| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0337/Э |
| Дугаар | 347 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 347
2019 3 25 347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогч Д.Г,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А-1 ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Нийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1903 0013 20132 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт Нийн М нь Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 1, ганцаараа, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 20 минутын орчим ... нутаг дэвсгэрт, Баруун турууны даваанаас 361-ийн гарам орох замд “...” загварын ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Нын жолоодон явсан иргэн Н.Нгийн эзэмшлийн “...” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Маас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.
Хохирогч Д.Г мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед ... УНЭ улсын дугаартай “...” маркийн машинтай явж сууж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн ослын улмаас цээжний орчим хөндүүр болж, гэмтэл учирсан. Өвчин намдаах эм ууж, тосон түрхлэг түрхсэн. Шүүгдэгч Н.Маас хохиролд 500.000 төгрөг авсан. Уг мөнгийг Н.Нгийн дансаар дамжуулан авсан. Н.Нгийн хохирлын мөнгөнөөс тусад нь авсан. Цаашид гарах нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1903 0013 20132 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед нөхөр Д.Н, хүү Н.О нарын хамт охин Н.Нгийн эзэмшлийн “...” загварын автомашинтай Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор хөдөлсөн юм. Автомашиныг нөхөр Д.Н жолоодон, би хажууд нь сууж, хүү хойд суудалд суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны даваа уруудаад явж байтал хар хөх өнгийн суудлын автомашины жолооч яах ийхийн зуургүй автомашины урдаас ирж мөргөсөн. Тэр үед юу ч хэлж амжаагүй өөдөөс цагаан юм нүүрэн дээр буусан. Нүүрэн дээр буусан цагаан юм нь дараа нь бодоход ослын дэр нь байсан юм байна лээ. Осол болсоны дараа бид бие биенээсээ “зүгээр үү” гэж асуусан. Тэр үед манай хоёр хүү “зүгээр” гэж хэлж байсан. Би автомашинаас буух гэтэл хоёр хөл хөдөлж болохгүй байсан. Тухайн үед би дотроо ингээд хөлгүй болдог юм байна гэж бодсон. Харин хэсэг хугацааны дараа хөлөө хөдөлгөж үзэхэд гайгүй байсан. Тэгээд би автомашинаас буусан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийн эмч ирээд миний биеийн байдлыг үзээд гайгүй байна гэж хэлсэн. Мөн нарийн шинжилгээ өг гэж хэлээд түргэн тусламжийн автомашиндаа суулгаж Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү авч явсан. Эмнэлэгт үзүүлж, томографикийн зураг авахуулсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа сайхан нартай, дулаахан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хамгаалах бүс зүүсэн байсан, бүс зүүсэн тулдаа л энэ зэрэгтэй үлдсэн. Миний сууж явсан автомашины жолооч хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй. Манай нөхөр их давхидаг хүн биш. Настай хүн болохоор зөөлөн явж байсан. Осол нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. Ослын улмаас цээж болон баруун хөлөндөө гэмтэл авсан. Хугарал бол байхгүй. Би эмчилгээндээ одоогийн байдлаар 170.000 төгрөг зарцуулсан. Надад эмчилгээндээ эм тариа авсан баримт байгаа. “...” загварын ... ХӨА улсын дугаартай автомашины жолооч надад эм тарианы мөнгө өгөөгүй. Харин өвчин намдаах тос авч өгсөн. Баримт нь өөрт нь байгаа. Одоо миний биеийн байдал гайгүй. Гэхдээ цээж их хөндүүр байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,
2. Иргэний нэхэмжлэгч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...“...” загварын ... УНЭ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийнх юм. Би өөрийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-аар хийлгэсэн. Үнэлгээгээр нийт 10.645.000 төгрөг болсон. Би өөрийн автомашины хохирлыг барагдуулж аваагүй. Жолооч Н.М нь жолоочийн хариуцлагын “Миг даатгал” ХХК-д даатгалтай юм байна лээ. Тийм болохоор хохирлын 50 хувь нь даатгалын байгууллагаар, үлдсэн хохирлыг буруутай жолооч автомашинаа зараад өгөхөөр хоорондоо тохиролцсон. Надад гомдол санал байхгүй. Харин хохирлоо нэхэмжлэх болно. Хохирол барагдах юм бол шүүх хуралд оролцох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
3. Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 20-нын өдөр өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед эцэг Д.Н, эх Д.Г нарын хамт төрсөн эгч Н.Нгийн эзэмшлийн “...” загварын автомашинтай Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орж Үл-Олдох эгчтэй золгохоор гарсан. Автомашиныг аав Д.Н жолоодон, ээж Д.Г хажууд нь сууж, би хойд суудалд суугаад гар утсаараа тоглоом тоглоод явж байтал тас түс гээд явсан. Осол болох үед би хэсэг шокын байдалтай байсан. Тэгээд юу болов гээд хартал манай автомашинтай нэг автомашин мөргөлдсөн байсан. Би автомашинаас буугаад гадаа хэсэг суусан. Буцаад автомашиндаа суух үед ээж миний биеийн байдлыг асуухаар нь би түүнд зүгээр гэж хэлсэн. Харин ээж “би даараад байна, мөн амьсгаа авч болохгүй байна” гэж хэлэхээр нь би ээжийг хучиж өгчихөөд түргэн тусламж ирэхийг хүлээж байтал түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийн эмч ирээд ээжийн биеийн байдлыг үзээд гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёрыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү авч явсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Хамгаалах бүс зүүгээгүй байсан. Харин аав, ээж хоёр зүүсэн байсан. Тухайн үед гар утсаараа тоглоод доошоо харчихсан явж байсан болохоор урсгал сөрж ирж мөргөсөн жолооч автомашинаа зогсоох арга хэмжээ авсан эсэхийг хэлж мэдэхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би ослын улмаас биедээ гэмтэл аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
4. Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3-ны өглөө 08 цаг болж байх үед эхнэр Д.Г, хүү О нарын хамт охин Н.Нгийн эзэмшлийн ““...” загварын автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орж өөрийн төрсөн эгч болох Үл-Олдох, хүргэн ах Болдбаатар нар дээр очиж золгохоор явсан. Эхнэр Д.Г хажууд сууж, хойд суудалд хүү Н.О суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны даваа уруудаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун хойш чиглэлтэй ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай цуваандаа ороод явж байтал ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн чиглэлтэй буюу Улаанбаатар хот руу явж байсан автомашины жолооч урдаа явж байсан автомашиныг гүйцэж түрүүлэхээр урсгал сөрж ирээд миний жолоодон явж байсан “...” загварын автомашины баруун урд тал руу маш хүчтэй мөргөсөн. Нэг мэдсэн чинь урдаас цагаан юм бужигнаад ирсэн. Тухайн үед энэ юу билээ гэж бодож байтал ослын дэр задарсан байсан. Би ослын дараа эхнэр, хүү хоёроос биеийн байдлыг нь асуусан. Тэр үед эхнэр “дотор муухай оргиод, даарч байна” гэж хэлж байсан. Хүү О “аарцаг эвгүй болчихлоо’ гэж байсан. Тэгээд автомашинаас буутал зорчих хэсгийн хойд талын жалга руу автомашин хойш харсан байрлалтай, мөргөсөн автомашин буцаж эргээд шороон хөвөөн дээр зорчих хэсгийн хойд талд миний автомашины урд баруун хойш харсан зогсож байсан. Би мөргөсөн жолоочтой уулзаж хүмүүс чинь зүгээр үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гар утсаар цагдаа болон түргэж тусламж руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа болон түргэж тусламж ирээд эмч нь манай эхнэр болон хүүгийн биеийн байдлыг үзээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү авч явсан. Би мөргөсөн жолооч болон цагдаагийн алба хаагч нартай хамт хэргийн газрын үзлэг, хэмжилт хийлгэсэн. Хэргийн газрын үзлэгээ дуусгаад эхнэр, хүүхэд дээрээ очих гээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед замын үзэгдэх орчин чөлөөтэй, автомашины хөдөлгөөн аль аль талаасаа хөдөлгөөнтэй, зам хальтиргаа гулгаа байхгүй байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаагийн алба хаагч нар архи уусан эсэхийг шалгаж үзсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Эхнэр бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Миний жолоодож явсан “...” загварын ... УНЭ улсын дугаартай автомашин миний төрсөн охин Н.Нгийн эзэмшлийнх. Уг машинд эвдрэл хохирлын үнэлгээг үнэлгээний байгууллагаар хийлгэсэн. Энэ хэрэгт манай төрсөн охин Н.Н иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ослын улмаас биедээ гэмтэл аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
5. Гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим найз залуу Н.Мын эзэмшлийн “...” загварын ... ХӨА улсын дугаартай автомашинтай, автомашиныг найз залуу Н.М жолоодон манай төрсөн эгч Б.Ариунгэрэлийн хамт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор гарсан юм. Бид шөнө Орхон аймагт ирж хэсэг амраад маргааш нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө үүрээр Улаанбаатар хот руу хөдөлсөн. Улаанбаатар хот руу явах үед жолоочийн хажууд манай эгч Б.Ариунгэрэл, би хойд суудалд суусан. Бид өглөө 09 цагийн үед 361-ийн гарамын мөнгө хураадаг пост өнгөрөөд явж байхад урд явж байсан суудлын автомашин зогссон. Тэр үед манай найз залуу зогссон автомашиныг тойрч гарахаар эсрэг урсгал руу ортол өөдөөс ирж байсан автомашинтай зогсож чадалгүй мөргөлдсөн. Осол болсны дараа бид автомашинаасаа буусан. Бууж ирэх үед нөгөө автомашины жолооч автомашинаасаа бууж ирээд манай автомашины жолоочтой уулзсан. Тэр үед нөгөө жолооч түргэн, цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд хохирогч нарын биеийн байдлыг асуугаад шууд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү авч явсан. Эгч бид хоёр ослын улмаас ямар нэгэн гэмтэл аваагүй байсан болохоор цагдаагийн алба хаагч нарыг хэргийн газрын үзлэг, хэмжилт хийж дуусахыг хүлээж байгаад дуусахаар нь гэр рүүгээ явсан. Зам, орчны нөхцөл байдлын хувьд аспалтан, шулуун тэгш, уруу, өгсүүр, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээ, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байсан. Бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаагийн алба хаагч нар жолоочийг архи уусан эсэхийг шалгаж үзсэн. Би хамгаалах бүс зүүгээгүй. Харин жолооч болон урд сууж явсан зорчигч хамгаалах бүс зүүсэн байсан. Миний сууж явсан автомашины жолооч ойролцоогоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь хэлж мэдэхгүй. Би ослын улмаас биедээ гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
6. Гэрч Б.Ариунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим төрсөн дүү Б.Үүрийнтуяа, түүний найз залуугийн хамт Н.Мягмарын эзэмшлийн “...” загварын ... ХӨА улсын дугаартай автомашинтай, автомашиныг төрсөн дүү Б.Үүрийнтуяагийн найз Н.М жолоодон Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор гарсан юм. Бид шөнө Орхон аймагт ирж хэсэг амарсан. Маргааш өглөө нь үүрээр Улаанбаатар хот руу Орхон аймгаас хөдөлсөн. Улаанбаатар явах үед жолоочийн хажууд би сууж, хойд суудалд манай дүү Б.Үүрийнтуяа сууж явсан юм. Бид өглөө 9 цаг өнгөрч байх үед 361-ийн гарам мөнгө хураадаг пост өнгөрөөд явж байтал урд явж байсан автомашины жолооч зогсож байгаа юм шиг миний нүдэнд харагдсан. Тэр үед миний сууж явсан автомашины жолооч тойрч гарахаар эсрэг урсгал руу ортол тас түс гээл явсан. Юу болов гэтэл автомашинтай мөргөлдсөн. Осол болсны дараа жолооч миний суудлын бүсийг тайлж өгсөн. Мөн дүү гаднаас хаалга нээж өгсөн. Тэгээд би автомашинаас буусан. Бууж ирээд байж байтал цагдаа болон түргэн тусламж ирээд нөгөө автомашины хоёр хүний биеийн байдлыг үзээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү авч явсан. Дүү бид хоёр ослын улмаас биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй. Мөн цагдаагийн алба хаагч хэргийн үзлэг, хэмжилт хийсэн. Үзлэг дуусахаар нь дүү бид хоёр гэр рүүгээ харьсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн ихтэй байсан. Бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаагийн алба хаагч нар жолоочийг архи уусан эсэхийг шалгаж байгаа харагдсан. Жолооч бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан. Миний сууж явсан автомашины жолооч ойролцоогоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй. Би ослын улмаас гэмтэл аваагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
7. Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:
“...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Харин иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын 12.700.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг хохирлыг даатгалаас гаргуулж өгч байгаа. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2262 дугаар дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн цээжний КТГ-т: өвчүү ясны их биеийн дээд хэсгийн өмнөд гадаргуу бага зэрэг жигд бус болсон бөгөөд бүрэн бус хугарал гэжээ.
-2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн үзлэгт: ерөнхий биеийн доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.
ДҮГНЭЛТ:
“...1.Д.Гийн биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /шинжээч Ж.Ганцэнгэл/...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
9. Мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр магадлагаанд:
“…Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэж магадлагаа гаргав.
1. “Т.Camry маркийн ... ХӨА улсын дугаартай автомашины жолооч Нийн М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Т.Sai маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Дашдаваагийн Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Т.Camry маркийн ... ХӨА улсын дугаартай автомашин нь хөдлөх боломжгүй тул зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох боломжгүй байна. /ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Энхболд/...”гэсэн магадлагаа /хавтаст хэргий 66-67 дугаар тал/,
11. Дуудлагын лавлагаа /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-10 дугаар тал/,
12. Хохирогч Д.Гийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлын баримтууд /хавтаст хэргийн 109-112 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Н.Нгийн 2019 оны 03 дугаар сарын 04, 05-ны өдрийн мөнгө хүлээн авсан Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга /хавтаст хэргийн 113 дугаар тал/,
13. “Ашид Билгүүн” ХХК-ийн “...” маркийн ... УНЭ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ /шууд зардлын дүн 10.290.000 төгрөг, шууд бус 355.000 төгрөг, нийт дүн 10.645.000 төгрөг /хавтаст хэргийн 55-61 дүгээр тал/,
14. “...” загварын ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н.Мямарбаярын нэр дээр бүртгэгдсэн, түүний эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 92 дугаар тал/, “...” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нэмэхбаярын Нарантуяагийн нэр дээр бүртгэгдсэн, түүний эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар /хавтаст хэргийн 100 дугаар тал/,
15. Шүүгдэгч Н.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар тал/, Н.Мын талаарх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн В ангилал хүчинтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар тал/, Н.Мын оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хавтаст хэргийн 84 дүгээр тал/, түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 86 дугаар тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 90 дүгээр тал/, хохирогч Д.Г, шүүгдэгч Н.Мын нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 114, 119 дүгээр тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Н.М, хохирогч Д.Г нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Мт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Гэм буруугийн талаар улсын яллагч дүгнэлтдээ Н.М нь 2019 оны 02 дугаар сарын 07-нд “...” маркийн ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчсөнөөс Д.Нын жолоодон явсан иргэн Н.Нгийн эзэмшлийн “...3 маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 20 минутын орчим ... нутаг дэвсгэрт Баруун турууны даваанаас 361-ийн гарам орох замд “...” маркийн ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөнөөс Д.Нын жолоодон явсан иргэн Н.Нгийн эзэмшлийн “...” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус автомашинд явсан зорчигч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө Н.Нгийн эзэмшлийн “...” маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор хөдөлсөн. Автомашиныг нөхөр Д.Н жолоодон, би хажууд нь сууж, хүү хойд суудалд суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны даваа уруудаад явж байтал хар хөх өнгийн суудлын автомашины жолооч яах ийхийн зуургүй автомашины урдаас ирж мөргөсөн. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд ...үзүүлж, томографикийн зураг авахуулсан. ...гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. ...цээж их хөндүүр байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,
- Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед эцэг Д.Н, эх Д.Г нарын хамт төрсөн эгч Н.Нгийн эзэмшлийн “...” маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орж Үл-Олдох эгчтэй золгохоор гарсан юм. Автомашиныг аав Д.Н жолоодон, ээж Д.Г хажууд нь сууж, би хойд суудалд суугаад гар утсаараа тоглоом тоглоод явж байтал тас түс гээд явсан. …юу болов гээд хартал манай автомашинтай нэг автомашин мөргөлдсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3-ны өглөө 08 цаг болж байх үед эхнэр Д.Г, хүү О нарын хамт охин Н.Нгийн эзэмшлийн “...” маркийн автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор явсан. ...Баруун турууны даваа уруудаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун хойш чиглэлтэй ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай цуваандаа ороод явж байтал ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн чиглэлтэй Улаанбаатар хот руу явж байсан автомашины жолооч урдаа явж байсан автомашиныг гүйцэж түрүүлэхээр урсгал сөрж ирээд миний жолоодон явж байсан “...” маркийн автомашины баруун урд тал руу маш хүчтэй мөргөсөн. ...автомашинаас буутал зорчих хэсгийн хойд талын жалга руу автомашин хойш харсан байрлалтай, мөргөсөн автомашин буцаж эргээд шороон хөвөөн дээр зорчих хэсгийн хойд талд миний автомашины урд баруун хойш харсан зогсож байсан. ...Би мөргөсөн жолооч болон цагдаагийн алба хаагч нартай хамт хэргийн газрын үзлэг, хэмжилт хийлгэсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
-гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Мын эзэмшлийн “Тoyota Camry” маркийн ... ХӨА улсын дугаартай автомашинтай, автомашиныг найз залуу Н.М жолоодон манай төрсөн эгч Б.Ариунгэрэлийн хамт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор гарсан юм. ...2019 оны 02 дугаар сарын 07-ны өглөө үүрээр Улаанбаатар хот руу хөдөлсөн. 09 цагийн үед 361-ийн гарам мөнгө хураадаг пост өнгөрөөд явж байхад урд явж байсан суудлын автомашин зогссон. Тэр үед манай найз залуу зогссон автомашиныг тойрч гарахаар эсрэг урсгал руу ортол өөдөөс ирж байсан автомашинтай зогсож чадалгүй мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- гэрч Б.Ариунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...төрсөн дүү Б.Үүрийнтуяа, түүний найз залуугийн хамт Н.Мягмарын эзэмшлийн “Тoyota Camry” маркийн ... ХӨА улсын дугаартай автомашинтай, ...Н.М жолоодон Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор гарсан юм. ...361-ийн гарам мөнгө хураадаг пост өнгөрөөд явж байтал урд явж байсан автомашины жолооч зогсож байгаа юм шиг миний нүдэнд харагдсан. Тэр үед миний сууж явсан автомашины жолооч тойрч гарахаар эсрэг урсгал руу ортол тас түс гээл явсан. Юу болов гэтэл автомашинтай мөргөлдсөн. Осол болсны дараа жолооч миний суудлын бүсийг тайлж өгсөн. ...Бууж ирээд байж байтал цагдаа болон түргэн тусламж ирсэн. ...Үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн ихтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал /,
-Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлагын лавлагаа /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2262 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр магадлагаа /хавтаст хэргий 66-67 дугаар тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн “...” маркийн ... УНЭ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 55-61 дүгээр тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Улсын яллагчаас шүүдэгч Н.М нь тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул түүнд төлөх төлбөргүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Н.Нд төлөх төлбөргүй байна гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуульд зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Хохирогч Д.Гийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт СТ оношилгооны 150.000 төгрөгийн, эрүүл мэндийн үйлчилгээний 15.000 төгрөгийн, эм авсан гэх 12.000, 1.700, 12.000, 25000 төгрөгийн буюу 215.700 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүгдэгч Н.М нь хохирогч Д.Гийн эрүүл мэндэд учирсан хохиролд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүх хуралдаанд хохирогч Л.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул хохирогчид төлөх төлбөргүй байна.
Мөн шүүх иргэний нэхэмжлэлийг тогтоол гаргахдаа түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэхээр хуульд заасан ба тус зам тээврийн ослын хэргийн улмаас Н.Нгийн эзэмшлийн “...” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэглийн эвдрэл хохирлыг “Ашид билгүүн” ХХК-иас шууд зардлыг 10.290.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 355.000 төгрөгөөр, нийт дүн 10.645.000 төгрөг /хавтаст хэргийн 55-61 дүгээр тал/ тогтоосон байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.М нь 2019 оны 03 дугаар сарын 04, 5-ны өдөр нийт 13.875.790 төгрөгийг Н.Нд төлсөн талаар Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 113 дугаар тал/ хэрэгт авагдсан, мөн иргэний нэхэмжлэгч Н.Н нь хэргийн материал танилцуулсан баримтад санал хүсэлт байхгүй гэж тэмдэглэсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М нь иргэний нэхэмжлэгч Н.Нгийн автомашиныг шилжүүлж авсан тул түүнд даатгалын байгууллагаас мөнгө авч өгөх талаар түүнтэй тохиролцсон гэж мэдүүлж байх боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй ба, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол иргэний нэхэмжлэгч Н.Нд бүрэн төлөгдсөн гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхээс иргэний нэхэмжлэгч Н.Нд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд оролцохгүй гэж мэдэгдсэн байгааг дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.М нь өмгөөлөлдөө улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Н.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон түүний хувийн байдлыг үндэслэн Тээврийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шинжлэх ухааны их сургуульд сурдаг байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Нийн Мыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Г, иргэний нэхэмжлэгч Н.Н нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА