Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01498

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04892 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******д холбогдох 

*******тоот хаягт байрлах, 39,90 м.кв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******тоот, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 39,90 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г бүртгэж, гэрчилгээ олгосон.

1.2. Дээрх орон сууцыг *******гийн зөвшөөрлөөр төрсөн эх ******* нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түрээслэхээр зар тавьсны дагуу ******* аман гэрээ хийж түрээслэхээр тохиролцсон. ******* нь *******д “Уг байранд ******* гэх хүнийг суулгана” гэж хэлсэн, сар бүр түрээсийн мөнгөө *******гийн данс руу өгч байсан боловч 2024 оны 9 сараас өгөхөө больж, 10 сараас утас нь холбогдохоо больсон. ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрт нь очиход *******ыг нас барсан гэсэн.

1.3. Ингээд түрээслүүлсэн байрандаа очиход ******* гэх иргэн амьдарч байсан. Тухайн орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад үл тоон, биелүүлэхгүй байх тул *******тоот хаягт байрлах, 39,90 м.кв талбайтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******ийн эхнэр ******* нь өөрийн дүүгийн танил *******тай 2020 оны 3 дугаар сард уулзахад Нийслэлээс хөнгөлөлтэй нөхцөлөөр иргэд байртай болох боломжтой, холбогдох баримт бичиг бүрдүүлээд өгчих, Нийслэлээс хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд байр өгөх асуудал судлагдаж байгаа гэсэн. ******* нь 2020 оны 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхээр бидэнд “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн өмчлөх орон сууцаар хангах журмын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох иргэдийн нэрс” гэсэн бичгийг цахим хуудсаар үзүүлсэн. Тухайн зургийн 22 дахь жагсаалтад ******* овогтой ******* 49,23 м.кв талбайтай орон сууцны хөнгөлөлт 50% гэсэн бичиг үзүүлсэн. Мөн “Батламж” гэсэн зураг цахимаар үзүүлж, энэ мэтчилэн бүх хүн дээр батламж гарч байгаа удахгүй байрандаа орох нь байна гэсэн.  

2.2. Тухайн орон сууцны төлбөрт зориулан 2020 оны 4-8 дугаар сард нийт 12,000,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлж, 2020 оны 10 дугаар сараас байрандаа амьдарсан, үлдэгдэл төлбөр 21,000,000 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр *******ийн дансанд шилжүүлж нийт 33,000,000 төгрөг төлсөн, бусад төлбөр нь хөнгөлөлттэй нөхцөлөөр чөлөөлөгдсөн гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 39,90 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитой бүрэн, дүгнэлт хийж үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар “Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ******* нь хэрхэн худалдаж авсан талаар болон тус орон сууцанд 2020 оны 10 дугаар сараас эхлэн амьдарч байсныг тогтоолгох, нэхэмжлэгчээс өмнө маргаан бүхий байрыг эзэмшигчээр тогтоогдож байсан зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг *******, *******, ******* гэх газруудаас гаргуулах хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд тус хүсэлтүүдийн хариу ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хуульд заасан хугацаагааp хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлэхэд санаатайгаар саад учруулсан гэж үзэж байна.

4.2. Мөн тухайн өдөр маргаан бүхий орон сууцны асуудалтай холбоотойгоор ******* хэрэг бүртгэлтийн 251000917 дугаар хэрэг нээгдэн шалгагдаж байгаа “Прокурорын тогтоол”-ыг хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/1020 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.3-т заасны дагуу “та бүхэн Иргэний хэргийн шүүхэд хүсэлтээ гарган дээрх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой” гэх хариуг өгснөөр тус хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн прокурорын тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг гаргасан.

Гэтэл шүүх дээрх хүсэлтийг “Хэрэгт ач холбогдолтой байдал тогтоодохгүй байна” гэх шалтгаанаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөх хугацааг өгөөгүй, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаас татгалзан хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьж, үнэн зөв, шударгаар шийдвэрлэсэнд үндэслэл бүхий эргэлзээг бий болгоод байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэж тайлбарлаж байна. Энэхүү хүсэлтээ 2024 оны 12 сард хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй. Харин энэхүү маргаан нь 6 сарын хугацаа буюу хагас жилийн хугацаанд үргэлжилж байхад хариуцагч тал хангалттай нотлох баримтыг цуглуулах боломжит хугацаа байхад одоог хүртэл нотлох баримтууд гаргаж өгөөгүй.

5.2. ******* нь 2020 онд хуульд заасны дагуу маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олж авсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс мэтгэлцээний асуулт болох ******* гэх хүнээс худалдаж авсан нь үнэн бол *******-тай очиж уулзсан уу, үл хөдлөхийн гэрчилгээ гарсан эсэх талаар та бүхэн судалсан уу гэж асуухад, судалгаа, лавлагаа хийгээгүй, уулзаагүй гэж хариулсан. Хэрэв үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол гэрчилгээ нь хэзээ гарсан зэрэг асуудлаар *******-тай уулзах ёстой. Гэтэл хариуцагч нь ******* гэх хүний амаар хэлсэн зүйлд нь итгээд байрыг авсан гэж байгаа нь үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн. Мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаа нь энэхүү маргаанд хамааралгүй. ******* гэх хүнд холбогдуулж цагдаагийн байгуулллагад гомдол гаргасан байгаа нь энэ маргаанд хамааралгүй, маргааныг шийдвэрлэхэд хууль зүйн ач холбогдолгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 39,90 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримт үнэлсэн алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн  үйл баримтыг нэмж дүгнэх замаар залруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.

******* нь *******-тай 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоотын 68.59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай *******ын 39.30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь *******тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384.13 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *******0 дугаарт бүртгэлтэй, 36 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг *******-ийн өмчлөлд шилжүүлэх, харилцан шилжүүлж буй эд хөрөнгийн үнийн зөрүү болох 18,167,100 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 135-138 дугаар тал/

Дээрх гэрээний дагуу ******* нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 705 дугаартай албан бичгээр *******-ийн зөвшөөрлийг үндэслэн нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэх хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас ******* дугаар байрны *******ын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******гийн нэр дээр бүртгэж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 133-134, 142 дугаар тал/

Ийнхүү маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцжээ.  

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийг гэж шүүх зөв дүгнэсэн.

3.2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм.

Хэргийн 133-134 дүгээр талд авагдсан *******, *******-ийн албан бичгээс үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 81, 2019 оны 223 дугаар тогтоолуудаар ******* хорооллын 972 айлын орон сууцны дуусаагүй барилгын өмчлөлийг зээлийн өр төлбөрт тооцон *******-д шилжүүлж, тус барилга ашиглалтад орсноор Нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байх ба Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 115 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 11 дүгээр тогтоолын дагуу дээрх орон сууцны барилгын зохион байгуулалт, ашиглалтын асуудлыг ******* хариуцдаг болох нь тогтоогдож байна.     

Харин хариуцагч нь Нийслэлээс хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох боломжтой гэж *******ын хэлснээр түүнд орон сууцны үнэ 33,000,000 төгрөгийг төлж, 2020 оны 10 дугаар сард маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан гэх боловч тухайн үед ******* нь ******* хорооллын 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах асуудлыг хариуцаж байжээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байгаагүй болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул орон сууцтай холбогдох асуудлаар шийдвэр гаргах эрхгүй этгээдэд /*******/ мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор буюу гэрээний дагуу мэдэлдээ авсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны эзэмшлийг шилжүүлэх үүрэгтэй байна.  

Анхан шатны шүүх хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй талаар зөв дүгнэсэн боловч хэргийн 16-38 дугаар талд авагдсан хуульд заасан шаардлага хангаагүй банкны дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн, мөн хэргийн оролцогч биш этгээд болох *******, ******* нарын хооронд үүссэн гэх гэрээний харилцааны талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй. 

Иймд нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШЗ2025/18539 дугаартай захирамжаар ******* дугаар байрны *******ын 2 өрөө орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу дээрх орон сууцны хувийн хэргийг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 124, 129-142 дугаар тал/

Харин хариуцагч тал маргаан бүхий орон сууцтай холбогдох баримтуудыг *******, Нийслэлийн *******, *******-иас гаргуулахаар тухайн байгууллагуудад хандаж хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй байх тул дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх-ийн 171 дүгээр тал/

Иймд хариуцагч тайлбар, татгалзлаа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх хугацаа олгоогүй гэх гомдлыг хангахгүй.

4.2. Мөн маргаж буй орон сууцтай холбогдох асуудлаар *******д холбогдох гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн прокурорын тогтоолыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ /хх-ийн 171/ тодорхой заасан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлэх боломж олгоогүй, нэхэмжлэгч талын нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй орхино.       

 5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА