Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01613

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/05877 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******т холбогдох 

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ******* гэх хүний ******* гэх хаягаас *******сайтад тавьсан “2015 онд үйлдвэрлэгдсэн, 94,085 км гүйлттэй, бүх үйлчилгээ хийгдсэн, унаад явахад бэлэн, маш сайн тэрэг зарна” гэх зарын дагуу Ford explorer автомашиныг худалдан авсан боловч кропноос сальник гоожсон доголдол илэрсэн, уг доголдлыг маргааш нь мэдэгдэж засуулахаар 2-3 удаа засварын газар хамт очиж байсан боловч зориулалтын дагуу ашиглахад доголдолтой хэвээр байгаа нь *******-ийн оношилгоо, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдоно.

1.2. Тус тээврийн хэрэгслийг худалдахдаа Солонгос улсаас 94,085 км гүйлттэй орж ирсэн гэж зар тавьж, мөн уулзахад адил зүйл хэлж байсан. Гэвч тээврийн хэрэгслийн гаалийн бичигтэй хамт өгсөн Солонгос хэл дээрх автомашины бүртгэлийн гэрчилгээг орчуулгын товчоогоор орчуулуулахад хамгийн сүүлийн байдлаар 2023.03.23-ны өдрийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн тэмдэглэлд явсан км-ийн заалтыг 133,000 км гэж тэмдэглэсэн байна. ******* нь худалдан авагчийг хууран мэхэлж 133,000 км явсан, доголдолтой тээврийн хэрэгслийг ямар ч доголдолгүй гэж худалдсан байна.

1.3. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчид цоо шинэ 0 км-тэй автомашиныг борлуулаагүй ба үүнийг нэхэмжлэгч ойлгон ухамсарлаж, өөрөө гарах асуудлыг хариуцна хэмээн 4,000,000 төгрөг буцаан авч, улсын дугаар авч 3 сарын хугацаанд ашигласны дараа үндэслэлгүй шаардлага тавьж байна, мөн тухайн үед жижиг доголдлыг арилгаж өгсөн.

2.2. Автомашиныг “доголдолтой” гэж нуусан зүйл байхгүй. Автомашин худалдах, худалдан авах явцад автомашины мэдээлэл, техникийн байдал, оношилгоонд хамрагдсан, 94,085 км явсан мэдээллийг бүрэн өгч, Монголд орж ирсэн, гаальтай улсын дугаар аваагүй  автомашин байсан.

2.3. Хэдий ямар цаг хугацаанд доголдол гарсныг хэлэх боломжгүй гэх шүүх шинжилгээний тогтоол гарсан учир хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй доголдол байх магадлалтай. Бид энэ цаг хугацаанд тэдний хүсэлтээр өөрсдийн зардлаар текник үйлчилгээг бүрэн хийж өгсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2024 оны 06 сарын 22-ны өдрийн “Худалдах, худалдах авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч *******оос 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй автомашины доголдлын талаарх талуудын тохиролцсон нөхцөл байдлыг Иргэний хуулийн 59.1 дэх хэсэгт заасан хуурч мэхэлсэн үйлдэл болон мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт заасан нуун дарагдуулсан байна хэмээн бодит нөхцөл байдлаас өөрөөр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нийцүүлэн шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөхдөө дээрх худал хуурсан гэх анхан шатны үйл баримтыг огт дурдаггүй бөгөөд тухайн үйл баримттай маргадаггүй доголдлоо хэн хэн нь ярилцаад шийдвэрлэсэн байхад шинээр өөрчилсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “...50 км-ээс дээш явахаар салганаад чичирээд байгаа гэх явах эд ангийн эвдрэлээ одоо хүртэл доголдолтой байгаа нь *******-ийн оношлогоо, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна хэмээн маргаж үүнийгээ хуурч мэхэлсэн хэлцэл хийсэн гэж шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх үүн дээр няцаалт хийсэн хариуцагч талын няцаалт болох нэхэмжлэгч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буюу тухайн хөдлөх хөрөнгийг хүлээж аваад 400 км явсны дараа энэ доголдлыг гаргасан гэж үзэж байна, өөрөөр хэлбэл энэ гэрээ цуцлах болох тухайн үед авахад байгаагүй, нэхэмжлэгч өөрөө авснаас хойш 400 км ашиглахдаа үүсгэсэн доголдол тул бид хариуцахгүй хэмээн үзсэн хариуцагчийн татгалзал, үйл баримт шинжээчийн дүгнэлт зэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь хэргийг хэтэрхий нэг талд шийдсэн буюу анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий болон хууль ёсны байх, хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ хэргийн бодит 1 байдал, нөхцөл байдалд үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө километрийн зөрүү болон доголдлын талаар бичсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий тээврийн хэрэгслийг доголдолтой байсан талаар, явсан километрийн зөрүүтэй байсан зэрэг бүх асуудлыг тусгаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь тээврийн хэрэгсэл борлуулсан этгээд болох *******г гэрчээр дуудуулах хүсэлт гаргаж улмаар ******* нь гэрчээр оролцсон бөгөөд маргаан бүхий тээврийн хэрэгслийг эвдрэл, гэмтэлтэй байсан талаар мэдүүлдэг. Хариуцагч давж заалдах гомдолдоо тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл зүгээр болсон талаар нэхэмжлэгч хэлсэн гэж дурдсан. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн доголдол арилаагүй. Хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан бөгөөд тус тэмдэглэлд “тос, масло гоожиж байгаа юу” гэхэд нэхэмжлэгч “хөдөө явж үзээгүй учраас мэдэхгүй байна, од*******н байдлаар гоожсон зүйл харагдахгүй байна” гэж ярьсан байдаг. Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад хариуцагч худал тайлбар гаргаж  байна.

Хариуцагч гомдолдоо “тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 300 км унасан байх бөгөөд өөрөө эвдэлсэн” гэж ярьдаг боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хэрэгцээнд нэг ч удаа унаагүй ба засварын газар очих, гэрчилгээ авахад унасан зэргээр ашигласан үйл баримт хэрэгт авагдсан. Хариуцагч зар байршуулахдаа маргаан бүхий тээврийн хэрэгслийг ямар нэгэн асуудалгүй гэж тавьсан хэдий ч 24 цаг болоогүй байхад эвдэрсэн. Анхан шатны шүүх хуралдааны асуулт хариултын явцад энэ талаар хариуцагч мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлт өгөхөд шүүх татгалзсан учраас *******-д тухайн тээврийн хэрэгслийг оношлуулсан. Талууд мотор задлуулахгүй гэх утгатай хүсэлт бичиж өгсөн болохоос биш мотор асуудалгүй, хүлээн зөвшөөрч байна гэх агуулгын талаар ярьж байгаагүй. Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээнд 3 сарын баталгааны хуудас өгсөн. Тус гэрээг байгуулахад нотариат дээр байсан бэлэн гэрээнд баталгааны хугацаа байгаагүй учир ******* хариуцагчийг явсны дараа өөрийн гараар бичиж өгсөн. Шинэ тээврийн хэрэгсэл худалдаж аваагүй талаар нэхэмжлэгч мэдэж байгаа бөгөөд эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зарж борлуулсан явдлыг хууран мэхэлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч нь “...2015 онд үйлдвэрлэгдсэн, 94,085 км гүйлттэй, бүх үйлчилгээ хийгдсэн, унаад явахад бэлэн, маш сайн тэрэг зарна” гэсэн зарын дагуу Ford explorer автомашиныг худалдан авсан боловч тухайн автомашин нь 133,000 км явсан, кропноос сальник гоожих, 50 км-ээс дээш хурдтай явахаар чичирч салгалах зэрэг доголдолтой байсан, сальникийг солиулсан боловч доголдолтой хэвээр байгаа гэх үндэслэлээр гэрээг цуцалж, автомашины үнэ болон гарсан зардал нийт 61,185,536 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...доголдлыг засварлуулсан боловч зориулалтын дагуу ашиглахад доголдолтой хэвээр байгаа нь *******-ийн оношилгоо, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, 133,000 км явсан автомашиныг 94,085 км явсан гэж худалдсан зэрэг нь хуурч мэхэлсэн үйлдэл гэх агуулгаар тайлбарлаж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /хх-ийн 1-2, 123 дугаар тал/

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу өөрийн зардлаар жижиг доголдлыг засварлуулж өгсөн, шинжээчийн дүгнэлтэд дурдсан доголдол хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй байх магадлалтай, автомашины мэдээлэл, техникийн байдлын талаарх мэдээллийг бүрэн өгсөн, нуун дарагдуулсан зүйл байхгүй гэж татгалзлаа тайлбарласан.

Талуудын тайлбараас үзэхэд автомашины доголдол засварлагдсан эсэх, энэ нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаах үндэслэл болж байгаа эсэх эсвэл гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаад байгаа эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл, гэрээнээс татгалзсанаас /цуцлах/ үүсэх эрх зүйн үр дагавар нь адил боловч тухайн үр дагаварт хүрэх эрх зүйн үндэслэлийн хувьд ялгаатай тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байснаар талууд тухайн хүрээнд бүрэн мэтгэлцэж, ингэснээр маргааны үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.  

Хэрэв талууд хууран мэхэлж хэлцэл хийсэн эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд уг хэлцлийн субъектив санаа зорилго тогтоогдсон байх, харин хариуцагчийн засварласан гэх гэмтэл бүрэн засварлагдсан эсэх асуудлаар маргаж байгаа бол тухайн маргаж буй нөхцөл байдал нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байх учиртай. 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж байгаагийн хувьд талуудыг мэтгэлцээнд чиглүүлж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй, ийнхүү тодруулснаар маргааны үйл баримт тодорхой болж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхой болно.

3.2. Түүнчлэн, хэргийн 103-104 дүгээр талд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд “...хөтлөх булны хамгаалалтын резин битүүмж алдсан, баруун урд дугуйн бул сул явалт үүсч, дуу орсон, ...гэмтлүүдтэй байна.” гэжээ. Эдгээр гэмтлүүд нь хариуцагчийн засварласан гэх хагас голноос тос гоожсон /сальник солиулсан/ гэмтэлтэй холбоотой эсэх, эсвэл хариуцагчийн тайлбарт дурдсанаар ашиглалтын явцад үүсэх боломжтой эсэх нь тодорхойгүй байх ба энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйтэй холбоотой гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөс хойш илэрсэн гэх гэмтлийг хариуцагч бүрэн засварлуулсан эсэх асуудлаар талууд маргаж байгаа тохиолдолд дээрх тодорхой бус нөхцөл байдлыг тусгай мэдлэг бүхий этгээдээс тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байж болохоор байна.

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/05877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Т.ГАНДИЙМАА