Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 831

 

 

 

 

 

 

   2019          09         04                                      2019/ШЦТ/756

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,  

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Хохирогч: Э.Д ,

Шүүгдэгч: Н.Ө , түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ө д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905018460570 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Н.Ө  нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын орчим гудамжинд иргэн Э.Д ыг явган хүний зам дээр тавьсан машинуудаа холдуул гэхэд нь “наад машинууд чинь манай машинууд биш надад хамаагүй” гэж маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ө ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах Христын спорт цогцолборт харуулын байрандаа үүргээ гүйцэтгэж байсан. Манай байгууллагын урд бүх хүмүүс машин тавьдаг. Би харуулын байрандаа сууж байхад хаалга хүчтэй нүдээд байсан. Гараад харахад Г гадаа зогсож байсан. Хохирогч, Г нар маргалдаж байсан аа маргаанаа зогсоод надад “та энэ машинуудаа холдуул” гэхэд “энэ манай машинууд биш, бүх хүмүүс манай урд машинаа тавьдаг” гэхэд “холдуул” гэж байна гээд маргаан үүсээд заамдалцаад намайг машины хамар дээр дарж унасан. Г ирж салгасан. Тэгээд хохирогчийг яв гэж хэлээд явуулсан тэгсэн төд удалгүй ороод ирсэн. Орж ирсэнээ намайг боогоод маргалдаж ноцолдсон. Хохирогч их уусан байсан. Хохирогч өөрөө багана мөргөж унасан. Би албан үүргийнхээ хүрээнд шаардлага тавьсан. Инженерийг дуудаад болсон явдлын талаар хэлсэн. Дараа нь утсаараа шуурхай руу ярьсан чинь цагдаа дууд гэсэн. Цагдаа дуудсан цагдаа ирээд 103 дуудаад хохирогчийг аваад явсан. Маргааш нь цагдаа дээр ирээд мэдүүлгээ өгөөрэй гэсэн боловч улирч ажиллаад очиж чадаагүй. Тухайн өдөр уг асуудлын дараа бие муудаад би 7-р төвд очиж үзүүлсэн. Надтай зууралдаж ноцолдох явцад би мэдээж зүгээр байгаагүй харилцан зууралдаж, ноцолдсон” гэв.

Хохирогч Э.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажлаа тараад ажлыхантайгаа 1 шил архи уучихаад Спорт цогцолборын хажуугаар нь явж байхад явган хүний зам руу машин оруулан тавьсан байхаар нь харуулд нь “машинуудаа холдуулаач” гэж хэлэхэд “чи юу гээд байгаан бэ” гээд муудалцаад маргалдаж барьцалдаж эхэлсэн. Намайг хашаа руугаа оруулсан. Өрөөнд нь ороод барьцалдаж авахад толгой руу цохьсон. Би хэн толгой руу юугаар цохьсоныг бол мэдэхгүй. Харин нүүр бол шүүгдэгч гараараа цохьсон Би дараа нь юу болсныг санахгүй байна. Гадаа толгойгоо бариад сууж байтал 2 цагдаа орж ирсэн. Намайг хараад 103 дуудаад үзүүлээд гэмтлийн эмнэлэг орж толгойндоо оёдол тавиулсан” гэв.

Хохирогч Э.Д ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Модны 2-ын голын замаар явж байхад явган хүний зам хаагаад машинууд тавьсан байхаар нь би тойроод явж  байхад баригдаж байгаа барилгын хашааны хүн ордог, гардаг хаалганы орчим тус барилгын харуул зогсож байхаар нь машинуудаа явган хүний замаас холдуул гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь чи юу гээд байгаа юм гэж хэлээд барилцаж авсан чинь хажуугаас тас хийгээд толгой руу цохьсон... миний зүүн нүдэнд гараараа нэг удаа харин толгойны орой дээр хэд хэдэн удаа ...цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Гэрч Э.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...харуул Ө болон танихгүй залуу хамт байсан. Онон бид хоёр очоод юу болсон талаар асуухад харуул Ө “....энэ залуу харуулын байранд орж ирээд надтай зодолдоод намайг боож унагаагаад байж байхад гадна байсан ажилчид салгасан” гэхээр нь би танихгүй залууг чи ямар учиртай хүн бэ гэхэд миний өөдөөс пизда минь чамд хамаагүй зайл гээд байсан. ...харуулын байранд Ө орж ирээд байж байхад уг залуу араас нь ганцаараа орж ирээд хоолойг нь боосон гэж харуул хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

            Гэрч Т.О гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Харуулаас асуухад барилгын хашааны хаалга балбаад хэрүүл маргаан хийгээд ...яв гээд явуулсаны дараа мэдээгүй байхад харуулын байранд орж ирээд араас нь боогоод ...харуулын байранд ноцолдсон гэсэн. ...толгой яагаад хагарсан талаар асуухад унасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

            Гэрч Ц.Ц гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барилгын ажилтай байсан. Тухайн өдрийн үдээс хойш байх яг цагийг нь санахгүй байна, согтуу эрэгтэй хүн барилгын харуултай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь уг согтуу эрэгтэй хашаан дотор уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

            Шинжээчийн 4932 тоот дүгнэлтэд: “...Э.Д ын биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний ухархайн гадна дээд хана болон дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 38/,

            Шинжээч эмч Т.Ч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Зулайн хуйханд шарх нь хөнгөн, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний ухархайн гадна хана болон дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт нь хөнгөн, тархи доргилт нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарагдана...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/,

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь хохирогчийн биед халдаагүй, шүүх эмнэлгийн шинжээчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч нь архи согтууруулах ундаа хэрэглэж өөрөө өөрийгөө гэмтээсэн гэх үндэслэл байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээж авах үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул түүнийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж, харилцан зодолдсон үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч унаж гэмтэл авсан гэж мэдүүлсэн ба хохирогч нь багана мөргөж зулайн хуйханд шарх гэмтэл авсан байх боломжтой хэдий ч шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний ухархайн гадна хана болон дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр үүснэ гэж мэдүүлсэн тул дээрх гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоотой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нь өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус ба тулгарсан довтолгоон хийсэн нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь тухайн үед надад гэмтэл учирсан, эмнэлэгт үзүүлсэн гэх боловч мөрдөгчид шүүх эмнэлэгт үзүүлэхгүй талаарх хүсэлт гаргасан, мөн түүний үзүүлсэн гэх эмнэлгийн байгууллагаас үзүүлсэн талаарх бүртгэл байхгүй талаар баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Н.Ө  нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын орчим гудамжинд иргэн Э.Д ыг явган хүний зам дээр тавьсан машинуудаа холдуул гэхэд нь “наад машинууд чинь манай машинууд биш надад хамаагүй” гэж маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Э.Д ын: “...тус барилгын харуул зогсож байхаар нь “машинуудаа явган хүний замаас холдуул” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд барилцаж авсан чинь хажуугаас тас хийгээд толгой руу цохисон... миний зүүн нүдэнд гараараа нэг удаа харин толгойны орой дээр хэд хэдэн удаа ...цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, гэрч Э.Б ийн: “...Ө надад “энэ залуу харуулын байранд орж ирээд надтай зодолдоод намайг боож унагаагаад байж байхад гадна байсан ажилчид салгасан ...” гэж харуул хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч Т.О гийн: “...Харуулаас асуухад ...харуулын байранд ноцолдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, шинжээч эмч Т.Ч ын: “...Зулайн хуйханд шарх нь хөнгөн зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний ухархайн гадна хана болон дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт нь хөнгөн, тархи доргилт нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарагдана...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/, шинжээчийн 4932 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Ө ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ө  нь хохирогчтой маргалдаж түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хэдийгээр тухайн хэрэг болох үед хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч энэ нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан болохгүй гэж үзлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Д ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт баримттай хохирлоо нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт баримтаар авагдсан шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар ясны дүрс оношлогооны зураг авахуулсан 110.000 төгрөг, нийт 118.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Д т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Ө ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Н.Ө ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй тул эрүүгийн хариуцлагын талаар саналаа хэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Ө ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө ыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө аас 118.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Д т олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ө д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР