Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01692

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК -д холбогдох,

 

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ХХК -д 2005 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд тус компанид 2005-2009 онд хөргөлтийн механик, 2009-2011 онд хөргөлтийн ахлах ажилтан, 2011-2013 онд төвлөрсөн засварын ахлах ажилтан, 2013-2014 онд сайтын засварын ахлах мэргэжилтэн, 2014-2015 онд баяжуулах үйлдвэрийн механик засварын ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд сэргээгдэх засварын ахлах мэргэжилтэн, баяжуулах үйлдвэр, засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд Ил уурхай, баяжуулах үйлдвэрийн засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2018 оноос Дэд бүтцийн хэлтэст механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд ажиллаж байсан.

1.2. ******* ХХК -ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр ******* намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/MA2022/01934 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/01248 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор намайг ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох тухай шийдвэр гарсан.

1.3. Дээрх ******* ХХК биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байна. Тодруулбал, ******* ХХК нь шүүхийн шийдвэрт заасан үүргүүдээс зөвхөн нэгийг л биелүүлсэн буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг олгосон бусад хэсгийг биелүүлээгүй.

1.4. ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаартай тушаал гаргасан гэх боловч тухайн тушаалаар ******* намайг ажилд буцаан томилоогүй. Харин ажлаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгосон тухай дурдсан бөгөөд тушаалын 2 дахь хэсгээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хангахаар тусд нь тушаал гарган шийдвэрлэнэ гэж тусгасан байдаг. Одоог хүртэл ажилд буцаан томилсон тушаалыг тусд нь гаргана гэсэн боловч уг тушаалыг гаргаагүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17 өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтаар ..*******ийг хариуцагч ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж заасан. Түүнээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгосугай гэсэн шүүхийн шийдвэр гараагүй.

1.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3 дахь хэсэгт заасан заалт биелэгдээгүй. ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу *******ийг хэзээнээс эхлэн ажлаа эхэлж болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй байж 2023 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дахин цуцлах тухай тушаал гаргасан.

1.6. Миний гүйцэтгэдэг Дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн ажил үүрэг нь Өмнөговь аймагт байрлах ******* ХХК -ийн орон нутаг дахь үйлдвэрт байрладаг ажлын байр бөгөөд ******* ХХК -ийн дотоод дүрэм, журмаар орон нутагт ажиллах ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлж эхлүүлэхдээ эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт болон бусад шаардлагатай сургалтуудад заавал хамруулж дотоод системийн бүртгэлээр орон нутгийн нислэгийг баталгаажуулдаг. Гэтэл надтай холбоотой тухайн ажиллагааг явуулаагүй, тухайн ажил үүргийг бодитойгоор гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаагүй тул ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалд дурдсан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх ямар ч бодитой боломж байгаагүй. Түүнчлэн, шүүхээс Дэд бүтцийн хэлтэст албан тушаалд эгүүлэн тогтоосон байтал Б/5370 тоот тушаалаар Механик засварын хэлтсийн ажлаас халсан нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг харуулж байна. Иймээс ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үл тоосон, илт хууль бус тушаал юм.

1.7. Иймд ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг хүчингүй болгож, ******* намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК -ийн механик засвар үйлчилгээний менежер ******* нь 2023 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй тул гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд уг тушаалыг хууль болон компанийн холбогдох журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий гэж үзэж байна.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 болон хөдөлмөрийн гэрээний 8б, 8в, 8г, 8д, 10.2.1г, 10.2.1и-д тус тус заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй гурав ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан нь сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогддог. Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.4.8-д заасан үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан. Мөн сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.3, 18.7.2-т заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байхаар зохицуулсан.

2.3. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******ийн ирцийн мэдээллийг авахаар түүний удирдах ажилтан ******* өөрийн ******* хаягнаас хүний нөөцийн мэргэжилтэн ******* руу түүний ******* хаягт явуулсан имэйл, хүний нөөцийн мэргэжилтэн *******гоос тухайн өдрөө *******ийн ирцийн мэдээллийг удирдах ажилтан ******* руу буцаан илгээсэн и-мэйлд нь ******* нь ажилдаа ирээгүй, бүртгэлийн системд бүртгэгдээгүй байдаг.

2.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/MA2022/01934 дугаартай магадлалаар *******ийг ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 507,101,448 төгрөг гаргуулан *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган, нөхөн бичилт хийхээр шийдвэрлэснийг дараах байдлаар биелүүлсэн.

******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэл хүчингүй болгох тухай Б/4982 тоот тушаал гарч, уг тушаалаар *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2022/01934 дугаар магадлал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, *******ийг ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон тушаал урьд өмнө ******* ХХК -аас гарч байгаагүй бөгөөд харин *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл гарснаар ажлаас чөлөөлсөн. Уг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар ******* нь шүүхэд хандаж, шүүхээс *******ийн нэхэмжлэлийг хангаж, ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хууль бус гэж үзсэн тул ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалаар түүнийг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгосноор ******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдэж, бүртгэл нь идэвхжсэн. *******тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалыг ******* нь хүлээн авсан буюу ажлаас түр чөлөөлсөн мэдэгдэл хүчингүй болсноор ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болсноо мэдсэн.

2.5. Голомт банкны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр болон 03 дугаар сарын 24-ний өдрийн ажилчдын цалин шилжүүлсэн шилжүүлгийн баримтад *******ийн Голомт банкин дахь ******* тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 24-ний өдөр 6,549,159 төгрөгийн цалинг шилжүүлсэн байдаг. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтад ******* ХХК -ийн ******* тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэр дээрх Төрийн банкин дахь ******* тоот дансанд 510,594,905 төгрөгийг ******* гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

2.6. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн fin/492 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрээр нөхөн тайлагнах хүсэлт-ээр *******ийн 2020, 2021, 2022 онуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн тайланг хүргүүлсэн.

2.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *******ын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 23/03-185 дугаартай тогтоолоор ******* ХХК -д холбогдох 23280164 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон.

Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч ******* нь ******* ХХК -д холбогдуулан явуулж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 7 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай 4/71 тоот, Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 23/02 тоот тогтоолууд гаргасан боловч эдгээр тогтоолууд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч *******ын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09/128 тоот албан бичгээр хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, *******ийн хүсэлтээр ******* ХХК -д холбогдуулан явагдаж байсан 23280164 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *******ын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 23/03-185 дугаартай тогтоолоор дуусгавар болсон.

2.8. ******* ХХК -ийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/MA2022/01934 дугаартай магадлалыг бүрэн биелүүлж, *******ийг чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгосноор ажил үүргээ гүйцэтгэх боломжоор нь хангаж, нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн тайлагнасан.

2.9. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23, 24 болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг хариуцагч ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК -аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 709,633,067 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон, хариуцагч ******* ХХК -д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөхийг даалгаж, үлдсэн 8,981,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 3,776,315 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

4.2. ******* ХХК -ийн зүгээс нэхэмжлэгчийг механик засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн томилох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн 210/MA2022/01934 дугаартай магадлалыг дараах байдлаар бүрэн биелүүлсэн.

4.2.1. ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэл хүчингүй болгох тухай Б/4982 тоот тушаалаар *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01934 дугаар магадлал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, *******ийг ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон тушаал урьд өмнө ******* ХХК -аас гарч байгаагүй бөгөөд харин *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэл гарснаар ажлаас чөлөөлсөн. Уг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгосноор ******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болсон буюу албан тушаалдаа томилогдсон.

4.2.2. Ийнхүү эргэн томилогдсоноор *******ийн Голомт банкин дахь ******* тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уурхайн нээлттэй холбогдуулан нийт ажилчдад олгосон 1,000,000 төгрөгийн урамшуулал, 03 дугаар сарын 24-ний өдөр 6,549,159 төгрөгийн цалинг тус тус ******* ХХК -аас шилжүүлсэн.

4.2.3. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК -ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэр дээрх Төрийн банкин дахь ******* тоот дансанд 510,594,905 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүгээр шүүхийн шийдвэрийн дагуу *******т төлөх ажилгүй байсан хугацааны олговор бүрэн төлөгдсөн.

4.2.4. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрээр нөхөн тайлагнах хүсэлт илгээж *******ийн 2020, 2021, 2022 онуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн тайланг хүргүүлсэн.

4.3. Дээрх баримтуудаар *******ийг ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 507,101,448 төгрөг гаргуулан *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган, нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2022/01934 дугаартай магадлал бүрэн биелэгдсэн нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн ...хариуцагч нь нэхэмжлэгчийг механик засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн томилоогүй ... гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 болон хөдөлмөрийн гэрээний 8б, 8в, 8г, 8д, 10.2.1г, 10.2.1и-д тус тус заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй гурав ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан нь сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогддог. Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.4.8-д заасан үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан. Мөн сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.3, 18.7.2-т заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байхаар зохицуулсан.

4.5. ******* нь ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдсэн, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авсан болохоо, түүнчлэн ажил үүргээ гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрч, маргадагтүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******ийн ирцийн мэдээллийг авахаар түүний удирдах ажилтан ******* өөрийн ******* хаягнаас Хүний нөөцийн мэргэжилтэн ******* руу түүний ******* хаягт явуулсан имэйл, Хүний нөөцийн мэргэжилтэн *******гоос тухайн өдрөө *******ийн ирцийн мэдээллийг удирдах ажилтан ******* руу буцаан илгээсэн и-мэйлд нь ******* нь ажилдаа ирээгүй, бүртгэлийн системд бүртгэгдээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

4.6. ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй байгуулагдсан, маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаартай тушаал гарах хүртэл хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлж хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, өөрчлөх талаар ажил олгогчид үүрэгжүүлээгүй буюу ажилтанд заавал мэдэгдэх үүрэггүй байх бөгөөд гагцхүү талууд харилцан тохиролцсоноор хийгдэх зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр буруутгаж, мэдэгдээгүй нь ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй ноцтой зөрчлийг зөвтгөх үндэслэл болгож тайлбарласан нь хэргийг бодитоор дүгнээгүй, хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй байна.

4.7. ******* нь 2005 оноос ******* ХХК -д ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос Дэд бүтцийн хэлтэст механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаал хүртэл дэвшиж ажилласан ******* ХХК -ийн дүрэм журам, үйл ажиллагаа, ажлын процесс, ажлын байраа мэдэх, өөрөө өөрийгөө төлөөлөх эрх зүйн бүрэн чадамжтай ажилтан байсан. Дэд бүтцийн хэлтэст механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаал нь ажлын 5 өдрийн 1 өдрийг Улаанбаатар хотод байрлах *******т байрлаж ажилладаг бөгөөд ******* нь ******* ХХК -д удирдах албан тушаал хашиж, төв оффист ажиллаж байсан хүний хувьд ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалыг мэдсэн даруйдаа ажлын байр дээрээ өөрийн биеэр ирж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, удирдлага заавраа авч, ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан бөгөөд ******* ХХК энэ хугацаанд ямарваа байдлаар хаалттай, ажиллаагүй тохиолдол байхгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан буюу ******* ирсэн тохиолдолд хүлээн авах бүрэн боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалыг мэдсэн мэдсэн атлаа компани дээр өөрийн биеэр ирээгүй, хүний нөөц, хөдөлмөрийн харилцааны зөвлөх болон холбогдох ажилтнуудтай уулзаагүй, холбогдоогүй, ажлаа хийх оролдлого гаргаагүй байхад анхан шатны шүүх ажлын байран дээрээ огт ирээгүй ажилтанд ажил олгогчийг ажил үүрэг гүйцэтгэх удирдлага заавар өгөөгүй гэх үндэслэлээр компанийг буруутгаж байгаа нь логикгүй, үйл баримтын уялдаа холбоогүй, бодит байдалд нийцээгүй байна.

4.8. ******* ХХК -ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2022/01934 дугаартай магадлалыг бүрэн биелүүлсэн болохоо мэдэгдэж, холбогдох баримтуудаа гарган өгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлт, гомдлыг удаа дараа гаргасан боловч зохих ёсоор шийдвэрлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах шаардлагатай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/Ш32025/13934 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэж, одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

4.9. ******* нь ажлын байрандаа ирж, ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан зөрчлөө өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэлээ ******* ХХК -ийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажиллах боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байгаа тул *******ийг 2023 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг үндэслэл бүхий эсэхийг шүүхээр шийдвэрлэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн181/ШШ2022/01821 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2022/01934 дугаартай магадлал бүрэн биелэгдсэн эсэх үйл баримт зайлшгүй урьдчилан тогтоогдох шаардлагатай байсан.

4.10. ******* ХХК -ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, ******* ХХК -аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзахдаа ямар үндэслэлээр татгалзаж байгааг дурдаагүй, тайлбарлаагүй, дүгнээгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг явуулж, үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд энэ нь анхан шатны шүүх хэргийг бодитой, үндэслэл бүхий шийдэх, эрх тэгш байх хуулийн зарчмыг хангасан, хараат бусаар хэргийг шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гараад хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр бодитоор заавал биелэгдэх ёстой. ******* ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 01 дүгээр сард хандаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад ******* ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой 02 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргасан. Уг тушаал нь 3 заалттай бөгөөд 1-д магадлал гарсантай холбоотойгоор өмнө нь гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож байна, 2-т тухайн магадлалыг биелүүлэхтэй холбоотой тусд нь тушаал гаргасугай, 3-т уг тушаалыг *******т гардуулж, танилцуулсугай гэсэн агуулга бүхий тушаал гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******ийг дуудаж энэ тушаалыг танилцуулсан. Мэдэгдэл хүчингүй болгосныг ******* мэдсэн боловч шинэ тушаал гаргаад ажилдаа ир гэж дуудна гэж ойлгосон. ******* ХХК -аас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий тушаалыг гаргасан гэж тайлбарладаг боловч тухайн өдөр тушаалыг *******т танилцуулаагүй.

5.2. ******* ХХК -аас *******гаар дамжуулан *******ийг ажилдаа ир гэж дуудуулсан гэж тайлбарладаг боловч гэрчийн мэдүүлгээс харахад *******ийг ажилд нь буцаагаад томилсон талаар мэдэгдэж, ажилдаа хэзээ очих талаар мэдэгдээгүй байдаг. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсан тушаалыг 03 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагт шуудандсан бөгөөд шууданг тухайн өдрийн орой *******т гардуулаад, тушаал явуулсан талаар мессеж бичсэн. Үүнд түр түдгэлзүүлсэн тушаалыг хүчингүй болгосон тушаалыг шуудангаар хүргүүлсэн гэх агуулгатай мессеж байдаг. Энэ мессежнээс үзэхэд *******ийг ажилдаа ир гэж дуудсан агуулга харагддаггүй.

5.3. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс ажил тасалсан гэж дурдсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнө гардаж аваад 23-ны өдрийн өглөө ажилдаа гүйгээд очих боломжгүй. Тушаалыг задлаад үзэхэд 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн тушаалыг *******т явуулсан байдаг. ******* хуульч руу хандаад энэ тушаалыг юу гэж ойлгох вэ, намайг ажилд томилоод дуудаж байгаа гэж ойлгох уу гэж асуусан. Заавал ажилд нь томилсон тушаал гаргах албагүй байж болох ч бодитоор биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, гарсан тушаалыг мэдэгдсэн хуульчийн үйлдлээс харахад *******ийг буцаагаад ажилд нь томилсон гэх агуулга харагддаггүй.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч тал тайлбарлахдаа ажлаас нь чөлөөлөөгүй, түр түдгэлзүүлсэн учраас тухайн тушаалыг хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх боловч анхан шатны шүүх ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд ******* ХХК өмнөх мэдэгдлээ хүчингүй болгосноор шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Хариуцагч талын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

5.5. 2023 оны 03 дугаар сарын 22, 23, 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажил тасалсан гэж бичсэн. Хэрэв 03 дугаар сарын 23-ны өдөр ажилд очих ёстой бол 23-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэх талаар ажилтанд мэдэгдсэн баримт байхгүй. Мессеж болон и-мэйл, тушаал зэргээс үзэхэд 03 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирэх талаар нэг ч үг, үсэг байхгүй учраас энэ өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн тогтоосон гэх боловч хэрхэн тогтоосон үйл баримт тодорхойгүй. Тухайн тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон гэж бодоход *******ийн ажлын байр нь хотод биш Өмнөговь аймгийн Ханбогд суманд уурхайн талбайд байдаг учраас 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнө тушаалыг гардаж аваад маргааш нь буюу 23-ны өдөр шууд очоод ажиллах боломжгүй.

5.6. ******* ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэж *******ийг ажлаас чөлөөлсөн. Энэ заалт нь хөдөлмөрийн ноцтой зөрчил буюу ажил олгогч ажилтан хоорондоо нэг бүрчлэн тохиролцсон байх шаардлагатай. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхээс өмнө хэрэгжиж байсан. Үүнд ******* болон ******* ХХК -ийн хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэг ойлголт байхгүй. Учир нь тухайн үеийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэсэн зохицуулалт үйлчилнэ. Уг гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй байсан. Гэрээнд тусгасан зохицуулалт, заалтаа өөрчилснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалтаар ажлаас чөлөөлөх боломжтой. Дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй.

5.7. Шинээр ажлаас чөлөөлсөн тушаал болон 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар нэхэмжилсэн учраас өмнөх шүүхийн шийдвэртэй хамааралгүй. Энэ маргааныг шийдвэрлэх явцад анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг дүгнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэгэнт маргаан үүсээд шийдвэрлэгдсэн бол дахин хэрэг үүсгээд шийдвэрлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн тооцоололтой холбоотой өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг дахин гаргасан нь хууль бус гэх үндэслэлээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхэхээр нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгч ажил тасалсан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

4.1. ******* ХХК -ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл-ээр хууль хяналтын байгууллагаар зайлшгүй шалгуулах нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр *******ийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажлаас чөлөөлсөн.

4.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэрээр ******* ХХК нь *******ийг ажлаас түр чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болохыг тогтоож, *******ийг ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон.

4.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2022/01934 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

4.4. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/01428 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

4.5. ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаартай *******т өгсөн мэдэгдлийг хүчингүй болгох тухай тушаалаар *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01934 дугаар магадлал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хангахаар тусд нь тушаал гаргаж шийдвэрлэхээр шийдвэрлэсэн.

4.6. ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 дугаартай Мэдэгдэл хүчингүй болгох тухай тушаалаар *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01934 дугаар магадлал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, тушаалыг *******т мэдэгдэж, тушаалын хувийг гардуулан өгөх зохицуулалт хийхийг Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт болон Хуулийн хэлтэст үүрэг болгосон.

4.7. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгосон тухай 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдэж, нэхэмжлэгчийн хаягаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б/4982 дугаар тушаалыг шуудангаар явуулсан.

4.8. ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаартай *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.2.1, 10.2.1.г, 10.2.1.и, 10.4 дэх заалтыг үндэслэн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

 

5. Зохигч дээр дурдсан үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд харин ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаартай *******т өгсөн мэдэгдлийг хүчингүй болгох тухай тушаал болон 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 дугаартай Мэдэгдэл хүчингүй болгох тухай тушаал гарснаар *******ийг ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэрийг хариуцагч ******* ХХК биелүүлсэн гэж үзэх эсэх, ******* нь 2023 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх эсэх, ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаартай *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэрээр *******ийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул ажил олгогч өмнө гаргасан ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгосноор ******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болсон буюу албан тушаалдаа томилогдсон гэж үзнэ гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг ажилтныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар биелэгдсэнд тооцохгүй, харин ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар биелэгдсэн гэж үзнэ.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлээ хүчингүй болгосон нь өмнө гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож байгаагаас бус ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ийг Механик засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн томилоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

9. Хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэрийг гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг 2023 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч *******ийг ******* ХХК -ийн Дэд бүтцийн хэлтэс, Механик засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас 709,633,067 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,981,287 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд зөв бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8 дахь хэсэгт, ******* ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул бие даасан шаардлага гэж үзэхгүй гэх дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасанд тус тус нийцсэн байна.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК -ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэгдтэл *******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК -д холбогдох 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

*******ийн нэхэмжлэлтэй ******* ХХК -д холбогдох 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхэд *******ийг ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/01821 дугаар шийдвэрийг хариуцагч ******* ХХК биелүүлсэн эсэх талаар зайлшгүй дүгнэгдэх бөгөөд энэ талаар ******* ХХК -ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө дүгнэлт хийх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

12. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь 3,706,115 төгрөг болж байхад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,776,315 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь алдаатай байгааг залруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 3,706,115 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,776,316 төгрөгийн 3,706,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР