүнгээгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж нотлогдож байна гэсэн нь буруу байна.
Гэрч Ц.Эрдэнэсувд, Ж.Эрдэнэбаатарын шүүхэд гэрчээр өгсөн тайлбарыг үнэлэх боловч эдгээр нь Ч.Батгэрэлийг комьпютерийг үрэгдүүлсэн гэж баттай нотлох баримт биш бөгөөд өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбаатарын хавтас хэрэгт өгсөн мэдүүлэгт ком гэж бичсэн боловч “Acer” маркийн комьпютерийн процессорыг авсан гэж мэдүүлээгүй байдаг. Нөгөөтэйгүүр уг ажилчид нь байгууллагын дарга Б.Сүнгээгийн шууд удирдлаганд хамааралтай ажилладаг учир худал мэдүүлсэн гэж үзэж байна.
Шүүх Ч.Батгэрэлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв гэжээ. Гэтэл хариуцагч Батгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа зөвшөөрдөггүй эрүүгийн журмаар гомдол гаргасан тухайгаа удаа дараа бичгээр мэдэгдсээр байтал зөвшөөрсөнд тооцсон гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 460 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариуцагч Ч.Батгэрэлээс байгууллагад учруулсан эд хөрөнгийн  хохиролд 211039 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 43095 төгрөгөөр багасгажээ.
          Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь  маргааны зүйл болох “Acer” маркын  процессорыг Ч.Батгэрэл хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд  Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 04 сарын 05 ны өдрийн 32 дугаартай үнэлгээний комисс   хурлын заалнаас алдагдсан  эд зүйл болох Case /кейс/, CPU /санах ой/, тэжээлийн блок, Сэнс зэргийн үнэлгээг 211039 төгрөгөөр тогтоож эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ч.Батгэрэлээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх 6-8/
Гэрч Ц.Эрдэнэсувд, Ж.Эрдэнэбаатар нарын “ Ч.Батгэрэл нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2015 оны  8 сарын 22-23-ны өдрүүдэд хурлын заалнаас  компьютер, процессор аваад өрөөндөө  орсон, цагдаагийн байгууллагаар шалгуулахад компьютерийн дэлгэц, гар mouse, тэжээлийн блокийг гаргаж өгсөн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгөнд гэм хор учруулсан, түүнийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “Ч.Батгэрэл нь гэм буруугүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ч.Батгэрэлийг шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн 461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА

                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                          Я.АЛТАННАВЧ