Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102

 

 

П.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч П.Х, иргэний нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02ы өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18ы өдрийн 32 дугаар магадлалтай, П.Хт холбогдох 2231003210250 дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгч Л.Бийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х.

Шүүгдэгч П.Х нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,132,277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүх шүүгдэгч П.Хыг “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Хт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 02 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Хын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамалд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 9,132,277 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун далан долоон/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2,697,000 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга/-н төгрөг, нийт 11,829,277 төгрөгөөс улсын орлогод оруулсан 9.000.000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн экскаваторын үнийг хасч тооцон, үлдэгдэл 2,829,277 /хоёр сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун далан долоо/-н төгрөгийг шүүгдэгч П.Хаас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Х гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлогод оруулж,

Иргэний нэхэмжлэгч Л.Б нь “Hyundai 2900” маркийн экскаваторын үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хийцийн алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 1 бүр нь 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий арлын дугааргүй, марк тодорхойгүй, ус татах насос помп 2 ширхгийг тус тус хураан авч устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч П.Хаас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

шүүгдэгч П.Х нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “...” ХХК-ийн үнэлгээний зардал 3,500,000 төгрөгийн үлдэгдэл 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан тус компанид олгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Л.Бийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Л.Б гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... экскаватор миний эзэмшилд байдаг. Би 2018 оны 09 дүгээр сард П.Хт экскаватороо 55,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон бөгөөд мөнгөө 1 сарын дотор төлнө гээд урьдчилгаа гэж 20,000,000 төгрөг өгсөн. Улмаар 2019 оны 05 дугаар сард экскаватороо авъя гээд очтол урьд өгсөн 20,000,000 төгрөгийг ашигласан зардалд тооцоод 45,000,000 төгрөгөөр өгч, авалцахаар тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш цувуулсаар 35,000,000 төгрөг авсан ба 10,000,000 төгрөгийг аваагүй. Экскаваторын мөнгийг бүрэн өгсний дараа эзэмшлийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд төлбөр дуусаагүй байхад улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь намайг хохироож байна. Иймд та бүхэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал хэлсэн саналдаа “... Иргэний нэхэмжлэгч Л.Бийн эрх ашгийг хамгаалж хяналтын шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч Л.Бийн нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүний өмчлөлд байгаа экскаваторыг улсын орлогод шийдвэрлэсэнд маргадаг. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар экскаваторыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ”, 112 дугаар зүйлийн 112.1-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэсэн зохицуулалт бий. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар тухайн экскаваторын хууль ёсны өмчлөгч нь шүүгдэгч П.Х гэдэг нь тогтоогдоогүй байхад улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг зохицуулсан ба миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээрээ 10,000,000 төгрөгийн нэхэмжлэл байгаа болохоо тодорхой тайлбарласан. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч П.Хын зүгээс нийт 55,000,000 төгрөгийг төлсөн баримт гаргаж өгсөн бөгөөд энэ мөнгийг авсан тал дээр маргасан зүйлгүй. Гагцхүү 2018 оны 09 дүгээр сард тухайн техникийг 55,000,000 төгрөгөөр худалдахаар аман гэрээ хийсэн боловч төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй учир техникээ буцаан авахаар очсон. Улмаар очих үед төлсөн төлбөрийг 8 сарын хугацаанд ашигласан ашиглалтын зардал, түрээсийн төлбөрт тооцоод 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу 35,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 10,000,000 төгрөг дутуу байгаа. Иймд шүүгдэгч П.Хаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.Бт олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Х хэлсэн саналдаа “... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Л.Бийн экскаваторыг 45,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгсөн. Миний бие Л.Бт төлөх ёстой 55,000,000 төгрөгийг төлсөн учир давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч П.Х нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ойн сан бүхий газарт хамаарах “Сангийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг техник, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч О.А, Б.Б, Л.П нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Дээрх үйл баримтад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин шүүх шүүгдэгч П.Хын ашигт малтмал олборлохдоо хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 9,132,277 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээлтийн зардалд 2,697,000 төгрөг, нийт 11,829,277 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох зохицуулалттай байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторыг улсын орлого болгож, түүний үнэ болох 9,000,000 төгрөгийг дээрх байгаль экологид учирсан хохирлоос хасаж тооцон шүүгдэгчээс үлдэгдэл 2,829,277 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг улмаас учруулсан хохирол, хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн хурааж авахаар зохицуулсан. Иргэний нэхэмжлэгчийн гомдолд дурдсан маргаан дагуулж байгаа экскаваторыг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл явдал болохоос өмнө хэлцэл хийгдэж, мөнгөө тохироод тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн эзэмшилд шилжсэн байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ, 111.2.1эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж заасан ба гомдолд дурдсан асуудал үндэслэлгүй байх тул шүүх иргэний нэхэмжлэгч Л.Бийг экскаваторын үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд байгаль экологид учирсан хохирол, хор уршгийг бүрэн гаргуулах өөрчлөлтийг оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр иргэний нэхэмжлэгч Л.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн П.Хт холбогдох хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэмжээ, хязгаарын дотор хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан П.Хын хүрээлэн байгаа орчны эсрэг буюу хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих буюу Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон байх хуулийг шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч П.Х нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй атлаа 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хутгагч шанагатай “Хьюндай” загварын хүнд даацын механизм, гар хийцийн алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг, “Сангийн гол” гэх ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас байгаль орчинд 9.132.277 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Гэвч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн энэхүү хэсгийг засаж зөвтгөх шаардлагатай байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.

Үл маргах журмаар албадан хурааж улсын орлого буюу төсөвт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх  албадлагын арга хэмжээг гэмт хэргийн хохирол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан үр дагавар, хор уршгийг тодорхойлох, нөхөн төлүүлэхээс ялгамжтай байдлаар ойлгож хэрэглэх нь зүйтэй. 

Шүүхээс П.Хын гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник, хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлсэн нь үндэслэлтэй боловч хүнд даацын техникийн үнээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг суутган хасаж, үлдсэн хэсгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүхийн журмаар албадлагын арга хэмжээ хэрэглэж хураасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийн үнийг хохиролд суутган тооцсоныг хүчингүй болгож, шүүгдэгчийн хууль бусаар алт хайх, олборлох нэрийдлээр газрын хэвлий, ургамлын нөмрөг, хөрс бүрхэвч, эдэлбэр газарт учруулсан хохирол 9.132.277 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 2.697.000 төгрөг, нийт 11.829.277 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан механизмыг эзэмшиж байсан, тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Л.Бийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын хувьд худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдын эзэмшил, ашиглалтад сайн дураар шилжүүлсэн хүнд даацын механизмыг “төлбөрийг бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр бүхэлд нь буцаан олгох боломжгүй талаар хоёр шатны шүүх холбогдох хууль буюу Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг иш татан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө иргэд хоорондын харилцан тохиролцож хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний биелэлтийн тухай асуудал нь П.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй тул Л.Бийг нэхэмжлэлээ иргэний журмаар жич гаргах нь зүйтэй хэмээсэн шүүхийн дүгнэлтийг бататгаж иргэний нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02ы өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “улсын орлогод оруулсан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai 2900 маркийн эксковаторын үнийг хасч” гэсэн хэсгийг хасч, “... үлдэгдэл 2.829.277 /хоёр сая найман зуун хорин есөн сая хоёр зуун далан долоо/” гэснийг “... 11.829.277 /арван нэгэн сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг шүүгдэгч П.Хаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18ы өдрийн 32 дугаар магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээн, иргэний нэхэмжлэгч Л.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

                   ШҮҮГЧИД                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                           Б.ЦОГТ