| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/00736/И |
| Дугаар | 210/МА2025/01499 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/01499
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05289 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-т холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******ийн ******* аймаг дахь салбарт улсын өмгөөлөгчөөр ажиллаж байгаад ажил олгогчийн санаачилгаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн. Шалтгаан нь миний үйлчлүүлэгчийн ээж ******* нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр *******д гомдол гаргаж, ******* нь *******нд 8 дугаар сард гомдлыг шилжүүлсэн. ******* шалгаад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр протокол гаргаж, сануулах арга хэмжээ авахдаа Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэнд би гомдол гаргаагүй. Намайг үйлчлүүлэгчийн хохирлын төлбөрийг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй үрэгдүүлсэн, хохирлын мөнгийг хуулийн хугацаанд буцаан шилжүүлээгүй зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн.
1.2. *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаартай шийдвэрээр сануулах арга хэмжээ авхуулсан учир Хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан Улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
1.3. Гэтэл Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, *******ийн ******* аймаг дахь салбарын улсын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал болох 3,995,100 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай хууль зүйн туслалцааны байгууллагын чиг үүрэг нь Монгол улсын хууль болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах мөн төрөөс хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг төрийн байгууллага юм. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5, 7 дугаар зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч, сэжигтэн, яллагдагчид өмгөөллийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлдэг.
2.2. Улсын өмгөөлөгч ойролцоогоор сард 6-7 сая төгрөгийн цалинтай байхад нэхэмжлэгч нь үйлчлүүлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******аас 500,000 төгрөг авсан гомдол ирсэн. Үүнийг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 351 дүгээр тушаалаар баталсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан улсын өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд хамрах асуудлыг *******нд шилжүүлсэн.
Тус хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор *******д 6 дугаар сарын 30-ны өдөр *******аас хохирлын төлбөр гэх өмгөөлөгчийн өөрийнх нь тайлбараар 500,000 төгрөгийг дансандаа авсан, үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, хохирлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг тусгай дансанд байршуулаагүй, өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсанаас хойш хуулийн 10 хоногийн дотор хохирлын төлбөрийг хохирогч талд шилжүүлж өгөөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээр хориглосон заалтуудыг зөрчсөн тул Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч *******д сануулах хариуцлага хүлээлгэсэн шийдвэр ирсэн. Энэ шийдвэрт ******* нь гомдол гаргаагүй, маргаагүй тул хүчин төгөлдөр болсон.
2.3. Дээрх хорооны шийдвэртэй холбогдуулан *******өөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийж, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, хөдөлмөрийн гэрээний 7.2.8, *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол зэргийг үндэслэн *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалаар *******г улсын өмгөөлөгчийн албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Иймд, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2024 оны хагас жилийн ажлын үр дүн мөнгөн урамшууллын 3,995,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор надад холбогдуулан сануулах хариуцлага хүлээлгэснийг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасан. Гэтэл *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 14-ний дрийн Б/107 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.8-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө үйлчлүүлэгчээс төлбөр мөнгө авсан зүйлгүй бөгөөд хохирол төлбөртэй холбоотой 500,000 төгрөг шилжүүлсэн байсныг гадаад улсад явах хугацаандаа өөрийн хайнга байдлын улмаас тодорхой хугацаанд дансандаа байлгаж байгаад тухайн хохиролд зарцуулсан бөгөөд энэхүү үйлдлээ ч би хүлээн зөвшөөрдөг.
Энэ асуудлаар ******* хяналт шалгалт явуулж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол гарч үйлчлүүлэгчээс төлбөр мөнгө, үйлчилгээ авсан нь тогтоогдоогүй. Гэтэл уг шийдвэрийг илт гуйвуулан хэрэглэж намайг ажлаас халах хууль бус шийдвэр гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7-д заасныг зөрчсөн ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл миний бие үйлчилгээ үзүүлсний хариуд үйлчлүүлэгчээс мөнгөн төлбөр, аливаа шан харамж, үйлчилгээ аваагүй байхад үйл баримтыг гуйвуулан буруу үнэлж шийдвэр гаргасан нь илт хууль бус болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Сахилгын шийтгэлийг давхардуулсан гэдэгт Хууль зүйн туслалцаа үзүүлэх журмын дагуу Мэргэжлийн хорооноос зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд тохирсон хариуцлага ногдуулна гэж заасны дагуу нэг удаа сахилгын арга хэмжээ авсан. Иймд *******-ийн захирлын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаартай тушаалаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 18 дугаар зүйлийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.2.8, *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус баримтлан Улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон тул ******* аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, улсын өмгөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 10 дугаар тал/
3.1. *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор өмгөөлөгч ******* нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14.1 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар түүнд сануулах хариуцлага хүлээлгэжээ. /хх-ийн 1-14 дүгээр тал/
3.2. Дээрх тогтоолд дурдсан өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хууль болон гэрээнд заасан үндэслэлд хамаарах эсэх асуудлаар талууд маргасан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулна.
4.1. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт “үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авах” гэж заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хууль болон гэрээнд заасан сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж хариуцагч байгууллага тайлбарласан.
Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч тухайн зөрчил тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
Хариуцагч байгууллага нь ажил олгогчийн хувьд ажилтныг сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулах боловч уг ажиллагааг хийгээгүй байх ба ажилтанд холбогдуулан гаргасан иргэн *******ын гомдлыг шалгуулахаар *******нд шилжүүлжээ.
Хэргийн 12-14 дүгээр талд авагдсан *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор ******* нь иргэн *******аас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөгийг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, хохирлын төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тусгай дансанд байршуулаагүй, өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсанаас хойш хуулийн хугацаанд хохирлын төлбөрийг хохирогч талд шилжүүлэн өгөөгүй нь өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх тогтоолоор нэхэмжлэгчийг өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах, буцаан өгөх талаарх журмыг зөрчсөн гэж үзжээ.
Иймээс иргэн *******аас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр хэлбэрээр авсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээр дурдсан улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хууль болон гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
5. Ажил олгогч нь тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хууль болон гэрээнд заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг тогтоож чадаагүй байх тул уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцэхгүй. Иймд ажилтныг урьд эрхэлж байсан улсын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн тогтооно.
6. Ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 227,445 төгрөг /4,594,365 + 4,880,365 + 4,854,365 = 14,329,095 : 3 =4,776,365 : 21 = 227,445/, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 111 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 25,246,395 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн уг үнийн дүнгээс зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.
7. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/104, А/83, 88 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Улсын өмгөөлөгч болон улсын өмгөөлөгчийн туслахад ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 3.1-т “Хөдөлмөрийн гэрээний биелэлт нь “Хангалттай” түвшинд үнэлэгдсэн”, 3.2-т “Ёс зүйн зөрчилгүй, хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй байх” гэж заасан шалгуурыг харгалзан ур чадварын нэмэгдэл олгохоор заажээ.
Нэхэмжлэгч нь *******ны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоолоор ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, түүнчлэн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг “хангалттай” түвшинд үнэлсэн талаарх баримтгүй байх тул дээрх нийтлэг шалгуурыг хангаагүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс үр дүнгийн урамшуулалд 3,995,100 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.
8. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орохоос гадна баримталсан хуулийн зохицуулалт оновчгүй болсныг залруулж, энэ хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05289 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г *******ийн ******* аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25,246,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг дүнгээс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг *******-т даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 3,995,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 284,182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА