| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/02307/И |
| Дугаар | 210/МА2025/01710 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01710
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04556 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
гэрээнээс учирсан хохиролд 393,731,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600,000 төгрөг, нийт 394,331,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-иас 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, *****, 14252, Нарын зам 41, Голланд байшин, 1 давхарт 5 тоот, 3 өрөө, 79.19 м.кв орон сууцыг м.кв-ын үнэ 800 ам доллар, нийт дүн 63,352 ам.доллароор авахаар тохирсон.
Орон сууцны төлбөрийг 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, 40 удаагийн төлөлтөөр, нийт 64,224 ам.долларыг төлж дуусгасан.
Тухайн үед *******-ийн нягтлан бодогч ажилтай, *******-ийн захирал *******гийн ахын эхнэр ******* орон сууцны төлбөрийг хүлээн авч байсан. ******* ч өөрөө нягтлан бодогч *******т мөнгөө бэлнээр авахыг зөвшөөрч байсан. Орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас 2010 оны сүүлээс өнөөг хүртэл амьдарч байсан.
Гэвч ******* нь зарим төлбөрийг татвараас зайлсхийж нягтландаа бэлнээр төлүүлчихээд, орон сууцны улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бичиг баримтыг зориуд санаатайгаар гаргаж өгөхгүй өнөөг хүргэсэн.
2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *******-ийн захирал ******* нь ******* зээл авахдаа надад худалдсан дээрх орон сууцыг барьцаанд тавьсан байсныг 2023 оны 01 дүгээр сард шүүхээс намайг дуудахад мэдсэн.
******* нэхэмжлэлтэй, *******-д холбогдох зээлийн төлбөрийн тухай асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд *******-ийн захирал ******* бүх төлбөрийг надаас бүрэн авсан атлаа 26,530 ам долларыг төлсөн гэж худал тайлбар өгсөн.
******* орон сууцыг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул гэрээнээс учирсан хохиролд 393,731,000 төгрөг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хариуцагч *******-ийн захирал ******* нь орон сууцыг зориуд хууль бусаар бусдад шилжүүлж, өөр хүмүүсээр дарамтлуулж, байнга сэтгэл санаагаар унагаж, сэтгэл зүйн дарамтад оруулсан тул сэтгэл санааны хохиролд 600,000 төгрөг, нийт 394,331,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээний дагуу 3 өрөө орон сууцыг ******* нь *******т 2010 оны 12 дугаар сарын 28-нд хүлээлгэж өгсөн. Гэвч ******* төлбөрт 31,446 ам.доллар төлсөн бөгөөд 31,906 ам.доллар төлөөгүй. Төлбөрийн үлдэгдэлтэй учраас гэрээний дагуу орон сууц *******-ийн өмчлөлд байна.
Тэрбээр үлдэгдэл төлбөрийг *******-ийн барилга гүйцэтгэгч байсан ******-ийн нягтлан бодогч *******т төлсөн гэдэг ч ******* нь ******* ба ******-д төлбөр тооцоо хийх эрх олгоогүй.
******* нь мэдэгдэлд заасан төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй тул худалдагч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул хууль ёсоор талууд өгсөн авснаа харилцан буцааж ******* нь хүлээн авсан 31,446 ам долларыг гэрээ байгуулах үеийн ханш болох 1,260 төгрөгөөр тооцож, 39,621,960 төгрөг төлөхийг зөвшөөрнө.
******* санаа сэтгэлийн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иймд 39,621,960 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
*** болон ******* нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилга угсралтын ажилд хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилласан.
Гэрээний санхүүжилтийн дагуу байр захиалагч 67 айлаас төлбөрийг бэлнээр болон дансаар, мөн захиалагч *******гоос дансаар төлбөрөө авч ажилласан. Энэ хугацаанд ***-д тус 67 айлын 66 айл төлбөрийн тооцоог дуусгаж ордероо авсан.
Нэхэмжлэгч ******* нь ***-д 30,326.3 ам долларыг тухайн үеийн ханшаар ам.доллароор тушаасан бөгөөд энэ төлбөр барилгын санхүүжилтэд зарцуулагдсан.
Барилгыг хүлээлгэж өгсөн үеэс хойших төлбөр *******-д орсон. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 208,550,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,780,920 төгрөг болон хариуцагч *******т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 2,515,707 /542.805+70.200+1.344.682+558.020/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,200,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 61,772.3 төгрөг төлсөн гэж алдаа гаргасныг зөвшөөрөхгүй.
Шүүх нэхэмжлэгчийн тухайн үед төлсөн санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн тулгаагүй, хариуцагч нараас аваагүй гэх мөнгийг нь нягталж тодруулалгүй ******* болон хариуцагч ******* нарын хариу тайлбартаа зөвхөн зөвшөөрсөн хэмжээнд өнгөц дүгнэж, үнийн дүнг нэгтгэсэн. Тодруулбал, хэрэгт авагдсан орон сууцны төлбөрт төлсөн баримтуудаас аль баримтыг нь үнэлж, аль баримтыг нь ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг шийдвэртээ дурдаагүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гаргуулсан *******-ийн тамгатай 5,000,000 төгрөгийн баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талаас орон сууцны төлбөрт төлсөн бүх баримтуудаа, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн.
5.2. Нэхэмжлэгч ******* нь 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн. Энэхүү хугацаанд хариуцагч тал нь гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах тухай мэдэгдлийг худалдан авагч талд өгч байгаагүй. Хариуцагчийн шүүхэд гаргасан мэдэгдэл нь нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлснөөс хойш өгсөн тул нэхэмжлэгчийг зохих ёcoop үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийг гэрээний үүргээ ямар цаг хугацаанд хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Түүнчлэн хариуцагч нь төлбөрийг хэзээ төлсөн, үүргээ хэзээнээс зөрчсөн эсэх дээр маргаагүй бөгөөд гагцхүү тус төлбөрийг хүлээж аваагүй гэж маргасан. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас хохирол хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд худалдан авагч тал үүргээ биелүүлсэн боловч худалдагч тал орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр эрхийн зөрчилгүй байдлаар шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгчийг хохирол шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хохиролд шаардсан 185,780,920 төгрөгийг гаргуулж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:
Манай компани 2010 онд 72 айлын орон сууц барьж, 70 айл төлбөрөө бүрэн төлж өмчлөх эрхээ авсан. Харин үлдсэн хоёр айл, түүний дотор нэхэмжлэгч ******* төлбөрийн асуудал маргаантай үлдсэн. ******* нь ***-нд болон манай компанид төлсөн төлбөрүүдийг ялгаж салгаагүй.
Бидний зүгээс нэхэмжлэгчийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ******* болон *******т төлсөн нийт 39,072 ам.долларыг буюу 131,911,370 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,819,630 төгрөг үндэслэлгүй.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ийн гаргасан тайлбарын агуулга:
Миний бие тухайн үед *******-ийн захиалсан 72 айлын орон сууцны ерөнхий гүйцэтгэгч ***-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж. Ажил гүйцэтгэх гэрээний үнэ 4,7 тэрбум төгрөг байсан бөгөөд энэ хүрээнд *******аас 30,000 ам.доллар хүлээн авсан. 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр аваагүй бөгөөд ******* захирлын дурдсан 7,000 ам.долларын тухай тайлбар үндэслэлгүй. Талуудын маргалдаж буй 34,000 ам.долларын дүн нь ***-ийн гэрээний дүнд багтсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон *******т холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 393,731,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600,000 төгрөг, нийт 394,331,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
3. 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, *****, Нарны зам 41 тоот хаягт 72 айлын орон сууцны 1 давхарт 5 тоот 79.19 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, ******* нь төлбөрт 63,352 ам.долларыг хэсэгчлэн хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байна.
3.1. Гэрээнд заасан орон сууцыг ******* нь нэхэмжлэгчид 2010 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт *******-нд 31,446 ам доллар, ***-нд 30,326 ам доллар, нийт 61,772 ам.доллар төлсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ***-нд хүлээлгэн өгсөн төлбөрийг гэрээний үнэд тооцсон нь үндэслэлтэй.
Учир нь ******* 2008 онд ***-иар 72 айлын орон сууц барих гэрээ байгуулахдаа 4,753,905,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээний санхүүжилтийн хүрээнд *** нь *******-тай гэрээ байгуулсан нэхэмжлэгч болон бусад орон сууц захиалагчдаас төлбөрийг хүлээн авч байжээ.
Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэрлэн заасан этгээд болох ***-нд гэрээний төлбөрийн зарим хэсгийг төлсөн гэж тооцно.
3.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00844 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01101 дүгээр магадлалаар *******-иас зээлийн гэрээний үүрэгт 142,355,332 төгрөг гаргуулж ******* олгож, үүргийн гүйцэтгэлийг маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хариуцагчаас хүлээн авсан 79.19 м.кв талбайтай орон сууц 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* өмчлөлд шилжиж, холбогдох улсын бүртгэл хийгдсэн.
3.3. *******-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх гурван өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээг 393,731,000 төгрөг гэж тогтоосон.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн.
4.1. Гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 63,352 ам.доллар төлөхөөс 61,772 ам.доллар төлсөн буюу 1,580 ам.доллар дутуу төлсөн.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн төлбөрийн үүргийн зөрчил гаргасан боловч энэ нь гэрээнээс татгалзах хэмжээнд хүрээгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн 97 хувийг биелүүлсэн тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу үүргийг ялимгүй зөрчсөн энэ тохиолдолд гэрээнээс татгалзах эрхгүй байжээ.
Иймээс хариуцагчийн 2011 оны 01 дүгээр сарын 24, 02 дугаар сарын 09, 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд нэхэмжлэгчид хүргүүлсэн шаардлагаар түүнийг гэрээнээс татгалзсан гэж тооцох үндэслэлгүй. Түүнчлэн энэ хугацаанаас хойш буюу 2024 он хүртэл нэхэмжлэгч тухайн орон сууцыг эзэмшсэн байгааг дурдвал зохино.
4.2. Мөнгөн төлбөрийн үүргийн зөрчил ялимгүй байсан тул ******* Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.
Гэвч гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь бусдад барьцаалж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжиж бүртгэгдсэнээр гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал үүсчээ.
4.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Хэрэв худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь 79.19 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгч болох ёстой байсан.
Гэвч хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйлийг бусдад барьцаалж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар нэхэмжлэгчид хохирол учруулсан.
Иймээс гэрээнээс татгалзсаны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг одоо 79.19 м.кв талбайтай гурван өрөө орон сууц худалдан авах үнээр буюу *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд заасан 393,731,000 төгрөгөөр тооцно.
Өмнө дурдсанчлан уг хохирлын үнийн дүнгээс нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх ёстой үүрэг болох 1,580 ам.долларыг нэхэмжлэл гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаарх Монгол банкнаас зарласан албан ханш 3,376 төгрөгөөр тооцон хасахад 388,396,920 /393,731,000-5,334,080/ төгрөг болов.
Иймд хариуцагч *******-иас гэрээнээс татгалзсаны хохиролд 388,396,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ. Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
Харин хариуцагч ******* нь ***-ийн нягтлан бодогчийн хувиар буюу байгууллагын өмнөөс нэхэмжлэгчээс төлбөрийг хүлээж авч оролцсон, худалдан, худалдан авах гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл үндэслэлтэй болжээ.
5. Гэрээнээс татгалзсан, гэрээний зүйлийг бусдад худалдсан, мөнгөн төлбөрийн үүргийн талаарх маргааны улмаас нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хохирол учирсан, ийнхүү үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй тул сэтгэл санааны хохиролд 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцжээ.
Гэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй орхигдуулсныг залруулж, өөрчлөлт оруулна.
6. Давж заалдах шатны шүүхээс энэ маргаанд хамаарах үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзсан болно.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлын талаарх алдаатай дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 388,396,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,934,080 төгрөг гаргуулах болон хариуцагч *******т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 2,515,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 2,099,935 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,086,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ