Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1497

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Т холбогдох эрүүгийн 1906 03451 1802 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй,   ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар Ц.Баярсайханы толгойн тус газар нь чулуу шидэн хагалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...Би хохирогчоор багалзуурдуулсан. Тухайн үед би түүний толгой руу цохиж шороо шидсэндээ харамсаж байна. Намайг тэрээр хэл амаар доромжилсон. Би тухайн үед шүүх эмнэлэгт хандаагүй нь хуулийн мэдлэг дутуугаас болсон. Хохирогч нь манай хашаанд хог асгасан үйлдэлд нь хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх-6/, гэрч Ч.Жаргалын өгсөн мэдүүлэг /хх-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №6948 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27/, шүүгдэгч Д.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар Ц.Баярсайханы толгойн тус газар нь чулуу шидэн хагалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баярсайханы өгсөн:  “...Би 2019 оны 6 дугаар сарын 5-ны өглөө 09 цагийн үед манай найз Дашкагийн гэрийн ойролцоо байх жалганд хэдэн тоосгоны хог хаяж байхад нэг авгай ирээд гар утсаараа зураг аваад “би энд тоосгоны хог хаяж байгаа юм ах нь ахуйн хог хаяагүй” гэсэн чинь нөгөө авгай чинь машинаас түлхүүр аваад халаасандаа хийчээд түлхүүр өгөхгүй “хөгшин төгцөг” гэх мэтээр хэл амаар доромжилж загнаад салаавч гаргасан би тэгэхээр нь түлхүүрээ булааж авах гээд нөгөө авгайн куртикнээс барьж байгаад түлхүүрээ авах гэтэл куртик нь урагдсан. Би түлхүүрээ аваад цаашаа явтал миний араас чулуу шидээд толгой хагалсан. Тэгээд би гэртээ очоод цагдаа дуудаад ирсэн.” /хх-6, 10-11, 15-16/ гэх мэдүүлэг,

         Мөн түүний хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Санал байхгүй. Шүүх хуралд суухгүй.” /хх-71/ гэх тайлбар,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэндагвын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өглөө намайг дөнгөж сэрээд байж байтал манай аав Ц.Баярсайхан “гэнэт нэг хүүхэн чулуу шидээд тархи толгой хагалчихлаа” гээд миний ээж Ч.Жаргалын хамт гарсан. Би санаа зовоод араас нь очсон. Очтол нөгөө хүүхэн нөхөртэйгээ хамт гарч ирээд хэрүүл болоод байхаар нь цагдаа дуудсан.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Жаргалын өгсөн: “...Нөхөр Баярсайхан нь нилээн удаж байгаад орж ирсэн. Орж ирэхдээ толгойных нь ар хэсгээс цус гарч байсан. Би “чи чинь яачих ваа” гэсэн чинь “гудамжинд хог асгалаа гээд нэг хүүхэн ирж загнаад би хог биш ээ тал тоосго байгаа юм, Даашкагийн хашаанд буулгаж байгаа юм” гэсэн чинь нөгөө эмэгтэй миний машины түлхүүрийг булааж аваад явахаар нь би араас нь очоод түлхүүрээ булааж аваад ирлээ тэр эмэгтэй чулуугаар толгой хага цохичихлоо” гэж ярьсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №6948 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Баярсайханы биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-27/ гэх дүгнэлт,

 

Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25-26/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-60/,

         Шүүгдэгч Д.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-54/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Т 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар Ц.Баярсайханы толгойн тус газар нь чулуу шидэн хагалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Баярсайхан нь хохирол баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Т нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС