Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

  2019          08         27                                      2019/ШЦТ/734

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Иргэдийн төлөөлөгч: Д.Д ,

Шинжээч эмч: Г.Х ,

Шүүгдэгч: Д.Ө , түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.Ө т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905007380172 дугаартай хэргийг  2019 оны 6 дугаар сарын 14–ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Ө , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Ө  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Ус сувгийн .....тоотод /91 настай/ эцэг Б.Д тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Д ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Ө ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Цагаан сараар аавдаа очиж золгох гээд гэрт нь очсон. Аавын дүүгийн хүүхдүүд нь ирсэн байсан. Хүмүүс ирээд нилээн орой болсон байсан. Сүүлийн хүмүүс орой 19 цагийн үед явсан. Тухайн үед аав хүмүүстэй ууж байгаад нилээн согтсон байсан. Би бас уусан байсан болохоор эндээ хоноод явъя гэхэд аав намайг яв гээд хөөгөөд байсан. Тэрнээс болоод бид хоёр жоохон маргалдсан. Тэгээд би аавын нүүрэн дундуур нэг цохьсон. Тэгээд би 102 руу утасдаж аавыгаа цохичихлоо гэж хэлсэн...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ч.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай аав Ч ын төрсөн ах нь Д байгаа юм. Манай аав эхээсээ гурвуулаа Д нь хамгийн том ах нь байгаа юм. Д нь өөрийн гэсэн төрсөн хүүхэд байхгүй. Харин Ө нь бол өргөмөл хүүхэд байгаа юм. Манай аав Ч 2001 онд нас барсан. Мөн С гээд манай аавын эгч нь байж байгаад аавын дараа удалгүй нас барчихсан юм. Д ын эхнэр нь гэж хүн 1990-д оны үед өнгөрсөн. Би тэр хүнийг эгч гэдэг байсан учир нэрийг нь сайн мэддэггүй юм. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /хх 1-н 57-58/,

Гэрч Л.А ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би Ө аас салсан ч гэсэн түүнтэй холбоотой байдаг. Харин аав Д тай цагаан сар бүрээр шинийн 02-ны өдөр ирж золгодог. 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай охин А руу 8 цагийн үед Ө өвөө чинь өнгөрсөн гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр нь би хадам аав дээр ирсэн юм. Ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Манай хадам аав 1928 онд төрсөн. Би өөрөө аавгүй байсан болохоор надад их сайн байдаг учир байнгын холбоотой байдаг. Хадам аав маань Монголын радио телевизид сэтгүүлч, нэвтрүүлэгч насаараа хийсэн, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, архи дарсны хувьд 2-3 хундага л уудаг. Ямар нэг ааш зан гаргадаггүй, тайван дөлгөөн хүн байсан. ...Манай том охин өглөө Ирландаас залгаад өвөө яасан юм бэ гээд уйлаад байсан. Би гайхаад яасан гэтэл манай охин аав над руу Ирландын шөнийн цагаар 01-02 цагийн хооронд Монгол цагаар өглөө 08-09 цагийн хооронд залгаад урьд шөнө Өвөөг чинь хүн алчихсан байсан гэж аав над руу ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав чинь яасан юм, юу яриад байгаа юм гэхэд өвөө өрөө аавыг яв, яв гээд явуулчихсан гэнэ, та нэг очоод үзүүдхээч гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61-62, 64/,

Гэрч И.Ө ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 34 минутанд миний ....дугаарын утас руу Бугат 10-н .... дугаараас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байх усны 29 дүгээр байр гэх орон сууцны .... тоотод хэрүүл, зодоон болоод байна гэж тайшираас хэлж байна, очоод шалгачих гэж хэлсэний дагуу би цагдаа жолооч, дэд ахлагч М.Г ын хамт 21 цаг 45 минутанд ус сувгийн 29 дүгээр байр гэх байранд ирж баруун талын орцоор орж ... давхарт гарч шатны өөдөөс харсан хаалга болох ... тоотын хаалгыг цохисон боловч тайлж өгөөгүй. Би чагнаж үзэхэд ямар нэг чимээ гарахгүй байсан. ... тоотын 2 хажуу айл болох ..... тоотын хаалгыг тогшсон боловч мөн хүн тайлж өгөөгүй. Бид 2 бараг 15 минут орчим хаалгыг нь нүдсэн боловч тайлж өгөөгүй тул .....-руу залган анх дуудлага өгсөн утсыг асуухад ..... дугаарыг өгсөн. Би энэ дугаар руу өөрийн дугаараас 2 удаа залгахад холбогдох боломжгүй байсан. Би удалгүй .......... дугаарын утас руу залгахад энэ ямар учиртай дуудлага вэ гэж асуухад манайд усны .... гэж алга усны .... гэж байна. Анх дуудлага өгсөн утас болох ..... дугаарын утсаар шүүж үзэхэд танай .... дугаар хорооноос дуудлага өгч байсан байна гэж хэлээд анх дуудлага өгсөн утас гэж .... дугаарыг надад өгсөн. Би уг дугаарыг аваад ахиж 2 удаа залгахад мөн холбогдох боломжгүй байсан. Би 22 цаг 03 минутанд ........-т мэдэгдэж дараагийн дуудлагандаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/,

Гэрч Н.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хамт явж байсан цагдаагийн ахлах ахлагч А тай хамт дуудлагын дагуу явж очиход 29 дүгээр байрны ... тоот гэж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхгүй байсан. Хариун .... дүгээр байр гэж байсан ба тэр байр нь ..... тоот гээд дууссан. Тэгээд эргээд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн жижүүр рүү залгаад дуудлага өгсөн хүнийхээ утасны дугаарыг аваад холбогдоход тэр хүн нь цагдаад дуудлага өгөөгүй гээд таслаад байсан. Би тухайн үед өөрийн ...... дугаарын утаснаас залгаад байсан. Тэгээд нэг утсаа авсанаа салгахгүй орхичихсон. Тэгсэн цаана нь “чи яагаад алчихсан юм, одоо очиж хэргээ хүлээ” гээд байсан. Тэгээд цаана нь нэг дуу сул дуугараад байсан. Тухайн үед би гар утсаа салгалгүй 5-6 минут орчим сонссон байх мөн хамт дуудлаганд явж байсан А  тэр яриаг мөн сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 93/,

Шинжээчийн 473 тоот дүгнэлтэд: “...Талийгаач Б.Д ын цогцост хийсэн шинжилгээгээр хамрын ясны хугарал, цус алдалт, дээд уруулын няцарсан шарх, цус алдалт, нүүр, хуйхны олон тооны шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, бугуй, бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачаас авсан цусанд 2.7 промилли, ходоодны шингэнд 2.9 промилли шээсэнд 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хамар нурууны хугарал, уруулын няцарсан шархнаас цус амьсгалын замд орж амьсгал бүтэж нас баржээ. Талийгаач нь ходоод, нойр булчирхай, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл ерөнхий судас хатуурах өвчинтэй байх ба эдгээр нь үхэлд хүргээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 145-147/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 378 тоот дүгнэлтэд: “...Д.Ө  нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. Д.Ө  нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Ө  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Ө  нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /хх-н 109-110/,

Гэрчээр Д.Ө ын мөрдөн байцаалтад өгсөн: “...аав өөрийнхөө өрөө рүү амрах гээд 20 цагийн үед орсон. Би том өрөөний буйдан дээр амрах гээд сууж байхад аав өрөөнөөсөө гарч ирээд чи ер нь гэртээ очиж амраад ир гэхээр нь би эндээ хонъё гэхэд аав намайг яв гэсэн, би хононо яагаад хонож болохгүй юм бэ гэхэд аав яв, би амармаар байна гэхээр нь би аавын нүүр, шанаа руу нь гараараа 1 удаа цохьсон. Тэгээд аав надад цохиулаад буйдан дээр хойшоогоо налаад унасан, би унахаар нь нүүр рүү нь гараараа 8 удаа цохьсон. Би цохиж байхдаа аавд хандаж “та манай ээжийг алсан биз дээ, та үнэнгээ хэл, таниас болж манай ээж үхсэн, үнэнгээ хэлээч” гэж хэлэхэд аав нээх тодорхой зүйл хэлээгүй. Би алсан биз дээ үнэнгээ хэлээч гээд цохиж байхдаа өөрийнхөө ..... гэсэн утаснаас 102 руу залгаад аавыгаа би зодчихлоо гэж дуудлага өгсөн. Тэгээд 21 цагийн үед би аавын гэрээс гарсан намайг гарахад аав буйдан дээр хойшоо унасан чигээрээ нүүрээ 2 гараараа дараад “ёооё” гэж хэлээд байсан. Намайг байхад цагдаа ирээгүй, такси бариад гэртээ ирээд оймс цамцаа тайлаад усанд хийж тавиад унтсан. Өнөөдөр өглөө 07 цаг 30 минутын үед сэрээд цай уучихаад 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад такси бариад аавын гэрт 09 цагийн үед ирээд хаалгыг нь онгойлгоод ороход аав өчигдөр хойшоогоо налж унасан буйдангийн суудал дээр толгой хэсгээрээ налсан байдалтай газар хагас сууж байсан, би очоод аав гэж дуудаад хөдөлгөж үзэхэд хөдлөхгүй байсан. Амьсгааг нь үзэхэд амьсгалахгүй байсан учраас аавын гэрийн утаснаас 102 руу залгаад манай аав нас барсан байна гэж дуудлага өгсөн. Цагдаа нарыг ирэхэд би айгаад аавыгаа өчигдөр орой зодсон гэдгээ хэлж чадаагүй. ...баруун гарын сарвуу хэсэгт зулгараад цус гараад хавдсан нь аавыгаа цохисноос болж миний гар ийм болсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 75-78/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-27/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 28-37/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 38-44/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 38-44/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 45-50/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 181-201/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Ө  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ус сувгийн .....тоотод /91 настай/ эцэг Б.Д тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Д ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Ө ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Ч.Э гийн: “...Манай аав Ч ын төрсөн ах нь Д байгаа юм. Манай аав эхээсээ гурвуулаа Д нь хамгийн том ах нь байгаа юм. Д нь өөрийн гэсэн төрсөн хүүхэд байхгүй. Харин Ө нь бол өргөмөл хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 57-58/, гэрч Л.А ы: “...би Ө аас салсан ч гэсэн түүнтэй холбоотой байдаг. Харин аав Д тай цагаан сар бүрээр шинийн 02-ны өдөр ирж золгодог. 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр манай охин А руу 8 цагийн үед Ө өвөө чинь өнгөрсөн гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр нь би хадам аав дээр ирсэн юм. Ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. ...Манай том охин өглөө Ирландаас залгаад “өвөө яасан юм бэ” гээд уйлаад байсан. Би гайхаад “яасан” гэтэл манай охин “аав над руу Ирландын шөнийн цагаар 01-02 цагийн хооронд Монгол цагаар өглөө 08-09 цагийн хооронд залгаад урьд шөнө Өвөөг чинь хүн алчихсан” байсан гэж ...ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аав чинь яасан юм, юу яриад байгаа юм” гэхэд “өвөө өөрөө аавыг яв, яв гээд явуулчихсан гэнэ, та нэг очоод үзүүдхээч” гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 61-62, 64/, гэрч И.Ө ын: “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 34 минутанд миний 88895210 дугаарын утас руу Бугат 10-н 88220012 дугаараас “Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байх усны 29 дүгээр байр гэх орон сууцны 28 тоотод хэрүүл, зодоон болоод байна гэж Тайшираас хэлж байна, очоод шалгачих” гэж хэлсэний дагуу би цагдаа жолооч, дэд ахлагч М.Г ын хамт 21 цаг 45 минутанд ус сувгийн 29 дүгээр байр гэх байранд ирж баруун талын орцоор орж 5 давхарт гарч шатны өөдөөс харсан хаалга болох 28 тоотын хаалгыг цохисон боловч тайлж өгөөгүй. Би чагнаж үзэхэд ямар нэг чимээ гарахгүй байсан. 28 тоотын 2 хажуу айл болох 27, 29 тоотын хаалгыг тогшсон боловч мөн хүн тайлж өгөөгүй. Бид 2 бараг 15 минут орчим хаалгыг нь нүдсэн боловч тайлж өгөөгүй тул Бугат 10-руу залган анх дуудлага өгсөн утсыг асуухад ...дугаарыг өгсөн. Би энэ дугаар руу өөрийн дугаараас 2 удаа залгахад холбогдох боломжгүй байсан. Би удалгүй Тайширийн ...дугаарын утас руу залгахад” энэ ямар учиртай дуудлага вэ” гэж асуухад манай усны 29 гэж алга усны 30 гэж байна. Анх дуудлага өгсөн утас болох ...дугаарын утсаар шүүж үзэхэд танай 20 дугаар хорооноос дуудлага өгч байсан байна гэж хэлээд анх дуудлага өгсөн утас гэж ...дугаарыг надад өгсөн. Би уг дугаарыг аваад ахиж 2 удаа залгахад мөн холбогдох боломжгүй байсан. Би 22 цаг 03 минутанд Бугат 10-т мэдэгдэж дараагийн дуудлагандаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/, гэрч Н.Б ийн: “...Би хамт явж байсан цагдаагийн ахлах ахлагч А тай хамт дуудлагын дагуу явж очиход 29 дүгээр байрны 28 тоот гэж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхгүй байсан. Харин 29 дүгээр байр гэж байсан ба тэр байр нь 26 тоот гээд дууссан. Тэгээд эргээд Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн жижүүр рүү залгаад дуудлага өгсөн хүнийхээ утасны дугаарыг аваад холбогдоход тэр хүн нь цагдаад дуудлага өгөөгүй гээд таслаад байсан. Би тухайн үед өөрийн ...дугаарын утаснаас залгаад байсан. Тэгээд нэг утсаа авсанаа салгахгүй орхичихсон. Тэгсэн цаана “чи яагаад алчихсан юм, одоо очиж хэргээ хүлээ” гээд байсан. Тэгээд цаана нь нэг дуу нь сул дуугараад байсан. Тухайн үед би гар утсаа салгалгүй 5-6 минут орчим сонссон байх мөн хамт дуудлаганд явж байсан А  тэр яриаг мөн сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 93/, гэрчээр Д.Ө ын: “...аав өөрийнхөө өрөө рүү амрах гээд 20 цагийн үед орсон. Би том өрөөний буйдан дээр амрах гээд сууж байхад аав өрөөнөөсөө гарч ирээд “чи ер нь гэртээ очиж амраад ир” гэхээр нь би “эндээ хонъё” гэхэд аав намайг “яв” гэсэн “би хононо, яагаад хонож болохгүй юм бэ” гэхэд аав “яв, би амармаар байна” гэхээр нь би аавын нүүр, шанаа руу нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд аав надад цохиулаад буйдан дээр хойшоогоо налаад унасан, би унахаар нь нүүр рүү нь гараараа 8 удаа цохисон. Би цохиж байхдаа аавд хандаж “та манай ээжийг алсан биз дээ, та үнэнгээ хэл, таниас болж манай ээж үхсэн, үнэнгээ хэлээч” гэж хэлэхэд аав нээх тодорхой зүйл хэлээгүй. Би алсан биз дээ үнэнгээ хэлээч гээд цохиж байхдаа өөрийнхөө ...гэсэн утаснаас 102 руу залгаад аавыгаа би зодчихлоо гэж дуудлага өгсөн. Тэгээд 21 цагийн үед би аавын гэрээс гарсан намайг гарахад аав буйдан дээр хойшоо унасан чигээрээ нүүрээ 2 гараараа дараад “ёооё” гэж хэлээд байсан. Намайг байхад цагдаа ирээгүй, такси бариад гэртээ ирээд оймс цамцаа тайлаад усанд хийж тавиад унтсан. Өнөөдөр өглөө 07 цаг 30 минутын үед сэрээд цай уучихаад 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад такси бариад аавын гэрт 09 цагийн үед ирээд хаалгыг нь онгойлгоод ороход аав өчигдөр хойшоогоо налж унасан буйдангийн суудал дээр толгой хэсгээрээ налсан байдалтай газар хагас сууж байсан, би очоод аав гэж дуудаад хөдөлгөж үзэхэд хөдлөхгүй байсан. Амьсгааг нь үзэхэд амьсгалахгүй байсан учраас аавын гэрийн утаснаас 102 руу залгаад манай аав нас барсан байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 75-78/, шинжээчийн  473 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 378 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нь хохирогчийг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.Д ын биед хамрын ясны хугарал, цус алдалт, дээд уруулын няцарсан шарх, цус алдалт, нүүр, хуйхны олон тооны шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээж, баруун сарвуу, бугуй, бугалганд цус хуралт гэмтэл үүссэн, хамар нурууны хугарал, уруулын няцарсан шарх зэрэг олон тооны шарх гэмтэл учирсан нь тогтоогдсон. Түүнчлэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг үнэлж үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Амь хохирогч Б.Д ын 91 настай буюу өндөр настай шүүгдэгчийн аав  мөн цагаан сарын шинийн нэгний өдөр болж амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсаныг шүүгдэгч нь лавтай сайн мэдэж байсан ба шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь 2.7 промилли согтолттой буюу хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон тул хохирогчийг бие хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэж үзэх үндэслэлтэй байх ба дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ө ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ө  нь амь хохирогч Б.Д тай маргалдаж түүнийг  онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Д.Ө  нь хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ө  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө т 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 62 настай, хохирогчийн төлөөлөгч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулахаар гаргасан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө т шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан  нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Ө ыг “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ө ыг 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө т оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Д.Ө ын урьд цагдан хоригдсон 201 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

    

ШҮҮГЧИД                                       С.БОЛОРТУЯА

                                                         

                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ