| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/04692/И |
| Дугаар | 210/МА2025/01708 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01708
|
|
|
*******, *******, *******
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02278 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2022 оны 8 сард амаар тохиролцож машин механизмын түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч ******* нь өөрийн хүү *******ийн эзэмшлийн ******* маркийн машин механизм, өөрийн эхнэр *******ын эзэмшлийн ******* дугаартай ******* маркийн машин механизмуудыг тус бүр нэг сарын 35,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, 2 талын тээврийн зардлыг түрээслүүлэгч төлөхөөр тохиролцсон. Хариуцагч 2020 оны 08 сарын 29-ний өдрөөс мөн оны 11 сарын 12-ны өдрийн хооронд машин механизмуудыг жолоочийн хамт ******* аймгийн ******* суманд байх ******* ХХК-ийн үйлдвэрийн болон *******ы зам дээр 2 сар 14 хоногийн хугацаанд ажиллуулсан. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 87,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй бөгөөд 2020 оны 11 сард ажил дуусаад буцах гэхэд цаашид үргэлжлүүлээд ажиллана, гэрээгээ сунгаж техникүүдийг ******* ХХК-ийн хашаанд тавиулсан. Гэвч түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй, мөнгөө өгөхгүй байсан учраас нэхэмжлэгч нар хариуцагчид амаар мэдэгдэж 2021 оны 3 сард машин механизмуудыг жолоочийн хамт 1,800,000 төгрөгийн зардал гарган татан авч гэрээг дуусгасан. Иймээс түрээсийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. Энэхүү машин механизмууд нь хариуцагч *******ын ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан ******* ХХК-ийн талбай болон *******-Уул аймгийн *******ы замд ажилласан нь үнэн. Гэхдээ хариуцагч нь ******* биш ба гэрээний оролцогч нь ******* захиралтай ******* ХХК байсан. ******* ХХК нь хатуу хучилттай автозамын үйл ажиллагаа явуулдаг ба *******ы замын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа машин механизмууд дутсан учраас ******* нарын 3 тээврийн хэрэгслийг ашигласан. Энэ үед ******* ХХК-ийн үйлдвэрийн шувууны үйлдвэрийн сангас арилгах ажил явагдаж байсан ба эдгээр 2 компани гэрээ байгуулан механизмуудыг ажиллуулсан. Тийм учраас ******* нь хариуцагч биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин компаний хооронд байгуулсан гэрээний асуудлаа ярих ёстой гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хариуцагч *******аас 87,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, *******, ******* нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 592,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1. Тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******ын зүгээс нэхэмжлэгч нартай ямар нэг гэрээ, хэлцэл байгуулж техникуудыг ажиллуулаагүй, харин захиралаар ажилладаг "*******" ХХК-аар иргэн *******тай тохиролцож 2020 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* суманд байрлах "*******" ХХК-ийн Баян шувууны үйлдвэрийн газар шорооны ажилд болон Улаанбаатар-*******ы чиглэлийн автозамын газар шорооны ажилд дээрхи техникүүдийг түрээслэн ажиллуулж байсан. Мөн "*******" ХХК нь *******тай 2021 оны 04 сарын 08-ны өдөр "Машин механизмын түрээсийн гэрээ"-г байгуулан дээрхи техникүүдийг ******* аймгийн ******* сумын ******* ТӨҮГ-ын нефтийн үйлдвэрийн хатуу хучилттай автозамын газар шороо, суурийн материал зөөх болон бусад ажил дээр тус тус ажиллуулж байсан. Энэ хэргийн хариуцагч нь ******* биш бөгөөд жинхэнэ хариуцагч нь "*******" ХХК юм. Тиймээс хариуцагчаа зөв тодорхойлон нэхэмжлэлээ гаргах ёстой гэж мэтгэлцсэн.
2. Нэхэмжлэгч нар 2021 оны 04 сарын 08-ны өдрийн "Машин механизмын түрээсийн гэрээ"-ний дагуу "*******" ХХК-ийг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн атлаа 2020 оны 08 сарын 29-ний өдрийн хэлцлийн дагуу ******* аймгийн ******* суманд байрлах "*******" ХХК-ийн Баян шувууны үйлдвэрийн газар шорооны ажил, Улаанбаатар-*******ы чиглэлийн автозамын газар шорооны ажилд ажилласан хөлс, төлбөрүүдийг "*******" ХХК-ийн захирал иргэн *******т хамаатуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үйлдэл гэж үзсэн.
3. Анхан шатны шүүх хуралдаанд "*******" ХХК-ийн ерөнхий инженер ******* гэрчээр оролцохдоо "*******" ХХК нь "*******" ХХК-ийн Баян шувууны үйлдвэрийн газар шорооны ажил болон Улаанбаатар-*******ы чиглэлийн автозамын газар шорооны ажилд ажилласан нь үнэн бөгөөд иргэн *******ын 3 ширхэг техникийг түрээслэн ашигласан. Ажлын графикт хугацаа, тоо хэмжээ, тооцоолол зэргийг гардан хийж байсан гэж мэдүүлдэг. Хариуцагчаас ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг нотлох баримтаар гарган өгсөн ба нэхэмжлэгч тал энэ шүүхийн шийдвэрийн талаар тайлбарладаг. Тийм байхад анхан шатны шүүх маргааны зүйл, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг бүрэн дүгнэлгүй, хэргийн харъяалал, хариуцагч мөн эсэхэд дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
4. Талууд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэх ёстой ч нэхэмжлэгчээс би хохирсон гээд буруу нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бурууг нь зөв болгож өөрчлөөд, шийдээд өгчихдөг байдлаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар буруу жишиг тогтсоор байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.
Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ******* аймгийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн боловч Хан-Уул дүүргийн шүүхэд захиралд нь буюу иргэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь процессын алдаа болсон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Энэ нь хоорондоо хамааралтай биш тусдаа хэрэг юм. ******* аймгийн шүүхээр *******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох техник түрээсийн гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн. Харин уг маргаан нь *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, *******т холбогдох маргаан юм. ******* нь биечлэн ирж гэрээ байгуулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогддог. Уг асуудалд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлд дурдсан техникүүд нь ******* ХХК-ийн талбайд ажилласан, ******* нь тус компанийн захирлаар ажиллаж байсан тул хариуцагч биш, нэхэмжлэгч нартай эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлсэн боловч зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл ******* улсын дугаартай ******* маркийн, мөн ******* улсын дугаартай *******маркийн технологийн механизм буюу тээврийн хэрэгсэл тус бүрийг нэг сарын 35,000,000 төгрөгийн хөлсөөр ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан *******ы авто замын болон тус компаниас ******* ХХК-ийн үйлдвэрийн шувууны сангас арилгах ажлыг гүйцэтгүүлэхэд ашиглан ажиллуулжээ.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж буруу тодорхойлжээ.
Зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар-*******ы авто зам, ******* ХХК-ийн үйлдвэрийн шувууны сангас цэвэрлэх ажилд тус тус ажиллуулах, тохиролцсон хөлсийг төлөхөөр амаар хэлэлцэн тохиролцсон. Улмаар тухайн техникүүдийг авч 3 сарын хугацаагаар уг ажилд ашигласан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нартай хэлцэл хийх үедээ ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан тухайгаа тайлбарлаж, уг хэлцлийг өөрийн нэрээр бус компанийн үйл ажиллагаанд ашиглахаар компанийг төлөөлөн харилцсан гэх боловч энэ тухай татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч ******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд нэхэмжлэгч нартай компанийн нэрийн өмнөөс харилцсан гэх хүсэл зоригоо гадагшаа ойлгомжтой тодорхой илэрхийлсэн нь баримтаар тогтоогдоогүй, мөн тэрээр Хаан банк дахь өөрийн ******* тоот дансаар дамжуулан тээврийн хэрэгслүүдийг ашигласны төлбөрийг төлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч *******ын Хаан банкны ******* тоот дансанд 2020 оны 08 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг exkevator turees гэж, мөн оны 10 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *******ийн Хаан банкны ******* тоот дансанд 10,000,000 төгрөгийг экска түрээс урьдчилгаа гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байдлаар тогтоогдож байна.
Иймээс хариуцагч нь ******* ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаанд нэхэмжлэгч нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглахаар түрээсийн гэрээг байгуулсан гэж үзнэ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ нь хуульд зааснаар бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Энэ агуулгаар *******ыг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих хариуцагч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцжээ. Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулна.
4. Хэрэгт *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 87,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх явцад 2022 оны 06 сарын 07, мөн 07 сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэл авагджээ. Тус тэмдэглэлээр хариуцагч нь уг хэргийн хариуцагч биш эсэх асуудлаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэвэл зохих этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх талаар маргаж байжээ. Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар зохигчийн тайлбарыг нотлох нотолгооны хэрэгсэл болохын хувьд нотлох баримтаар үнэлэгдэнэ.
Мөн гэрээний зүйл болсон тээврийн хэрэгслүүд нэхэмжлэгч *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй нь нэхэмжлэгч *******ыг нэхэмжлэгч биш гэж дүгнэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нарын хувьд уг тээврийн хэрэгслүүд нь дундын өмчлөлийн зүйл болох эсэх асуудлаар маргаагүй, дундын өмчлөлийн зүйлээ бусдад түрээслүүлсний төлбөрийг гуравдагч этгээдээс хамтран шаардахад гэрээний зүйл болсон тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийг хэнд төлөх нь хариуцагчид хамааралгүй буюу энэ хэргийн хувьд ач холбогдолгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид болно.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх хариуцагчаас 87,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2... гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ