| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0528/И |
| Дугаар | 475 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 475
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 тоотод байрлах “Мобиком корпораци” ХХК /РД:2072572 /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 4 дугаар 18 тоотод оршин суух Боржигон овгийн Шинэнгийн Лхамгарав /РД:ВГ79122211, утас:88020042, 80406616 /-т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.439.313 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш.Лхамгарав нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23239109 тоот гэрээ байгуулан “99025149” дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн IPHONE гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан IPHONE 5S 16 GB гар утасыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. З.Лхамгарав нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан болно. Иймд Ш.Лхамгараваас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1.439.313 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Лхамгарав шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК, хариуцагч Ш.Лхамгараваас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.439.313 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун арван гурав/ төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Ш.Лхамгарав нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үүрэн холбооны дараа төлбөрт iphone 5S маркийн гар утсыг зээлээр худалдан авч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй үйл баримтын талаар маргаагүй. 1.439.313 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун арван гурав/ төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.979 /гучин долоон мянга есөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн татварын хэлтсийн Хаан банкин дахь 5749909359 тоот данснаас 18.989 /арван найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг, хариуцагч З.Лхамгараваас 18.989 /арван найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК-ийн хариуцагч Боржигон овгийн Шинэнгийн Лхамгарав /РД:ВГ79122211/-аас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.439.313 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга гурван зуун арван гурав/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ш.Лхамгарав зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.979 /гучин долоон мянга есөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлого болгож, Налайх дүүргийн татварын хэлтсийн Хаан банкин дахь 5749909359 тоот данснаас 18.989 /арван найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг, хариуцагч Ш.Лхамгараваас 18.989 /арван найман мянга есөн зуун наян ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ