| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/00100/И |
| Дугаар | 222/МА2025/00008 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 222/МА2025/00008
2025 09 12 222/МА2025/000008
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,
нэхэмжлэгч Б.Долгорсүрэн (цахимаар),
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхчимэг (цахимаар),
хариуцагч *******,
хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан, шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 206 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цалин, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 98,875,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлоор 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийн агуулга:
1.а.Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нөхөр ******* цалин, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 98,875,000 төгрөг гаргуулахыг хүссэн.
1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Долгорсүрэн миний бие нь өөрийн талийгаач нөхөр *******тай 2008 онд гэрлэсэн. 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин *******, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү ******* нар төрсөн. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний нөхөр ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод ажил үүргээ гүйцэтгэж яваад хамт ажиллаж байсан ******* автомашинд дайруулж нас барсан. Талийгаач нөхөр минь Бичигт боомтод ажиллаж байхдаа сарын 2,500,000-3,000,0000 төгрөгийн цалин авдаг байсан. Тиймээс талийгаачийн дундаж орлогыг 2,500,000 төгрөгөөр тооцож насанд хүрээгүй хоёр хүүхдэд оногдох хэсэг 1,250,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад үлдэгдэл 875,000 төгрөгөөр тооцсон. Хүү *******ыг 18 насанд хүрэх хүртэл хугацаанд буюу 2018 оны 12 сараас 2029 оны 3 сар хүртэл 113 сарын хугацааны төлбөрт 98,875,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас тус бүр 49,437,500 төгрөгийг нэхэмжилж байна. ******* ажил олгогч нь *******, *******, ******* барьж явсан автомашины өмчлөгч нь ******* тул энэ хоёр хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд заасны дагуу миний хоёр хүүхдэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч *******, ******* нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.б. Хариуцагч нар тайлбартаа: ******* миний бие 2018 онд ачаа тээвэрлэх зориулалттай авто машинаар “Бичигт” боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Н.Ганбаяр гэдэг залуу “North benz” маркийн улсын дугаартай ачааны машиныг хариуцан тээвэр хийх үедээ осол гаргаж хүний амь нас хохироосон харамсалтай үйл явдал болсон. Тухайн үед би Улаанбаатар хотод ажилтай яваад эзгүй байсан учир миний хүү ******* осол гарсны дараа талийгаачийг БНХАУ-руу эмчлүүлэхээр авч явсан боловч хилээр ороод нас барсан. ******* жолоодож байсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд миний хүү *******гийн хувьд надаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан учир энэ нэхэмжлэлтэй ямар нэгэн холбоогүй. Тухайн ослын дараа би талийгаачийн буяны ажилд оролцож, 10,950,000 төгрөгийн эд материалын болон мөнгөн тусламж үзүүлсэн. Харин нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь тухайн осол гаргаж гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн Н.Ганбаярыг хариуцагчаар таталгүй хүү бид хоёрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байна. Иймд Н.Ганбаяр нь учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулах учиртай гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх 2018 онд компани байгаагүй. Талийгаачид 4-11 сарын хугацаанд 2-3 удаагийн цалин олгогдсон. Талийгаачид цалин олгож байсан данс нь манай хүү ******* бид хоёрын дундын данс байгаа юм. ******* ажил олгогч нь ******* биш би байгаа юм. Талийгаач тогтмол цалингүй, тээвэрлэх ачаа гарвал явдаг, ачаа байхгүй үед тээвэрлэлтдээ явдаггүй байсан. Тээвэрлэлт хийсэн тоогоороо цалин авдаг байсан. Тухайн үед ойрын тээвэр 150,000 төгрөг, холын тээвэр 300,000 төгрөгийн үнэ ханштай байсан. Цалинг нь би олгодог байсан гэв.
3.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нараас тус бүр 49,437,500 төгрөг нийт 98,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. *******г шүүхээс хариуцагч биш гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь *******гийн машиныг барьж ажиллаж байсан гэдгээ хүлээсэн. ******* нь *******, Н.Ганбаяр нарыг ажиллуулдаг байсан болохыг мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, шийтгэх тогтоол, дансны хуулга зэрэг баримтуудыг шүүх үнэлээгүй нь хэргийг тал бүрээс бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй болохыг тодорхой харуулж байна. Шүүхээс талийгаач ******* цалин хөлс нь 2,500,000 төгрөг байсан гэдгийг нотлохоор ирүүлсэн талийгаачийн болон нэхэмжлэгч ******* дансны хуулгаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь талийгаач ******* данс руу 2018.08.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.08.27-ны өдөр 1,360,000 төгрөг, 2018.09.08-ны өдөр 240,000 төгрөг, 2018.10.08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2018.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг хариуцагч *******, ******* нарын данснаас орж ирсэн болох нь тодорхой харагдаж байхад шүүхээс талийгаачийг гэрээ байхгүй, тодорхой хөдөлмөрийн хөлсгүй байсан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлснийг тодорхой харуулж байна. Дээрх баримтуудаас харахад талийгаачийн 1 сарын дундаж цалин хөлс 2,500,000 төгрөг болох нь тодорхой харагдаж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр орлогыг тогтоосон нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх 498.1, 508.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талийгаач ******* Хаан банкны дугаар дансны хуулганаас харахад сүүлийн 3 сарын хугацаанд дунджаар 2,200,000-2,500,000 төгрөгийг орлого олдог байсан нь тодорхой харагдаж байгаа. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг атал улсын орлогод хэвээр үлдээсэн нь хууль бус юм. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүх нотлох баримтыг дутуу буюу буруу үнэлэн дүгнэсэн. Хариуцагч *******г тухайн хэргийн хариуцагч биш гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ…” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн *******, ******* нарын өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан мэдүүлэг, Хаан болон Төрийн банкны дансны хуулга, *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхээс үнэлээгүй, дутуу орхисон. Энэ нь шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж харагдаж байгаа. Нотлох баримтыг дутуу үнэлсэн хоёрдугаар нөхцөл нь талийгаач ******* цалин хөлсийг 2,500,000 төгрөгөөр тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Мөн өмнө хэлсэнчлэн талийгаачийн Хаан банкны дансны хуулгаар тухайн үедээ хэдэн төгрөгийн цалин хөлс, орлого авч байсан бэ? гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа. Тухайлбал, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *******гийн данснаас 1,360,000 төгрөг, 10 дугаар сарын 8, 9-ний өдөр нийлээд 1,200,000 төгрөг… зэрэг сард 2,200,000-2,860,000 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ ******* болон *******ы данснаас шилжиж орсон нь нотлох баримтуудаар тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх ингэж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах албагүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *******, ******* нар болох нь нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа. Бичгээр гэрээ байгуулаагүй нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх боломжгүй. Мөн хариуцагч нар энэ талаар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг. Тиймээс давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
6.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж бодож байгаа. Талийгаач 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байгаад аваарт орсон. Энэ хооронд 3-4 удаа цалин өгсөн. Ачаа ачих ажилгүй үед тээвэрт явдаггүй байсан. Ойрын тээвэрт явбал 150,000 төгрөг, холын тээвэрт явбал 300,000 төгрөг авдаг байсан. Очир гэдэг нь манайд ажиллаж байсан жолооч. Энэ хүний гүйлгээ, мөнгө бидэнд ямар ч хамааралгүй гэв.
7.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******г хариуцагчаар татах ёстой гэдэг асуудал ярьж байна. Анхан шатны шүүх хариуцагч *******ыг ажил олгогч гэж үзсэн. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн Х.Ганбаярын хариуцаж барьж байсан улсын дугаартай “Норд бенз” маркийн ачааны машин бол *******ы нэр, эзэмшилд байгаа гэдэг нь хэргийн материалаас тодорхой харагдана. *******гийн дансаар мөнгө шилжсэн эсэх асуудал ярьж байна. ******* нь ажиллаж байсан хөлсөө ээжийнхээ дансаар авсан байх магадлалтай байгаа.Талийгаач ******* хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “амаар ажил олгогчтой тохирсон…” байдаг. Ингэж тохирохдоо холын тээвэрт 300,000 төгрөгөөр, ойрын тээвэрт 150,000 төгрөгийн цалин авч, машины эвдрэл, гэмтлийг жолооч хариуцахаар 8 сар тээвэр хийхээр тохирсон байдаг. 8 сар ажиллахдаа 4 сая гаран төгрөг авсан байгаа нь дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Тухайн үед бол Х.Ганбаяр нь ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй, машинаа засаж байх явцад Гантулга таарч энэ харамсалтай явдал болсон. Анхан шатны шүүх Ганбаярын сарын цалинг 2,500,000-3,000,000 төгрөг гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Хаан болон Хас банкны дансны хуулгаар харагдаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь хариуцагч *******, ******* нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү 98,875,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “Осол гаргаж, ял шийтгэгдсэн жолооч Н.Ганбаярыг хариуцагчаар таталгүй бид хоёрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Жолооч Н.Ганбаяр нь учруулсан гэм хорын хохирлоо төлж барагдуулах учиртай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Энэ дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ганбаяр нь улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн нөхөр Х.Гантулгыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж дүгнэв. (Хэргийн 73-80 дугаар хуудас)
11.Хэрэгт авагдсан хариуцагч *******ы “******* жолоодож байсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байсан.” гэх тайлбар, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч *******ы “Би улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машиныг одоогоос 2 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд миний нэр дээр бичиг баримт нь байгаа” гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь хариуцагч ******* болох нь тогтоогдож байх ба тэрээр энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. (Хэргийн 83, 95 дугаар хуудас)
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хариуцагч ******* нь уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас хохирсны улмаас учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй болно.
Ийм учраас хариуцагч *******ы “Н.Ганбаяр нь нэхэмжлэгчийн нөхөр Х.Гантулгыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад хохирол төлбөрийг биднээс нэхсэнийг зөвшөөрөхгүй” гэх татгалзал үндэслэлгүй юм.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас ******* амь насыг хохироосон тул түүний эхнэр Б.Долгорсүрэн нь гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Тодруулбал:
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, энэ зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.” гэж хуульчилсан байдаг учраас талийгаачийн асрамжид байсан насанд хүрээгүй 2 хүүхдэд олгох гэм хор учруулсны төлбөрийг тэдний хууль ёсны төлөөлөгчийн хувиар нэхэмжлэгч Б.Долгорсүрэн тээврийн хэрэгслийн эзэмшигчээс нэхэмжлэх эрхтэй болно.
13.Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “Талийгаач ******* нь тогтмол цалин авдаггүй, ажлын үр дүнгээс хамаарч цалинждаг байсан ба нэхэмжлэгч нь талийгаачийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн цэс, ажил олгогчтой цалин хөлсний талаар тооцоо нийлсэн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Нас барсан хохирогч Х.Гантулгын орлогыг нэхэмжлэгч нотолж чадаагүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход тэжээгчээ алдсаны зөрүү гараагүй” гэх дүгнэлтүүд үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй байна.
14.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дэх хэсэгт хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчийн цалин хөлснөөс гадна орлогын дунджаас тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж тооцож, тогтоож болохоор заасан.
Талийгаач ******* дугаартай, Хаан банкны дансны хуулганаас харахад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,360,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,860,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байна. (Хэргийн 84-88 дугаар хуудас)
Мөн хариуцагч ******* болон түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн “Талийгаач тээвэрлэх ачаа байвал явна. Ачаа байхгүй үед гэр рүүгээ явдаг байсан. Ойрын тээвэр 150,000 төгрөг, холын тээвэр 300,000 төгрөгийн ханштай. Талийгаачийн дансанд 4 удаагийн шилжүүлгээр 4,860,000 төгрөг шилжүүлсэн” гэх тайлбараар талийгаач 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд нийт 4,860,000 төгрөгийн орлого олсон болох нь эдгээр баримтаар давхар нотлогдож байна. (Хэргийн 130-131 дүгээр хуудас)
15.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тодорхойлно” гэж заасан. Энэ дагуу талийгаач ******* нэг сарын орлогын дунджийг тооцож үзэхэд 1,620,000 төгрөгийн орлоготой байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
16.Нэхэмжлэгч ******* 5648085541 дугаартай Хаан банкны данс руу “Оч” гэсэн утгатайгаар шилжүүлсэн мөнгөн гүйлгээнүүдийг талийгаач ******* орлого гэж үзэх боломжгүй бөгөөд эдгээр гүйлгээг түүний цалин хөлс, орлого болохыг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй тул талийгаачийн орлогод тооцоогүй. (Хэргийн 14-16 дугаар хуудас)
17.Нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь талийгаач *******тай 2006 онд гэрлэлтээ батлуулж, 2009 оны 06 дугаар сарын 19-нд охин *******, 2011 оны 04 дүгээр сарын 04-нд хүү ******* нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. (Хэргийн 9-11 дүгээр хуудас) Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч *******, ******* нараас миний хоёр хүүхдэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү...” гэж бичсэн бөгөөд охин *******, ******* нарын тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг 18 нас хүртэлх хугацаагаар тооцоолж, нэг удаа 98,875,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулахаар нэхэмжилсэн. (Хэргийн 2-4 дүгээр хуудас)
18. Талийгаач ******* 2 хүүхэд нийгмийн халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 375,000 төгрөг авдаг байсан болох нь нэхэмжлэгч ******* 5003118723 дугаартай Хас банкны дансны хуулгаар тогтоогдож байна. (Хэргийн 17- 40 дүгээр хуудас)
19.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх заалтад зааснаар бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлөхөөр хуульчилсан байдаг. Талийгаач ******* 2 хүүхэд Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн 8, 10 дугаар ангид суралцдаг бөгөөд охин ******* нь 2027 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, хүү ******* нь 2029 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус 18 насанд хүрэхээр байна. (Хэргийн 10-12 дугаар хуудас)
20.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж, энэ зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно.” гэж тус тус заасан.
Мөн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.” гэж заасны дагуу тооцож үзэхэд талийгаачийн нэг сарын орлого болох 1,620,000 төгрөгөөс нас барагчид өөрт нь болон түүний эхнэрт оногдох хэсгийг хасахад түүний 2 хүүхдэд 810,000 төгрөгийн орлого ноогдож байх ба үүнээс тэдний тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр авдаг 375,000 төгрөгийг хасаж тооцоход 435,000 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнээс нэг хүүхдэд ноогдох хэсгийг тооцоход 217,500 төгрөг болно.
21.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож, 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү тус бүрд нь 217,500 төгрөг, нийт 435,000 төгрөгийг хариуцагч *******аас сар бүр гаргуулж, нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд олгож, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
22.Хариуцагч ******* болон талийгаач Ж.Гантулга нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна, хариуцагч ******* улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машины эзэмшигч биш тул түүнээс гэм хорын хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагч ******* холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
23. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр хуульчилсан тул нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,325 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаарх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Түүнээс гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл шүүхэд гаргахад 70,200 төгрөг төлөхөөр заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 206 дугаартай шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:
1.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож, 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин *******, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү тус бүрд нь 217,000 төгрөг, нийт 435,000 төгрөгийг хариуцагч *******аас сар бүр гаргуулж, нэхэмжлэгч Б.Долгорсүрэнд олгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.
1.2.Шийдвэрийн тогтоох хэсэгт “Нэхэмжлэгч ******* хариуцагч *******гаас гэм хорын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.
1.3. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж өөрчилсүгэй.
1.4.Шийдвэрийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Долгорсүрэн нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.БААТАРСҮХ