| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2022/04801/И |
| Дугаар | 210/МА2025/01711 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01711
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03200 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
264,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ******* гарден хотхоны 6 тоот, 120 м.кв талбайтай, орон сууцыг нэг м.кв-ийг 1,795,000 төгрөг, зогсоолыг 9,000,000 төгрөг, нийт 176,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг бүрэн төлсөн.
Хариуцагч ажлын үр дүнг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээнд заасан дээрх хугацааг хэтрүүлж, улмаар удаа дараа шаардахад тус компанийн гүйцэтгэх захирал хугацаа сунгах хүсэлт гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 09 дүгээр сард бүрэн дуусгана гэж өөрийн гараар амлалт бичиж өгсөн. Сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүрэн барьж дуусгаж өгнө гэж тохирсон.
Миний бие ******* гэх хүнд машинаа шилжүүлж өгөөд хариуд нь гэрээг байгуулна гэж хариуцагч компанийн төлөөлөгчтэй тохирсны дагуу лексус 570 маркийн машиныг шилжүүлж, гэрээ байгуулсан. ******* болон хариуцагчийн төлөөлөгчийн хоорондын асуудал нь энэ хэргээс тусдаа асуудал.
Иймд, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
1.2. Төлбөрийг бүрэн төлсөн байхад гэрээнээс татгалзаж, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Хариуцагч тал нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт тухайн ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь өөрсдөө бид ажлыг хийж өгөөд мөнгөө авна гэсэн агуулгатай.
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар уг байшинг улсын комисст хүлээлгэж өгөх шаардлагагүй учраас гүйцэтгэгч талаас баримт бичиг гаргаж өгөх үүрэггүй. Манай талын хувьд нэхэмжлэгч мөнгөө төлөх юм бол байшингийн түлхүүрийг гардуулан өгөхөд татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэгч талаас нэг бол мөнгө өгсөн гэж, нэг бол машин өгсөн гэж тайлбарлаад байдаг. Төлбөр тооцоо хийсэн зүйл байхгүй байж уг байшинг авна гэж байгааг зөвшөөрөхгүй.
2.2. Орон сууц захиалан бариулах гэрээний үндсэн үнийн дүн 167,400,000 төгрөг, зогсоол 9,000,000 төгрөг, нийт 176,400,000 төгрөг болж байгаа. Гэрээний 5.1-т зааснаар талууд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.3 хувийн алданги нөгөө талаас нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
Хариуцагчийн төлөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баримт үйлдэж өгсөн ба манай талаас үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Уг баримтын агуулга нь байшинг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгана гэж нэхэмжлэгчид бичиж өгсөн бөгөөд тус хугацаанд байшингаа барьсан. Үүнээс хойш ******* төлбөр төлөөгүй учраас орон сууц захиалан бариулах гэрээний үндсэн төлбөр 176,400,000 төгрөг, алданги 88,200,000 төгрөг, нийт 264,600,000 төгрөг гаргуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Баянзүрх дүүрэг, ******* тосгоны төвөөс 6 км зайд орших, ******* аманд байрлах, ******* гарден хотхоны 6 тоот, 120 м.кв талбайтай, сингл хаусны өмчлөгчөөр *******ыг тогтоож,
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, ******* 264,600,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,379,506 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 1,039,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,480,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
******* нь *******-ийн захирал *******гаас Баянзүрх дүүрэг ******* Арцат 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 га буюу 80 айлын газар худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа бэлэн 10,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгт тооцож ниссан патрол вая 61 маркийн 06-35 улсын дугаартай автомашин өгсөн.
Гэтэл ******* 4 айлын газрын эзэмших эрхийн гэрчилгээг *******-д шилжүүлэн өгч удахгүй үлдэгдэл газруудын гэрчилгээ шилжүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлж залилан *******-ийн захирал ******* *******-ийг нэг тэрбум дөрвөн зуун сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
******* нь нэхэмжлэгч С. Энхболдоос орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр тооцоо аваагүй зөвхөн газар шилжүүлж өгнө гэх үндэслэлээр тус гэрээг *******той байгуулсан.
Гэтэл *******-ийн захирал ******* *******оос маргаан бүхий автомашиныг шилжүүлэн авсан байдаг ба *******, ******* нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тухайн үед хариуцагч тал мэдээгүй байсан.
Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг шүүхийн шатанд мөнгө өгсөн эсвэл автомашинаа хариуцагч компанийн үүдэнд орхиод явсан гэх мэт өөр өөрөөр тайлбарладаг.
Өмгөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй 3 талт арилжааны гэрээг үндэслэн төлбөрийг нэхэмжлэгч тал төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Төлбөр төлөгдсөн болохыг талууд баталгаажуулж гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөн. Эрүүгийн хэрэг ярьж байгаа боловч энэ хэрэгт хамааралгүй. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэн Баянзүрх дүүрэг, ******* тосгоны төвөөс 6 км зайд орших, ******* аманд байрлах, ******* гарден хотхоны 6 тоот, 120 м.кв талбайтай, сингл хаусны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаад үндсэн төлбөр 176,400,000 төгрөг, алданги 88,200,000 төгрөг, нийт 264,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримтыг зөв тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч зарим үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Баянзүрх дүүрэг, ******* тосгоны төвөөс 6 км зайд орших, ******* аманд байрлах, ******* гарден хотхоны 6 тоот, 120 м.кв талбайтай, сингл хаусыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, ******* нь нэг м.кв-ыг 1,395,000 төгрөгөөр, гаражийн үнийг 9,000,000 төгрөгөөр тооцож нийт 176,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Уг гэрээг байгуулагдах үед нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үнэ 176,400,000 төгрөгийг төлсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Энэ үүднээс талууд гэрээний 4.1-д гэрээний үнэ төлөгдсөн гэж эргэлзээгүй, салаа утгагүй байдлаар тодорхой тусгажээ.
Ингэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрлэн заасан этгээд болох *******-ийн захирал *******д ****** улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин шилжүүлэх замаар төлбөр төлсөн, үүнийг гэрээгээр баталгаажуулсан байна. Энэ нь хожим *******-ийн захирал ******* 0220604855 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирогчоор 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон болно.
Мөн талууд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд төлбөр төлөлтийн талаар тусгаагүй бөгөөд зөвхөн хариуцагч нь ажлыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган хүлээлгэж өгөх, хугацаандаа ашиглалтад оруулаагүй тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээсэн.
3.2. Гэрээний зүйл ашиглалтад орсон болох нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үзлэгээр тогтоогдсон.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.
4.1. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь ажлын хөлсийг хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд автомашин хүлээлгэж өгөх замаар замаар буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар төлсөн байна. Хэдийгээр хэрэгт хариуцагчийн гомдолд дурдагдсан 3 талт арилжааны гэрээ авагдаагүй боловч энэ нь дээрх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Иймд, шүүхээс Баянзүрх дүүрэг, ******* тосгоны төвөөс 6 км зайд орших, ******* аманд байрлах, ******* гарден хотхоны 6 тоот, 120 м.кв талбайтай, сингл хаусны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин нэхэмжлэгч нь өмчийн эрх зүйн бус үүргийн эрх зүйн хүрээнд шаардлага гаргасан байхад үүнд үл хамаарах хуулийн зохицуулалтад үндэслэн нэхэмжлэлийг хангасан байх тул залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.2. Нэгэнт нэхэмжлэгч ажлыг хөлсийг төлж барагдуулсан тул үндсэн төлбөр 176,400,000 төгрөг, алданги 88,200,000 төгрөг, нийт 264,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Хариуцагчийн гаргасан гэрээнээс татгалзсан гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, гэрээний үндсэн төлбөр, алданги гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 343, 205 дугаар зүйлд зааснаар зэрэгцэн байх боломжгүй ч энэ шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
4.3. Ажил гүйцэтгэх гэрээний харилцааны хүрээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж байгаа тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэн найруулж, холбогдох дугаарлалтыг өөрчилнө.
4.4. ******* болон *******-ийн хамтын ажиллагаа нь энэ хэргийн маргааны хүрээнд хамаарахгүй тул *******-ийн захирал ******* *******-ийн захирал *******д холбогдуулан гаргасан гомдолд үндэслэн явагдаж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Иймд, энэ талаарх гомдлыг хангахгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлд холбогдох хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 болон 2 дахь заалтыг нэгтгээд 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, ******* тосгоны төвөөс 6 км зайд орших, ******* аманд байрлах, ******* гарден хотхоны 6 тоот, 120 м.кв талбайтай, сингл хаусны өмчлөгчөөр *******ыг тогтоож,
нэхэмжлэгч *******од холбогдох 264,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,480,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ