Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1496

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А холбогдох эрүүгийн 1906 04640 1985 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “  багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шавартын задгай тоотод Г.Алтаннавчтай маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж бие нь тус газарт нь куртикээр ороолгож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, бугалга, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

хохирогч Г.Алтаннавчийн өгсөн мэдүүлэг /хх-6-15/, насанд хүрээгүй гэрч М.Энхжингийн өгсөн мэдүүлэг /хх-24-26/, гэрч Г.Хүрэлбаатарын өгсөн мэдүүлэг /хх-27-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №9652 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/, шүүгдэгч Г.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шавартын задгай тоотод Г.Алтаннавчтай маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж бие нь тус газарт нь куртикээр ороолгож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, бугалга, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтаннавчийн өгсөн: “..Хүрэлбаатар ахыг өмөөрөөд миний төрсөн эгч Алтанзул надтай маргаан хийж гартаа барсан куртикээрээ миний цээж нуруу, толгой, тархигүй ороолгосон. Яг хэдэн удаа ороолгосныг мэдэхгүй. Тэгсэнээ нарийнхан банз гартаа барьж байгаад миний толгойн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд би гэрээсээ зугтаад гартал миний араас Алтанзул эгч гүйж ирээд үснээс зулгаасан би ч бас адилхан Г.А эгчийн үснээс зулгааж бид хоёр газар унаад дээр доороо ороод ноцолдож байтал Хүрэлбаатар ах бид хоёрыг салгасан. Надад гомдол санал байхгүй.” /хх-6-15/ гэх мэдүүлэг,

Мөн түүний хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Санал хүсэлт байхгүй.” /хх-65/ гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Энхжингийн өгсөн: “...Манай ээж Алтанзул куртикээ гартаа бариад Алтаннавч эгчийн бие цээж нуруу хэсэг рүү ороолгосон. Яг хэдэн удаа ороолгосныг санахгүй байна. Тэгсэн Алтаннавч эгч уурлаад ээж рүү мод авч шидсэн. Тэгсэн ээж бас мод аваад Алтаннавч эгчийн толгойн тус газар нөгөө модоороо 2 удаа цохисон.” /хх-24-26/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хүрэлбаатарын өгсөн: “...Алтанзул намайг өмөөрч Алтаннавчтай хэрэлдээд 2 биеэ хэл амаар доромжилж байсан. Тэгсэн Алтанзул гартаа мод барьчихсан. Алтаннавчийг нөгөө модоороо хэд хэдэн удаа цохисон. Хаана цохисныг нь би анзаарч хараагүй. Тэгээд Алтаннавч, Алтанзул 2 барьцалдаж аваад хоорондоо үсдэлцээд дээр доороо ороод газар унасан. Тэгээд би тэр хоёрыг салгасан.” /хх-27-29/ гэх мэдүүлэг,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №9652 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Алтаннавчийн биед тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, бугалга, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

         3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-32/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А яллагдагчаар өгсөн: “...Би Г.Алтаннавчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно.” /хх-60-61/ гэх мэдүүлэг,

 

         Шүүгдэгч Г.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.А 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шавартын задгай тоотод Г.Алтаннавчтай маргалдан толгойн тус газарт нь модоор цохиж бие нь тус газарт нь куртикээр ороолгож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, дал, бугалга, тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Хохирогч Г.Алтаннавч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.А 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.А нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС