Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1469

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч, хохирогч Д.Б ,

Шүүгдэгч, хохирогч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б , М.Э нарт холбогдох эрүүгийн 1806 10072 1804 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

         1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сум, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус заасан ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Д.Б .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй. ХХК-нд талбайн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, М.Э .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Б , М.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дуүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн” буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Гомдол санал байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч М.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Гомдол санал байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Б ын өгсөн мэдүүлэг /хх-7/, хохирогч М.Э өгсөн мэдүүлэг /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 489, 594 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-20, 21/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-26, 32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.Б , М.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дуүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн” буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б ын өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино Үйлдвэрийн автобусны буудлын хойд талд байрлах “Дэн” буудалд 22:00 цагийн үед ах Оюун-Эрдэнэтэй тус буудлын 11 тоот өрөөнд уулзахаар очоод байж байтал ахтй хамт байсан Мөнхжин гэх эмэгтэй өрөөнөөс гараад явсан. Тэгээд удалгүй манай найз Отгонбат манай найз охин Болороотой хамт орж ирээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал Мөнхжин гэх эмэгтэй нөхөртэйгөө орж ирсэн. Тэгтэл нөхөр нь 2-3 удаа нүүр рүү цохьсон. Тэгээд эхнэрээ “хар гичий минь” гээд аваад гарсан гарангуут нь буудлын өрөөний хаалгыг түгжээд байж байтал хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөөгүй. Тэгтэл буудлын өрөөний хаалгыг эвдэж орж ирээд намайг дахиад эвдэрсэн хаалганы модоор миний нүүр толгой хэсэг рүү цохьсон. Тэр үед би тэр эрэгтэйг 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохьсон.” /хх-7-8, 9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Э өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны оройн 23 цагийн орчимд ажил дээрээ байж байтал манай эхнэр Мөнхжин над руу залгаад “хаана байна” гэхээр нь би “ажил дээрээ байна, чи хаана байна” гэсэн. Тэгтэл өөр хүн утсаар нь “чи хэн бэ, хүрээд ир” гээд утсыг нь тасалсан. Тэгэхээр нь би байгаа газар нь очоод утас руу залгахад холбогдохгүй байснаа эргэж залгаад байгаа газраа хэлсэн. Би “Дэн” буудлын 11 тоот өрөөнд ортол манай эхнэр 4 -н залуу 1 хүүхний хамтаар бүгд согтуу байсан. Тэгэхээр нь би эхнэр Мөнхжинд уурласан. Тэр үед хажуу талаас нэг үл таних залуу согтуурхаад над руу дайрсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдсон.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхжингийн өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз Оюун-Эрдэнэ, Мөнгөншагай, Отгоо, Болдбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн” буудлын 11 тоотод архи ууж байсан. Мөнгөншагай тасраад унтсан. Отгоо нь хүнтэй утсаар яриад гараад явсан байсан. Оюун-Эрдэнэ, Болдбаатар нарын хамт би үлдсэн байсан. Намайг тэр хоёр гаргахгүй байсан. Мөн миний утсыг нуугаад байсан. Би буудалд байхдаа нөхөртэйгээ удаа дараа ярьсан боловч буудлаа зааж өгөөгүй. Би буудлын үүдэнд гарахад манай нөхөр ирсэн зогсож байгаад намайг хараад “чи хэнтэй байсан” гээд буудал руу дагуулаад орсон. Миний байсан өрөө рүү орох гэтэл Болдбаатар миний нүүр рүү түлхээд “одоо гичий минь зайл” гэсэн. Манай нөхөр орох гэтэл Болбаатар хаалгаа цоожилсон байсан. Манай нөхөр уурлаад буудлын хаалгыг цөм өшиглөөд орсон. Манай нөхөр Болдбаатар хоёр заамдалцаад хоорондоо хэрэлдэж байгаад зодолдсон.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №489 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Б ын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулгаралт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №594 дугаартай дүгнэлтэд:

1. М.Э биед дагз, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-21/ гэх дүгнэлт,

 

        Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-26, 32/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Б , М.Э нарын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дуүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн” буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч, хохирогч нар харилцан эвлэрч гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч М.Э хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Мөн шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 

 

Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Б  нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд уг гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар түүний ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Б т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл

байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгч Д.Б , М.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Б , М.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б , М.Э нарыг тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Э нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Д.Б т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Д.Б т оногдуулсан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Д.Б т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б , М.Э нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС