Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01667

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05587 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******-ийн  нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 95,718,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 269 дүгээр тогтоолоор ******* татан буугдаж, хөрөнгө, өр, авлагыг ******* нь эрх залгамжлан авсан. Хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Үр-Хэ/2021/01 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, Б/Үр-Хэ/2021-01 дугаар “Барьцааны гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Үр/22-105-04 дугаар “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”, Үр/22-105-04 дугаар “Барьцааны гэрээ”, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Овъёос22/105-06 дугаар “Овъёосны үр худалдах, худалдан авах гэрээ”, 22/105-06 дугаар “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан.

1.2. Хариуцагч нь Үр-Хэ/2021/01 дугаар гэрээний үүрэгт 13,650,000 төгрөг, Үр/22-105-04 дугаар гэрээний үүрэгт 41,790,000 төгрөг, Овъёос22/105-06 дугаар гэрээний үүрэгт 8,372,000 төгрөг нийт 63,812,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

1.3. Гэрээнд заасны дагуу алдангийг 50 хувиар тооцож 31,906,000 төгрөгийн алданги, гэрээний үүрэгт 63,812,000 төгрөг нийт 95,718,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******тай 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эцсийн байдлаар тооцоо нийлэхэд 50,162,000 төгрөгийн төлбөр тооцоо байгааг гарын үсэг, тамгаар баталгаажуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбоотойгоор уг тооцоогоо барьж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргавал манайхаас маргаан байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдэлд хариуцагч компани гарын үсэг зураагүй, тамга дараагүй учир тооцоо нийлсэн акт гэж үзэхгүй, алданги тооцсоныг зөвшөөрөхгүй.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийг дордуулсан, хуульд нийцээгүй, гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөнөөс гадна, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдсэн ажил нь үндэсний тариалан эрхлэгч нарт дэмжлэг болоогүй, дарамт учруулсан ажиллагаа болсон. Төслийн жилд ган ихтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдалтай ажиллаж төлбөр төлж чадахгүйд хүрсэн. Иймд алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.3. Хөдөө аж ахуйн сангаас гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт мөнгөөр эсвэл хүнсний үрийн улаанбуудайгаар төлнө гэж заасан. Манай зүгээс улаанбуудайгаар төлөх ашиг сонирхолтой байсан. Мөнгөөр төлөх сонирхол анхнаасаа байгаагүй. ******* нь санхүүгийн хувьд маш хүнд нөхцөл байдал үүссэн, дампуурлын хэмжээнд хүрсэн, ашигтай байх үндсэн нөхцөлийг гол зорилгоо болгож ажилласан боловч энэ төслөөс алдагдалтай ажилласан. Иймд гэрээний хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 95,718,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******гэх газарт байршилтай, 457.2 га талбайтай, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ******* дугаартай эзэмшил газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 706,740 төгрөгийг гаргуулан ******* дахь ******* дугаар дансанд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 45,556,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19 тоот “Тодорхойлолт”-ыг үндэслэж шаардах эрхээ хэрэгжүүлж буй нь үндэслэлгүй хэмээн маргасан. Тодорхойлолтыг нэхэмжлэгч байгууллага дан ганцаараа тодорхойлсон нь тооцоо нийлсэн акт гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Учир нь талууд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар тооцооны үлдэгдлийг 50,162,000 төгрөг байхаар харилцан тохиролцож тамга гарын үсгээрээ баталгаажуулсан. Үүнийг тооцоо нийлсэн акт хэмээн хүлээн зөвшөөрч маргасан. Шүүх нь маргааны үйл баримт болон талуудын тайлбар татгалзлыг нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэлгүй хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

4.2. Хариуцагч нь алдангиас чөлөөлүүлэх талаар давагдашгүй хүчний нөлөөгөөс үүдэж гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй талаар маргадаг. Гэрээний стандарт нөхцөл зөрчигдсөн, Иргэний хуулийг дордуулсан нөхцөлөөр гэрээ байгуулсан талаар тайлбарлаж маргадаг. Шүүхээс давагдашгүй хүчний нөлөөгөөс үүдэж гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан талаар шийдвэрээ гаргахдаа харгалзаж үзээгүй. Мөн хариуцагч нь татварын албаны тодорхойлолт болон санхүүгийн тайлангаа шүүхэд нотлох баримтаар хүргүүлж шүүх хуралд оролцсон боловч шүүхээс хариуцагч байгууллагын санхүүгийн чадамж болон бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй шийдвэрээ гаргасан.

4.3. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэгчийн эрхийг тодруулахгүйгээр шүүх хуралдаанд оролцуулж, шүүхийн шийдвэр гаргаж буй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гарч байгаа талаар тайлбарлан маргадаг.

*******-ийн ******* нь шүүхэд анх нэхэмжлэл гаргаж өгсөн. Мөн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, мэтгэлцэж оролцсон. Шүүхээс шүүх хуралдааныг нээж шүүх хуралдааны үндсэн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэргийн оролцогч нарын бүрэн эрх, итгэмжлэлийг тодруулсны үндсэн дээр дараагийн ажиллагааг явуулах ёстой байсан боловч илэрхий хуулийг илтэд зөрчсөн итгэмжлэлтэй, хуулийн холбогдох зүйл заалтыг нь тусгаагүй төлөөлөх эрхгүй этгээдийн тайлбар мэдүүлэгт үндэслэж шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн байх үндсэн шаардлагуудыг хангаагүй шийдвэр гаргасан. Хариуцагч нь *******-тай гэрээ байгуулаагүй, гэрээний үүргийг *******-ийн зүгээс шаардах эрхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр болон гомдолд тусгагдаагүй боловч тус хэрэг маргаантай холбоотой бүхий л асуудлаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал давагдашгүй хүчин зүйлийн талаар дурдсан боловч хавтас хэрэгт энэ талаар нэг ч нотлох баримт авагдаагүй. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлд өртсөн талаар гэрчилгээ олгогдоогүй. Хариуцагч тал 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн актыг 50,162,000 төгрөгийн тооцоо гарсан гэж тайлбарладаг боловч 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш өр нэмэгдээд явж байгаа учраас сүүлд дахин тооцоо нийлсэн акт үйлдсэн.

5.2. Итгэмжлэлийг хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж гомдолд дурдсан боловч хуульд заасны дагуу итгэмжлэл олгоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдаан болохоос өмнө биеийн байцаалтыг шалгаж итгэмжлэл хуульд нийцсэн эсэхийг шүүгч шалгаж, асуугаад талууд ямар нэгэн хүсэлт, санал байхгүй гэсэн учраас шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 63,812,000 төгрөг, алданги 31,906,000 төгрөг нийт 95,718,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь Хөдөө аж ахуйн сантай 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Үр-Хэ/2021/01 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр 19,500,000 төгрөгийн үнэ бүхий буудай авч, урьдчилгаа төлбөрт 5,850,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 13,650,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр эсвэл хүнсний үрийн улаан буудайгаар төлөх,

мөн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Үр/22-105-04 дугаартай “Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ”-ээр 59,700,000 төгрөгийн буудай авах, урьдчилгаа төлбөр 17,910,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 41,790,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр эсвэл хүнсний үрийн улаан буудайгаар төлөх,

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Овъёосны үр худалдах, худалдан авах гэрээ”-ээр 11,960,000 төгрөгийн овъёосны үр авах, урьдчилгаа төлбөр 3,588,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,372,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр эсвэл хүнсний үрийн улаан буудайгаар төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 23-26, 47-48, 54-55 дугаар тал/

3.2. Түүнчлэн, дээрх 3 гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд гэрээ тус бүрээр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр *******-ийн эзэмших эрхэд бүртгэлтэй, ******* гэх газарт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 457.2 га талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалжээ. /хх-ийн 26-28, 49-50, 56-57 дугаар тал /

3.3. Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөрт нийт 27,348,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй, харин гэрээ хүчин төгөлдөр эсэх, төлбөрийн үлдэгдлийн хэмжээ, алданги төлөх эсэх асуудлаар маргасан.  

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон шаардах эрх шилжсэн талаар зөв дүгнэсэн боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн. 

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор *******г татан буулгаж, эд хөрөнгийн эрхийг *******-д шилжүүлснээр нэхэмжлэгч нь тус сангийн байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.2. Дээрх гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй явдалд байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх агуулга бүхий зохицуулалтыг тусгаагүй нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүйгээс гадна гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.  

Өөрөөр хэлбэл, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчээс хамааралгүй, түүнээс шалтгаалаагүй буюу байгалийн хүчин зүйл нөлөөлсөн бол үүсэх үр дагаврын талаар хуулиар зохицуулсан тул гэрээний стандарт нөхцөлд хамаарахгүй, мөн дээрх нөхцөлийг гэрээнд тусгаагүй нь үүрэг гүйцэтгэгчийн эрхийг дордуулсан үндэслэл болохгүй тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй юм.   

Иймд талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв бөгөөд уг гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. 

4.3. Хэргийн 23, 47, 54 дүгээр талд авагдсан 2021.04.26, 2022.04.25, 2022.05.12-ны өдрүүдийн зөвшөөрлийн хуудас гэх баримтуудад хариуцагчийн 3 гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийг 27,348,000 төгрөг, үлдэгдэл төлбөр нийт 63,812,000 төгрөг гэжээ. 

Мөн талууд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж, *******-ийг нийт 50,162,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталж, талууд гарын үсэг зурж, нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажуулжээ. /хх-ийн 110 дугаар тал/

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл цаг хугацааны хувьд тооцоо нийлсэн актыг сүүлд үйлдсэн байх ба тус акт нь харилцагч байгууллагуудын хооронд ажил, гүйлгээ гарсныг нотолдог санхүүгийн анхан шатны баримт бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар дээрх актад тусгасан сүүлийн хугацаанаас өмнөх өр төлбөрийг төлөгдсөн гэж үзэх тул 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 50,162,000 төгрөг гэж тогтооно.

Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн баримтгүй байхад талуудын маргаагүй үйл баримт болох хариуцагчийн урьдчилгаа төлбөр төлсөн 2021 оны 4 дүгээр сарын 28, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрүүдийн баримтыг /хх-ийн 29, 58/ үндэслэн нэхэмжлэгч байгууллагын тооцооллыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.         

4.4. Талуудын байгуулсан 3 гэрээний 5.2-т гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллага нь гантай буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр алдагдалтай ажиллаж, санхүүгийн чадамжгүй болсон үндэслэлээр алдангийн хариуцлагаас чөлөөлүүлнэ гэж тайлбарладаг боловч санхүүгийн бэрхшээлтэй болсон нь байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх татвар болон санхүүгийн тайлантай холбогдох баримтуудыг харгалзан үзээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

Иймд анхан шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн дүнийн дүнгээс алданги тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцож, алданги 25,081,000 төгрөг болж байна. 

5. Дээрхийг нэгтгэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний үндсэн үүрэгт 50,162,000 төгрөг, алданги 25,081,000 төгрөг нийт 75,243,000 төгрөг төлөх үүрэгтэй, нэхэмжлэлээс үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгоно. 

6. Талуудын байгуулсан газар эзэмших эрх барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, сумын газрын даамалд бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгэх шаардлагыг хангасан байх тул гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.  Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан дараах гомдлыг  хангахгүй орхино. Үүнд:

7.1. Хариуцагч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж гомдол гаргасан, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр тайлбар гаргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй боловч нэхэмжлэгч байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******-д олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх ба тус итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс ******* нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцжээ.  

Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар итгэмжлэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хэлцэл бөгөөд уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаас бусад этгээд төлөөлөгч байж болно. Иймд дээрх үндэслэлээр итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, төлөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

8. Анхан шатны шүүх алданги шаардах эрхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг хассан өөрчлөлт оруулна.

Мөн нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 75,243,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,475,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “...706,740” гэснийг “604,365” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.ГАНДИЙМАА