Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар  222/МА2025/00009

 

  2025        09           26                                 222/МА2025/00009

 

 

“*******” ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нэхэмжлэгч “*******” ТӨХХК-ийн төлөөлөгч *******,

хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын төлөөлөгч *******,

хариуцагч Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны  “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаартай шийдвэртэй,

нэхэмжлэгч “*******” ТӨХХК-ийн “гэрээний үүрэгт 840,000,000 төгрөг  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын давж заалдах гомдлоор 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ТӨХХК-ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а.Нэхэмжлэлийн шаардлага: “гэрээний үүрэгт 840,000,000 төгрөг  гаргуулах”-ыг хүссэн.

1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: “*******” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “*******” ТӨХХК-д нөөцөлсөн 800 тн тэжээлийн буудайг нэгж үнэ 700,000 төгрөгөөр тооцож, нийт 560,000,000 төгрөгийн зээлийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь гэрээ байгуулан авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх үндсэн төлбөр 560,000,000 төгрөг, алданги 280,000,000 төгрөг, нийт 840,000,000 төгрөгийг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрыг гэрээний нэг тал учраас нэхэмжлэлийн шаардлага болох 560,000,000 төгрөг, алданги 280,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний нэг талаас “*******” ТӨХХК, нөгөө талаас Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд бол 9051449 регистрийн дугаартай бөгөөд тухайн байгууллагын нэр нь гэрээнд дурдагдаагүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нэг тал Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар юм. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг дарга нь гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2.в.Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдах худалдан авах гэрээнд “*******” ТӨХХК болон нөгөө талаас 9054146 регистрийн дугаартай Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хооронд гэрээ байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Тамгын газрын хувьд бол 9051449 гэсэн регистрийн дугаартай бөгөөд гэрээнд дурдагдаагүй. Тийм учраас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд бол гэрээний нэг тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 560,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагыг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 3,115,900 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тэжээлийн буудайг зээлээр худалдах-худалдан авах гэрээг нэг талаас “*******” ТӨХХК-ийг төлөөлж Хөрөнгө удирдлагын хэлтэс, нөгөө талаас Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нар байгуулсан. Гэтэл шүүхээс “жинхэнэ хариуцагч нь аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар биш гэж маргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь 9051449 регистрийн дугаарт бүртгэлтэй, захиргааны байгууллага бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй. Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар нь аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрыг хуульд зааснаар төлөөлөх эрхгүй, тэдгээрт гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй. Мөн дээр дурдсанчлан гэрээний худалдан авагч тал нь Хүнс, хөдөө аж ахуйн газар бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар уг газрын дарга Т.Ган-Очир гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан, аймгийн Засаг дарга баталсан эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, хууль зүйн үр дагавар үүсгэхгүйн дээр уг гэрээнд Засаг даргын Тамгын газрын дарга огт оролцоогүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу худалдан авагч тал болох Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг хамтран хариуцагчаар татаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тус газраас гэрээний төлбөрийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байдлыг шүүхийн шийдвэрт дүгнээгүй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/101 дугаартай тушаалаар “*******” ТӨХХК-ийн нөөцөлсөн тэжээлийн буудайг гэрээ байгуулан хавсралтын дагуу зээлээр олгохыг даалгасан. Уг тушаалыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “*******” ТӨХХК болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын хооронд гэрээ байгуулагдсан. Тухайн өдөр Засгийн газрын 76 дугаартай тогтоол гарч, уг тогтоолоор аймгуудад нийлүүлсэн тэжээлийн буудайн нийт үнийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосон. Үүнийг шүүх харгалзан үзээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******йн хуулийн мэргэжилтэн ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, бодитой гарсан гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.  

          7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

          8.Нэхэмжлэгч “*******” ТӨХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргатай 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №ТБ-А/2024-5 дугаартай, тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 800 тонн тэжээлийн буудайн үнэ 560,000,000 төгрөг, алданги 280,000,000 төгрөг, нийт 840,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

          9.Монгол орны нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дугаартай, “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалыг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч талууд тэжээлийн буудайг зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр буудайн нэг тонны нэгж үнийг 700,000 төгрөгөөр тооцон, 800 тонн тэжээлийн буудайг 560,000,000 төгрөгийн өртөгтэйгөөр худалдан авагч талд нийлүүлж, худалдан авагч тал 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. (Хэргийн 6-9 дүгээр хуудас)

          Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

          Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар дээрх 800 тонн  тэжээлийн буудайг хүлээн авч, тус аймгийн сумдад хуваарилсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг хоёрт талт гэрээ бөгөөд гэрээнд зааснаар худалдагч талаас 800 тонн тэжээлийн буудайг нийлүүлсэн боловч худалдан авагч тал худалдан авсан тэжээлийн буудайн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

          Зохигчдын хооронд байгуулагдсан тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар нь тэжээлийн буудайн үнэ 560,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

          11.Анхан шатны шүүх 280,000,000 төгрөгийн алданги төлөхтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ шаардлагатай холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөлгүйгээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          12.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Сүхбаатар аймгийн Засаг дарга уг гэрээг байгуулаагүй, тус аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээний тал биш, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор тэжээлийн буудайн үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах ёстой” гэх үндэслэлээр маргадаг.

          13.Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээг баталж, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нь гарын үсэг зурсан байх тул түүнийг уг гэрээг байгуулаагүй, худалдан авагч тал биш гэж үзэх үндэслэлгүй юм. (Хэргийн 6 дугаар хуудас)

          Нөгөө талаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.5-д тус тус зааснаар аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах бүрэн эрхийг, мөн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлдэг.

          Түүнчлэн дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.4-т тус тус зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ. Иймд Засаг даргыг төлөөлөн Засаг даргын Тамгын газар, мөн тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар гэрээ байгуулахад оролцсон байх тул Сүхбаатар аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

          14.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 76 дугаар тогтоолоор “*******” ТӨХХК-ийн тэжээлийн буудайн үнийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж, ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгожээ. Гэвч Засгийн газрын дээрх 76 дугаар тогтоолтой холбогдуулан талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч талын тэжээлийн буудайн үнийг төлөх үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлэх, улмаар төлбөрөөс чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгаагүй, энэ талаар талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

          15.Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

16.Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь төсвийн байгууллагад хамаарах тул  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч байгууллага, албан тушаалтан, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧ                     Г.УРТНАСАН

                                           ШҮҮГЧ                      Ц.ЭРДЭНЭЗУУ