Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 680

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 17-р байр, 101 тоот хаягт оршин байгаа, “Алтад их говь” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж,  13-р байр, 18 тоот хаягт оршин суух, Шархай овогт Нямбуугийн Ганболд /рд:ТЗ50050930/-д холбогдох,

        Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,065,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагч Н.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай СӨХ нь Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын 13-р байрыг хариуцдаг бөгөөд дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, жижүүр, манаачийн зардал, орцны болон дундын өмчлөлийн тоног, төхөөрөмжийн гэрэл, цахилгааны зардал, СӨХ-ны зардлыг төлдөггүй цөөн айлуудын нэг нь 18 тоотод оршин суух Н.Ганболд бөгөөд оршин суугчид болон СӨХ-ны үйл ажиллагаагаа явуулахад хохироож байсан болно. Иймд бид дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, цэвэрлэгээ, жижүүр, манаачийн зардал, орцны болон дундын өмчлөлийн тоног, төхөөрөмжийн гэрэл, цахилгааны зардал, СӨХ-ны зардал болох 1,065,480 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

        Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний амьдардаг байр нь сүүлд Залуучуудын 13 байрны ард залгаж барьсан, нэг орцтой цөөн айл оршин суудаг, орцны хаалга нь барилгынхаа ар талд байрладаг онцлогтой. 2011-2013 оны хооронд манай байр “Алтад их говь” СӨХ-нд харъялагдаж байгаагүй. Цэвэр бохир ус, халаалт, сантехникийн үйлчилгээ засварын талаар “Ганбилэг” СӨХ-той харилцаж байсан. Гэрэл цахилгаан хангамж, засвар үйлчилгээний талаар Сүхбаатар дүүргийн Цахилгаан түгээх төвтэй жил болгон гэрээ байгуулан төлбөр зардлыг цаг тухайд нь хийсээр ирсэн. Гэтэл “Алтад их говь” СӨХ нь бидэнтэй нэг ч удаа харьцаж байгаагүй, СӨХ-ны төлбөр төлөхгүй байгаа тухай нэг ч удаа мэдэгдэж нэхэмжилж байгаагүй. Хэрэв цаг тухайд СӨХ-ноос танай байр орцыг хариуцдаг ийм үйлчилгээ, зардал гаргадаг тиймээс ийм төлбөр төлөх ёстой гэж бидэнтэй харьцаж үйлчилгээ үзүүлж байсан бол ямар ч асуудалгүй төлбөр хийх л байсан. Дээрх хугацаанд СӨХ-ноос манай орц гадна талбайд ямар ч цэвэрлэгээ хийж байгаагүй. Байрны жижүүрээс орц болон талбайн цэвэрлэгээ яагаад хийхгүй байгаа юм бэ гэж асуухад танайх манайд хамаарахгүй гэж байсан. Тиймээс бид жижүүрт мөнгө өгч орц талбайгаа цэвэрлүүлдэг байсан. Мөн ямар ч засвар үйлчилгээ хийж байгаагүй. Аливаа шаардлагатай засвар үйлчилгээг бид өөрсдөө хийдэг байсан. Үүнийг манай орцны айл бүр батална. Нэхэмжлэлд СӨХ-ны зардал төлөгдөөгүй цөөн айл нь 18 тоот буюу Н.Ганболд гэсэн байна. Манай орцны бүх айл “Алтад их говь” СӨХ-нд мөнгө төлдөггүй байсан. Хэрэв төлдөг байсан бол цэвэрлэгээ, засвар хийх гэж мөнгө цуглуулж бусдад өгөх шаардлагагүй байсан. Тэхээр “Алтад их говь” СӨХ нь үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байсан гэж харагдуулахын тулд над мэтийн тэтгэвэрийн хөгшинийг сонгон шүүхэд өгчээ гэж ойлгож байна. Өчнөөн жил нам гүм байснаа гэнэт хэзээ хойно төлбөр нэхэмжилж байгаа нь “Алтад их говь” СӨХ-ны дарга Г.Ганболд ажилдаа яаж ханддаг байсныг харуулж байна. 13-р байрны оршин суугчид “Алтад их говь” СӨХ нь ажлаа хийж чадахгүй байсан тул 2013 онд СӨХ-гоо өөрсдөө шинэчлэн байгуулж даргаар нь оршин суугчдаасаа сонгож манай орцны айлуудыг СӨХ-ндоо нэгдэнэ үү гэж урьсан тул бид уг СӨХ-нд нэгдэн орсон билээ. Бид одоо төлбөр тооцоогоо сар бүр төлөөд явж байгаа гэжээ.

 

         ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ нь хариуцагч Н.Ганболдод холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,065,480 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

        “Алтад их говь” СӨХ-г 2007 оны 6 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 88 тоот гэрчилгээг олгожээ.

 

        Нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ нь 2011 оны 5 сараас 2013 оны 8 сар хүртэлх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 1,065,480 төгрөгийг нэхэмжилдэг ба хариуцагч Н.Ганболд нь 1,065,480 төгрөгийн 30% буюу 319,644 төгрөгийг төлнө, үлдэх төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарладаг.

 

        Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар оршин суугч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

 

        Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд “Алтад их говь” СӨХ-ны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 8 сард дуусгавар болсон байна.

 

        Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр хариуцагч Н.Ганболд нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг төлөхөөс татгалзах эрхтэй юм.

        Хэдийгээр хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч хариуцагч Н.Ганболд нь “Алтад их говь” СӨХ-нд нэхэмжлэлийн шаардлагын 30% буюу 319,644 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Н.Ганболдоос 319,644  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ-нд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,122 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганболдоос тэмдэгтийн хураамжид 10,239 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Алтад их говь” СӨХ-нд буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР