Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01500

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05782 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* , ******* нарт холбогдох,

2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******* -ийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ******* -ийн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаарх мэдээлэл гарсантай холбоотой нэхэмжлэгч *******, ******* нар хэсэг иргэдийн хамт газар өмчлөгч бүр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 1 нэгж талбарт 1 саналын эрх бүхий гишүүнтэйгээр цаашид хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор ийн гэрт уулзалт хийсэн. Уулзалтад *******гийн охин ******* оролцож дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхэд оролцон бидэнд туслахаар болсон.

1.2. Гэтэл ******* нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *******, ******* нарын зөвшөөрөлгүйгээр *******-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, *******-ийг үүсгэн байгуулах гэрээ зэрэг баримт бичгүүдийг үйлдэж, *******, ******* нарын гарын үсгийг хуурамчаар зурж, баталгаажуулсны үндсэн дээр 5 гишүүнтэй, гадаад худалдаа эрхлэх зорилго бүхий *******-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

1.3. Дээрх нөхөрлөлийг үүсгэн байгуулан, нөхөрлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлж байгаа талаар нэхэмжлэгч нар огт мэдээгүй, холбогдох баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд *******гийн гэр бүлээс ашиг сонирхол ижил, саналын давуу эрх бүхий нийт 3 иргэн гишүүн оролцсон, газар өмчлөгч бидний анх үүсгэн байгуулахаар зорьсон хүсэл зориг огт байхгүй байхад ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдэл нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2621 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.

1.4. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн *******-ийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* -ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тухайн уулзалтаар дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулж буй *******-ийн санал болгосон орон сууцны м.кв талбайг 5 м.кв нэмүүлэх саналыг иргэд гаргаж байгаа юм байна, тус компани санал хүсэлтийг хүлээн авахгүй, очиж уулзсан иргэдийг компанийн үйл ажиллагаанд саад учруулж, танхайрсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж үл тоомсорлож байгаа талаар ярилцаж, барилгын компанид хямд үнээр газраа өгч байхаар өөрсдөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлье гээд нөхөрлөл байгуулах анхны санаачилга гарсан. Тухайн үед нөхөрлөлийг 5 гишүүнтэй байгуулъя, яваандаа газар өмчлөгч нартай гэрээ байгуулъя гэдэгт санал нэгдэж, 5 гишүүнтэйгээр байгуулсан.

2.2. Ингээд нөхөрлөлөө үүсгэн байгуулах гэрээг бэлдэж, бэлэн болгосны дараа 5 гишүүн нэг нэгээрээ гарын үсэг зурсан. *******, ******* нараар гэрээнд гарын үсэг зуруулахаар *******ийн гэрт үлдээсэн. Дараа нь гарын үсэг зурсан гэрээг манайд үлдээсэн байсан. Гэрээнд гарын үсэг зурагдсан учраас өөрсдөө зурсан гэж бодсон.

Мөн нэхэмжлэгч нар нөхөрлөлийг үүсгэн байгуулсан гэдгийг мэдэж байсан. Тухайлбал, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр *******, ******* нар нь Гэр хорооллын хөгжлийн газарт очиж уулзан, бид нөхөрлөлийн гишүүд байна, 5 гишүүнтэй, *******-д Батламж олгосон захирамжийн хуулбарыг авах шаардлага тавьж буй дуу-дүрсний бичлэгийг хийсэн байдаг. ******* нь нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 001/35 дугаартай албан бичгийг Авилгатай тэмцэх газарт явуулж, үйл ажиллагаанд оролцож байсан.

2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаартай шийдвэрээр *******, ******* нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох иргэний хэрэгт *******-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3, 2.6, 2.7, 3.18 дахь хэсгүүдэд /шийдвэрийн 13,14 дугаар хуудас/ *******, ******* нарыг нөхөрлөлийг үүсгэн байгуулах хуралд оролцсон, үйл ажиллагаанд байнга оролцож байсан нь нотлогдсон гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.4. ******* -ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагын үндэслэл тодорхойгүй. Нөхөрлөл 5 гишүүнтэй. Нөхөрлөлийн 2 гишүүн нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах хэлцлээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгаа нь бусад 3 гишүүний нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ байгуулах хүсэл зоригийг хязгаарлаж болохгүй. 2 хүний хүсэл зоригоос шалтгаалан бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Бид компанийн тавьж байгаа санал болох газрыг орон сууцаар солих м.кв-т дээр хэрхэн, яаж 5 м.кв талбай нэмүүлэх вэ? өмчөө үнэгүйдүүлэхгүйгээр эрх ашгаа хэрхэн хамгаалах вэ? гэдэг талаар уулзалтыг хэд хэдэн газар хийсэн. Газар үнэ цэнтэй, арай бага санал тавьж байна гэх мэтээр иргэдтэй гудамжаар явж уулзалт хийж байсан. Харин энэ уулзалтын үеэр ******* нь бид сайн эсэргүүцэж байгаад *******-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцэл хийж болох юм гэсэн санал гаргасныг бид дэмжиж байгууллагын үйл ажиллагааг гадаад худалдаа чиглэл авахаар тохиролцсон.

*******, ******* нар нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ буюу хэлцлийн эрх үүргийг үүсгэх хүсэл зорилгоо илэрхийлж байсан нь, үйлдлээрээ илэрхийлэн, биечлэн гүйцэтгэж байсан нь хэлцлийг тэд өөрсдөө хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл.

Иймд *******-ийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нөхөрлөлийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ******* -ийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд заасан нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байх боловч хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч ******* нь тухайн гэрээнд гарын үсэг зурсан болох нь дээр дурдсанаар тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2621 дүгээр Шинжээчийн дүгнэлт-ээр нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч нарын гарын үсгийг ******* зурсан байна уу, өөр этгээд зурсан байна уу гэдэг үйл баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй бөгөөд нэгэнт гарын үсэг биш болох нь нотлогдсон.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдэл нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа ******* нь тухайн гэрээнд гарын үсэг зурсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2621 дүгээр Шинжээчийн дүгнэлт-ийг үнэлэхгүй байгаа тохиолдолд, түүнийг үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаагүй. Ийнхүү 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээнд нэхэмжлэгч *******, ******* нар гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

5.2. Дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаас харахад шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 116.3-т заасан императив шинжтэй буюу заавал биелэгдэх ёстой эрх зүйн хэм хэмжээний шаардлагад үл нийцэх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Шинжээчийн дүгнэлтэд энэ 2 хүний гарын үсэг биш гэх дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй. Гэхдээ ******* нөхөрлөл // нь мэдсээр байж үүнийг гаргаж өгсөн эсэхэд маргаж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан прокурорын тогтоол одоо хүчингүй болсон.

6.2. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой *******ыг гэрчээр оруулсан. Ямар нэгэн байдлаар сэжигтэн, яллагдагч гэж үзсэн зүйл байхгүй. Гэрчийг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа гэдэг агуулгаар нь хэрэг шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулдаг. Гэтэл үүнийг *******т халдааж, түүнийг хуурамч гарын үсэг зурсан байдлыг тайлбарлаж, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа мэдээгүй, ийм гэрээ хийгээгүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл өөрсдөө үйлдлээрээ тухайн гэрээний харилцаанд оролцоод, цаашдаа төрийн бус байгууллагыг төлөөлөх үйл ажиллагаанд оролцож байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатын шүүх хуралдаанд оролцож байх үед бүгдийг үнэн зөв хэлсэн. Хэлцлийг хийж байхад гар бие оролцож байсан хүний хувьд бид хэлцэл хийсэн. Олон сар хугацааг зарцуулсан. Үл ойлголцож, санал зөрөлдсөн нь байгууллагыг устгах, үймүүлэх, олон жилийн хөдөлмөрийг үгүй хийх байдлаар харилцаж байгаад гомдолтой байна. Тэгэхээр анхан шатны шүүх үүнийг олж харж, хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* -ийг үүсгэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, тус нөхөрлөлийн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0168 дугаартай шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох *******-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх-ийн 91-99 дүгээр тал/

3.2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1759 дугаартай прокурорын тогтоолоор *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь хуурамч гарын үсэг бүхий баримт бичгүүдийг ашиглан аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргаж, төрийн захиргааны эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй болсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх-ийн 34-41 дүгээр тал/

Дээрх тогтоолд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2621 дугаартай дүгнэлтээр *******-ийг үүсгэн байгуулах гэрээнд зурагдсан *******, ******* нарын гэх гарын үсэг нь тэдний гарын үсгийн загвартай тохирохгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. /хх-ийн 22-33, 34-41/

3.3. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, нөхөрлөлийг үүсгэх байгуулах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэх асуудлаар маргасан.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

4.1. *******-ийг *******, *******, *******, *******, ******* нарын 5 гишүүнтэй байгуулах, нөхөрлөлийн удирдлагаар *******ыг томилохоор шийдвэрлэсэн хуралдааны тогтоол, тэмдэглэл, үүсгэн байгуулах гэрээ, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт болон нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл зэргийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0168 дугаар шийдвэрээр тогтоогджээ. /хх-ийн 91-99 дүгээр тал/

Дээрх бүртгэлийг хийх үндэслэл болсон *******-ийг үүсгэн байгуулах гэрээнд *******, ******* нарын зурсан гарын үсэг нь тэдний гарын үсэг биш болох нь тогтоогдсон үндэслэлээр уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэгч нар тайлбарласан.

4.2. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0168 дугаартай шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох *******-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...*******, ******* нар нь ...*******ын бүрдүүлсэн материалд үндэслэн *******-ийг бүртгэснийг мэдсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмнөөс хэн нэгнийг гарын үсэг зурсан гэдгийг мэдсэн гэж үзэх бөгөөд ийнхүү гарын үсгийг өөрийн өмнөөс зурахыг зөвшөөрсөн байсан гэж үзэх хууль зүйн үр дагавар бүхий үйл баримт юм. ...*******-ийг үүсгэн байгуулах шийдвэрийг гаргахад нэхэмжлэгч *******, ******* нар оролцсон, улсын бүртгэл хийгдсэнээр уг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах эрх үүссэн, улмаар өөрсдийгөө энэ нөхөрлөлийн гишүүн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанд нь оролцож ирсэн болох нь нотлогдсон тул хуулийн этгээдийг анх үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь тогтоогдлоо гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь *******-ийг үүсгэн байгуулах шийдвэрийг гаргахад оролцсон, тус нөхөрлөлийн гишүүний хувьд үйл ажиллагаанд нь оролцож байсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

Иймд *******-ийг үүсгэн байгуулах 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь *******, ******* нарынх биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч тэд тус нөхөрлөлийг үүсгэн байгуулах хуралд оролцсон, улмаар нөхөрлөлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадвар үүссэн цагаас нөхөрлөлийн гишүүний хувиар үйл ажиллагаанд нь оролцож байсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

4.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын дээрх үйлдлийг *******-ийг үүсгэн байгуулах гэрээг хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт нийцжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зураагүй боловч уг гэрээг үндэслэн байгуулагдсан нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцож байсан үйлдлээрээ тухайн гэрээгээр илэрхийлэгдсэн хүсэл зоригийг хүлээн авсан гэж үзэх тул үүний хууль зүйн үр дагавар нь гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд нөхөрлөлийг үүсгэн байгуулсан, нөхөрлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар огт мэдээгүй, холбогдох баримт бичигт гарын үсэг зураагүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх буруу дүгнэлт хийсэн, шинжээчийн дүгнэлтийг шүүхээс үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

5. Нэгэнт нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нөхөрлөлийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцдоггүй, харин хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эрх зүйн хувьд алдаатай тодорхойлсон, үүнийг шүүх залруулаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА