Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       С.Гантөмөрт холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                П.Ганбаатар

                        Хохирогч нар                         Л.Оюунчимэг, Д.Баянмөнх

                        Хохирогчийн өмгөөлөгч       В.Удвал

                        Ялтны өмгөөлөгч                  М.Алтанчимэг

                        Ялтан                                     С.Гантөмөр

                        Нарийн бичгийн дарга          Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Гантөмөр, түүний өмгөөлөгч М.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, С.Гантөмөрт холбогдох 201603000111 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн,1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, бэр эгч, дүү нарын хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 10 дугаар байрны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Санлайн Гантөмөр /РД:ЛЕ85040318/

 

С.Гантөмөр нь 2016 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 2 дугаар 36 байрны гадаа талийгаач Н.Гансуурьтай бүлэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлан танхайрч, тодорхой шалтгаангүйгээр хохирогч Д.Баянмөнх, Л.Оюунчимэг нарыг зодож Д.Баянмөнхийн биед хөнгөн гэмтэл, Л.Оюунчимэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Гантөмөрт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Санлайн Гантөмөрийг Н.Гансуурьтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч С.Гантөмөрийг 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Гантөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Л.Оюунчимэгийн эрүүний рентген зураг 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Оюунчимэгт буцаан олгож;

Шүүгдэгч С.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдан;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Л.Оюунчимэг нь эмчилгээний зардалд 855.740 / найман зуун тавин таван мянга долоон зуун дөчин/ төгрөг нэхэмжилсний тал хувь болох 427.870 /дөрвөн зуун хорин долоон мянга найман зуун далан/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л.Оюунчимэгт олгох, хохирогчийг өвчтэй байсан хугацаанд олох байсан орлого болон өмгөөлөгчид төлсөн хөлсөө баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь хохирогч Д.Баянмөнхөд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж;

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд С.Гантөмөрт энэ өдрөөс цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;

Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Гантөмөрийн гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар С.Гантөмөр миний бие 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө найзтайгаа хамт гэрлүүгээ явж байтал сургуулийн сааданд амь авраарай гэж эмэгтэй хүний бачимдсан дуу гарсан. Бид хоёр гүйгээд очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаж эмэгтэй нь ухраад эрэгтэй цохих гэсэн байдалтай довтолсон байдалтай байсан. Бид хоёр салгаад явуулсан. Гэтэл зам хөндлөн гараад гэрлэн дохион дээр ахиад муудалцаж эмэгтэй нь ахиад орилсон. Бид хоёр гүйж очоод салгах гэсэн боловч эрэгтэй нь манай найз Гансуурьтай маргалдаж муудалцаж зодолдсон. Эмэгтэй нь зодоонд оролцоогүй. Гэтэл сүүлд нь намайг эрүү рүү өшиглөж хугалсан гэж гомдол гаргасан. Анх цагдаагийн газар очиход тэр эмэгтэй манай найз Гансуурийг чи гараараа цохиж миний эрүүг хугалсан гэж дайраад байсан. Тэр үед цагдаагийн албан хаагч нар сонсож байсан. Би тэр эмэгтэйн эрүүг өшиглөж хугалаагүй. Амь авраарай гэж бархирахдаа эрэгтэйдээ цохиулж эрүүгээ гэмтээсэн байх гэж боддог. Бид хоёр тэр хүмүүсийг орхиод явчихаж болох л байсан боловч иргэний үүргээ биелүүлж маргалдаж зодолдсон хүмүүсийг салгах гэж байгаад ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Мөн хохирогч гэх эмэгтэйн төрсөн дүү Ганбаатар нь цагдаагийн газрын үүдэнд манай эгчийн эрүүг цохиж хугалсан залуу нас барчихсан байна гэж Эрдэнэбаяр гэдэг хүнд ярьсан байсан. Тэд нар эхнэр, нөхөр, ах дүү, төрөл садангаараа нийлж надаас мөнгө авах зорилгоор үгээ нийлүүлэн худал мэдүүлэг өгч байна. Энэ хэрэг болсон цаг тухайд нь цагдаагийн жижүүрт гарч байсан цагдаагийн албан хаагч нар хэргийн талаар тэд нараас тайлбар мэдүүлэг авсан бол тэд нарын мэдүүлэг зөрөх байсан. Хугацаа алдаж мэдүүлэг аваагүй бол миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарахад шууд нөлөөлөхгүй байсан. Иймд надад холбогдуулан гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 91 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Гантөмөрийг 2016 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын 2-р баг 2-р 36 дугаар байрны гадаа талийгаач Гансуурьтай бүлэглэн танхайрч, хохирогч Д.Баянмөнх. Л.Оюунчимэг нарыг зодож. биед нь гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэснийг зүйлчлэл эргэлзээтэй. Оюунчимэгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг Гантөмөрийг учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдааг\/й байхад яп халдаасныг буруу болсон гэж үзэж байна.

1. Хохирогч Л.Оюунчимэг нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт “нэг залуу миний эрүү рүү өшиглөсөн. Би эрүүрүүгээ хэн өшиглөснийг мэдэхгүй байна. Намайг тонгойтол миний эрүү рүү нэг залуу өшиглөчихсөн” гэх мэт мэдүүлэг өгч, мэдүүлгийчхээ эх сурвалжыг зааж чадаагүй байхад шүүх хохирогч Оюунчимэгийг гэмтэл авах үед хохирогч Д.Баянмөнх, шүүгдэгч С.Гантөмөр, талийгаач Гансуурь нараас өөр хүн байгаагүйн дээр Л.Ганбаатар хохирогч Л.Оюунчимэгийг гэмтэл авсны дараа гэрээсээ гарч ирсэн. Тухайн үед хохирогч Н.Баянмөнх нь Гансуурийг хөлийн хөлийг тэвэрч, өвдөг тохойн дээрээ сөхөрч суусан, С.Гантөмөр нь зогсоо байдалтай байсан учир Л.Оюунчимэгийн биед гэмтэл Гантөмөрийг учруулсан байна гэж дүгнэсэн нь буруу байна. Сэжигтэн Л.Ганбаатар. хохирогч Л.Оюунчимэг, Д.Баянмөнх нар нь гэр булийн гишуүд, төрөп садангийн холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй учир тэдний мэдүүлгуүд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй.

2. Хохирогч Гансуурь нь бусдад зодуупж биедээ хүндэвтэр гэмтэл авсан байтал түүний биед учруулсан гэмтлийг хэн учруулсаныг тогтоогоогуй. Сэжигтэн Л.Ганбаатар орцноос гарч ирж, Гантөмөрийг нэг удаа цохиж, Гансуурийг зодож өшиглөж байснаа чирээд байрны орц руу авч орж байсан тухай шүүгдэгч С.Гантөмөр мэдүүлэхийн дээр талийгаач Гансуурь цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл тайлбартаа Л.Ганбаатар өөрийг нь зодож цохиж байсан талаар мэдүүлсээр байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гантөмөр нь хохирогч Оюунчимэгийн хамаатан болох Эрдэнэбаяр гэх залуу Оюунчимэгийг өшиглөсөн хүн нас барсан юм гэж хоорондоо ярилцаж байсан тухай түүнд хэлсэн талаар мэдүүлсэн. Эндээс харахад талийгаач Гансуурь Оюунчимэгийн биед гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих байдал бүрэн нотлогдоогүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан С.Гантөмөр нь 2016 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 2 дугаар 36 байрны гадаа талийгаач Н.Гансуурьтай бүлэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлан танхайрч, тодорхой шалтгаангүйгээр хохирогч Д.Баянмөнх, Л.Оюунчимэг нарыг зодож Д.Баянмөнхийн биед хөнгөн гэмтэл, Л.Оюунчимэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, хэрэг шүүхэд шилжиж иржээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гантөмөрийн үйлдсэн хэрэг нотлогдсон гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Ялтан, ялтны өмгөөлөгч нар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, холбогдсон гэмт хэрэг болон гэм буруугийн талаар марган давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан.

 

Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад ялтан С.Гантөмөр, түүний өмгөөлөгч нар  давж заалдах гомдлоосоо татгалзаж, үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргалаа.

 

Ялтан С.Гантөмөр нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа ухамсарлаж буйгаа шүүх хуралдаан дээр илэрхийлж байгаагаас гадна гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн нөхөн төлсөн байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т тус тус заасныг удирдлага болгон;

 

ТОГТООХ нь:

 

1.Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолд:

а/ “31.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Гантөмөрт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж нэмж,

б/ 6 дах заалтыг “Шүүгдэгч С.Гантөмөр нь хохирогч Л.Оюунчимэгийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 855.740 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Д.Баянмөнхөд төлөх төлбөргүй, хохирогч Л.Оюунчимэг өвчтэй байсан хугацаанд олох байсан орлого болон өмгөөлөгчид төлсөн хөлсөө нотлох баримтын бүрдүүлбэр ханган иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж,

в/ 7 дах заалтыг “ Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай” гэж,

г/ 9 дэх заалтыг “ Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Гантөмөрт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Ялтан С.Гантөмөр нь 1 /нэг/ сар 19 /арван ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА