Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Япон Улс, Ёкохома хот, Канагава муж, Минамай Нака дүүрэг, Ямашита-Чо, “Прайм Тауэр” 89-6-6 тоот хаягт оршин байгаа, “Автоком Жапан” компанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 41-р байр, 27 тоот хаягт оршин суугаа, Сарууд овогт Алтангэрэлийн Алтансүх /рд:ЖЭ66051314/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37 тоот хаягт оршин байгаа, “Сүү” ХК нарт холбогдох

 

А.Алтансүхээс 185,880 иен буюу 3,325,393 төгрөг, “Сүү” ХК-иас 105,900 иен буюу 1,878,450 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Золжаргал, хариуцагч А.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Сүү” ХК нь А.Алтансүхээр дамжуулан 2014 оны 5 сарын 15-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан авто машины дуудлага худалдаанаас 885,000 иений үнэтэй FG70DB 510111 арлын дугаартай Тоёота Кантер авто машиныг захиалан тухайн үед 780,000 иенийг төлсөн байдаг. Үлдэгдэл 105,000 иений тооцоон дээр 2015 оны 7 сарын 21-ний өдөр “Сүү” ХК-иас тооцоо нийлсэн актыг үйлдсэн ба өдийг хүртэл уг тооцоог дуусгахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Хариуцагч А.Алтансүх нь 2014 оны 5 сарын 22-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд цахимаар оролцон үнийн саналыг хүлээн зөвшөөрч 226,000 иений үнэтэй NHW11-0029830 арлын дугаартай Тоёота Приус машиныг 24,880 иений сэлбэгийн хамт захиалж худалдан авсан байдаг. Нийт 250,880 иений тооцооноос 2015 оны 7 сарын 21-ний өдөр хариуцагч нь өөрийн хүсэлтээр 2013 онд “Автоком Жапан” компанийн дансанд депозит гэж байршуулсан 65,00 иенээ хасуулж, тооцоо нийлсэн актыг үйлдсэн ба өдийг хүртэл уг тооцоог дуусгахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд А.Алтансүхээс 185,880 иен буюу 3,325,393 төгрөг, “Сүү” ХК-иас 105,900 иен буюу 1,878,450 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Алтансүх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Автоком жапан” ХХК-иас автомашин болон авто сэлбэг худалдан авсан нь үнэн. Митсубиши Кантер авто машиныг “Сүү” ХК авсан, одоо ч ашиглагдаж байгаа. Ачааны автомашины нийт үнийн дүнгийн үлдэгдэл 105,000 иенийг “Сүү” ХК нь төлөх өглөг үүсээд байгаа. Тоёота Приус-11 автомашины үнэ 226,000 иенийг төлөөгүй байгаа. Энэ мөнгийг би төлнө. Авто сэлбэгний үнэ болох 24,880 иенийг бас төлөөгүй байгаа мөн би төлнө. 2013 онд Япон улсад ажлаар явж байхдаа би “Автоком Жапан” компанид ID нээлгэж 65,000 иен байршуулсан юм. Тэр мөнгийг миний төлөх мөнгөнөөс суутгаад үлдэгдэл 185,880 иенийг би ойрын хугацаанд төлж барагдуулна. Гэхдээ төлбөрөө тухай үеийн Монгол банкны ханшаар буюу 16.03 төгрөгөөр тооцож төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Автоком Жапан” компани нь хариуцагч А.Алтансүхээс 185,880 иен буюу 3,325,393 төгрөгийг, хариуцагч “Сүү” ХК-иас 105,900 иен буюу 1,878,450 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Сүү” ХК-д холбогдох 105,900 иен буюу 1,878,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Зохигч талууд Япон Улсад зохион байгуулагдсан авто машины дуудлага худалдаанаас авто машин, сэлбэг худалдсан, худалдан авсан, 185,880 иенийн төлбөр тооцоо үлдсэн үйл баримтын талаар маргадаггүй боловч нэхэмжлэгч “Автоком Жапан” компани нь 185,880 иенийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 17.89 төгрөгөөр тооцно гэж, хариуцагч А.Алтансүх нь 185,880 иенийг тухайн үеийн ханш 16.03 төгрөгөөр тооцно гэж тус тус маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч А.Алтансүх нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 185,880 иенийг нэхэмжлэгч “Автоком Жапан” компанид төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрдөг.

 

Худалдан авагч А.Алтансүх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “Автоком Жапан” компани нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч А.Алтансүх нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Автоком Жапан” компани нь ханшийн зөрүүгээр хохирч байх тул үлдэгдэл төлбөр болох 185,880 иенийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 17.89 төгрөгөөр тооцон, нийт 3,325,393 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр “Сүү” ХК-д холбогдох 105,900 иен буюу 1,878,450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Сүү” ХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 15.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 217 дугаар зүйлийн 217.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч А.Алтансүхээс 3,325,393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Автоком Жапан” компанид олгож, хариуцагч “Сүү” ХК-д холбогдох 1,878,450 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,295 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Алтансүхээс 68,156 төгрөгийг, хариуцагч “Сүү” ХК-иас 45,005 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР