Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

    2019          08         28                                      2019/ШЦТ/736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Төгөлдөр,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

            Хохирогч: Л.И ,

            Шүүгдэгч: Д.А өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905014830811 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.А ,урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.А нь .......ид зураглаачаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг суманд Panasonic P2 маркийн карт уншигчийг нууцаар, хууль бусаар авч 281.930 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......ийн зураглаачийн өрөөний сэйфнээс Sony маркийн тусгай камерийн бичигч карт, карт уншигч зэргийг нууцаар, хууль бусаар авч 855.168 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Л.И ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх нэвтрүүлэг бэлдэх гээд камераа өгөх гээд Г гэх залууд би түлхүүрээ өгсөн. Маргааш нь буюу бүтэн сайн өдөр нэвтрүүлгэнд гадаад харилцааны яам руу яваад буцаж ирэхдээ М тэр хоёр авчирч далд хийсэн. Нэгдэхийн өглөө нь ороод ирэхэд карт болон карт уншигч алга болчихсон байсан. Тэр үед би бүгдийг нь хардаж сэрдээд хэн, хэн байсныг нь асуусан. А гөөс асуусан ба мэдэхгүй гэж хэлж байсан. Би “хулгай хийсэн бол буцаагаад сэйфэн дээр ил тавьчихаарай” гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа фэйсбүүк дээр “камерын хэрэгсэл зарна” гэж өөрийн фэйсбүүк хаягаар зар тавьсан байхыг хараад цагдаад өгсөн...” гэв.

Хохирогч Л.И ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манайхаас алдагдсан эд зүйлийг энд зарна гээд зар тавьсан байна гэж над руу чат бичсэн. Тэгэхээр нь харахад үнэхээр манай телевизэд ганцхан байдаг Panasonic P2, Sony-н карт уншигч байсан. А  нь өөрийнхөө фэйсбүүк хаягнаас дамжуулж “Гэрэл зургийн хэрэгсэл зарна, авна” гэсэн фэйсбүүкийн группэд зар тавьсан байсныг над руу скрийншот хийж Л явуулсан...Д.А манай байгууллагаас удаа дараа эд зүйл хулгайлсны улмаас найруулагч, зураглаач бид нар бүгдээрээ нийлж хүний нөөцийн албанд санал гаргаад ажлаас нь халсан. ...карт, карт уншигч нь энэ хүнийг байхад алдагдчихсан эд зүйлс юм...миний хариуцдаг байсан карт, карт уншигч алдагдахад ...Д.А өрөөнд ганцаараа үлдсэн гэж байсан. Тэр үед ямар нэг баримтгүй байсан учраас цагдаад хандаагүй...ажлаасаа гарсныхаа дараа өөрөө фэйсбүүк дээрээ хулгайлсан эд зүйлсээ зарна гэж тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20, 80-82/,

Гэрч Б.Л гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр...Фэйсбүүкийн гэрэл зургийн хэрэгсэл авна, зарна гэх нэртэй группэд ороход ...А  гэх залуу миний болон И ийн алдсан видео камерны карт уншигч 2 ширхэгийг хямд зарна, нийлүүлээд 300.000 төгрөгөнд өгчихнө гэсэн утгатай зар тавьчихсан байсан. ...2018 оны 7 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд Архангай аймагт томилолтоор сэтгүүлч С , зураглаач А , миний бие гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллачихаад буцаад ирж байхдаа Panasonic P2 брэндийн тус карт уншигчийг алдчихсан талаар мэдээд холбооны хүн рүү утсаар яриад камераа шүүгээд үз гэхэд гаднаас ямар нэг хүн ороогүй байна, та нар тус өрөөндөө байсан байна гэж хэлсэн. Тухайн үедээ эргэн тойронд байсан эд зүйлсээ гурвуулаа цуг шалгаад олдоогүй. Архангай аймгийн төв дээр холбооноос хамгийн сүүлд дүрсээ шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 21-23, 86-87/,

Гэрч М.М ын мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр...И ийн сэйфнээс гэрэл гэх мэт зүйлсийг аваад гадаад хэргийн яаман дээр очиж зураг авчихаад тухайн өдрөө буцаж 17 цагийн орчимд ирээд сэйфэнд нь хийгээд тэндээсээ бид 2 цуг гараад явсан. Өрөөнд А  хийх ажилгүй хэрнээ ганцаараа үлдсэн. Тэгтэл маргааш нь И  надаас карт уншигч, карт асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч Т.Г ын мөрдөн байцаалтад өгсөн: “...И ийн сэйфийг онгойлгоод дотроос нь авсан эд зүйлээ буцааж хийгээд түгжээд түлхүүрийг нь байсан газарт нь буцааж тавиад гарсан ...Сэйфний дээр нь хүний нүдэнд харагдахгүйгээр түлхүүрийг үлдээсэн. А  үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29, 88-89/,

Яллагдагчаар Д.А г мөрдөн байцаалтад өгсөн: “... Надад сонсгож байгаа ...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үедээ Panasonic P2 маркийн карт уншигчийг би ашиглаж байсан бөгөөд ашиглачихаад буцааж өгөөгүй тэр чигтээ өөрөө авчихсан юм. 2018 оны 10 дугаар сард зураглаач нарын өрөөнд ганцаараа байж байхад гаднаас М , Г нар орж ирээд И  зураглаачийн Sony маркийн камерыг Г ашиглачихаад сэйфэнд буцааж хийгээд гараад явчихаар нь би сэйфнээс нь карт уншигч авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 73-77/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н/,  Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 36-41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-53/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.А нь .......ид зураглаачаар ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг суманд Panasonic P2 маркийн карт уншигчийг нууцаар, хууль бусаар авч 281.930 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......ийн зураглаачийн өрөөний сэйфнээс Sony маркийн тусгай камерийн бичигч карт, карт уншигч зэргийг нууцаар, хууль бусаар авч 855.168 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.И ийн: “...манайхаас алдагдсан эд зүйлийг энд зарна гээд зар тавьсан байна гэж над руу чат бичсэн, тэгэхээр нь харахад үнэхээр манай телевизэд ганцхан байдаг Panasonic P2, Sony-н карт уншигч байсан. А  нь өөрийнхөө фэйсбүүк хаягнаас дамжуулж “Гэрэл зургийн хэрэгсэл зарна, авна” гэсэн фэйсбүүкийн группэд зар тавьсан байсныг над руу скрийншот хийж Л явуулсан ...Д.А манай байгууллагаас удаа дараа эд зүйл хулгайлсны улмаас найруулагч, зураглаач бид нар бүгдээрээ нийлж хүний нөөцийн албанд санал гаргаад ажлаас нь халсан. ...карт, карт уншигч нь энэ хүнийг байхад алдагдчихсан эд зүйлс юм ...миний хариуцдаг байсан карт, карт уншигч алдагдахад ...Д.А өрөөнд ганцаараа үлдсэн гэж байсан. Тэр үед ямар нэг баримтгүй байсан учраас цагдаад хандаагүй ...ажлаасаа гарсныхаа дараа өөрөө фэйсбүүк дээрээ хулгайлсан эд зүйлсээ зарна гэж тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20, 80-82/, гэрч Б.Л гийн: “...А  гэх залуу миний болон И ийн алдсан видео камерны карт уншигч 2 ширхэгийг хямд зарна, нийлүүлээд 300.000 төгрөгөнд өгчихнө гэсэн утгатай зар тавьчихсан байсан. ...2018 оны 7 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд Архангай аймагт томилолтоор сэтгүүлч С , зураглаач А  миний бие гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллачихаад буцаад ирж байхдаа Panasonic P2 брэндийн тус карт уншигчийг алдчихсан талаар мэдээд холбооны хүн рүү утсаар яриад камераа шүүгээд үз гэхэд гаднаас ямар нэг хүн ороогүй байна, та нар тус өрөөндөө байсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23, 86-87/, гэрч М.М ын: “2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...И ийн сэйфнээс гэрэл гэх мэт зүйлсийг аваад гадаад хэргийн яаман дээр очиж зураг авчихаад тухайн өдрөө буцаж 17 цагийн орчимд ирээд сэйфэнд нь хийгээд тэндээсээ бид 2 цуг гараад явсан. Өрөөнд А  хийх ажилгүй хэрнээ ганцаараа үлдсэн. Тэгтэл маргааш нь И  надаас карт уншигч, карт асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, гэрч Т.Г ын: “...И ийн сэйфийг онгойлгоод дотроос нь авсан эд зүйлээ буцааж хийгээд түгжээд түлхүүрийг нь байсан газарт нь буцааж тавиад гарсан ...Сэйфний дээр нь хүний нүдэнд харагдахгүйгээр түлхүүрийг үлдээсэн. А  үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29, 88-89/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 36-41/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.А гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А нь Panasonic P2 маркийн карт уншигч, Sony маркийн тусгай камерийн бичигч карт, карт уншигч зэргийг нууцаар хулгайлан авч 855.168 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс хохирлоо аваагүй гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 479.298 төгрөгийн үнэ бүхий Sony маркийн карт уншигч болон шүүгдэгчийн шүүх хуралд гаргаж өгсөн 375.870 төгрөгийн үнэ бүхий Sony маркийн тусгай камерын бичигч карт зэргийг хохирлоос хасч, хохирогчид буцааж олгох нь зүйтэй.

Харин Panasonic P2 загварын 281.930 төгрөгийн үнэ бүхий карт уншигчийг шүүгдэгч нь буцааж өгөөгүй, хохирол барагдуулаагүй байх тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 281.930 төгрөгийг шүүгдэгч Д.А гөөс гаргуулж хохирогч Л.И  олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.А гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Д.А гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зарим эд зүйлийг буцаан өгсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас доогуур нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sony маркийн карт уншигч, шүүгдэгчийн шүүх хуралд гаргаж өгсөн Sony маркийн тусгай камерын бичигч картыг зэргийг хохирогч Л.И ид буцааж олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.А г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А гөөс 281.930 төгрөг гаргуулж хохирогч Л.И ид олгосугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Sony маркийн карт уншигч, шүүгдэгчийн шүүх хуралд гаргаж өгсөн 375.870 төгрөгийн үнэ бүхий Sony маркийн тусгай камерын бичигч картыг зэргийг хохирогч Л.И ид буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР