Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01693

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс *******Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр замын дээд сургуулийн захирлаар ажилласан.

1.2. Хөдөлмөрийн гэрээ болон Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлүүд гаргасан гэж үзэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар төмөр замын даргын нэгдүгээр орлогч дарга ******* тушаал гарган цуцалсан. *******Улаанбаатар төмөр замын даргын Б-2-197 дугаар тушаал нь бодит болон хуулийн үндэслэлгүй. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.3.2, 5.3.10, 5.3.11-д заасныг зөрчсөн гэсний зөвшөөрөхгүй, дээр дурдсан зөрчлүүдийг гаргаагүй.

1.3. Мөн тушаалд Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/113 тоот тушаалаар батлагдсан худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж, гэрээгээр нийлүүлэх барааг хүлээн аваагүй үедээ төлбөрийг шилжүүлсэн, тендер зохион байгуулахгүйн тулд төсөвт өртгийг хуваан гэрээ байгуулсан, гэрээг байгуулахдаа дотоод сонгон шалгаруулах комиссоор хэлэлцүүлээгүй гэжээ. Төмөр замын дээд сургуулийн 70 жилийн ойг 2023 оны 11 дүгээр сард тэмдэглэсэнтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулсныг зориудаар тухайн үед батлагдаагүй журмыг дагаж мөрдөөгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. Багш нар сургуулийн 70 жилийн ойн үйл ажиллагаанд зориулан хандивласан мөнгийг ойн үйл ажиллагаа зохион байгуулах комисс зориулалтын дагуу зарцуулсан байсан.

1.4. Тушаалд Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлтэй байгуулсан гэрээний биелэлтийг хангаагүй гэжээ. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлтэй Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны 2023/13 тоот гэрээг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар тус гэрээний 7.1-д заасны дагуу харилцан тохирч тайлан хүргүүлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан. Энэ нь Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдоно.

1.5. Тушаалд шинээр сургалт эхлэхдээ сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэлд эрх бүхий байгууллагаар батлуулаагүй гэжээ. Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд тусгагдсан хоёр хөтөлбөрөө төлөвлөгөөний дагуу 2021-2022 онд хэрэгжүүлсэн. Оюутан элсүүлэх хөтөлбөрүүдийг *******Улаанбаатар төмөр замын удирдлага шаардсаны дагуу батлуулсан. Тусгай зөвшөөрөл дээр тусгагдсан хөтөлбөрөөр сургалт явуулахад урьдчилсан магадланд орох шаардлагагүй ба сургалтууд амжилттай явагдаж байгаа юм.

1.6. Тушаалд Элсэлтийн журам зөрчиж журмын бусаар оюутан элсүүлсэн гэжээ. 2021-2023 оны элсэлт болон ковид цар тахлын үетэй холбоотойгоор элсэлтийн тоо бага хүний нөөц дутмаг байсан тул *******Улаанбаатар төмөр замын удирдах ажилтнуудын цохолт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэл өгсний дагуу Төмөр замын дээд сургуулийн захирлын 2021 онд А/75 дугаар Элсүүлэн суралцуулах тухай тушаал гарган 54 оюутантай гэрээ байгуулан суралцуулсан. Тус гэрээг 2022 оны 06 дугаар сарын 30, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус дүгнэж акт үйлдсэн ба сургууль болон удирдах газарт ямар нэгэн хохирол учраагүй. Төмөр замын удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж ажилласан.

1.7. Тушаалд Дээд боловсролын сургалтын байгууллагын стратеги төлөвлөгөөг хуурамчаар үйлдсэн гэжээ. Стратеги төлөвлөгөөг Төмөр замын дээд сургуулийн удирдах ажилтнууд, багш нар хамтран боловсруулсан оюуны бүтээл тул хуурамчаар үйлдэх боломжгүй. Сургалтын хөтөлбөр батлагдсан хуваарийн дагуу хэрэгжиж ирсэн.

1.8. Тушаалд Боловсролын удирдлагын мэдээллийн сан дахь оюутнуудын мэдээлэл зөрүүтэй, тус сургуулийн оюутнууд боловсролын зээлийн санд хамрагдах боломжгүй болсон гэжээ. Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар элссэн, Улаанбаатар төмөр замын ажилчид хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутны бичиг баримтын дутуугаас үүссэн асуудлыг надад хамруулан буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Улаанбаатар төмөр замын дарга ажиллаж байгаа зарим ажилтнуудаа хоёр дахь дээд боловсролоор суралцуулах шийдвэр гаргаж холбогдох баримтуудыг сургуульд ирүүлсэн. Энэхүү элсэлтийг сургууль түүний дотор захирал миний бие зохион байгуулаагүй бөгөөд даргын шийдвэрээр элсэлтийг авч байсан. Оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө болон хандиваар төлсөн тул Боловсролын зээлийн санд хамрагдах шаардлага гараагүй. Дараа жилээс оюутнууд өөрсдөө хүсвэл Боловсролын зээлийн санд хамрагдан суралцах боломж нээлттэй байна.

1.9. Тушаалд Дээд боловсролын тухай хууль, холбогдох журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэжээ. Хөтөлбөрийг магадлуулах хүсэлт, албан бичиг, шаардлагатай баримтуудыг бүрдүүлж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт ...тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг 5 жил тутам магадлан итгэмжилнэ гэж заасны дагуу Төмөр замын дээд сургуулийн Эрдмийн зөвлөл 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 02/24 дугаар тогтоолоор тэргүүлэх эрэлттэй Төмөр замын барилга, зам, замын аж ахуй, Цахилгаан хангамж мэргэжлийн хөтөлбөрүүдийг батлан магадлан итгэмжлэлд оруулсан. Сургуулийн үе үеийн удирдлагууд Боловсролын хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Гэтэл төмөр замын зарим албан тушаалтнууд сургуулийн үйл ажиллагаанд оролцсоноос зөрчил үүсэх нь цөөнгүй байдаг.

1.10. *******Улаанбаатар төмөр зам нь Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд юм. Боловсролын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь удирдах зөвлөл байна гэж хуульчилжээ. Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д заасныг зөрчиж Улаанбаатар төмөр замын дарга өөрт хуулиар олгогдоогүй шийдвэрийг гаргасан.

1.11. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу *******г Төмөр замын дээд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан зэргийн нэмэгдэл, шагнал урамшуулал, бусад хангамж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээр нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******д Замын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-2-197 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй. Тус сургуулийн дүрмийг Замын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А-322 дугаар тушаалын хавсралтаар баталсан.

2.2. Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр замын дээд сургуулийн 2024 оны үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар санхүү, дүрэмд заагдсан үйл ажиллагааны биелэлтүүдийг шалгахад байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй. Тус сургуулийн магадлан итгэмжлэл 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, мэргэжлийн 7 хөтөлбөрийн магадлан итгэмжлэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус дуусгавар болсон байсан.

Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь тухайн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг хүлээх ба Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар дотоод чанарын баталгаажуулалт, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэж зааснаар өмчийн бүх төрлийн дээд боловсролын сургалтын байгууллага нь өөрийн сургалтын хөтөлбөр болон байгууллагадаа магадлан итгэмжлэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэх үүрэг хүлээсэн. *******гийн ажлын байрны тодорхойлолтын 1.4, 3.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг даалгасан.

Төмөр замын дээд сургууль нь магадлан итгэмжлэлийг хийлгэхээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх 2023/12 тоот гэрээг байгуулсан байх боловч гэрээнд заасан хугацаанд байгууллагын магадлан итгэмжлэлийг хийлгээгүй, энэ талаар гэрээний нөгөө талд шаардлага тавьж гэрээний хэрэгжилтийг хангуулж ажиллаагүйн улмаас байгууллагын магадлан итгэмжлэлгүйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байсан.

2.3. Мөн сургууль нь эрх бүхий байгууллагаар батлуулсан 8 хөтөлбөрөөр сургалт зохион байгуулаагүйн улмаас тус хөтөлбөрт хамрагдсан 36 оюутнууд зээлээр суралцах боломжгүй болж, улмаар тус хөтөлбөрөөр төгсөх боломжгүй болсон. Тус журмаар суралцагч нь магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах гэсэн нийтлэг шаардлагыг төмөр замын дээд сургууль нь хангаагүйгээс оюутнууд төгсөх шалгалтад оролцох эрхгүй болж Улаанбаатар төмөр замын Төмөр замын дээд сургуулийг сонгон төмөр замчин мэргэжил эзэмшихээр суралцаж байсан оюутнууд нэхэмжлэгч *******гийн өөрийн ажил үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх нь зөрчигдөх нөхцөл үүссэн.

2.4. Замын даргын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/113 дугаар тушаалын хавсралтаар баталсан худалдан авах ажиллагааны журмын 7.5-д зааснаар Төмөр замын дээд сургуульд шаардлагатай худалдан авалт хийхдээ дотоод сонгон шалгаруулах комиссоор хэлэлцүүлж оролцогчдыг өрсөлдүүлэн сонгох зарчмаар аливаа худалдан авалтыг хийхээр зохицуулсан. Гэтэл захирлаар ажиллаж байсан ******* нь сургуульд худалдан авалт зохион байгуулахдаа дотоод сонгон шалгаруулах комиссоор шийдвэрлүүлэлгүй худалдан авалт хийсэн зөрчил нь дотоод аудит, хяналт шалгалтаар илэрсэн.

2.5. Замын хэмжээнд бүх төрлийн гэрээ байгуулахдаа Замын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/203 дугаар тушаалын хавсралтаар баталсан гэрээ байгуулах, бүртгэх, хэрэгжүүлэх журмын дагуу гүйцэтгэдэг. Тус журмаар салбар нэгжүүдийн дарга, захирал нар Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах бүх төрлийн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд өөрийн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг худалдахаас бусдаар захиран зарцуулах, түрээслэх, хяналт тавих үүрэгтэй ажилладаг. Мөн журмын 3.1.3-т зааснаар аливаа хэлцэл хийх үед заавал гэрээ байгуулах шаардлагыг тавьдаг. Гэтэл сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй цайны газрын талбайг бусдад үнэ төлбөргүй ашиглуулсан нь шалгалтаар илэрсэн.

Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт 2 дугаар хэсэгт сургуулийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, үр ашигтай захиран зарцуулах, ашиглалтад хяналт тавих гэсэн үүргээ биелүүлээгүйгээс сургуулийн хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй ашиглуулсан нь зөрчилд тооцогдсон.

Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар худалдан авалт хийхдээ тендер зохион байгуулахгүйн тулд төсөвт өртгийг хуваан хэсэгчлэн худалдан авалт хийхийг хориглодог. Гэтэл ******* нь худалдан авалт хийхдээ сонгон шалгаруулах комиссоор хэлэлцүүлж өрсөлдүүлэхгүйгээр шууд худалдан авалт хийхийн тулд батлагдсан төсөвт өртгийг хувааж нэг ижил барааг 2 тусдаа үнээр худалдан авах гэрээ байгуулсан зөрчил илэрсэн. Энэ талаарх зөрчлүүдийг шалгалтын тайлангаас харах боломжтой ба шалгалтын тайланг баримтаар гаргаж өгсөн байна.

2.6. Нэхэмжлэгч *******гийн гаргасан дээр дурдсан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээний 5.3.2, 5.3.10, 5.3.11-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.3 дугаар хэсэгт нийцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааг дээр дурдсан зөрчлүүдийг хэлэлцсэн хуралдаанаар хэрэгжүүлсэн ба сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ажлаас халах шийтгэл ногдуулсан үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/2/197 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г *******Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр замын дээд сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт *******Улаанбаатар төмөр замаас 19,335,393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг *******Улаанбаатар төмөр замд даалгаж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна мөн зүйлийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлийг эрх бүхий этгээд ногдуулаагүй байна гэж буруу дүгнэсэн.

4.2. Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлд Улаанбаатар төмөр замын даргын эрхүүдийг олгосон ба Улаанбаатар төмөр замын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/842 тоот Эрх олгох тухай тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд өөрийн эрхээ Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч даргад шилжүүлэн Улаанбаатар төмөр замын өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгасан. Гэтэл *******д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга гарын үсэг зурсныг эрх олгогдоогүй байна гэх агуулгаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэгг авагдсан баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой байна. Дүрмийн 24 дүгээр зүйлд Улаанбаатар төмөр замын орлогч даргын эрх, үүргийг зохицуулсан ба Улаанбаатар төмөр замын даргын эзгүйд замын 1-р орлогч дарга нь түүний эрх, үүргийг бүрэн хариуцан биелүүлнэ гэж тодорхой заасан. Улаанбаатар төмөр замын даргыг өвчтэй байх хугацаанд нийгэмлэгийн дүрмийн 24-т заасны дагуу орлогч дарга ******* бүрэн орлох эрхтэй тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд гэж үзнэ. Мөн нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т зааснаар дотоод журмаар нэгдүгээр орлогч дарга нь чиг үүргийг бүрэн хариуцаж байгааг шүүхээс үнэлсэнгүй.

4.3. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нийгэмлэгийн дүрмийн 24-т компанийн эрх бүхий албан тушаалтаар замын нэгдүгээр орлогч дарга байхаар заасан. Төмөр замын байгууллага төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, төмөр замчдыг шуурхай удирдлагаар хангах үүргийн дагуу дарга, орлогч дарга нь дүрмээрээ эзгүй байх үед нь орлон ажиллах эрхтэй байтал санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх олгосон тушаалыг үндэслэн эрхгүй байна гэж дүгнэлээ. Байгууллагын дүрмийг нэг удаагийн үйлчлэлтэй, тухайн үеийн үйл ажиллагааг зохицуулахаар гарсан тушаалаар үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Шүүх нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх, тайлбар авах хугацаа олгоогүй байна гэж дүгнэсэн. Төмөр замын дээд сургууль нь эрхлэх ажлын чиглэлээр Улаанбаатар төмөр замын нийгмийн асуудал хариуцсан орлогч даргын харьяанд багтаж түүнд ажлаа тайлагнадаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга *******ын удирдан хийсэн шуурхай хуралдаанд нэхэмжлэгч ******* оролцож шалгалтын тайланг сонсож танилцан, түүнтэй холбоотой тайлбараа өөрөө гаргаж байсан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд хуралдаанаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг замын даргад танилцуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан зохицуулалт хэрэгжсэн байтал шүүхээс нотлох баримтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлөх талаар сургуулийн удирдах зөвлөлөөр шийдвэрлээгүй нь хууль, дүрмийг зөрчсөн гэжээ. Хэрэгт тус дээд сургуулийн дүрэм авагдсан бөгөөд дүрмийн 3.13-т ТЗДС-ийн захирлыг УБТЗ-ын дарга томилно гэж зааснаар томилох чөлөөлөх эрх нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч болох Улаанбаатар төмөр замын даргын эрх хэмжээний асуудал байтал сургуулийн удирдах зөвлөлд энэхүү эрх хэмжээг олгосон нь Улаанбаатар төмөр замын үүсгэн байгуулах олон улсын хэлэлцээр, дүрэм, сургуулийн дүрэм зэргийг буруу үнэлсэнтэй холбоотой байна.

4.5. Шүүхийн шийдвэрийн 14-т ажилгүй байсан хугацааг тооцохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 7 сараар тооцож нэг сарын дундаж цалин хөлсөнд үржүүлж 19,335,393 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын №192 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гэж зааснаар хугацааг тооцохдоо тухайн сарын ажлын өдрүүдийн нийлбэрийг нийлүүлэн тооцдог байтал шүүхээс ажлын болон амралтын өдрүүдийг нэгтгэн 7 сараар тооцож ажилгүй байсан хоног, хугацааг нэмэгдүүлэн алдаатай тооцсонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22.з-д ажилтан, албан хаагчдыг ажилд томилох, халах нь замын даргын эрх хэмжээний асуудал болохыг дурдаад энэ эрхийг шилжүүлэхдээ Иргэний хуульд зааснаар итгэмжлэлд ямар эрхийг хэдий хугацаанд хэрхэн шилжүүлж байгааг тодорхой зааж хуульд заасан шаардлагын дагуу итгэмжлэл олгох ёстой. Харин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгогдсон замын даргын эрх шилжүүлэх тухай итгэмжлэлд санхүүгийн гарын үсэг зурах болон шуурхай ажлыг удирдах гэсэн 2 агуулгаар итгэмжлэлийг олгосон. Энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, замын дарга өөрийн эрхээс ажилтныг ажлаас халах эрхийг шилжүүлээгүй болохыг тогтоосон. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрх шилжүүлж, итгэмжлэл олгосон байхад 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу дараа өдөр нь өөрт олгогдоогүй эрхийг эдлэн замын даргаар томилж, чөлөөлөх албан тушаалтныг халсан нь үндэслэлгүй. Нэгэнт эрх олгогдоогүй байхад эрхийг эдэлсэн нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа тохиолдолд гаргасан зөрчлийг нь танилцуулж, тайлбар авах үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл ердийн боломжит хугацаа олгохгүйгээр аудитын тайлангийн хурал дээр тухайн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн аудитын дүнг хэлэлцэж, сүүлд нь аудитын тайлангийн хурал бус *******г ажлаас халах шуурхай хурал болж хувирч ажлаас халсан нь ажилтнаас гаргасан зөрчилтэй нь холбогдуулж тайлбар авах ердийн боломжит хугацааг олгоогүй гэх агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.3. Мөн цалин хөлстэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаартай журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн ажилласан хоногийг авсан цалинд нь хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 145,377 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан ажлын өдөр буюу 144 өдөрт үржүүлж 20,934,312 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ талаар хариуцагч тухайн үед гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар, татгалзал гаргаагүй. Шүүх цалин хөлсийг 1,598,000 төгрөгөөр дутуу бодож олгосон.

5.4. Хөдөлмөрийн гэрээний 5.3.2, 5.3.10, 5.3.11-д заасныг зөрчсөн гэж тушаалд бичсэн. Энэ тушаалтай холбоотой бүх нотлох баримтыг судалсан. Үүнд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж, тогтоогоогүй буюу зөрчил гаргаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон. ******* 2022 онд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Гэтэл 2023 онд байгууллагад хийсэн аудитын шалгалтыг хэлэлцэх хуралдаанд Ж.Батболд очоод шуурхай удирдлагын хурал гэж нэрлээд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/113 дугаар тушаалаар батлагдсан журам зөрчигдсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх үйл ажиллагаанд сүүлд гарсан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнээс үзэхэд *******г улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. ******* тушаалд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдоогүй. Түүнчлэн, итгэмжлэлээр ажлаас чөлөөлөх эрх олгогдоогүй гэж хариуцагч тал маргадаг боловч 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын дээд шүүх энэ итгэмжлэлтэй адилхан итгэмжлэлээр ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргааныг хэлэлцээд уг итгэмжлэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдсон гэж үзэж боломжгүй гэж дүгнэсэн. Энэ нотлох баримт нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдээд эрх олгогдоогүй болох нь нотлогдсон учраас энэ итгэмжлэлээр эрх шилжүүлсэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

5.5. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 1949 оны Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар тайлбарладаг. Социализмын үеийн төмөр зам тухайн үед вант улсын эрхтэй учраас Монгол улсын хуульд захирагдахгүй гэж байсан, одоог хүртэл энэ сэтгэхүйгээр хандаж байна. Дарга, даамал нэртэй хүмүүс нь ажил хийж байгаа ажилтныг хохироодог бусармаг зүйл үргэлжилж байна. Цаашид Монгол улсын хуулийн этгээд бол Монгол улсын хуулийг дагаж мөрдөж, ажиллах ёстой.

5.6. Цалингийн хэмжээнд 20,900,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч тал цалингийн талаар анхан шатны шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, давж заалдах гомдлоос хараад нэхэмжлэлийн шаардлагыг анхнаас нь хүлээн зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүх 11 дүгээр сарын цалинг *******д олгоогүй учраас энэ зөрүүгээр тооцсон гэж үзээд гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээтэй холбоотой өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...*******д Замын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б-2-197 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй, Төмөр замын дээд сургуулийн дүрэмд зааснаар тус сургуулийн захирлыг томилох чөлөөлөх эрх нь Улаанбаатар төмөр замын даргын эрх хэмжээнд хамаарна, Төмөр замын дээд сургуулийн 2024 оны үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар ******* нь хөдөлмөрийн гэрээний 5.3.2, 5.3.10, 5.3.11-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/2/197 дугаартай тушаалаар Төмөр замын дээд сургуулийн захирал ******* нь хөдөлмөрийн гэрээний 5.3.2, 5.3.10, 5.3.11-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн, уг тушаалд Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга ******* гарын үсэг зурсан байна.

*******Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/842 дугаартай Эрх олгох тухай тушаалаар Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а заалтыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Замын нэгдүгээр орлогч *******т санхүү болон төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрх олгож, замын даргыг эзгүй байх хугацаанд Улаанбаатар төмөр замын өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Замын нэгдүгээр орлогч *******т даалгасан байна.

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/842 дугаартай Эрх олгох тухай тушаалаар Замын нэгдүгээр орлогч *******т санхүү болон төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгож, өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгасан, харин түүнд удирдах ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг уг тушаалаар олгоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч байгууллагын удирдлагаас шилжүүлсэн эрх хэмжээг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаагүй тохиолдолд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрсөн гэж үзэх боловч хүний үндсэн эрхийг хязгаарласан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр тул шилжүүлсэн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаагүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

*******Улаанбаатар төмөр замын дүрмийн 24-т Замын орлогч дарга нь замын даргаас өөрийн хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь туслах ба нийгэмлэгийн ерөнхий хорооноос тогтоосон эрхийн дотор ажлаа явуулна. Замын даргын эзгүйд замын нэгдүгээр орлогч дарга нь түүний эрх, үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ гэж заасан, Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/842 дугаартай Эрх олгох тухай тушаалаар Замын орлогч даргад тодорхой эрхийг буюу санхүү болон төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрх олгосноос бус Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 з-д заасан замын ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах, и-д сахилга журмын шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авах зэрэг эрхийг олгоогүй байна.

Улаанбаатар төмөр замын дүрмийн 24-т ... Замын даргын эзгүйд замын нэгдүгээр орлогч дарга нь түүний эрх, үүргийг бүрэн хариуцаж биелүүлнэ гэж заасныг Улаанбаатар төмөр замын даргын эзгүйд түүний бүрэн эрхийг замын нэгдүгээр орлогч дарга ямар нэгэн итгэмжлэл, эрх олгосон тушаал шийдвэргүйгээр хэрэгжүүлэх эрх олгосон гэж үзэхгүй.

Дүрмийн 24-т Замын даргын эзгүйд замын нэгдүгээр орлогч дарга нь түүний эрх, үүргийг бүрэн хариуцаж хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна гэж зааснаар нийгэмлэгийн дүрмийн 24-т компанийн эрх бүхий албан тушаалтаар замын нэгдүгээр орлогч дарга байхаар заасан, төмөр замын байгууллага төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, төмөр замчдыг шуурхай удирдлагаар хангах үүргийн орлогч дарга нь дүрмээрээ даргыг эзгүй байх үед нь орлон ажиллах эрхтэй байтал байгууллагын дүрмийг нэг удаагийн үйлчлэлтэй, тухайн үеийн үйл ажиллагааг зохицуулахаар гарсан тушаалаар үгүйсгэж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг нь мөн зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлүүдээс сонгож хэрэглэх боломжтой зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцаанд хамааралтай, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах харилцаанд хамааралгүй зохицуулалт тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг залруулна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааг тооцохдоо алдаа гаргасны улмаас нэхэмжлэгчид өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэмэгдүүлэн олгосон гэх үндэслэлийг давж заалдах гомдолд тусгасан.

*******г ажлаас чөлөөлсөн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болсон 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 140 ажлын өдөр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу *******гийн сүүлийн 3 сарын бүтэн олгогдсон цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тодорхойлно.

******* нь 2024 оны 11 дүгээр сард бүтэн ажиллаагүй тул дундаж цалин хөлсийг 2024 оны 08 дугаар сарын цалин хөлс 608,691 төгрөг, 09 дүгээр сарын цалин хөлс 3,121,316 төгрөг, 10 дугаар сарын цалин хөлс 3,655,992 төгрөг, нийт 7,385,999 төгрөгөөс тооцоход 1 сарын дундаж цалин хөлс нь 2,461,999 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс нь 111,909 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болсон 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 140 ажлын өдөрт тооцоход дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээ нь 15,667,266 төгрөг болж байна.

Анхан шатны шүүх *******гийн сүүлийн 3 сарын цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2024 оны 09, 10, 11 дүгээр сарын дунджаас тооцож нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлж түүнийгээ 7 сараар үржүүлэн тооцсон нь алдаатай болсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

6. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын тайлбарыг хэт дэлгэрэнгүй тоочих хэлбэрээр бичсэн нь шийдвэрийн тодорхойлох хэсэгтэй давхцал үүсэхээс гадна Улсын Дээд шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр бичих аргачлалын 3.2.1.1-д Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал үндэслэл, гуравдагч этгээдийн байр суурь, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын агуулга, үндэслэлийг эрх зүйн хувьд дүгнэж, нэхэмжлэлийн шаардпага ойлгомжгүй, эсхүл хууль зүйн үг хэллэгээр илэрхийлээгүй тохиолдолд шүүх хууль зүйн хэллэгээр, ойлгомжтой, товч тусгана. гэж заасан байх тул шүүгч цаашид шийдвэрээ бичихдээ уг аргачлалд дурдсан байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг товч, ойлгомжтой, хууль зүйн үг хэллэгээр тусгаж бичих шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05047 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 19,335,393 төгрөгийг ... гэснийг ... 15,667,266 төгрөгийг ...гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 254,627 төгрөгийг ... гэснийг ... 236,286 төгрөгийг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 254,627 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, мөн өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 395,027 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР