Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 701

 

   2019       09          13                                   2019/ШЦТ/701

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоо, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,

иргэдийн төлөөлөгч Д.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Д т холбогдох эрүүгийн 1911011730455 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Д, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид г/11 дүгээр гудамж, 61б тоотод оршин суух хаягтай,

2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ЗЮ.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 11-61 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Т ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 06-07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 616 тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий Э.Т тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүч хэрэглэн цээж хэвлий орчимд 4 удаа, нуруу далны орчимд орчимд 4 удаа, баруун талын эрүү орчим 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх манай ээж Отгонбаатар гэх хүнтэй 2016 оны 7 дугаар сард танилцан, бид нартай хамт амьдарч эхэлсэн. Анх манай ээжтэй танилцахдаа би архи, тамхи хэрэглэдэггүй, 2 охиныг чинь хайрлана гэж хэлж байсан. Тэгээд бид нар хамт амьдрах болсон эхний жил зүгээр байсан, дараа жилээс манай дүү Энэрэлийн аавтай ээжийг хардаж байнга зодож, дарамталдаг болсон. Отгонбаатар нь ажилдаа явчхаад 7-14 хоног гэртээ байдаг байсан, тэр хугацаандаа намайг ялангуяа эзгүй хойгуур ээжийг байнга хардаж, зодож, дарамталж, хэрэлддэг байсан. Хөл, гарыг нь хугалж, толгой тархийг нь хөдөлгөж, биеийг нь хөхөртөл нь зоддог байсан. ...Ээжийг маань хардаж зодож хөдөө хаяж байсан хоёр тохиолдол байгаа. 2018 оны зун ээж Дундговь аймаг руу хөмсөгний шивээс хийхээр явахад нь Отгонбаатар хамт явсан. Тэгээд нутгийн залуучуудтай хардаж зодож, гар утсыг нь эвдэж, хөдөө хаяад явсан байсан. Мөн Дундговь аймгийн Гурвансайхан сум руу ээж Отгонбаатартай цуг явахад хэд хоног ээжийн утас холбогдохгүй байж байгаад нэг өдөр залгаад Отгонбаатар намайг хардаад байна миний 2 охин хүрээд ир гэсэн. Тэгээд би дүүтэйгээ хамт Дундговь аймагт очсон. Ээж бүүр айчихсан, Отгонбаатар гадуур архи уугаад явж байгаа гэсэн. 2018 оноос хойш миний хажууд зоддог болсон, мөн надад юм хэлдэггүй байсан. Гэтэл надтай хэрэлдэж маргалдаж, намайг болон манай дүү Энэрэлийг хөөж, муу муухайгаар хэлдэг болсон. Манай ээж аргаа ядаад манай дүү Энэрэлийг  аав руу нь явуулсан. 2019 оноос надад 2-3 удаа гар хүрч байсан. Архи уух тоолонд агсан тавьж ээжийг зоддог байсан, цагдаа дуудах гэхээр ээжийн утсыг нь эвддэг, тэгээд ээж над руу ярьж цагдаа дуудаарай гэж хэлхэд нь би цагдаа дууддаг байсан. Тийм учраас Отгонбаатар надад их дургүй дандаа намайг хөөж, үг хэлээр доромжилдог байсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай бага дүү Анандрагчаагийн төрсөн өдөр байсан. Би гэртээ очиход ээжийн ажлын хүмүүс ирсэн байсан. Тэгээд би 00 орчихоод буцаад явж байтал грашийн үүдэнд нэг хүн зогсож байсан би хэн бэ гэхэд дугарахгүй байхаар нь ойртоод дахиад хэн бэ гэхэд Отгонбаатар би гэртээ орж болох юм уу, үгүй юм уу гэсэн тэгэхээр нь би юу ч хэлээгүй гэр рүүгээ ороод ээжид хэлэхэд ээж цонхоор шагайх үед Отгонбаатар явчихсан байсан. Тэгээд би 2 хоногийн турш гэртээ байсан. Нөгөөдөр өглөө 6 цагийн үед Отгонбаатар гэрт ороод ирчихсэн ээжтэй юм яриад байхаар нь би сэрсээд ээжэд хандаж та яах гэж оруулж байгаа юм бэ гэхэд ээж хүүгээ үнсчихээд гаръя гээд байхаар нь оруулчихсан юм гэсэн. Гэрт орж ирээд ийш тийшээ хараад л ажиглаад 5 минут орчим буйдан дээр суугаад байхаар нь ээж чи хүүгээ үнссэн бол гар гэхэд гарахгүй байхаар нь ээж надад цагдаа дууд гэж хэлсэн чинь Отгонбаатар за за одоо би гарлаа битгий цагдаа дуудаарай гэсэн. Тэгээд гарч явах гэж байгаа юм шиг байснаа гал тогооны шургуулганаас нэг зүйл хайгаад байсан, ээж дахиад цагдаа дуудаарай гэхэд Отгонбаатар одоо гарлаа битгий цагдаа дуудаарай гэж хэлээд гараад явсан. Түүнийг явсны дараа ээж Отгонбаатар хутга хайгаад байна би тэрийг нь мэдээд бүх хутгаа нуучихсан байсан. Тэр өдрийн орой 6 цагт Отгонбаатар бас согтуу ирээд ээжийг асуучихаад явсан. Би маргааш нь Нарангийн голд байдаг аавынхаа гэрт очсон. ...хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би ээжтэйгээ утсаар ярьсан. Тэгээд хэрэг болдог өдрийн 8 цагийн үед ажил руугаа явж байхад цагдаагаас яриад хэргийн тадаар мэдсэн. Манай бага дүүг гэдсэнд байхад наад хүүхэд чинь миний хүүхэд биш гэж байнга дарамталдаг. Ээж аргаа бараад эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх гэхээр шүүхэд хүсэлт бичиж өгдөг юм байна гэж байсан. Анандрагчааг төрсний дараа ч гэсэн надтай адилхан харагдахгүй байна миний хүүхэд биш гэж байнга дарамталдаг байсан. Миний ээж энэ хүнтэй амьдарч эхэлснээс хойш нэг ч удаа тайван байж чадаагүй, миний дүү Энэрэл маш их айдаг байсан Энэрэлийг цагдаа дуудвал ална шүү гээд хажуудаа сүх тавьчихаад ээжийг зоддог тухай ярьж байсан.

Манай бага дүү манай ээжийн дүү болох Түмэнжаргалтай хамт байгаа цаашид ээжийн дүүгээр өсгүүлэх хүсэлтэй байна. Отгонбаатараас дүүгээ 18 нас хүртэлх хугацааны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгаа. Миний хоёр дүү энэ хүнээс болж нялхаараа эхээсээ хагацлаа. Маш их гомдолтой. Энэ хүн хугацаатай хорих ял авбал гарч ирээд биднийг яах бол гэж айж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Т ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх 34/,

Хохирогч Э.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2016 онд Отгонбаатар гэх залуутай танилцаад бидний дундаас Анандрагчаа гэдэг хүү 2018 онд төрсөн. Отгонбаатар гэх хүн хүнтэй 3 жил хамтран амьдарсан энэ хугацаанд байнга л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтуу маргалдаж байгаад баруун гар луу цохиж нарийн ясыг хугалж байсан, мөн 2016 оны цагаан сараар бас зодоод миний нүүр амыг хөхрүүлж байсан энэ явдлуудыг цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй харин гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан баримт надад байгаа. Саяхан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтуу агсам тавиад манай гэрээс гараад явсан тэрнээс хойш ирэхгүй байж байгаад өнөө өглөө 10 цагийн үед согтуу орж ирээд хүүхдээ үнсээд гарна гээд хаалга нүдээд байхаар нь онгойлгоод өгсөн чинь гэрт орж ирээд хүүхдээ үнсчхээд гэрээс гарахгүй байхаар нь одоо манай гэрээс гар гэтэл Отгонбаатар гал тогооны өрөөнд ороод шургуулгад хутга хайгаад би та нарыг ална гээд байсан тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь гараад явчихсан. Гарахдаа Отгонбаатар би та нарыг гаднаас чинь шатаагаад ална би чамд зориулж 6.500.000 төгрөгөөр буу авсан байгаа тэрүүгээрээ чамайг буудаж ална тэгээд дараа нь би өөрийгөө ална гэж хэлээд гарсан...” мэдүүлэг /2-р хх 35/,

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл /2-р хх 56-61/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2-р хх 236/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4/,

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-61Б тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-11/,

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-69 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 12-21/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 22-25/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 30-36/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 18 цаг 50 минутад ээжийн 86077096 дугаарын утас руу залгаж ярихад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театр дээр хүнд юм өгчхөөд гэр лүгээ Анандтай хамт явж байна гэсэн. Мөн утсаар ярьж байхад Отгонбаатарыг цагдаад өгсөн чинь найз нар нь батлан даалтад гаргасан гэж найз нь хэлсэн гэсэн. Ингээд ээж бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад утсаа тасалсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эмээлтэд байдаг эмээгийндээ хоносон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас залгаж хэргийн талаар хэлсэн. ...Отгонбаатар нь эрүүл ч байсан согтуу ч байсан байнга хэрүүлтэй байдаг. Хааяа зодолдсон бололтой хөл гар нь хөхөрсөн байдаг. ...Миний 1 настай, 8 настай дүү нар ээжгүй боллоо насан туршид нь миний ээжийг орлох хүн байхгүй маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх 99-107/,

Гэрч Э.Оюунчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Өглөө 06 цагийн үед манай нөхөр нэгдүгээр эмнэлэг рүү шинжилгээ өгөхөөр гарч явсан. Хуягбаатар 07 цаг болж байхад ажилдаа явсан. Гэрт охин Оюунсүрэн хүүгийн хамт бид гурав унтаж байсан. Газар охин Оюунсүрэн унтаж байсан баруун талын орон дээр би Рагчааг өвөртлөөд унтаж байсан. Тэгэхэд 07 цаг 30 минутын үед манай гэрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн пижигнээд хөөцөлдөөд ороод ирсэн. Манай гэрт шууд орж ирээд эмэгтэй нь цагдаа дуудаад өгөөрэй гэж орилоод, араас нь эрэгтэй хүн орж ирээд цагдаа дуудахгүй шүү гэж орилоод орж ирсэн. Тэр эмэгтэй миний унтаж байсан орон дээр шууд хүрээд ирэхээр нь орноосоо боссон. Тэр үед тэр эмэгтэй наад хүн чинь хутгатай яваа шүү гэхээр нь гүйж гараад хажуу талынхаа гэрт амьдардаг Амарбаясгалангийн гэрт ороод цагдаа дуудаарай гэж хэлээд цагдаа дуудуулаад ойролцоогоор 5 орчим минут болоод гэртээ ганцаараа ороход охин “ээжээ хутгалаад алчих шиг боллоо” гээд шооконд орчихсон газар орон дээр хүүтэйгээ сууж байсан. Харин нөгөө эмэгтэй зуухны хажуу баруун талд газар уначихсан байсан. Нөгөө залуу нь байхгүй гараад явчихсан байсан. ..тэр эмэгтэй нь ууцанд хутга зоолттой байсан...” гэх мэдүүлэг /1-р 110-112/,

Гэрч Н.Оюунсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гэрийн хойд талд хойморт газраар унтаж байсан. Манай ээж миний хүүтэй хамт гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Гэрийн хаалга цоожгүй хаалттай байхад гаднаас бор өнгийн торон цамцтай эмэгтэй гэрийн хаалгыг хүчтэй онгойлгоод гүйгээд ороод ирэхэд нь ээж бид хоёр шууд сэрсэн. Тэр эмэгтэй ээжийн дээрээс дарж унах нь холгүй гүйж очоод эгчээ цагдаа дуудаарай гэхэд нь ээж хүүе миний дүү юу болж байнаа хүүхэд аллаа гэж хэлсэн. Тэр эмэгтэйгийн араас хөөгөөд эрэгтэй хүн орж ирээд шууд нөгөө эмэгтэйг үсдээд гэрийн үүд рүү чирээд явсан. Эмэгтэй чирэгдэж байгаад үүдний хэсэгт цамц нь тайлагдаж үлдээд ээжийн орон дээр дахиж очиж унаад наадах чинь хутгатай шүү эгчээ цагдаа дуудаарай гэж хэлэхэд нь нөгөө залуу нь битгий цагдаа дуудаж болохгүй шүү гэж хэлэхэд ээж босоод гараад гүйхэд нөгөө ах гэнэт гартаа хутга барьчихсан байсан. Би хүүгээ орон дээрээс аваад тэврээд газарт сууж байсан. Тэгтэл нөгөө ах орон дээрээс эмэгтэйг үснээс нь зулгаагаад газарт буулгахад эмэгтэй өвдгөөрөө газарт суусан мэт байрлалд орох үед шууд хутгалаад эхэлсэн. Хутга нь гялалзаад л нөгөө эгч рүү дүрээд аваад байсан. Би тэр үед хүүгээ тэврээд маш их айж байсан. Гэнэт би гэрээс гараад гүйгээд хажуу айл руу ороод хутгалчихлаа цагдаа дуудаарай гэж хэлж байтал хажуу айлын эгч чи хүүгээ яасан юм бэ гэж хэлэхэд нь би хүүгээ гэрт үлдээсэн байгааг санаад буцаж гэр рүү орох үед яг гэрийн хаалгаар нөгөө ах зөрөөд гэрээс гарсан. Би хүү дээрээ эхэлж очиход миний хүү зүгээр сууж байхаар нь нөгөө эгч дээр очсон чинь тэр эгч газарт уначихсан нуруунд нь хутга зоолттой байсан ба яанаа эгч ээ зүгээр үү гэж асуухад тэр эгч маш аяархнаар түргэн дуудаарай гэж хэлээд хүчтэй амьсгаа аваад хоржигнох чимээ гаргаж байгаад бүүр чимээгүй болсон. ...нэг хутгалчхаад огт зогсоогүй дарааллаж маш олон хутгалсан. ...Ямар нэгэн байдлаар гэмтэл авсан зовуурьтай байгаа шинж харагдахгүй байсан. Тэр хүн эхнэрээ хутгалчихлаа гээд айсан зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 113-117/,

Гэрч М.Цогзолмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...гэртээ галаа түлээд байж байтал Оюунчимэгийн охин Оюунсүрэн “ээж байна уу” гээд гар утсыг нь барьчихсан ганцаараа орж ирсэн. Ээжийг нь байхгүй гэж хэлэхэд Оюунсүрэн “яанаа манайд нэг хүн хүн алчих шиг боллоо та ороод ирээч” гэхээр нь айгаад ороогүй...” гэх мэдүүлэг /1-р хх 118-119/,

Гэрч Л.Амарбаясгалан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...би гэр рүү нь орж хартал үл таних эмэгтэй нүд нь нээлттэй амьсгал хураасан байдалтай байсан. Тэгээд би дөхөж очоод яасан юу болов гэтэл ямар ч хариу үйлдэл байгаагүй учраас би шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 120-121/,

Гэрч Ц.Оюунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би Отгонбаатарын гэрт очиход Түвшинжаргал нөхөр өчигдөр орой ална гээд хутга шөвөг болоод би сая цагдаад барьж өгчхөөд ирлээ гэж байсан. Миний мэдэж байгаагаар 2-3 удаа зодож байсан. Олон зүйл тэвчиж өнгөрөөж байна гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 122/,

Гэрч Ё.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хааяа гэрт нь очих үед миний хажууд хүртэл охиныг минь доромжлон миний охин Түвшинжаргалыг танай охин чинь янхан танай охиныг ална гэхэд нь би чи юу яриад байгаа юм бэ би чамаас охиноо салгаж авна гэхэд танай янхан охиныг надаас өөр хэн тоодог юм бэ гэдэг байсан. Аргаа бараад миний охин өөрийнхөө хоёр охиныг аавуудтайгаа хамт амьдар гээд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 127-129/,

Гэрч Э.Түвшинсанаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аав ээж дээр золгох гэж Отгонбаатарын хамт ирсэн. Тэр үед манай эгчийн нүд хөхрөөд хавдчихсан байсан. ...Отгонбаатарыг цохиод нүдийг нь хөхрүүлчихсэн гэж хэлсэн...” мэдүүлэг /1-р хх 137-140/,

Гэрч Ш.Тулгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай жижүүрийн бүрэлдэхүүн очиход дээрх хаягт байрлах монгол гэр дотор 40 орчим насны эмэгтэй дээгүүрээ хувцасгүй хутгалуулж нас барсан байдалтай тухайн айлын шалан дээр хэвтэж байсан. ...Тухайн үед хамгаалалт авсан байсан манай хэлтсийн машинт эргүүлийн жолооч цагдаа цагдаагийн ахлах ахлагч Энхболд энэ хашааны урд талд байрлах 616 тоотод хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ирж байсан 7 дугаар хорооны хэсгийн байцаагч Дорж дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаа байх нөхөр Отгонбаатар гэдэг залуу байдаг талаар хэлэхэд нь урд талын хашааны байшин руу орох үед хаалга нь онгорхой том өрөөний үүдний хэсэгт шалан дээр цус мэт улаан өнгийн зүйл байсан мөн том өрөөний хоймрын хэсэгт буйдан дээр 1 орчим насны хүүхэд унтаж байсныг хараад сэжигтэй этгээд болон хохирогч эмэгтэйн гэр тухайн байшин мөн гэдгийг олж мэдсэн. ...Гэрэлт-Оч, Тэргэл нарын хамт сэжигтэй этгээд болох Отгонбаатарыг олж тогтоохоор авто машинтай 7 дугаар хорооны хэсгийн байцаагч Доржтой очиж уулзаад зөрчлийн хэргийн материалтай танилцахад Отгонбаатарыг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2 эгч нь баталгаа бичиж өгөөд хүлээж авсан тэмдэглэл байсан. Тэр тэмдэглэлийн дагуу Жавзмаа гэх эгчтэй нь утсаар холбогдож Отгонбаатар эхнэрээ дахиад зодсон байна хаашаа явсан бол гэж асуухад эгч нь ажилтай байна. Өчигдөр цагдаагаас аваад тэгээд салаад явсан. Тэрнээс хойш уулзаагүй байна гэж хэлсэн. ...Жавзмаагийн хүү Отгонбаатарын очиж болох хаягийг зааж өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 2-42 тоотод буюу Отгонбаатарын эгчийн гэр гэх хашаанд ирээд дотогшоо ороход гэр нь гаднаасаа цоожгүй дотроосоо цоожилсон байдалтай байсан учраас төрсөн эгч Жавзмаагийн хүүгээр нь Отгонбаатарыг нэрээр нь дуудуулан хаалгыг тогшуулахад Отгонбаатар 10 орчим минут дотроос ямар нэгэн чимээ гаргалгүй байж байгаад хаалгыг нээж өгсөн. Тэр үед Отгонбаатарыг хутгатай байж болзошгүй гэж үзэн хаалга нээх үед цамцных нь доод хэсгээс буюу гэдэс орчмоос нь татаж газарт хэвтүүлэн 2 гарыг нь ар талд нь гавласан. Намайг цамцнаас татах үед миний гарын салаагаар цус урсаад ирсэн...” мэдүүлэг /1-р хх 144-146/,

Гэрч Б.Нэргүй нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгонбаатар эхнэртэйгээ маргалдсан гэж хэлсэн. ...Би гэрийнхээ хутгануудыг хараад танина. ....надад харуулж байгаа энэ хутга манай гэрийн хутга мөн байна...” гэх мэдүүлэг /1-р 147-148/,

Насанд хүрээгүй гэрч Б.Энэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгонбаатар ах манай аавтай ээжийг дандаа хардаж зоддог байсан. Маралгоо эгчийг байхгүй үед дандаа зоддог. Би Отгонбаатар ахаас ээжийг битгий зодооч гэхээр намайг буриадын шээс минь ална шүү гээд гараа далайхаар ээж намайг дандаа хамгаалдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 161-163/,

Гэрч И.Энхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу очоод юу болсон талаар асуухад манай нөхөр Отгонбаатар согтуу ирээд агсам тавьж чамайг хутгалж ална гээд хутга авах гээд байсан учраас би хажууд нь цагдаа руу залгахаас айгаад охин руугаа ярьж цагдаа руу залга гэж хэлсний дагуу охин цагдаад дуудлага өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р 164-166/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2257 дугаар дүгнэлтэд: “...Түвшинжаргалын хувцас гэх улаан өнгийн хөхний даруулгад 10 мм нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Хар жинсэн өмдөнд 104 мм, хар хүрэн дотуур өмдөнд 180 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна...” гэх дүгнэлт /1-р хх 172-177/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2258 дугаар дүгнэлтэд: “...Түвшинжаргалын гэх улаан өнгийн хөхний даруулганы материал полиэстр ширхэгт материалуудаар хийгдсэн байна. Хэргийн газраас хураан авсан гэх хутганы ажлын хэсэгт вискоз, хөвөн, полиэстр ширхэгт материалын сэмэрдэс тасарч үлдсэн байна. ..Түвшинжаргалын гэх улаан өнгийн хөхний даруулганы даавуу материалын сэмэрдэсүүд өнгө диаметрийн хэмжээ гадаргуун үзүүлэлт зэргээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх 178-182/,

Шинжээч Ө.Тамираа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...утасны сэмэрдэс нь хөнгөн амархан хийсэмтгий энд тэнд очиж наалдах боломжтой учраас хутгыг гартаа барих болон хутга ямар нэгэн хувцасны материалтай шүргэлцэх үед сэмэрдэс хутганд үлдэх боломжтой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 183-184/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №958 дугаар цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтэд: “...цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун дээд хэсгийн өвчүүний баруун урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгийг нэвт хатгаж гэмтээсэн 3 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины шарх орчмын гялтан доорх болон эд дэх цус хуралт, няцрал, цээжний баруун хөндий дэх цусан хураа ба шингэн цус /1450мл/, баруун уушгины авчилт, цээжний урд дунд хэсгийн өвчүүний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний баруун ховдлыг нэвт хатгаж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /200мл/, зүрх чихэлдэлт, хэвлийн баруун дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний баруун дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний эд дэх цус хуралдалт, няцрал, цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны өнгөц зүсэгдсэн шарх, баруун, зүүн өвдөгний хуучин цус хуралт, зүүн бугалганы хуучин зулгаралт, хүзүүний урд ба баруун дал орчмын 4 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх нурууны баруун дээд хэсэг буюу баруун дал орчмын 4 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдсон ба талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархнуудын улмаас зүрх, уушиг гэмтэж, хурц цус алдалт зүрх чихэлдэлтийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх 191-196/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №2594 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шилтэй “Отгонбаатар” гэсэн хаягтай цусанд 0,9 промилли спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлт /1-р хх 200-201/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №2550 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Хүрэн өнгийн торон оруулгатай цамц, цагаан ягаан өнгийн цэцэгтэй ретуз, цайвар ягаан өнгийн майк, торон оруулгатай хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, цагаан хар өнгийн бариултай хутга, улаан өнгийн таглаатай хөвөн, орны урд байх цус мэт зүйл хөнжлийн даавуунаас авсан гэх ягаан өнгийн даавууны хэсэг, байшингийн шалан дээр байх цус мэт зүйл /дунд хэсгээс/, байшингийн шалан дээр байх цус мэт зүйл /зүүн хэсгээс/, байшингийн шалан дээр байх цус мэт зүйл, байшингийн шалан дээр байх цус мэт зүйл /баруун хэсгээс/ Э.Т ын гараас авсан гэх хумс зэрэгт илэрсэн цус нь Э.Т ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх 207-211/,   

Шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би нэлээд цочирдолд ороод хамаг бие салгалсан байсан. Энэ үед би талийгаачийн нуруу орчим нь намайг хутгалсан хутгаар нь 2-3 орчим хутгалсан. Тэгээд тэр айлаас гараад эгч Нэргүйгийн гэрт очоод хэвтэж байхад араас удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх 11-17/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 67, 3-р хх 4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 167/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 55-62/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 39-46/, аюулын зэргийн үнэлгээний маягт /2-р хх 28-29/, цагдаад зөрчлийн дуудлага өгч байсан лавлагааны жагсаалт /2-р хх 55-61, 188-195, 214-215, 221/, Хаан банкны дансны хуулга /2-р хх 91-116/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2-р хх 157-165/, шүүгдэгч Б.Дын Монгол Улсын хийлээр орж, гарсан огноо /2-р хх 224-229/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өвчний түүх /2-р хх 236/, шүүгдэгч Б.Дт холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /3-р хх 6-10/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоогийн гаргаж өгсөн оршуулгын зардлын баримт /2-р хх 84-90/, хохирлын мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг өгсөн баримт мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 11-61 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Т ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 06-07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 616 тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий Э.Т тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүч хэрэглэн цээж хэвлий орчимд 4 удаа, нуруу далны орчимд орчимд 4 удаа, баруун талын эрүү орчим 1 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Т ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /2-р хх 34/, хохирогч Э.Т ын “...Отгонбаатар гал тогооны өрөөнд ороод шургуулганд хутга хайгаад би та нарыг ална гээд байсан тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь гараад явчихсан...” мэдүүлэг /2-р хх 35/, цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээлэл /2-р хх 56-61/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2-р хх 236/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-11, 12-21/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 30-36/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоогийн “...Отгонбаатар нь эрүүл ч байсан согтуу ч байсан байнга хэрүүлтэй байдаг. Хааяа зодолдсон бололтой хөл гар нь хөхөрсөн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 99-107/, гэрч Э.Оюунчимэгийн “...Тэр үед тэр эмэгтэй наад хүн чинь хутгатай яваа шүү гэхээр нь гүйж гараад хажуу талынхаа гэрт амьдардаг Амарбаясгалангийн гэрт ороод цагдаа дуудаарай ...охин “ээжээ хутгалаад алчих шиг боллоо” гээд шооконд орчихсон газар орон дээр хүүтэйгээ сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р 110-112/, гэрч Н.Оюунсүрэнгийн “...газарт суусан мэт байрлалд орох үед шууд хутгалаад эхэлсэн. Хутга нь гялалзаад л нөгөө эгч рүү дүрээд аваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 113-117/, гэрч М.Цогзолмаагийн “...Оюунсүрэн “яанаа манайд нэг хүн хүн алчих шиг боллоо та ороод ирээч” гэхээр нь айгаад ороогүй...” гэх мэдүүлэг /1-р хх 118-119/, гэрч Л.Амарбаясгалангийн “...би гэр рүү нь орж хартал үл таних эмэгтэй нүд нь нээлттэй амьсгал хураасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 120-121/, гэрч Ц.Оюунцэцэгийн “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би Отгонбаатарын гэрт очиход Түвшинжаргал нөхөр өчигдөр орой ална гээд хутга шөвөг болоод би сая цагдаад барьж өгчхөөд ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 122/, гэрч Ё.Энхцэцэгийн “...Би хааяа гэрт нь очих үед миний хажууд хүртэл охиныг минь доромжлон миний охин Түвшинжаргалыг танай охин чинь янхан танай охиныг ална...” гэх мэдүүлэг /1-р хх 127-129/, гэрч Э.Түвшинсанаагийн “...Тэр үед манай эгчийн нүд хөхрөөд хавдчихсан байсан. ...Отгонбаатарыг цохиод нүдийг нь хөхрүүлчихсэн гэж хэлсэн...” мэдүүлэг /1-р хх 137-140/, гэрч Ш.Тулгаагийн  “...манай жижүүрийн бүрэлдэхүүн очиход дээрх хаягт байрлах монгол гэр дотор 40 орчим насны эмэгтэй дээгүүрээ хувцасгүй хутгалуулж нас барсан байдалтай тухайн айлын шалан дээр хэвтэж байсан...” мэдүүлэг /1-р хх 144-146/, гэрч Б.Нэргүйгийн “...Отгонбаатар эхнэртэйгээ маргалдсан гэж хэлсэн. ...Би гэрийнхээ хутгануудыг хараад танина. ....надад харуулж байгаа энэ хутга манай гэрийн хутга мөн байна...” гэх мэдүүлэг /1-р 147-148/, насанд хүрээгүй гэрч Б.Энэрэлийн  “...Би Отгонбаатар ахаас ээжийг битгий зодооч гэхээр намайг буриадын шээс минь ална шүү гээд гараа далайхаар ээж намайг дандаа хамгаалдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 161-163/, гэрч И.Энхболдын “...дуудлагын дагуу очоод юу болсон талаар асуухад манай нөхөр Отгонбаатар согтуу ирээд агсам тавьж чамайг хутгалж ална гээд хутга авах гээд байсан...” гэх мэдүүлэг /1-р 164-166/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2257 дугаар дүгнэлт /1-р хх 172-177/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2258 дугаар дүгнэлт /1-р хх 178-182/, шинжээч Ө.Тамираагийн “...утасны сэмэрдэс нь хөнгөн амархан хийсэмтгий энд тэнд очиж наалдах боломжтой учраас хутгыг гартаа барих болон хутга ямар нэгэн хувцасны материалтай шүргэлцэх үед сэмэрдэс хутганд үлдэх боломжтой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 183-184/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №958 дугаар дүгнэлт /1-р хх 191-196/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №2594 дүгээр дүгнэлт /1-р хх 200-201/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №2550 дугаар дүгнэлт /1-р хх 207-211/, шүүгдэгч Б.Дын “...Тухайн үед би нэлээд цочирдолд ороод хамаг бие салгалсан байсан. Энэ үед би талийгаачийн нуруу орчим нь намайг хутгалсан хутгаар нь 2-3 орчим хутгалсан. Тэгээд тэр айлаас гараад эгч Нэргүйн гэрт очоод хэвтэж байхад араас удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх 11-17/ болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Дыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Э.Т ыг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шинжилгээнд авсан хумс, үс, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон 144 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоо нь оршуулгын зардалд баримтаар 8.595.198 төгрөг нэхэмжилснийг шүүх гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирол төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч, 2.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс үлдэх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Харин гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоо нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Даас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх,... хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна...”, мөн конвенцын 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “...Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ...” гэж тус тус заасны дагуу амь хохирогч Э.Т ын бага насны хүүхэд болох Отгонбаатарын Анандрагчаагийн асрамжийг шийдвэрлэх асуудлыг харьяа дүүргийн Засаг даргад даалгаж, уг асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийн асран хамгаалах асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгт даалгаж шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 

  мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 19 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шинжилгээнд авсан хумс, үс зэргийг болон нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 144 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Даас 6.595.198 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Төвшинжаргалын Маралгоо /ЗП01232804/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Маралгоо нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Даас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хохирогч Э.Т ын бага насны хүүхэд болох Отгонбаатарын Анандрагчаагийн асрамжийг шийдвэрлэх асуудлыг харъя дүүргийн Засаг даргад даалгаж, уг асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдийн асран хамгаалах асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгт даалгасугай.

  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН

                                      ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

                                                                                     Л.ОДОНЧИМЭГ