Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 222/МА2025/000007

 

2025          07          01                                     222/МА2025/000007

 

“*******” ХХК, “******* Ресурс” ХХК-иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уужимдалай (цахимаар),

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ (цахимаар),

хариуцагч *******,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал (цахимаар),

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 147 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ““*******” ХХК, “******* Ресурс” ХХК-иудын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, уучлалт гуйлгах тухай” нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг түүний давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн агуулга:

1.а.Нэхэмжлэлийн шаардлага: ““*******” ХХК, “******* Ресурс” ХХК-иудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, уучлалт гуйлгуулах”-ыг хүссэн.

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Манай “*******” ХХК нь “*******” ХХК-ийн охин компани. “*******” ХХК нь 2020 оны 12 сард үүсгэн байгуулагдаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “******* ресурс” ХХК-аас шилжүүлэн авч, Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулж байна. “*******” ХХК нь ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг шударгаар биелүүлж, монгол улсын хууль, журмыг сахин мөрдөж, тэдгээрийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж ирсэн.

“******* ресурс” ХХК болон “Эрээн Толгой” ХХК-ийн талаар иргэн Ч.Адьяасүрэн нь 2021.10.15-ны өдөр “Мэдээллийн түрлэг” болон “Record.mn” гэх цахим хуудсаар шууд нэвтрүүлсэн видео ярилцлагаар огт үндэслэлгүй зүйлд гүтгэн олон нийтийн цахим сүлжээгээр тараасан байна. Энэхүү нэвтрүүлэгт оролцсон сэтгүүлчийн асуултад хариулахдаа илт худал хариулт өгөх замаар манай хоёр компанийг гүтгэж ажил хэргийн нэр хүндийг гутаасаар байна. Тухайлбал “Мэдээллийн түрлэг” цахим хуудасны шууд ярилцлагын нэвтрүүлгийн үеэр буюу нэвтрүүлгийн видео бичлэгт:

-Багийн хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар ороогүй байхад А зөвшөөрөл авсан,

-Гүний усыг 2 мотороор зэрэг татаж, шууд трубагаар татаж асгаж байгаа, тэгээд энэ голууд ширгэсэн, нүүрсээ ухаад нүүрс нь гарахгүй байгаа 30 хэдэн метр доошоо ухчхаад байгаа. Тэгээд усаа дийлэхгүй байгаа. Цэвэр усыг гадагш нь асгаад байгаа. Шалгалт ирэхээр тэрийгээ нуучихна. Шалгалт явахаар задгай тавьчихна. Аймгийн мэргэжлийн хяналтыг 5 удаа дуудсан, ямар ч шийдвэр гаргаж чаддаггүй. Аймгийн прокурорт хууль бус гээд хандахаар дарчихна. Сүхбаатар аймгийн прокурор, байгаль орчны гээд төрийн байгууллагын дээр нь гарчихсан, тэр ч байтугай Эрдэнэцагаан сумын захиргаа, хурлын дээр гарчихсан, төрийн дээр гарчихсан ийм л даварсан уурхай байна.

-“*******” гэж байгаад одоо “*******” болж өөрчлөгдсөн. Ер нь хулгайч компаниуд нэрээ сольж байдаг л даа. Татварын ерөнхий газар бол зөвшөөрөхгүй байгаа юм байна лээ.

-Компани дээр нь усны зөвшөөрөл гараагүй байна. Аймгийн мэргэжлийн хяналтаас усны дүгнэлтийг нь шаардахаар бичиг баримтаа өгөхгүй байгаа юм байна. “*******” дээрээ усны зөвшөөрөлтэй хэр нь “*******” дээрээ зөвшөөрөл байхгүй гэсэн. Тиймээс эднийхийг зогсоох боломжтой гэж илт худал, бодит байдалд нийцэхгүй зүйлийг ярьж, худал мэдээлэл тараасан.

******* дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “*******” ХХК хуулийн дагуу эзэмшдэг. 2021.04.09-ний өдрөөс тус зөвшөөрлийг “*******” ХХК-аас “Эрээнтолгой” ХХК хуулийн дагуу шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулсан. Тус ******* дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 онд 30 жилээр сунгуулахдаа Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэснийг 2019.11.01-ний өдөр Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн ИНХ-аар хэлэлцэж, 15 дугаар тогтоол гарсан. Гүний худгийг 2 мотороор зэрэг татуулж байна гэсэн холбоотой “*******” ХХК-д ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсэг 2024.09.13-ны өдрийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Баруун-Урт сумдад ажилласан илтгэх хуудасны дүгнэлт хэсэг дээр гол мөрний давхцалгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн өчигдрийн хүргүүлсэн усны гэрээ, дүгнэлтийн дагуу ажиллагаа хийсэн. 2021-2024 оны хооронд хариуцагчийн гаргасан гомдлоор 13 удаагийн хяналт шалгалт ирж байсан. Төрийн хяналт шалгалтын 6 байгууллагын хамтарч хийсэн шалгалтын үр дүнгээр гол мөрний давхцалгүй гээд шалгалтын илтгэх хуудас дээрээ баталсан. Мөн илтгэх хуудасны ард хавсаргасан эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдоно. Компаниуд хуулийн дагуу ашиглалтын зөвшөөрөл шилжүүлснийг “Хулгайч компаниуд нэрээ сольдог” гэж хэлж болохгүй. Мөн “*******” ХХК-аас Бичигтийн боомт хүртэл зам барих асуудлыг “Зүүн бүс ложистик” ХХК нь Зам тээврийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн замын ажлыг гүйцэтгэж байгаа. “*******” болон “Монгол ураниум” ХХК нь гэрээ байгуулж ажиллаагүй. Иргэн Ч.Адьяасүрэн нь энэхүү ярилцлагад оролцохдоо зориуд манай хоёр компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, олон нийтэд итгэл үнэмшил төрүүлэхээр урьдаас зориуд бэлтгэсэн фото зургийг үзүүлэн, ятган үнэмшүүлэхээр илт гүжирдсэн худал мэдээлэл, гүтгэлгийг хийсэн. Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч ******* уучлал гуйсан мэдээлэл гаргаж, тус мэдээлэл тараасан 2 сайтаар залруулахыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.а.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б.******* миний бие нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хорооны даргаар ажилладаг,  идэвхтэн байгаль хамгаалагч үнэмлэхтэй хүн. Сум, орон нутгийн байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, үйл ажиллагаа нь нутгийн иргэдэд ил тод байх ёстой бөгөөд ил тод биш хууль бус үйл ажиллагааг иргэддээ мэдээлж мэдэгдэх нь нутгийн өөрөө удирдах байгууллага, хурлын төлөөлөгчийн үүрэг юм. "*******" ХХК нь 2010.12.10-нд Цөмийн энергийн газраас ураны хайгуул хийх тусгай зөвшөөрөл авсан. Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Наран сумдын Засаг дарга нар нь иргэдтэйгээ нийлж тэмцээд ураны хайгуул хийлгээгүй. Гэтэл Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан Ө.Батсайхан иргэдэд сонсох ажиллагаа хийлгүй ураны хайгуул хийлгэсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа. Байгаль орчны улсын байцаагч М.Амарсүрэн 2017.12.14-нд 02 тоот дүгнэлт гаргаж өгсөн нь хууль бус юм. Хууль бус гэдэг нь 2011-2013 онд ураны хайгуулын ажил хийсэн боловч 2014-2016 онуудад, гурван жил хайгуул хийгээгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байтал 2017 онд хайгуул хийсэн тухай дүгнэлт гаргасныг хэлж байна. Хайгуулын талбай хүлээж авсан тухай сумын Засаг даргын захирамж, ажлын хэсгийн дүгнэлт Эрдэнэцагаан сумын архивд олдохгүй байгаа тул улсын байцаагч М.Амарсүрэн дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

Сумын Засаг дарга асан Ө.Батсайхан 2018.06.18-нд 128 тоот албан тоотоор тоот тусгай зөвшөөрлийн албан тоот “4-р баг” гэж бичээгүй нь хууль бус ба 2011 оноос хойш хайгуул хийсэн гэж бичсэн бөгөөд 2014-2016 онд хайгуул хийгээгүй байхад ингэж бичсэн тул хууль бус юм. Миний бие тус хоёр ярилцлагад орохдоо тухайн зүйлүүдийг ярьсан. ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны 9 сарын 9-ний өдрөөс 2049 оны 9 сарын 9 хүртэл 30 жилээр “*******” ХХК авсан. 2020 оны 12 сард “*******” ХХК шинээр байгуулагдаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан байдаг. Гэвч усны дүгнэлт, гэрээ зэрэг бусад бичиг баримт нь “Монгол ураниум Ресурс” ХХК-аас шилжээгүй байсан.

Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх асуудалд нарийвчилсан үнэлгээг оруулж өгөөгүй. Засаг дарга Батгэрэл хэлэлцэх асуудал дээр уул уурхайн асуудал орж ирээгүй гэдгийг хэлж байсан. Тиймээс Батгэрэл даргыг гэрчээр асуулгах гээд байсан юм. 2019 оны 4-р багийн Иргэдийн нийтийн хурлын 15 дугаар тогтоол нь Эрдэнэцагаан сумын архивын газарт эх хувь нь байхгүй байхад нэхэмжлэгч эх хувь гаргаж байгаа нь эргэлзээтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн нотариатч нь он, сар, өдөр байхгүй тамга дарсан нь мөн эргэлзээтэй. 2021, 2022 онуудад “Ковид” өвчний үед багийн ИНХ хуралдаагүй. Би хүсэлт гаргаж, 2023 онд хуралдуулсан. Хайгуулын зөвшөөрөл авахдаа 4, 6, 7 дугаар баг болон 3 дугаар багийг хамарсан. Засаг дарга байсан Батсайхан, улсын байцаагч Амарсайхан нар Кадастрын алба руу 2018 оны 6 сарын 01-ний өдөр болон 6 сарын 06-ны өдрийн 5 хоногийн зөрүүтэй хийлгэхдээ ганцхан 6 дугаар багт хайгуул хийлгэсэн. 4 дүгээр баг гэж ороогүй учраас тус А зөвшөөрлийг хууль бус гэж хэлсэн.

2023 онд Цагдаагийн хэлтэст "*******" ХХК-ийн нэр хүндэд халдсан гэж гомдол гаргасан ба миний бие байцаалт өгч прокурорын газраас хянаж үзээд эрүүгийн хэрэг нээхээс татгалзаж хаасан. Тусгай зөвшөөрлийг 2019.09.9-ний өдөр авсан. 2019.12.01-ний өдөр Кадастрын хэлтсийн дарга Дашдаваа гэдэг хүн гол мөрний давхцалтай хэмээн бичиг хүргүүлсэн. 2021 оны 7 сард Ерөнхий сайд ирж уулзалт хийхэд нь хүсэлт тавьж, ажлын хэсэг байгуулсан.  Салбарын хяналтын газрын дарга Мөнхтогтох ирээд гол мөрний давхцалтай гэж тогтоосон. Усны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн ба усаа хамгаалъя гээд усны газрын газраас бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч компани нь зөрчилтэй болоод л торгуулаад байгаа. Торгууль гэдэг чинь зөрчилтэй байсан талаарх баталгаа мөн. “*******” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэг ч мод тарьж үзээгүй. Нэхэмжлэгч нь усны гэрээг 2019 онд авсан гэсэн. Энэ нь үгүй юм. 2020 оны 12 сард “*******” ХХК руу А зөвшөөрлөө шилжүүлсэн боловч усны гэрээ нь “*******” ХХК-ийн нэр дээр байсан. Нэр шилжсэн боловч усны гэрээ болон бусад бичиг баримт шилжээгүй байсан болох нь хяналт шалгалтаар илэрсэн. Би үүнийг тэр утгаар нь хэлсэн. Зам тээврийн хөгжлийн яаманд 2023 онд гарсан хурлынхаа тогтоолыг хүргүүлсэн. Уг хүргүүлсэн тогтоолын утга нь зам барьцаалж, “*******” ХХК нь уул уурхай гаргахгүй, тийм учраас зам тавиулахгүй гэсэн шийдвэрийг 4-р багийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд тэмдэглэл хөтлөн тамга дарж, иргэдийн 100 хувь дэмжсэн гарын үсэг зурж хүргүүлсэн нь хэрэгт байгаа. Багийн хурлаар хэлэлцээгүй гэдгийг баталсан. Анх 6-р баг дээр тусгай зөвшөөрөл авсан байдаг. Би худал ярьж, гүтгээгүй тул уучлалт гуйхгүй гэв.

 

3.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК, “******* Ресурс” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч *******, мэдээлэл тараасан “Мэдээллийн түрлэг” болон “Record.mn” цахим хуудсаар уг мэдээллүүдийг няцаахыг даалгаж, уучлал гуйлгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эрдэнэцагаан сумын байгаль орчныг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж байгаа үйл ажиллагаанд санаа зовж, тус нутгийн иргэдийг төлөөлөн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны даргаар ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Уул уурхайн үйл ажиллагаа ард түмэндээ ил тод байх ёстой.

Би үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төрийн байгууллагаас авсан мэдээллийн хүрээнд мэдээлсэн. Миний бие тус компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой удаа дараагийн өргөдөл, гомдлыг төрийн бүх байгууллагад өгч, тус байгууллагуудаас хяналт шалгалт хийж зөрчилтэй гэдгийг нь тогтоож байсан ба тус баримтын хүрээнд дээрх мэдээллийг хэвлэлийн байгууллагуудаар өгсөн. Ер нь нэр дурдсан компаниуд манай нутгийн говьд байдаг хамгийн эмзэг хэсэг болох Ханын гол, Хонгорын гол, Цагаан эргийн гол, Уулзварын гол, Даамайн гол, Тохойн гол, Жаргалантын гол, Хүйсийн гол зэрэг голуудын эрэгт Зотол хайрхан уулын ойролцоо ураны хайгуул хийж байгаад нүүрс олборлолтын үйл ажиллагаа хийж, улмаар орон нутгийн иргэдийн амьдрах эрхэнд сөргөөр нөлөөлж эхэлсэн учир би дан ганц өөрийн эрх ашгийн төлөө биш, нийтийн сайн сайхны төлөө үг хэлсэн.

Би өөрийн нэрийн өмнөөс болон “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын нэрээр тус “*******” ХХК, “******* Ресурс” ХХК-уудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн хэрэг одоог хүртэл шийдвэрлэгдээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба тухайн асуудлаар үнэхээр хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу гэдэг нь шийдвэрлэгдэх ёстой. Энэ талаар болон тухайн уул уурхайн компани байгаа газрын нутаг дэвсгэрт гол байгаа гэдгийг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр ч байгаа.

2023.11.07-нд эргэн тойрон айлтай, малын бэлчээр байгааг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоосон. Энэ асуудал шүүх дээр байгаа талаар нэхэмжлэгч тал болон миний зүгээс шүүхэд хэлсэн ч шүүх үүнийг анхаарч үзээгүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамч гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх буруу дүгнэлт хийсэн. Гүний усаар хоёр мотороор зэрэг ус татаж байгаа талаар гэрэл зураг, бодит шалгалтын баримтаар нөхөн тогтоогоод байхад миний гаргасан зарим баримтыг авалгүй буцааж өгчхөөд одоо болохоор нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ер нь тухайн хоёр компани хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл авсан гэх асуудлаар захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсээд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад мөн өөрийн нэр дээр авсан зөвшөөрлөө харьяалах охин компанидаа шилжүүлээд дараа нь “Монгол ураниум” биш “*******” ХХК гэж байгаа нь иргэдийг болон төрийн байгууллагыг төөрөгдүүлэх гэсэн арга хэрэглэж байгааг би “хулгайч” гэдэг нэр томьёогоор нэрлэсэн. Би Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар олгогдсон байгаль хамгаалах журамт үүргээ биелүүлж олон нийтэд мэдээлэл өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан баримтаас дан ганц нэхэмжлэгч талын өгсөн баримтад үнэлэлт өгч миний гаргаж өгсөн баримт болон гэрч асуулгах хүсэлтийг хүлээж аваагүй, миний гаргасан зарим баримтыг үнэлээгүй шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Миний мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээлэл бүгд үнэн гэдгийг түүнийг нотолсон төрийн байгууллагын шалгалтын баримтууд, тухайн компанид шийтгэврээр торгуулийн арга хэмжээ авсан болон бусад баримтаар тогтоогдоно. Надад хянах, шалгах эрх байхгүй тул би мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх замаар тухайн орон нутгийн байгалиа хамгаалж, мэдээллийг иргэдэд хүргэх үүргээ хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалт, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зүйл заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн телевизэд ярьсан ярилцлага нь манай компанийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэдэг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. *******гийн хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомжид заагдсан эрхийнхээ дагуу “******* Ресурс”, “*******” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах, түүнтэй холбоотой бусад байгууллагад удаа дараа гомдол, мэдээлэл гаргаж, одоог хүртэл Эрдэнэцагаан суманд байгаль орчин, ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа иргэн хүн байгаа. Энэ ажлынхаа хүрээнд сэтгүүлчийн асуусан асуултад хариулсан хариултыг манай байгууллагын нэр хүндэд халдсан гэдэг агуулгаар тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүхээс энэ мэдээллээ няцаахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр хууль бусаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан эсэхтэй холбоотой асуудал хянан шийдвэрлэгдэж байгаа. Хууль бусаар авсан эсэх нь өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй, маргаан нь үргэлжлээд явж байгаа. Хууль бусаар авсан эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх *******д уг мэдээллээ няцаахыг даалгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Гүний усыг 2 мотороор зэрэг татаж байгаа гэсэн агуулга бүхий зүйл яригддаг. Энэ нь гэрэл зураг болон, тухайн үеийн хяналт шалгалт, бусад баримтуудаар тогтоогддог. Гэтэл үүнийг шүүх үнэлээгүй. Хамгийн гол нь 2020 онд энэ байдал тогтоогдоогүй учраас 2021, 2022 онд тогтоогдсон зүйлийг буцааж хэрэглэж болохгүй гэсэн агуулгаар тайлбарласан нь шүүх хэргийг бодитой, үнэн зөв тогтоох зарчмаа алдагдуулсан гэж байна. Иргэн хүн бусдыг хардах эрхтэй. Дараагийн асуудал нь усны давхцалтай байна уу? үгүй юү? гэдгийг бодит байдлаар тогтоох ёстой. ******* гуай энэ талаар нотлох баримтуудыг хангалттай өгсөн. Энэ талаарх нөхцөл байдлыг үндэслэлтэй ярьсан байсан. Гэтэл тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй. Эцэст нь хэлэхэд ******* байгаль орчноо хамгаалах үүргээ гүйцэтгээд, өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө бус, Эрдэнэцагаан сумын тухайн газар нутгийг хамгаалах, ард түмний эрхийг хамгаалахын төлөө өөрийн боломжит бүх хэлбэрээр үүргээ гүйцэтгэж яваа хүн. Гэтэл түүнийг телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгч, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө худал мэдээлэл тараасан гэж шүүх үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уужимдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмгөөлөгчийнхөө ярьсантай санал нэг байна гэв.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан анх 2023 онд гарсан, одоо 2 дахь жилдээ явж байна. Энэ 2 жилийн хугацаанд шүүх хурал товлогдох болгонд хариуцагч дандаа хүсэлт гаргадаг, нотлох баримт өгье гэж хойшлуулдаг процесс явдаг байсан. Тиймээс энэ хугацаанд нотлох баримт авч чадаагүй, мэдээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Нотлох баримт цуглуулах цаг хугацаа хангалттай байсан. Энэ бол жирийн хэрэг, үзэл бодлоо илэрхийлсэн гэх тайлбарыг хэлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чинь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхээр хязгаарлагдах ёстой. Тиймээс үзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдыг гүтгэх, буруу мэдээлэл нийтлэх нь энэ хэргийг зөвтгөх үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудал нь энэ маргаанд ач холбогдолгүй. Хариуцагч өөрийнхөө нийтэлсэн зүйлийг няцааж, зөвтгөх гэсэндээ хаацайлж байна гэж ойлголоо. Дараагийн асуудал нь энэ мэдээлэл бодитой эсэхийг шүүх өөрөө тогтоох ёстой, төрийн байгууллага энэ дүгнэлтэд хамаагүй мэтээр тайлбар хэлж байна. Ялангуяа худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан эсэх маргаан дээр хариуцагч буюу тухайн мэдээллийг тараасан этгээд өөрөө нотолдог онцлогтой. Хэрвээ нийтэлж, тараасан мэдээллээ өөрөө нотолж чадахгүй бол худал мэдээлэл тараасан гэж үзнэ гэж хуульд заасан байдаг. Багийн иргэдийн Нийтийн хуралтай холбоотой асуудал яригдаж байна. Үүнийг зөвхөн иргэний журмаар ч биш, прокурор, цагдаагийн байгууллага шалгасан байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа тул, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

          8.Хариуцагч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          9.Нэхэмжлэгч “*******” ХХК, “******* Ресурс” ХХК-ууд нь ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр хүнийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгаж, уучлалт гуйлгуулах”-ыг хүсэж, нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь “Би худал яриагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

          10.Хариуцагч ******* нь "Талын түрлэг", ““Record.mn” сайтуудын  нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч, сурвалжлагчдын асуултад хариулахдаа: "“******* Ресурс” ХХК нь эртний булштай "Таван булшны тал" гэх газарт уурхайн үйл ажиллагаа явуулж байна. "Хонгор", "Хулстай", "Өргөн", "Эрээн", "Уулзварын" гэх нэртэй таван голын эх дээр уурхай ажилласнаар эдгээр гол ус ширгэж, намаг үүсгэж байна. Уг уурхай газар ухаж, гүний ус ашиглаж байгаа. Тухайн компани 2010-2013 онуудад ураны хайгуул хийж эхэлсэн. Нүүрсний хайгуул хийгээгүй, зөвшөөрөлгүй атлаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Багийн ИНХ, сумын ИТХ-аар хэлэлцүүлээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад ашиглалтын зөвшөөрөл авсан. 2018 онд сумын Засаг дарга Ө.Батсайхан нь хуурамч тодорхойлолт өгснийг ашиглан ашиглалтын зөвшөөрлийг хууль бусаар авсан. Үндсэн голууд ширгэж, гүний усыг 2 трубагаар татаж ашиглан, цэвэр усыг гадагш үр ашиггүй урсгасан. Нүүрсээ ухахаар гүний усаа дийлэхгүй, гадагш задгай ус асгаж байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтын газрыг 5 удаа дуудсан. Байгаль орчны байцаагч нар зохих арга хэмжээ авахгүй байна. Сүхбаатар аймгийн прокурор, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчныг хамгаалах газарт хандсан боловч уурхайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аваагүй, төрийн байгууллагуудын дээр гарсан даварсан уурхайнууд байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёртой уулзах хүсэлтээ өгсөн. Нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Авлигатай тэмцэх газарт хандсан. Аймгийн прокурор дээр дарагдаад байгаа. Өмнө нь “*******” нэртэй байсан. Одоо “*******” нэртэй болсон. 2021 онд нэрээ сольсон байна. Хулгайч компаниуд нэрээ сольдог. Татварын ерөнхий газар зөвшөөрдөггүй юм билээ. Нэрээ сольсон компани дээр нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, усны зөвшөөрөл өгөөгүй. “*******” дээр усны зөвшөөрөл, дүгнэлт гараагүй юм чинь лацдаж хаах шаардлага тавьдаг. Эрдэнэцагаанд нүүрсний 6-7 уурхай байгаа. Нутгийн иргэд: Зам барьцаалж, уурхайн үйл ажиллагааг явуулахгүй гэж жагсаал хийж байгаа. Тухайн компанийн хууль бусаар авсан А лицензийг цуцлуулахаар тэмцэж байгаа... Таван голын эх дээр ашиглалтын лиценз авсан. Үндсэн голууд нь ширгэсэн. Газрын гүний цэвэр усыг шавхаж, гадагш трубагаар гоожуулж, асгаж байгаа. Хангарьд, Жаргалсайхан нар гол усгүй гэж хуурамч дүгнэлт гаргаж өгсөн. Прокурор, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч зэрэг төрийн албаныхан үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй байгаа. Цөлжилт үүссэнээс малчид усгүй, бэлчээргүй боллоо. Уурхай руу цахилгаан татсанаар ачааллыг нь дийлэхгүй, сумын цахилгаан унтарч асаад байгаа. Лицензээ хууль бусаар авсан гэж үзэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. “*******” нь ураны хайгуул хийж байсан. Гэтэл “*******” компанид нүүрсний ашиглалтын зөвшөөрөл өгсөн нь хууль зөрчсөн. Олон уурхайнууд үйл ажиллагаа явуулснаар Эрдэнэцагаан хөгжөөгүй..." гэх зэргээр ярьсан болох нь хэрэгт авагдсан тухайн нэвтрүүлгүүдийн дуу, дүрсний бичлэгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар болон бусад баримтуудаар нотлогдож байна.

 

          11. Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч, байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга ******* нь дээрх асуудлуудыг ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрч, худал яриагүй гэдгээ нотолж, дараах баримтуудын эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудыг шүүхэд гарган өгч, хэрэгт хавсаргажээ. Үүнд:

 

           -Улсын ерөнхий прокурорын газрын 2022.06.24-ний өдрийн 4/1539 дугаартай хариу мэдэгдэх хуудас (Хэргийн 1 дүгээр хавтасны 89 дүгээр хуудас),

 

          -Сүхбаатар аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023.04.12-ны өдрийн 28/02 тоот төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж (Хэргийн 1 дүгээр хавтасны 90 дүгээр хуудас),

 

          -“*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн үйл ажиллагааг зогсоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол (Хэргийн 1 дүгээр хавтасны 91 дүгээр хуудасны ард тал),

 

          -Сүхбаатар аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023.04.19-ний өдрийн 92 тоот ““*******” ХХК-д хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн компани нь усны гэрээ дүгнэлт зөвшөөрөлгүйгээр ус шавхан зайлуулж буй зөрчил тогтоогдсон...” гэх албан бичиг (Хэргийн 1 дүгээр хавтасны 91 дүгээр хуудас),

          -Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023.04.20-ны өдрийн А/78 дугаартай, 2023.09.01-ний өдрийн А/197 дугаартай захирамжууд, фото зургууд, илтгэх хуудас  (Хэргийн 1 дүгээр хавтасны 93-94, 103-104, 115-122, 142-143 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 1-30 дугаар хуудас),

 

          -Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2024.03.29-ний өдрийн 01/354 дугаартай, 2023.12.22-ны өдрийн 01/1510 дугаартай, 2024.04.23-ны өдрийн 01/515 дугаартай, 2024.10.15-ны өдрийн 01/1077 дугаартай албан бичгүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 109, 112 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 75-73, 79 дугаар хуудас),

 

          -Эрдэнэцагаан сумын 4, 6 дугаар багуудын иргэдийн Нийтийн хурлын 2023 оны 06 сарын 14,15-ны өдрүүдийн 4/01, 4/02, 4/03, 6/01, 6/02, 6/03 дугаар албан бичгүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 161-172 дугаар хуудас)

 

          -“Өнөөдөр” сонины “Таван голоо авч үлдэх гэсэн Эрдэнэцагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна” гэх хайчилбар (Хэргийн 1 дүгээр хавтасны 173 дугаар хуудас),

 

          -“Уул уурхайгүй Эрдэнэцагаан” НҮТББ-ын 2024.11.20-ны 15 дугаартай албан бичиг (Хэргийн 2 дугаар хавтасны 59 дүгээр хуудас),

 

          -Эрдэнэцагаан сумын ИТХ-ын 2022.10.13-ны өдрийн 1/22 тоот албан бичиг (Хэргийн 2 дугаар хавтасны 71 дүгээр хуудас),

 

          -Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024.10.29-ний өдрийн 11/5031 дугаартай албан бичиг (Хэргийн 2 дугаар хавтасны 73 дугаар хуудас),

 

          -Засгийн газрын 1111 төвд ирсэн гомдлын хариу тайлбар, илтгэх хуудас (Хэргийн 2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудас) зэрэг болно.

 

          Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийхэд хариуцагч ******* нь *******” ХХК, “******* Ресурс” ХХК-уудыг  Эрдэнэцагаан сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ашигт малтмалын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудад хандаж өргөдөл, гомдол гарган шалгуулсан, тэдгээр байгууллагуудаас ирүүлсэн хариуных нь талаар "Талын түрлэг", ““Record.mn” сайтуудын нэвтрүүлэгт оролцохдоо ярьсныг худал ярьж,  нэхэмжлэгч компаниудын нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй, түүнийг ярьсан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ биелүүлсэн гэж дүгнэв.

 

          12.Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд гаргасан Сүхбаатар аймгийн прокурорын газрын прокурорын 2021.10.22-ны өдрийн 133 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.09.21-ны өдрийн 01/5445 дугаартай албан бичиг, “*******” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн илтгэх хуудас,  Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, тус багийн ИНХ-ын хуралдааны тэмдэглэл, тогтоол, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тодорхойлолт, “Мэдээллийн түрлэг”, “Record.mn” сайтад нийтлэгдсэн *******гийн ярилцлагын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ус ашиглах гэрээ, дүгнэлт зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт хийхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч компаниудын нэр хүндийг гутаасан үйлдэл хийж, хохирол учруулсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал  тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.  (Хэргийн 2 дугаар хавтасны 26-43, 179-184, 191-193, 278-234  дугаар хуудас)

 

          13.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:

          Хариуцагч ******* нь “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” төрийн бус байгууллагынхаа нэрээр “*******” ХХК, “******* Ресурс” ХХК-уудын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх ба уг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад эдгээр компаниуд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

          Иймээс анхан шатны шүүхийн “улсын бүртгэлийн 9011101145 дугаарт бүртгэгдсэн ******* дугаар бүхий 2019.09.09-ний өдөр 30 жилээр сунгасан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бус аргаар авсан хуурамч нотлох баримт гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт буруу болно.

         

          14.Монгол улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.   

          Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-5 дахь заалтуудад “Монгол улсын иргэн бүр байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болох байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах, байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах эрхтэй.” гэж заасан. Хариуцагч ******* нь энэ эрхийнхээ хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн байна.

 

          15. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д зааснаар “Монгол улсын иргэн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй.” гэж заасан. Хууль тогтоогч энэ эрх чөлөөг хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар баталгаажуулсан.

          Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.” гэж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй.” гэж тус тус хуульчилсан.

          Эдгээр хуулийн дагуу “Талын түрлэг", “Record.mn” сайтуудын бэлтгэн нийтэлсэн ярилцлага, уг ярилцлагыг нийтэд түгээж, мэдээлсэн асуудалд хариуцагч *******г буруутгах үндэслэлгүй болно.

 

          16.Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.” гэж, энэ зүйлийн 27.6 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна.” гэж, энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэгт “Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана.” гэж тус тус заасан.     

          Аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулгатай мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хуулиар хамгаалагдсан нийт иргэдээс заавал хүндэлж, халдахгүй байхыг үүрэг болгосон нийтлэг эрх ба уг этгээдийн эсрэг мэдээлэл тарааснаас үүдэн түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлага сөргөөр өөрчлөгдсөн, мэдээлэл үнэн зөв биш байх тохиолдолд тухайн этгээдэд гэм хор учирч гутаагдсан гэж үздэг.

          Хариуцагч *******гийн "Талын түрлэг", ““Record.mn” сайтуудын  нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч, сурвалжлагчдын асуултад хариулахдаа ярьсан асуудлууд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаасан гэх ойлголтод хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, нотариатчаар гэрчлүүлээгүй, эх хувь биш олон тооны бичиг баримтууд энэ хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болох хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул хариуцагч *******гийн давж заалдах гомдолд хавсарган ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна. (Хэргийн 3 дугаар хавтасны 155-213 дугаар хуудас)

 

          18. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасан. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК, “******* Ресурс” ХХК-иудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр хүнийг гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч *******д даалгаж, уучлалт гуйлгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          19.Нэхэмжлэгч *******” ХХК, “******* Ресурс” ХХК-уудын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 147 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

1.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК, “******* Ресурс” ХХК-иудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч *******д даалгаж, уучлалт гуйлгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

1.2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******” ХХК, “******* Ресурс” ХХК-уудын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.”  гэж өөрчилсүгэй.

1.3.Шийдвэрийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дүгээр зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                       Д.ГАНЗОРИГ

                                                                            О.БААТАРСҮХ