Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1492

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Э.Намуун,

Хохирогч Д.Сэргэлэнбат,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1906 02125 1742 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Сэргэлэнбаттай маргалдаж улмаар түүнийг дэгээдэж унаган нүүрэн тус газар нь цохиж, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сэргэлэнбат мэдүүлэхдээ: “...Би нотлох баримтаар тогтоогдсон 651.300 төгрөгийн нэхэмжилж байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Сэргэлэнбатын өгсөн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Н.Мөнхсаруулын өгсөн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №4262 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Сэргэлэнбаттай маргалдаж улмаар түүнийг дэгээдэж унаган нүүрэн тус газар нь цохиж, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сэргэлэнбатын өгсөн: “...Чинзо гэх залуу “наана чинь пивоны шил өнхөрөөд байна, чи аваад шидчих” гэж хэлэхээр нь би “чи өөрөө аваад шидчих” гэж хэлэхэд нөгөө Чинзо гэх залуу уурлаад намайг заамдаж авсан. Би тухайн үед адилхан заамдаж авсан ба бид хоёрыг тэнд байсан Саруул болон Саруулын найз 2 салгасан. Салгасны дараа би Чинзо гэх залууд хандаж “чаддаг юм бол цохичих” гэж хэлсэн чинь миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхсаруулын өгсөн: “..Банзрагч Сэргэлэнбатыг ундааны лааз аваад шидчих гэх мэтийн зүйл ярьж байтал Сэргэлэнбат “би яахаараа шиддэг юм” гэтэл Банзрагч, Сэргэлэнбат 2 хоорондоо заамалцаж байгаад Сэргэлэнбатыг Банкрагч дэгээдэж унагаад толгой руу нь цохиж байсан.” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4262 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Сэргэлэнбатын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханын хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.        

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-22/ гэх дүгнэлт,

         

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн Д.Сэргэлэнбатын өвчний түүх /хх-27-35/,

Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-37-41/,

         Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/  зэрэг болно.

 

        Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б 2019 оны 3 дугаар сарын 29-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Сэргэлэнбаттай маргалдаж улмаар түүнийг дэгээдэж унаган нүүрэн тус газар нь цохиж, биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Д.Сэргэлэнбатын эмчилгээндээ зарцуулсан нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 651.300 төгрөгийг шүүгдэгч Б.Б гаргуулж олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 20 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн   2-д зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 160 цагийг хасч, нийт түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Б 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Б цагдан хоригдсон 20 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг дүйцүүлэн 160 цагаар тооцож хасч, нийт түүнд 80 цаг нийтэд тустай

ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Б 651.300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сэргэлэнбатад олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.    

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС