| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/07938/И |
| Дугаар | 210/МА2025/01691 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01691
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03273 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 23410319/138 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23410319/138-01 дугаар төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээх, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь *******, ******* ХХК , *******, ******* нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс олсон орлого, үр шим 300,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03886 дугаар шийдвэрээр ******* ХХК -аас 120,000,000 төгрөг гаргуулж, *******д олгож, *******, *******, ******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.2. ******* нь ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал биш, миний нэр дээр ямар нэг компани байхгүй байхад өнөөдрийг хүртэл миний эзэмшлийн орон сууц, автомашины захиран зарцуулах эрхийг сэргээхгүй, миний болон хүүхдийн тэтгэмжийн дансанд барилт хийж, хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгийг татан хохироож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/0919 дүгээр шүүгчийн хариуцагч ******* ХХК , *******, *******, ******* нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4-180/1873 тоот албан бичгээр ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах, орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/0919 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон байхад өнөөдрийг хүртэл тус орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээхгүй байна.
1.3. Иймд шүүхийн шийдвэрээр надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, ******* ХХК -тай ямар нэг хамааралгүй, гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч биш тул ******* миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах, орон сууцны захиран зарцуулах эрх, ******* улсын дугаартай ******* маркийн автомашины захиран зарцуулах эрхийг тус тус сэргээж, Хаан банкин дахь ******* эзэмшлийн ******* тоот тэтгэмжийн данснаас 2024 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн татсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тухайн дансанд эргүүлэн хийж тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 23410319/138 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03886 дугаар шийдвэрээр ******* ХХК -аас 120,757,950 төгрөгийг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсний дагуу 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23410319 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээд болох ******* ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******д шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр төлж барагдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 138/01 тоот мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-138/19964 дүгээр мэдэгдлийг тус тус өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* дансыг битүүмжилж, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүний эзэмшлийн хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн.
2.3. ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******ийг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Иймд төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 23410319/138 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23410319/138-01 дугаар төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/03886 дугаар шийдвэрээр ******* ХХК -аас 120,757,950 төгрөгийг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23410319 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ХХК -ийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө бүртгэлгүй, компани үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон тул 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******д 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-138/19964 дугаар албан бичгээр өр төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах болохыг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* Компанийн хөрөнгө, хувь хүний хөрөнгийг зааглагдсан эсэх талаар хариуг нотлох баримтын хамтаар ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
4.3. ******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захиралаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *******ийг компанийн 100 хувийн хувьцаа ззэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийж буй үндэслэл бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-138/1722 дугаар албан бичгийг ******* дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүргүүлсэн.
4.4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлгээгүй, нэхэмжлэгч талаас хуулийн этгээд хөрөнгө, орлогогүй гэдгээ өөрсдөө нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх ******* ХХК -иийг хөрөнгө, орлоготой хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд халдах боломжгүй мэтээр хэргийг дүгнэж шийдсэн нь хуульд нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ******* нь өнөөдрийг хүртэл ******* ХХК -ийн хувьцаа эзэмшигч байгаагүй. *******тай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь хууль бус гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 23410319/138 дугаар мэдэгдэх хуудас, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23410319/138-01 дугаар төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээх, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэж, дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 23410319/138 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах шаардлага, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23410319/138-01 дугаар төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээлгэх шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн байх боловч үл хөдлөх хөрөнгө болон автомашины захиран зарцуулах эрхийг сэргээлгэх, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөрт суутган авсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4. Нэхэмжлэгчийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, банкинд байрших мөнгөн хөрөнгөтэй холбоотой Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагааны талаарх нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, нэхэмжлэгчийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөрт суутган авсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг дансанд эргүүлэн хийлгэх шаардлагын мөнгөн дүнгийн хэмжээ тодорхой бус, шаардлага тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, тухайн шаардлагуудтай холбоотой эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03273 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР