| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0500/Э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 523
2019 5 14 523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Т овогт Цын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0037 20437 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Цын Ц нь Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 08-нд ... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “...” ХХК-нд кранист ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Отой “...архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу, толгой, нүүрэн тус газрууд нь цохин зодож, бие махбодид нь “...зулайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун хацар, эрүү, нуруу бүсэлхийнд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: Манай хүүхэд ээж ганцаараа нэг шил архи уугаад гараад явчихлаа гэж хэлсэн. Эхнэр гурван өдөр гэртээ ирээгүй. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 30-нд эхнэр гэртээ ирсэн. Би орой нь ажлаа тараад ажлын хүмүүстэй хоёр шил архи уугаад гэртээ очиход эхнэр согтуу байхаар нь айлгах санаатай 2-3 удаа цохисон. Үнсний саваар 2-3 удаа цохиод хөмсгийг нь сэтэлсэн байсан гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0037 20437 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1.Хохирогч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би найзтайгаа архи уусан. Найзынхаа гэрээр хоноод 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ очсон. Манай нөхөр Ц орж ирээд чи хаагуур явж байгаад ирж байгаа юм, хэнтэй архи уусан гэж асуухаар нь Этай хамт хоёр шил архи уусан гэж хэлсэн чинь Ц толгой дээр үнсний саваар нэг удаа цохисон. Гарынхаа ар талаар нүүр рүү хоёр удаа цохисон. Дахиад зүүн шанаа руу болон баруун шанаа руу нэг нэг удаа гараараа цохисон. Миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. Цтай 2004 оноос хойш нэг гэрт хамт амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулсан, 4 хүүхэдтэй. Ц зодож байхад манай 4 хүүхэд байсан. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
2. Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Отой түүний гэрт архи хувааж уусан. Архиа дуусаад би гэртээ орсон. Маргааш нь Оы гэрт орсон чинь нүүр нь хөхөрчихсөн байсан, юу болсон талаар асуухад Ц намайг зодоод гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
3. Насанд хүрээгүй гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “... Манай ээж О 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 3-4 хоног гадуур архи уугаад гэртээ ирээгүй юм. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирсэн. Араас нь ээжийн найз Э орж ирээд ээжтэй архи хувааж уугаад гарсан. Манай аав орой ирсэн. Ээжид уурлаад ээжийг загнаад байсан. Хацар руу нь хоёр удаа алгадсан. Тэгээд газар байсан үнсний сав аваад толгой руу нэг нэг удаа цохисон. Удалгүй хоёр цагдаа ирээд аавыг аваад явсан. Манай ээж архи уугаад гадуур тэнээд явчихдаг хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
4. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “... Ц нь эхнэр Оыг зодож гэмтээсэн мэдээлэл 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шалгаж, эхнэр Б.Отой нь уулзахад 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой намайг манай нөхөр Ц зодож гэмтээсэн гэсний дагуу шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгсөн. Үзүүлэхэд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсоны дагуу хэрэг бүртгэх тасагт шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/ ,
5. Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цагаас 31-ний өглөө 08 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9 дүгээр хороонд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... тоотод нөхөр зодлоо гэсэн утгатай дуудлага ирсэн. Дуудлагаар очиж шалгахад эхнэр нь гэх эмэгтэй нөхөр нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэрийнх нь нүүр улайсан байдалтай, тэр эмэгтэй хэлэхдээ үнсний саваар толгой руу нь цохисон, мөн нүүр нь хэд хэдэн удаа алгадсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/ ,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 956 дугаар дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зулайн баруун ар хэсэгт 4.5 см голчтой овойж хавдсан гол хэсэгт 1.1х0.4 см зузаан тав тогтсон өнгөц шархтай, баруун хацарт 1х1 см хацрын төвгөрт 3.5х3см, зүүн шанаанд 3х2.5см, доод уруулын зүүн доод хэсэгт 2.5смх2.2 см, зүүн далны орчим 1.4х1.3см 2ш, бүсэлхийн дээд хэсэгт 1.5смх1.5см тус тус ногоон захаараа шаргал өнгийн цус хуралттай. Доод уруул дотор салст зүүн хэсэгт язарсан шаргал өнгийн өнгөр тогтсон.
ДҮГНЭЛТ:
-Б.Оы биед зулайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун хацар, эрүү, нуруу бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /шинжээч эмч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар тал/,
-2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 56-65 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгчийн банкинд эзэмшдэг дансны хуулга Ц.Ц, Б.О нарын гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа, /хавтаст хэргийн 49, 51, 54-55, 68 дугаар тал/ Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 71-73 дугаар тал/, “...” ХХК-ний тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Цгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Ц нь эхнэр Б.Оыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Ц, Б.О нар нь 2004 онд гэр бүл болж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хавтаст хэргийн 51 дүгээр тал/ тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамааруулахаар заасан бөгөөд шүүгдэгч Ц.Ц, хохирогч Б.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
Шүүгдэгч Ц.Ц, хохирогч Б.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архидан согтуурсан байх ба, улмаар шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот гэртээ эхнэр Б.Отой “...гэртээ ирэхгүй, архи ууж гадуур явлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу, толгой, нүүрэн тус газрууд нь цохин зодож, бие махбодид нь “...зулайн хуйханд өнгөц шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун хацар, эрүү, нуруу бүсэлхийнд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...Этай хамт хоёр шил архи уусан гэж хэлсэн чинь Ц толгой дээр үнсний саваар нэг удаа цохисон. Гарынхаа ар талаар нүүр рүү хоёр удаа цохисон. Дахиад зүүн шанаа руу болон баруун шанаа руу нэг нэг удаа гараараа цохисон. Миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
-гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Отой түүний гэрт архи хувааж уусан. Маргааш нь Оы гэрт орсон чинь нүүр нь хөхөрчихсөн байсан, юу болсон талаар асуухад Ц намайг зодоод гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
-насанд хүрээгүй гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай ээж О 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 3-4 хоног гадуур архи уугаад гэртээ ирээгүй юм. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирсэн. ...Манай аав орой ирсэн. Ээжид уурлаад ээжийг загнаад байсан. Хацар руу нь хоёр удаа алгадсан. Тэгээд газар байсан үнсний сав аваад толгой руу нь нэг нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
-гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц нь эхнэр Оыг зодож гэмтээсэн мэдээлэл 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч ...Б.Отой нь уулзахад 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой намайг манай нөхөр Ц зодож гэмтээсэн гэсэн. ...шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/ ,
-гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... тоотод нөхөр зодлоо гэсэн утгатай дуудлага ирсэн. ...очиж шалгахад эхнэр нь гэх эмэгтэй нөхөр нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэрийнх нь нүүр улайсан байдалтай, үнсний саваар толгой руу нь цохисон, мөн нүүр нь хэд хэдэн удаа алгадсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/ ,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 956 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар тал/, 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 56-65 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Ц нь гэр бүлийн харилцаатай эхнэр Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Ц.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Оыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Цг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Б.Оы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ц.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж байсан байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, “...” ХХК-ний тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дугаар тал/ буюу кранистаар ажилладаг, ажил эрхэлдэг байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг түүний цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2019 оны 5 дугаар сарын 06-наас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжээс 120 нэгжийг хасч, түүний эдлэх торгох ялын хэмжээг 380 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 380.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Цын Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 (найм) хоногийг түүний эдлэх оруулан, дээрх цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, Ц.Цд оногдуулсан 500 нэгжээс 120 нэгжийг хасч, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 380 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 380.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.О нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА