Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 14

 

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 226/МА2016/00014
    


Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Н.Ундрахад
холбогдох иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан, хариуцагч Н.Ундрах, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  хаалттай Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 490 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдлоор Т.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Н.Ундрахад холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн эд хөрөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Н.Ундрахтай танилцаж 2012 онд гэр бүлээ батлуулсан юм. Хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин У.Сондор, 2014 оны 11 дүгээр сарын 12-нд  хүү У.Маргад нарыг төрүүлсэн. Миний нөхөр Н.Ундрах нь Б.Уранбайгаль гэх хүнтэй явалдаж гэр бүлийн журамт үүргээ зөрчиж өөр бусадтай гэр бүлийн харилцаа үүсгэсэн тул бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд би 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Н.Ундрах нь өөрийн 2 хүүхэддээ анхаарал халамж тавихгүй байгаа бөгөөд  өөрийн хувийн амьдралаа хөөцөлдөж байгаа юм. 2014 онд миний аав болох Н.Түмэнбаярын “Нам Жим” ХХК-ийн нэр дээр бид хоёр “Анунгоо” ХХК-ийн Хэнтий аймаг дахь гэрээт борлуулагч болсон. Ингэхдээ Н.Түмэнбаярын эгч Н.Түвшинжаргал нь 8 000 000 төгрөгийн тэтгэврийн зээл Төрийн банкнаас авч, өөрөөсөө бэлэн 2 000 000 төгрөгийг нэмж нийт 10 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сард надад өгсөн. Н.Ундрах нь өөрийн дүү Н.Отгонжаргалаас 3 600 000 төгрөг авч 2014 оны 11 дүгээр сард бид хоёр “Анунгоо” ХХК-тай гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн хугацаанд барааг хадгалах агуулах нь минийх байсан. Бид хоёр цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул өөрийн хөрөнгөөр босгож үүсгэн байгуулсан компаниа өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна.
2015 оны 11 дүгээр сард бид хоёр ярилцаж тохиролцоод “Хөсөгтөн нүүдэл” ХХК гэх өөрсдийн компанийг нөхөр Н.Ундрахын нэр дээр байгуулж “Анунгоо” ХХК-ний гэрээт борлуулагчийн ажлыг хийж байна. Мөн бид хамтран амьдрах хугацаандаа 50-38 ХЭҮ улсын дугаартай “Carina” маркийн авто машиныг 2013 оны 05 дугаар сард манай ээжийн төрсөн дүү болох И.Төмөрчулуун нь өөрийн хашаа байшинг барьцаалж 12 000 000 төгрөгийг бид хоёрт өгсөн. Энэхүү мөнгөнөөс 7 900 000 төгрөгөөр бид хоёр дээрх машиныг худалдаж авсан. Бид хоёр тусдаа амьдрах хугацаанд Н.Ундрах нь бид хоёрын дундын эд хөрөнгийг өөрийн дураар надад мэдэгдэлгүй “Заг капитал” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах дундын өмч болох 50-38 ХЭҮ улсын дугаартай “Carina” маркийн авто машиныг ээзэмшилдээ авах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж  “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

            Хариуцагч Н.Ундрах нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд танилцаж, 2012 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, охин У.Сондор, хүү У.Маргад нар гарсан. Уранбайгаль гэх эмэгтэйтэй явалдаж гэр бүлийн гадуурх харилцаатай болсон гэдэг нь Т.Эрдэнэтуяа намайг хаяад явснаас хойш уулздаг болсон. “Хөсөгтөн нүүдэл” ХХК бол миний үүсгэн байгуулсан, 20 000 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 2000 ширхэг энгийн хувьцаатай компани юм. Тус компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлж гаргасан хувьцаа байхгүй, хувь нийлүүлэгч байхгүй, тухайн компани  байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, дансаар тогтмол орлого гэх зүйл байхгүй юм. Ийм учраас Т.Эрдэнэтуяагийн нэр дээр шилжүүлэх боломжгүй юм. Мөн “Түмэнбаярын эгч Түвшинжаргал нь 8 сая төгрөгийн тэтгэврийн зээл, өөрөөсөө 2 сая төгрөгийг нийт 10 сая төгрөгийг надад өгсөн”, “Ундрах өөрийн дүү Отгонжаргалаас 3 600 000 төгрөг авч гэрээт борлуулагчийн ажил хийсэн” гэж бичсэн байна. Түвшинжаргал эгч бидэнд мөнгө авч өгсөн нь үнэн. Гэхдээ энэ нь Түвшинжаргал эгчийн нэр дээр л зээл авсан болохоос биш би уг зээлийг бүгдийг нь хүүтэй нь хамт Төрийн банкинд төлж дуусгасан. Харин би Отгонжаргал дүүгээсээ  авсан 3 600 000 төгрөгийг л төлөөгүй байгаа.
Мөн 2013 оны 05 дугаар сард Хөдөлмөрийн хэлтсээс төсөл хэрэгжүүлж хөнгөлттэй зээл олгож байсан. Тэр үед барьцаа хөрөнгө хэрэгтэй байсан учир Төмөрчулуун эгчээс гуйж хашаа байшинг барьцаалж зээл авсан. Уг зээлээр 7 900 000 төгрөгөөр машин авч, үлдсэн 4 100 000 төгрөгөөр хэрчсэн гурилын жигнэгч, хайрагч, хэрчигч, зуурагч гээд ком төхөөрөмж, хэрчсэн гурилын түүхий эд, наадаг уут аваад хэрчсэн гурилын цехээ ажиллуулсан. Хэрчсэн гурилын үйлдвэр ашиг муутай болохоор хаагдсан. Мөн манай ажлаас намайг сайн ажилласан, шилдэг борлуулагч болсон гээд 42 инчийн LCD зурагт, хоёр үйлдэлтэй пэйч, шарагчаар шагнаж байсан. Мөн би шагналынхаа мөнгөөр 8 кг-ийн угаалгын машин авч байсан. Эдгээр бүх зүйл Т.Эрдэнэтуяад байгаа. Мөн хамт амьдарч байхдаа Төрийн банкнаас 2013 онд 3 сая төгрөгийн зээл авч гэрийнхээ хэрэгцээндээ, нүүрс түлээндээ, Т.Эрдэнэтуяад зарцуулсан. Иймд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч  байна. “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн эзэмшилд хэвээр үлдээх, мөн 50-38 улсын дугаартай “Carina” маркийн автомашиныг өөрийн эзэмшилд авах хүсэлтэй байна гэжээ.

    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 490 дугаартай шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Улаалзай хөвдүүд     овогт Нарангэрэлийн Ундрах (РД: СУ89062179) Ямаат овогт Түмэнбаярын Эрдэнэтуяа (РД: СЕ89120802) нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 09-нд төрсөн охин У.Сондор (РД:СЮ12320909), 2014 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн хүү У.Маргад (РД:СЮ14311216) нарыг нэхэмжлэгч /эх/  Т.Эрдэнэтуяагийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин У.Сондор, хүү У.Маргад нарыг 16 нас хүртэл нь (суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь) тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг хариуцагч /эцэг/ Н.Ундрахын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр, мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж охин У.Сондор, хүү У.Маргад нарыг тэжээн тэтгүүлэхээр, нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, түүнчлэн хариуцагч Н.Ундрахын Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн хорооллын  А-52 дугаар байрны 18 тоот байрны урьдчилгаа болгон өгсөн мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа тус тус татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн “дундын эд хөрөнгө болох 50-38 ХЭҮ улсын дугаартай “Toyota carina” маркийн автомашиныг гаргуулж авах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагч Н.Ундрахын эзэмшилд байгаа “Toyota carina” маркийн 50-38 ХЭҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №767 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн тал хувь болон 35 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, Төрийн сангийн 180000941 тоот данснаас 35 100 төгрөг, хариуцагч Н.Ундрахаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяад олгохоор, нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн шүүхээс өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах албанд  төлсөн 30 000 төгрөг тухайн үедээ улсын орлого болсныг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрт гэр бүлийн хэрэгцээнд авсан “50-38 ХЭҮ” улсын дугаартай “Carina” маркийн суудлын автомашиныг Н.Ундрахын хуваарьт эд хөрөнгөөр олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгө гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь 2013 оны 05 дугаар сард би Н.Ундрахтай ярилцсаны үндсэн дээр гэр бүлийн хэрэгцээндээ зориулан автомашин авахаар төлөвлөж, өөрийн нагац эгч Төмөрчулууны хашаа байшинг барьцаанд тавьж 12 000 000 төгрөгийн зээл авч, 7 900 000 төгрөгөөр автомашиныг худалдан авч байсан тул Н.Ундрахыг хуваарьт хөрөнгөөрөө олж авсан гэж үзэх үндэслэл байхгүй.
Энэхүү автомашин нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 126.2.5, 126.4-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тул охин У.Сондор, хүү У.Маргад нарын эрх ашгийг хүндэтгэн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасныг тус тус үндэслэн “50-38 ХЭҮ” улсын дугаартай “Carina” маркийн суудлын автомашиныг бидэнд шилжүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
    Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа нь хариуцагч Н.Ундрахад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох  50-38 ХЭҮ улсын дугаартай “Carina” маркын авто машиныг өөрийн өмчлөлд  авах, “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх, нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
    Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Хөсөгтөн нүүдэл” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
    Хариуцагч Н.Ундрах нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас  50-38 ХЭҮ улсын дугаартай “Carina” маркын автомашиныг өмчлөлдөө авах шаардлагыг үндэслэлгүй гэж маргажээ.
     Шүүх хуралдааны явцад бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн төдийгүй маргааны зүйл болох автомашины үнэлгээ нь тодорхойгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.5, 168-р зүйлийн 168.1.1-д  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
    Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 161.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

    1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 


                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДЭНСМАА

                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                          Я.АЛТАННАВЧ