Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01709

 

 

 

 

 

 

   

******* ХХК-ийн

******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03860 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 466,758,757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: "*******" ХХК нь ******* тэй 4 удаа зээлийн гэрээ байгуулж, тухай бүр зээлийг олгосон ч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчил гаргасан. Үүнд:

Нэг. 3Г/008 тоот зээлийн гэрээ, БГ/008 тоот барьцааны гэрээний тухай: 2022 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээгээр 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлж, ******* дугаартай, Нийслэлийн ******* ын ******* -р хороо, ******* хороолол /13341/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягтай, ******* м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа 2023 оны 10 сарын 20-ны өдөр дууссан ба зээлийн гэрээний хугацааг 8 сараар сунгасан. Гэрээний хугацаа 2024 оны 06 сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон ч зээлийг төлөөгүй. Хариуцагч нь 2025 оны 02 сарын 06-ны өдрийн байдлаар энэхүү зээлийн гэрээний үүрэгт 14,700,000 төгрөгийг төлж, 112,953,609 төгрөгийн төлбөртэй, 810 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Хоёр.ЗГ/013 тоот зээлийн гэрээ, БГ/013 тоот барьцааны гэрээний тухай: 2023 оны 02 сарын 09-ний өдөр байгуулсан 3Г/013 тоот зээл, БГ/013 тоот барьцааны гэрээгээр 48,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3.9%-ийн хүүтэй зээлдүүлж, ******* дугаартай, ******* -ын ******* хороо, ******* хороолол /13341/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягтай, ******* м кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа 2024 оны 02 сарын 09-ний өдөр дууссан ба зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгасан. Улмаар 2024 оны 10 сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Хариуцагч нь 2025 оны 02 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 7,368,000 төгрөгийг төлж, 86,292,481 төгрөгийн төлбөртэй, нийт 698 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Гурав. ЗГ/016 тоот зээлийн гэрээ, БГ/016 тоот барьцааны гэрээний тухай: 2023 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/016 тоот зээл, БГ/016 тоот барьцааны гэрээгээр 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлж, ******* дугаартай, ******* -ын ******* хороо, ******* хороолол /13341/ ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан ба уг хугацаа 2024 оны 06 сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагч 2025 оны 02 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 7,800,000 төгрөг төлж, 192,859,468 төгрөгийн төлбөртэй ба 650 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.

Дөрөв. Б-032 тоот зээл гэрээ, Б/032-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай: 2022 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан Б-032 тоот зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг автозогсоолд байршуулсан. Талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн бөөгнөрсөн төлбөрийг 2024 оны 07 сарын 06-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон ч зээлээ төлөөгүй. Хариуцагч 2025 оны 02 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 17,778,000 төгрөг төлж, 74,653,199 төгрөгийн төлбөртэй, нийт 845 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Хариуцагчийн зүгээс 2024 оны 09 сарын 12-ны өдөр фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр тооцон төлбөрөөс хасах санал гаргасан нь тээврийн хэрэгслийн үнэд хүрэхгүй, хэт үнэтэй байсан ба 23,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул боломжгүй гэж хариу өгсөн.

Нэхэмжлэгч нь зээлээ төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж зээлдэгчийн ******* дугаарын утсаар дамжуулан мэдэгдсэн ч үр дүн гараагүй. Мөн 2024 оны 05 сарын 31-ний өдөр хариуцагч ******* тэй холбогдож эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж баталгаажуулах гэсэн ч 2024 оны 08 сард хариуцагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан. Иймд, 2022 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ/008 тоот зээлийн гэрээний үүрэгт 112,953,609 төгрөг, 2023 оны 02 сарын 09-ний өдөр байгуулсан ЗГ/013 тоот зээлийн гэрээний үүрэгт 86,292,481 төгрөг, 2023 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/016 тоот зээлийн гэрээний үүрэгт 192,859,468 төгрөг, Б-032 тоот зээлийн гэрээний үүрэгт 74,653,1991 төгрөг, нийт 466,758,757 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

  2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:  Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б-032 тоот зээлийн гэрээний 2.5.4, 3.2.4, 3.2.5, 3.2.11-т заасан, мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар бид фидуцийн гэрээний дагуу автомашиныг ББСБ-ын өмчлөлд шилжүүлж өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангахуйц өөр хөрөнгөөр солих хөрөнгө нэмж шилжүүлэх эсвэл үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар сонгох тухайд боломжууд байсан ч бидэнд нэг ч удаа санал тавьж байгаагүй. Үүргийн гүйцэтгэлийг мөн гэрээний график зөрчсөн тохиолдолд гэрээг дуусгавар болгож, төлбөрийг фидуцийн зүйлээр хангаж хохирлоо барагдуулах, гэрээний зүйлийг захиран зарцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх эрх үүргүүд нь зээлийн гэрээний дагуу ББСБ-д байсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу энэ зээлийн гэрээ дуусгавар болсон. 080016016 тоот гэрээний хувьд зээлийн гэрээний манайд төлсөн төлбөр, бодолтын хувьд манайх ямар нэгэн байдлаар маргаж байгаа зүйл байхгүй. Харин жилийн 46,8 хувь буюу хэт өндөр хүүтэй байгаа учраас хуульд заасан боломжийн дагуу шүүхээс хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахин нугалсан хэт өндөр хүү төлөх эрсдэл үүсэж байгаа учраас хуульд заасан боломжийн дагуу багасгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* өөс 423,514,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 43,244,623 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2022 оны 09 сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний 65,032,800 төгрөгийн үүргийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* маркийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл, 2022 оны 10 сарын 20-ны өдөр ЗГ/008 тоот зээлийн гэрээний 104,454,020 төгрөгийн үүргийг улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* ийн гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* өрөө орон сууц, 2023 оны 02 сарын 09-ний өдөр ЗГ/013 тоот зээлийн гэрээний 78,357,965 төгрөгийн үүргийг улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* ийн гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* өрөө орон сууц, 2023 оны 03 сарын 29-ний өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээний 175,669,348 төгрөгийн үүргийг ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* дугаар хороолол, ******* ийн гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,275,521 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 899,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс "...******* өөс 423,514,134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "*******" ХXK-д олгож..." шийдвэрлэснээс 65,032,800 төгрөгийг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй ба үндэслэлгүй.

Нэхэмжлэгчтэй 2022 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан Б/032 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 03 сарын 25-ны өдөр Б/032-03 тоот "Фидуцийн гэрээ" байгуулж ******* маркын ******* дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, бодитоор хүлээлгэн өгсөн. Фидуцийн гэрээний 3.2-т үүрэг гүйцэтгүүлэгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг хэсэгт дараах зохицуулалтыг тусгагдсан. Гэрээний 3.2.4-т "Гэрээний 2.5.4-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангахуйц өөр хөрөнгөөр солих, хөрөнгө нэмж шилжүүлэх, эсвэл үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга сонгохыг шаардах, мөн 3.2.5-д "Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөгдөх графикт заагдсан 4/дөрөв/ ба түүнээс дээш удаагийн зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд зээлдүүлэгч, Үүрэг гүйцэтгүүлэгч талын санаачлагаар зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн үндсэн төлбөр нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн төлбөрийг "Фидуци"-ийн зүйлээр хангаж, хохирлыг барагдуулна, мөн 3.2.6-д "Гэрээний тавдугаар зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулах, мөн 3.2.11-д "Гэрээний тавдугаар зүйлд заасан үндэслэлээр захиран зарцуулж, зээлийн төлбөрийг төлүүлэх гэж тус тус заасан.

Гэрээний хугацаанд зээлдэгч төлбөрөө төлөөгүй, барьцаа хөрөнгийн үнэ, зах зээлийн үнэлгээ буурах нөхцөл бий болсон гэж үзвэл фидуцийн гэрээний 2.5.4 болон дээр дурдсан заалтуудын дагуу арга хэмжээг нэхэмжлэгч авах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй гэрээний хугацаа дууссанаас олон сарын дараа нэмэгдүүлсэн дүнгээр нэхэмжлэл гаргаж, автомашинаа буцааж ав гэсэн нь хариуцагчийн эрх ашгийг дордуулсан гэрээ, хуулийн зохицуулалтад нийцэхгүй юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт "Үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно" гэж зааснаар талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 65,032,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Манай компанийн зүгээс хариуцагчтай 4 зээлийн гэрээ, 3 барьцааны гэрээ, 1 фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч 3 зээлийн гэрээ болон 3 барьцааны гэрээтэй маргаагүй гэж ойлгосон. Харин 1 зээлийн гэрээ 1 фидуцийн зүйлтэй холбоотой тайлбар хэлье. Манай компани хариуцагчтай 2022 оны 09 сарын 15-ны өдөр Б-32 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 сарын 3,9 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* улсын дугаартай ******* автомашиныг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг 2024 оны 07 сарын 06-ны өдөр дуусгахаар тохиролцсон ч зээлийн гэрээний хугацаа дуусах үед хариуцагч зээлээ төлөөгүй. Иймд бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийг хаахаар ажилласан ч зээлийн дүнд хүрээгүй. Учир нь зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаар 23,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой тухай тусгасан. Гэтэл хариуцагч тухайн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр худалдах боломжтой гэж маргасан тул бид үнийн дүнд тохиролцож чадаагүй. Иймд, бид зээлийн гэрээний хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 423,514,134.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тухай тайлбарыг гаргасан ч анхан шатны шүүх хуралдаанд зээлийн хүүг бууруулах болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон агуулгаар татгалзлаа тайлбарлан маргажээ.

 

3. Талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчийн хооронд 2022, 2023 онуудад тодорхой дугаар бүхий нийт 245,000,000 төгрөгийн дүн бүхий 4 зээлийн гэрээ, уг гэрээнүүдийн үүргийг хангуулах зорилгоор хариуцагчийн өмчлөлийн 3 ширхэг орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ, мөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ. Талуудын хооронд эдгээр гэрээ байгуулагдаж гэрээний дагуу зээл олгогдсон болон барьцаа, фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг үндэслэлтэй дүгнэжээ.

 

4. Хариуцагч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлж зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 423,514,134 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч талын зээл, хүүгийн тооцооллын талаар хариуцагч үндэслэл бүхий байдлаар маргаж, татгалзаагүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мөн адил тодорхой тайлбарыг гаргаагүй байна. Харин зохигчийн хооронд 2022 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан Б-032 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 65,032,800 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, фидуцийн зүйлийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан тул уг шаардлага хангагдсан гэж тайлбарласан байна.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээнүүдийн 3.8-д заасан зээл төлөх хуваарьт үүргээ гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсноос хойш бүрэн биелүүлж, зээлийг хүүгийн хамт буцаан төлөөгүй нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчлийг бий болгожээ. Иймээс хариуцагч нь үндсэн зээлийн үүргээс гадна хэтэрсэн хугацааны хүү, мөн гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Нэхэмжлэгч нь дээрх 4 зээлийн гэрээний үүрэгт нийт /3,296,800+7,036,020+5,219,465+11,579,348/ 27,131,633 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Гэвч зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулж, тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

 

5. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд 2022 оны 10 сарын 20, мөн 2023 оны 02 сарын 09, мөн оны 03 сарын 29-ний өдөр тус тус байгуулсан барьцааны гэрээгээр ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /13341/ ******* гудамж, ******* байрны, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, мөн хаягт орших ******* дугаартай, ******* байрны ******* тоот хаягт орших ******* м кв талбайтай, мөн хаягт орших ******* дугаартай, ******* байр, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ.

Эдгээр барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдгээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2022 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нийт үүрэг 65,032,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрч фидуцийн зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэнээс гадна эзэмшлийг шилжүүлэн өгсөн учраас хариуцагч зээл төлөх үүргээ зөрчсөнөөр тээврийн хэрэгслээр уг зээлийн буюу 65,032,800 төгрөгийн үүргийг хангагдсан гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Талуудын хооронд 2024 оны 03 сарын 25-ны өдөр Б/032-02 дугаартай фидуцийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу үүрэг хүлээгч буюу ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээс гадна тээврийн хэрэгслийн хадгалалт тус компанид шилжсэн үйл баримтад зохигч маргаагүй байна. Уг гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг заагаагүй байх ба зээлийн үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар нэхэмжлэгч 23,000,000 төгрөгийн, хариуцагч 45,000,000 төгрөгийн үнийн санал гаргаснаар талууд гэрээг хэрэгжүүлж чадаагүй байна.

Мөн зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар бодитоор гаргуулан авсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг 65,032,800 төгрөгт фидуцийн зүйлийг тооцож, уг үүргийг дуусгавар болгоогүй байна. Иймээс энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2024 оны 10 сарын 03-ны өдөр шүүхэнд хандан 423,514,134.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, мөн 2025 оны 02 сарын 06-ны өдөр шүүхэд хандан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. Энэхүү шаардлагад ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй байна. Мөн нэхэмжлэгч тал 2025 оны 05 сарын 06-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардлагаа ихэсгээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч нь мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэнд холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргах, уг шаардлагаа ихэсгэх нь зөвхөн нэхэмжлэгчийн бүрэн эрх юм.

Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх ******* улсын дугаартай, ******* загварын тээврийн хэрэгслийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний 65,032,800 төгрөгийн үүргийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* маркийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл-ээр хангуулах гэсэн хэсгийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулахаар тогтов.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 43,244,623 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй болжээ. Гэвч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх талуудын зарчим болон хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж, 2 дахь заалтаас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний 65,032,800 төгрөгийн үүргийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* маркийн ******* арлын дугаартай, *******  улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1... гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж,

2 дахь заалтаас ...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний 65,032,800 төгрөгийн үүргийг ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* маркийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл... гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,114 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ