| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1495 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Э.Намуун,
Хохирогч А.Лхагва,
Шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.П холбогдох эрүүгийн 1906 03596 1791 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.П .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз А.Лхагватай маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж зодож биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Лхагва мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй.
Нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Лхагвын өгсөн мэдүүлэг /хх-6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7429 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12/, шүүгдэгч Ц.П урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-16/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз А.Лхагватай маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж зодож биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Лхагвын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Ц.П , Ц.П 10 жилийн найзтай гурвуулаа “Кристал” нэртэй бааранд ороод 0,75 литрийн нэг шил Соёрхол архи хувааж уугаад 02 цагийн орчим баарнаас гарсан. Караокенаас 04 цагт гараад бид 4 такси бариад Тунел дээр буусан. Такси дотор Ц.П нь “чи харих гэж байгаа юм уу би найзгүй болсон” юм байна гэх мэтээр үг хаяад байсан. Би хариу үг хэлээгүй. Гэтэл гэнэт Ц.П намайг шууд цохитол такси зогсоод бид нар таксинаас буутал намайг багалзуурдаад цохиод байгаад болиод бид 2 таксины хажууд юм ярьж зогсож байгаад Ц.П нь намайг гэр рүү оруулж өгөөд явсан.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7429 дугаартай дүгнэлтэд:
1. А.Лхагвын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, хоёр талын завьжинд язрал, дээд баруун 1-р шүдний сулрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-12/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.П яллагдагчаар өгсөн: “...А.Лхагва бид хоёр хоёулаа согтуурсан үедээ хэрэлдэж, маргалдаж зодолдсон нь үнэн болно. Түүнд учирсан хохирлыг би төлөөгүй байгаа. А.Лхагва нь нүүр ам ийм болчихлоо, ажлаа хийж чадахгүй байна, байрны түрээсийн мөнгөнд туслаад өгөөч” гэж хэлж байсан.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.П урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-16/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.П 2019 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз А.Лхагватай маргалдаж, түүний нүүр хэсэгт цохин, зодож, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Хохирогч А.Лхагва нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.П хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.П г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.П нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС