| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 125/2025/0016/З |
| Дугаар | 001/ХТ2026/0010 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2026/0010
“Б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн:Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 125/ШШ2025/0028 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0566 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0555 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц- нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“Б***” ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “... Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А*** дүгээр захирамжийн “Б***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/*** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/*** дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 267 дугаар тогтоолыг үндэслэн “Б***” ХХК-д Б*** баг Шинэ суурьшлын бүсэд байрлах 0,6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
2.2.“Б***” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/*** дугаар захирамжаар “... газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр хүчингүй болгосныг тус компанийн нэхэмжлэлээр маргаан үүсэж, анхан шатны шүүхийн шийдвэрээр захирамжийг хүчингүй болгож, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.3.Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68/*** дугаар албан шаардлагаар “... шинээр газар олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр 211 нэгж талбар, 14053.1 га газар олгосон зөрчил илэрсэн тул Газрын тухай хуулийн газар ашиглах гэрээг дүгнэж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг ирүүлэх, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах”-ыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан байна.
2.4.Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А*** дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/*** дугаар албан шаардлагыг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасныг зөрчиж “төсөл сонгон шалгаруулалт”-аар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр, ... захирамжуудыг хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч Засаг дарга нь биелүүлэхгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А*** дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дахин хүчингүй болгосонд гомдолтой. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй. Манай компани мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлээгүй, хоршоо биш, харин тухайн газрыг орон сууц барих зориулалтаар эзэмшсэн. Ховд аймгийн Засаг даргын 2025 оны А*** дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Тухайн компанид орон сууцны зориулалтаар газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд уг газрыг дуудлага худалдааны зарчмаар олгоогүй нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчсөн. Хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгосон, захиргааны шийдвэр гаргахтай холбоотой тайлбар саналаа ирүүлэх талаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/*** дугаар албан бичгээр, сонсох ажиллагааг байгууллагын facebook хуудсаар тус тус мэдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 125/ШШ2025/0028 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“Б***” ХХК-д эзэмшүүлсэн Шинэ суурьшлын бүсэд байрлах нийт 0.6 га газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна, ... төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу тусгай нөхцөлтэйгөөр эзэмшүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй тул маргаан бүхий захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар “Б***” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.
5.2.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т зааснаар Засаг дарга хуульд нийцээгүй захирамжаа хүчингүй болгох эрхтэй.
5.3.Хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааг зөрчөөгүй.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0566 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“ ... шинэ суурьшлын бүс бий болгож “шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгөөр” хийж, орон сууцны зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр сонгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ... төсөл, хөтөлбөрт зориулж олгон гэж заасныг зөрчөөгүй.
7.2.Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга өөрийн гаргасан 2023 оны 07 сарын 21-ний өдрийн А/*** дугаартай захирамжаар “Б***” ХХК-ийн эзэмшлийн А/*** дугаартай газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохдоо анхнаасаа газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчиж олгосон гэж үзээгүй, харин нэхэмжлэгч “Б***” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж хүчингүй болгосон тул нэхэмжлэл гаргаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 125/ШШ2024/0042 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
7.2.1.Гэтэл хариуцагч дахин Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А*** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасныг зөрчиж “төсөл сонгон шалгаруулалт”-аар газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үүнийг анхаараагүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалаагүйд гомдолтой байна.
7.3.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, зөрчсөн бол хүчингүй болгож” гэж заасан урьдчилсан нөхцөлийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа өөрөө тогтоосон байх ёстой. Өөрөөр хэлбэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68/*** дугаар албан шаардлагад дурдсан хуулийн зөрчил нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох үед гараагүй болохыг хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нягталж шалгаагүй. Орон сууц барих төсөл нь бүхэлдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхгүй боловч орон сууцны хамгийн гол дэд бүтэц болох инженерийн шугам сүлжээг /шинэ суурьшлын бүс/ улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн, мөн нийтийн зориулалттай орон сууцны барилга бариулах зориулалтаар олгосон газрыг тухайн газар эзэмшигч өөрийн эзэмшилд байнга байлгаж ашиглаж эзэмших эрх хэрэгжүүлэхгүй, барилга болон холбогдох норм журамд заасны дагуу орчны тохижилтын хамт барилгыг барьж ашиглалтад оруулсны дараа нийтийн эзэмшилд үлдээж, газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгч иргэд болон Сууц өмчлөгчдийн холбоо хэрэгжүүлдэг онцлогтой холбоотой нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хямд орон сууцаар хангах газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь Хурлын бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчөөгүй шийдвэр юм.
7.4.Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан 2 дугаар хавсралтын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2.1.3 төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон тусгай бүс, чөлөөт бүс, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байх” гэж зааснаар хариуцагч Засаг дарга нь төлөвлөгөөнд тусгасан аргаар газрыг эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 13-ны өдрийн А*** дугаартай “захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцээгүй.
7.5. ... Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах , 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчимд нийцэхгүй байна.
7.5.1.Анхан болон давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүнийг баталсан иргэдийн хурлын тогтоол зэргийг үнэлээгүйгээс нэхэмжлэгч “Б***” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.
7.5.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг Ховд аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан 2020 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хуульд нийцнэ” гэх агуулгаар хариуцагчийн алдаатай захиргааны актыг зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Маргаан бүхий акт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, түүний үр дагаврыг шийдвэрлээгүй байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
8.Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний 125/ШШ2025/0028 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 221/МА2025/0566 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
9.Хариуцагчаас нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
10.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0555 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
10. Хяналтын шатны шүүхээс маргаан бүхий актыг дахин шинээр гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
11.Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/*** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “... Б*** багийн Шинэ суурьшлын бүсэд (шугам сүлжээ улсын төсвөөр хийгдэж байгаа) 4.4 га газрыг Орон сууц (Залуус хотхон) зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтын хэлбэр”-ээр олгохоор нэмж төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/28 дугаар захирамжаар зарлаж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад “Б***” ХХК оролцож, шалгарснаар “Б***” багийн “Шинэ суурьшлын бүс”-д байрлах 0.6 га газрыг “орон сууцны” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн 1.4 дэх хэсгээр шийдвэрлэж; иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 08401-2020/*** дугаар гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулжээ.
12.Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А*** дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/*** тоот албан шаардлагыг тус тус үндэслэн “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон дээрх газар (хавсралтын 3 дугаарт) мөн багтжээ.
13.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заасан.
14.Хариуцагч албан тушаалтны 2020 оны А/*** дүгээр захирамжаар ... Б*** багийн Шинэ суурьшлын бүсэд байрлах 0.6 га газрыг “орон сууцны” зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны зарчмаар олгох газарт хамаарч байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “... төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
15.Гэсэн хэдий ч энэ нь захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой буюу хариуцагч анх 2020 оны А/*** дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 9/*** дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн маргаан бүхий газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын хэлбэрээр газрын төлбөр төлүүлэх замаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон зэрэг нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг бий болгосон байна.
16.Мөн хариуцагчаас маргаан бүхий 2025 оны А*** дүгээр захирамжаар “нэхэмжлэгчид олгосон газар нь төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох журмыг зөрчиж, дуудлага худалдаа явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтын зарчимд нийцээгүй.
17.Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах, уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй (эсхүл өөрчлөх) болгох эрхтэй боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шаардлагыг хангах үүрэгтэй.
18.Засаг даргын 2020 оны А/*** дүгээр захирамж нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд “газар эзэмших эрх” үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий акт тул захиргаа түүнийг шууд хүчингүй болгохоос өмнө тус хуулийн этгээдээс шалтгаалаагүй нөхцөл байдалд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, нэхэмжлэгчийн эрхийг хамгийн бага хөндөх замаар тухайн зөрчлийг арилгах боломжит хувилбарууд байгаа эсэхийг тодруулах ёстой. Ингэхдээ хуульд нийцүүлсэн шийдвэр гаргах, зорилгодоо хүрэх сонгох боломжоос зөвийг ашиглах, тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллага өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу хууль ёсны итгэл үүсэж үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатай байх (пропорциональ) зарчмыг баримталсан шийдвэрийн боломжит хувилбарыг хэрэгжүүлэх байжээ.
19.Маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 68/*** тоот албан шаардлагад “... Газрын тухай хуулийн дагуу ... зөрчлийг арилгах арга хэмжээ авч, биелэлтийг .... ирүүлэх, ... хавсралтаар “Шинэ суурьшлын бүсэд төсөл сонгон шалгаруулж олгосон газар ... дуудлага худалдааны үнэ 21,600,000” гэж тусгасан.
20.Дээрхээс үзэхэд, төлөвлөгөөнд туссан маргаан бүхий газрын зориулалт (орон сууц) өөрчлөгдөөгүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн маргаан бүхий газарт дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх замаар тус шаардлагад дурдсан зөрчлийг арилгаж, өмнөх шийдвэрийн алдааг засаж залруулах боломжтой бөгөөд энэ нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэнд хамаарна.
21.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2026/0002[1], 001/ХТ2026/0004[2] дугаар тогтоолуудаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зохицуулалтын хууль зүйн агуулгыг тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарна.
22.Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас энэ тогтоолын 18-д зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Б***” ХХК-д холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
23.Энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинээр акт гаргах зургаан сарын хугацааг тоолж эхлэх бөгөөд хариуцагч Засаг дарга зургаан сарын дотор дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгч хуулийн этгээдээр төлүүлэх замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 125/ШШ2025/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0566 дугаар магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Б***” ХХК-д холбогдох хэсгийг 6 (зургаан) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч “Б***” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон тус тус өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР
[1] “З” ХХК ба Ховд аймгийн Засаг дарга, 125/2025/0021/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2026/0002
[2] “Б” ХХК ба Ховд аймгийн Засаг дарга, 125/2025/0022/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2026/0004