Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1124

 

 

 

 

 

 

  2019          09         02                                      2019/ШЦТ/751

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч: Б.Бүжинлхам /томилолтоор/,

шүүгдэгч: Б.Э , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч: М.М , түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, Н.Намжилцогт, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э , М.М  нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805053970279 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э. урьд ял шийтгэлгүй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М , урьд ял шийтгэлгүй,
  3. Шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байрны орцноос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар оршин суух гэртээ хадгалсан, яллагдагч М.М тай бүлэглэн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис өөрийн биедээ болон яллагдагч М.М гийн цүнхэнд хадгалсан,

Шүүгдэгч М.М  нь яллагдагч Б.Э той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн 43 дугаар сургуулийн арын үерийн далан дээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ /цүнхэндээ/ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч М.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хичээлдээ явсан. Тухайн үед шалгалт эхэлчихсэн байсан. 10 минутын завсарлагааны үеэр Э той таарсан. Тухайн үед Э  ууттай зүйл олсон талаар хэлсэн. Орой нь яръя гээд салсан. Тэгээд орой уулзаад, уулзахдаа ууттай зүйл барьчихсан цүнхэндээ хийчэх гэхээр нь би үүргэвчиндээ хийсэн. Тухайн бид хоёр фитнесст цуг явдаг байсан ба хоол юм байх гэж бодоод өөр юм бодолгүй цүнхээ онгойлгож өгсөн...” гэв.

Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 09-ний орой 21 цагаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн хороонд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах үерийн далан дээр хорооны цагдаа Ч ын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх үед үерийн далан дээр сэжиг бүхий 20-25 орчим насны 3 эрэгтэй хүн далан дээр байсан бетон дээр сууж байхаар нь шалгах гээд очиход 1 эрэгтэй нь зугтаасан. Үлдсэн 2 эрэгтэйг шалгахад нэг залуугийнх нь үүрч явсан хар өнгийн цүнхэнд гялгар ууттай өвс мэт зүйл байсан. Сууж байсан газарт нь мөнгөлөг өнгийн цаастай зүйл, хуванцар савтай шингэн байсан. Хуванцар сав нь цоорсон хуйлсан цаас хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрчээр М.М гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад ийм юм байна гээд халааснаасаа гялгар ууттай өвс ургамал шиг зүйл гаргаж ирсэн. Надад өгөөд чи цүнхтэй явж байгаа юм байна, цүнхэндээ хийчих гэхээр нь би юм бодохгүй аваад хийсэн. Халааснаасаа тамхины цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирсэн. Сонирхож татаж үзэх үү, энэ нөгөө өвс байна гэхээр нь би сонирхоод ганц хоёр удаа сорсон. Тэгтэл гашуун оргиод байхаар нь больчихсон. С надаас өөрөө аваад сорж үзээд больчихсон. ...Э хуванцар саваар бонго хийнэ гээд доод бөөрөнд нь цоолоод болохгүй болохоор нь хойшоо шидээд хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Насанд хүрээгүй гэрч Б.С ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э тэй 10 дугаар хорооллын үерийн далан дээр уулзсан. Тэр үед Э үл таних /С / гэх залуутай хамт ирсэн. Бид нар тамхи татаж зогсож байгаад Э өнөөдөр ийм зүйл олсон, үүнийг тамхин дотор хийчихлээ гээд 2 ширхэг тамхи гаргаж ирсэн. Мөнхөөд 1 ширхэгийг нь өгөөд Мөнхөө сорж байгаад надад өгсөн. Э болохоор нөгөө тамхиа өөрөө татаж дуусгасан. Тэр Э тэй ирсэн С  гэх залуу ирчихээд ажилтай гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Шинжээчийн 10632 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, хэлбэрт оруулсан тугалган цаас, №1 гэж дугаарласан гялгар ууттай шингэн зүйл, хуйлсан 50-н төгрөгийн мөнгөн тэмдэгт /АU0206076-серийн дугаартай/, цоорхой бүхий хуванцар сав тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 52/,

Шинжээчийн 10631 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.С ” гэсэн хаягтай шээс, “М.М ” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 57/,

Яллагдагчаар Б.Э ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 30 минутын үед хичээлдээ явах гээд гэрээсээ гарсан. Манай гэр 5 давхарт байдаг учраас шатаар доош бууж байтал 3 давхрын цонхны давцан дээр цэнхэр өнгийн гялгар ууттай цэвэр усны сав, хуйлсан 50 төгрөг, тугалган цаас, цагаан уутан дотор хийсэн өвс зэрэг зүйлс байсныг аваад цэнхэр ууттай усны сав, хуйлсан мөнгө, тугалган цаас зэргийг хаяад дотор нь байсан цагаан гялгар ууттай өвсийг гэр рүүгээ аваад орсон. Тэгээд өдөр хичээл дээр М тай таарч тийм зүйл олсон талаараа хэлсэн. Тэгтэл “за за юу ч гэсэн орой яръя” гэсэн. Би өдөр 16-17 цагийн үед хичээл тараад гэртээ хариад байж байтал 19-20 цагийн үед М  залгаад нөгөөдөхөө аваад гараад ир гэсэн. Би гутлын тавиураас аваад гэрээсээ гарч байгаад С тай таарсан. Тэгээд М тай уулзах гэж байна гэтэл би ажил руугаа явж байна, замаараа хамт уулзчихаад ажил руугаа явлаа гээд хамт явсан. Тэгээд М тай үерийн далангийн тэнд уулзсан, М  С тэй хамт байж байсан. С , М тай мэнд мэдчихээд ажил руугаа явлаа жоохон дөхүүлээд өг гэхээр нь 77 дугаар сургуулийн тэр хавь руу хүргэж дөхүүлж өгчихөөд буцаад далан дээрээ ирсэн. Тэгээд буцахдаа С дэлгүүр орж цэвэр ус, тамхи, шоколад аваад бид 3 далан дээр очиж тамхинд ороож хэрэглэсэн. Уг нь усны сав, тугалган цаас зэргээр хэрэглэх гэсэн боловч болохгүй болохоор нь хаяад тамхинд ороож татсан. Тэгээд тэндээ байж байтал эргүүл хийж байсан цагдаа таараад саатуулан шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-84/,

Яллагдагчаар М.М гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э над руу яриад уулзах уу гэсэн. Тэгэхээр нь би тоглож дуусаж байсан болохоор уулзъя гэж бодоод уулзахаар болсон. Тэр үед С надтай хамт “РС” тоглоом тоглож байсан болохоор хамт явахаар болоод хамт явсан. Тэгээд Э бид нар 10 дугаар хорооллын үерийн далан дээр уулзсан. Э байрны гадаа таарлаа гээд С тай хамт ирсэн. Тэгээд удалгүй С  ажилтай явлаа гээд бид нар 77 дугаар сургуулийн орчимд дөхүүлж өгөөд буцаад нөгөө далан дээрээ очсон. Тэгээд буцаад явж байхад С тамхи авъя мөнгө байхгүй гэтэл Э бид хоёрт мөнгө байсан учраас мөнгө өгсөн. Э чи бас цэвэр ус, шоколад аваад ирээрэй гээд захиж оруулсан. Сайханаа дэлгүүр ороод гарч ирээд бид далан дээр иртэл Э буюу Э  халааснаасаа гялгар ууттай өвс гэх зүйлийг гаргаж ирээд энийг цүнхэлчих авч явахад зай эзлээд байна гээд надад өгсөн. Тэгэхээр нь би юм бодолгүй цүнхэндээ хийчихсэн. Тэгтэл Э халааснаасаа 2 ширхэг тамхи гаргаж ирээд өөрөө нэгийг нь аваад надад нэгийг нь өгсөн. Би тухайн үед асуутал би олсон юм аа тамхинд хийж үзсэн юм гээд өөрөө эхэлж асаагаад сорсон. Тэгэхээр нь би асаагаад ганц хоёр сороод болъё муухай амттай юм байна гээд хаячихсан. Тэгээд цэвэр усны саванд хийж үзнэ гээд хуйлсан мөнгө шоколадны тугалган цаас хийгээд болохгүй болохоор нь салгаад тэндээ хаячихсан. Тэгээд явах гэж байж байтал эргүүлийн цагдаа ирж шалгаад бид нарыг хэлтэс рүүгээ авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 88-90/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/, Хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-16/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 17-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-27/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 28/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 91-96, 103-129, 142-159/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.М гийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүгдэгч М.М  нь уутан дотор өвс байгаа гэдгийг мэдээгүй тул шүүгдэгч нар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. М гийн цүнхэндээ мансууруулах бодис хадгалсан гэдэг нь гэмт хэргийн шинжгүй байгаа тул М д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Өмгөөлөгч Н.Жамъяандорж шүүгдэгчийн биеэс мансууруулах бодис илэрсэн ч мансууруулах бодис хадгалсан гэх нотлох баримт байхгүй, хадгалсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.М  нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” нь түүний  яллагдагч, гэрчээр өгсөн “Э  халааснаасаа гялгар ууттай өвс гэх зүйлийг гаргаж ирээд энийг цүнхэлчих авч явахад зай эзлээд байна гээд надад өгсөн. Тэгэхээр нь би юм бодолгүй цүнхэндээ хийчихсэн” гэх мэдүүлэг, тухайн үед эргүүл хийж байсан цагдаа гэрч Б.Б ын “нэг залуугийнх нь үүрч явсан хар өнгийн цүнхэнд гялгар ууттай өвс мэт зүйл байсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.С , шүүгдэгч Б.Э ын гэрчээр өгсөн мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан “М.М гаас 2 уут өвс мэт зүйл... түр хураан авав” гэсэн тэмдэглэл /хх 1-н 24/, эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутанд хийгдсэн гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлын гаралтай Каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодис, М.М  мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.М  нь өвс гэх бодисыг хэрэглэж, улмаар цүнхэндээ хийсэн нь түүнийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М  нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг цүнхэндээ хийсэн, цүнхэнээс тухайн өвс гэх бодис илэрсэнээр тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байрны орцноос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар оршин суух гэртээ хадгалсан, яллагдагч М.М атй бүлэглэн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис өөрийн биедээ болон яллагдагч М.М гийн цүнхэнд хадгалсан,

Шүүгдэгч М.М  нь шүүгдэгч Б.Э той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн 43 дугаар сургуулийн арын үерийн далан дээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Э ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Б ын: “...Үүрэг гүйцэтгэх үед үерийн далан дээр сэжиг бүхий 20-25 орчим насны 3 эрэгтэй хүн далан дээр байсан бетон дээр сууж байхаар нь шалгах гээд очиход 1 эрэгтэй нь зугтаасан. Үлдсэн 2 эрэгтэйг шалгахад нэг залуугийнх нь үүрч явсан хар өнгийн цүнхэнд гялгар ууттай өвс мэт зүйл байсан. Сууж байсан газарт нь мөнгөлөг өнгийн цаастай зүйл, хуванцар савтай шингэн байсан. Хуванцар сав нь цоорсон хуйлсан цаас хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, гэрчээр М.М гийн: “...надад ийм байна гээд халааснаасаа гялгар ууттай өвс ургамал шиг зүйл гаргаж ирсэн. Надад өгөөд чи цүнхтэй явж байгаа юм байна, цүнхэндээ хийчих гэхээр нь би юм бодохгүй аваад хийсэн. Халааснаасаа тамхины цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирсэн. ...Э хуванцар саваар бонго хийнэ гээд доод бөөрөнд нь цоолоод болохгүй болохоор нь хойшоо шидээд хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/, насанд хүрээгүй гэрч Б.С ийн: “...Э өнөөдөр ийм зүйл олсон, үүнийг тамхин дотор хийчихлээ гээд 2 ширхэг тамхи гаргаж ирсэн. Мөнхөөд 1 ширхгийг нь өгөөд Мөнхөө сорж байгаад надад өгсөн. Э болохоор нөгөө тамхиа өөрөө татаж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, шинжээчийн 10632, 10631 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй Канабис гэх сэтгэцэд нөлөөт бодис болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э , М.М  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э , М.М  нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Б.Э , М.М  нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч Б.Э , М.М  нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Э , М.М  нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Э , М.М  нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э , М.М  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Э , М.М  нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э , М.М  нарт 02 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Б.Э , М.М  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Э , М.М  нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Э , М.М  нарт ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн тал дээр маргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.М  нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Э ын урьд цагдан хоригдсон 236 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 дугаартай усны хуванцар сав, шингэн гэх хаягтай гялгар уутанд хийгдсэн ус мэт зүйл, №2 дугаартай тугалган цаас гэх хаягтай тогоо хэлбэрт оруулж базсан мэт мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийгдсэн гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлын гаралтай Каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйл, №3 дугаартай гялгар уутанд савласан өвсөрхөг ургамал гэх хаягтай дотроо цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 114.7 грамм тус бүрийг устгахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э , М.М  нарыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.М  нарыг 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , М.М  нарт оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Э ын урьд цагдан хоригдсон 236 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 дугаартай усны хуванцар сав, шингэн гэх хаягтай гялгар уутанд хийгдсэн ус мэт зүйл, №2 дугаартай тугалган цаас гэх хаягтай тогоо хэлбэрт оруулж базсан мэт мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийгдсэн гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлын гаралтай Каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйл, №3 дугаартай гялгар уутанд савласан өвсөрхөг ургамал гэх хаягтай дотроо цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 114.7 грамм тус бүрийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э , М.М  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР