Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01720

 

 

 

 

 

 

 

 

 

******* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/02822 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагч******* , хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 28-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан ******* дүүргийн ******* хороо, ******* ******* хотхонд байрлах ******* ХХК-ийн 80 айлын орон сууцны ******* блок, ******* давхрын ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг захиалж, орон сууцны үнэ 40,000,000 төгрөгийг******* т бэлнээр төлсөн. Гэвч ******* ХХК нь захиалсан орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, гэрээ биелээгүй бөгөөд тус компаниас уг орон сууцыг ******* гэдэг хүнд давхар худалдаж, тухайн орон сууцыг эзэмшиж байна. Иймд, хариуцагчаас орон сууц захиалгийн гэрээний дагуу төлсөн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ******* ХХК-тай 2019 оны 4 сарын 01-ний өдөр 19/012, 19/013 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хотхонд байрлах ******* ХХК-ийн газар дээр баригдах 80 айлын орон сууцны ******* блок, ******* давхарт ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг 36,800,000 төгрөгөөр, мөн тус орон сууцны ******* блок, ******* давхарт ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг 61,755,000 төгрөгөөр тус тус захиалж нийт 98,555,000 төгрөг төлсөн. Гэвч байр ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсон учир би 2020 оны 9 сард гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцааж авсан. Тус компаниас байрыг өөр хүнд худалдаад мөнгийг буцааж өгнө гэсэн ба захиалсан ******* өрөө байрыг ******* гэдэг хүнд худалдах гэрээ байгуулж, уг гэрээний 3.2-т 2019 оны 4 сарын 1-ний өдөр иргэн******* тай байгуулсан гэрээ дээрх орон сууцыг ******* д шилжүүлж байгаа тул гэрээний төлбөрийн 40,000,000 төгрөгийг ******* ын дансанд шилжүүлж төлбөрийг барагдуулна гэж зааснаар ******* нь мөнгөө бэлнээр компанид өгч, компани нь миний дансанд 40,000,000 төгрөг хийсэн. Иймээс би ******* ХХК-аас буцааж авах ёстой мөнгөө авсан. ******* нь ******* ХХК-д холбогдох маргаандаа намайг оролцуулж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ******* аас 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маш удаан явагдсаны эцэст шүүх хуралдаан болсон. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа нь хангалтгүй хийгдэж шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн.

Нэхэмжлэгч талаас "*******" ХХК-ийг 2024 оны 01 сарын 17-ны өдөр гэрчээр оролцуулах хүсэлт өгсөнг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 01 сарын 11-ний өдөр "*******" ХХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ тухайн маргаанд манай компани хариуцлага хүлээх ба нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулахыг мэдэгдэе гэсэн байсан. Нэхэмжлэгч 40,000,000 төгрөгөөр хохирсон ба тухайн мөнгийг бэлнээр хариуцагч *******-т  өгөхөд компани хамт байсан тул гэрч болох ач холбогдолтой байсан. Гэтэл "*******" ХХК-аас манай хохирлыг барагдуулна гэсэн тул буруу хүнээс хохирол нэхэмжлэхээс сэргийлж, нэхэмжлэлээ хангуулахын тулд гэрчээр оролцуулах хүсэлтээс татгалзан хамтран хариуцагчаар татах хүсэлтийг 2025 оны 11 сарын 06-ны өдөр өгсөн.

Шүүх компанийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шийдээд бидэнд мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцахаар хэд хэдэн удаа очсон ч танилцуулаагүй, утсаар мэдээлэл авахад дараа хэлье гээд таг болдог ба шүүхийн ажиллагаа хэргийн оролцогч надад нээлттэй байж чадаагүй. Шүүх хуралдаан 2025 оны 11 сарын 12-ны өдөр болох байсан ч би эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хүсэлт илгээсэн ба шүүх 2025 оны 11 сарын 12-ны өдрийн хурлаараа уг хүсэлтүүдийг хангахаас татгалзсан байсан. Ингэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж татгалзсан байсан. Иймд 2024 оны 11 сарын 21-ний өдөр хариуцагчаар татах хүсэлтээ тодруулан дахин хүсэлт гаргасан.

Хүсэлт гаргаад 7 хоногийн дараагаас хүсэлт шийдсэн эсэхийг асуухад шийдээгүй гэдэг, дараа нь шүүх нүүж байгаа, ачаалал ихтэй гэж хэлдэг байсан. Мөн 2025 оны 01 сард хэргийн материалтай танилцах гэтэл шүүх нүүж ирээд хэргүүдээ цэгцлэж амжаагүй гээд дараа танилцахыг хүссэн. Мөн 2025 оны 02 сард хэргийн материалтай танилцах гэтэл шүүгчийн туслах байгаагүй, мөн шүүх хуралдаан 2025 оны 03 сарын 28-ны өдөр товлогдсон байсан тул хэргийн материалтайгаа танилцахаар 2025 оны 03 сарын 27-ны өдөр шүүхэд ирэхэд шүүгчийн туслах нь хэрэг шүүгчид байгаа, шүүгч хуралтай, танай хурал хойшилсон 2025 оны 04 сарын 04-ний өдөр товлогдсон гээд явуулсан.

Ингээд 2025 оны 04 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохоос өмнө хэргийн материалтай танилцая гэхэд мөн л шүүгчид хэрэг байгаа, нарийн бичигт хэлээд аваад өгье гэсэн ч авч өгч амжилгүй, би хэргийн материалтай танилцаж чадалгүй шүүх хуралдаан болж дууссан.

Мөн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн хамтран хариуцагч татах хүсэлтийг маань 2025 оны 03 сарын 31-ний өдөр шийдвэрлэсэн байсныг хэргийн материалтай танилцаагүй учир мэдээгүй, шүүх ч мэдэгдээгүй. Иймээс шүүгч шүүх хуралдааны бэлтгэлээ хангалгүйгээр шүүх хуралдааны товыт урьдчилан зарлаж араас нь хүсэлт шийдвэрлэж, захирамж гарган хэргийн материалтай танилцах боломж олголгүй хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдэхдээ шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагааг илт дутуу гүйцэтгэж, улмаар энэ нь шүүхийн шийдвэр гарахад шууд нөлөөлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч өмнө нь хэргийн материалтай танилцах боломж байсаар байтал тухайн боломжоо ашиглаагүй атлаа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан хамтран хариуцагчаар татах хүсэлтийн хариуцагчаас шаардах нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна гэх талаар шүүх хуралдааны явцад шүүгч тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс тухайн компанийг хамтран хариуцагчаар татсаны дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна гэж хэлдэг. Иймд, нэхэмжлэгч талын гаргасан хамтран хариуцагчаар татах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал гэрч асуулгах боломж олгоогүй гэж тайлбарладаг. Шүүх хуралдаан эхлэх үед анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс тухайн компани таны гэрч байсан гэтэл та гэрчээсээ татгалзсан, мөн таны гаргасан хамтран хариуцагчаар татах хүсэлтийг би хангаагүй учир одоо танд нэмж гаргах хүсэлт байна уу гэж асуусан. Түүнчлэн миний бие нэхэмжлэгчид хандаж манай компанийг хамтран хариуцагчаар татахаа больсон тохиолдолд хүсэлт гаргаж, гэрчээр асуулгах боломжтой гэж хэлэхэд нэхэмжлэгч талын зүгээс хүсэлт гаргахгүй, хүсэлт байхгүй гэж шүүх хуралдааныг эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр би тухайн компанийг гэрчээр асуулгах хүсэлт гаргах байсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны хүсэлтийн шатанд талуудаас гэрчээр асуулгах хүсэлт гаргах эсэхийг тодруулсны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийн захирлыг гэрчээр оролцуулах шаардлагатай байна гэж хэлдэг боловч нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь ******* ХХК-аас мөнгөө буцааж авъя гэх агуулгатай байдаг. Иймд нэхэмжлэгч тал нь ******* ХХК-ийг хариуцагчаар татах ёстой байхад ******* ХХК-аас орон сууц авахаа больж, өөрийн мөнгийг буцаан авсан иргэнийг 2 жилийн хугацаанд бүх эд хөрөнгийг нь битүүмжилж, хохироож байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь ******* ХХК-д холбогдуулж давж заалдах гомдол гаргасан бөгөөд тухайн асуудлаа шийдвэрлүүлэхэд******* аас шалтгаалж байгаа ямар нэгэн асуудал байхгүй. Иймд, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* т холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолдоо хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг шүүх татгалзан шийдвэрлэсэн ч мэдэгдээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн агуулгаар гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчийн зүгээс хэргийн материалтай танилцах эрхийг шүүх хангах үүрэгтэй. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд удаа дараа хүрэлцэн ирсэн, хүсэлтээ гаргаж байсан байх ба энэ үедээ хэргийн материалтай танилцах боломжтой байсан гэж үзнэ. Иймд, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас хамтран хариуцагчаар ******* ХХК-ийг оролцуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсаныг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нөхөн гүйцэтгэх байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас 2024 оны 11 сарын 06, мөн 11 сарын 21-ний өдрүүдэд шүүхэд хандан ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаар гаргасан хүсэлтүүдийг шүүх 2024 оны 11 сарын 12-ны өдрийн ******* дугаартай, мөн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжаар тус тус хүлээн авахаас татгалзахдаа ******* ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах үндэслэлгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа тус компанид хэрхэн ногдуулж, шаардаж буй нь ойлгомжгүй гэж үзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэлийн ямар шаардлага гаргах, уг шаардлагын үндэслэлээ хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн үндсэн эрх юм.

Мөн ******* ХХК-аас хариуцагч******* т хандан 2024 оны 01 сарын 11-ний өдөр тодорхойлолт гаргахдаа ...******* тай байгуулсан 2020-09-28-ны өдрийн 20/27 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төлбөр 40,000,000 төгрөгийг******* т буцаан төлөх байрны төлбөрт тооцон шилжүүлэхээр ******* тай байгуулсан дээрх гэрээний 3.2-т заасан тул уг 40,000,000 төгрөгийг шилжүүлснээр тус компани******* т төлбөрөө буцаан төлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд дуусгавар болсон нь үнэн болно ... ******* болон манай компанийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргаанд******* нь хамааралгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* т холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК-ийг хамтран хариуцах үндэслэлтэй гэсэн агуулгаар тус компанийг хамтран хариуцагчаар оролцуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байжээ. Учир нь, нэхэмжлэгчийн тайлбар, тус компанийн албан бичгийг үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтээс уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.

Иймээс анхан шатны шүүх мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэл бий болоогүй байхад хамтран хариуцагч оролцуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул гомдолд дурдсан бусад асуудлын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/02822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ