Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

      2019          09         09                                      2019/ШЦТ/768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Б.Э өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905025890883 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э , урьд 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 140 дүгээр таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хорооллын орчим байсан иргэн Б.С ын эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёата Харрер” маркийн машины толийг хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 577.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Найзыгаа хүргэж өгөөд явж байхад шөнө болсон байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Зогсоол дээр байсан машинууд их шахуу байсан тул дундуур нь гарахдаа уур хүрээд машины толийг хугалсан. Тухайн үед хохирогчоос уучлалт гуйгаад байж байхад цагдаа ирээд эрүүлжүүлэхэд хоносон...” гэв.

Хохирогч Б.С ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...гэртээ ороод унтаж байхад 23 цаг өнгөрөөгөөд 30 минутын орчим үл таних хүн утсаар залгаад машины чинь толийг хүн эвдлээд яваад өглөө гэж хэлсэн. ...би гэрээс гарч байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд миний машины толийг эвдэлсэн гэх хүнийг барьж авч надад утсаар хэлсэн. Тухайн утсаар ярьсан хүн рүү залгаж ирүүлээд таниулсан бөгөөд маргааш нь цагдаагийн хэлтэс дээр намайг дахин дуудаж би машины эд ангийг эвдэлсэн хүнтэй уулзаж өөрийн хохирол болох үнэлгээгээр тогтоогдсон 577.600 төгрөгийг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Гэрч Ж.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэр рүүгээ орох гээд машинаа тавьчихаад байрныхаа хойд талаас орох гээд алхаад явж байсан чинь нэг согтуу залуу машины толь хугалаад хажуу талынхаа машины доод тал руу чулуудчихаад яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр үед тэр машин руу очоод машин дээр утасны дугаар байхаар нь залгаж эзэн рүү нь өөрийнхөө ...дугаараас залгаад “толийг чинь хугалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй машины эзэн гарч ирээд тэр залуутай уулзаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Яллагдагчаар Б.Э ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Найзыгаа орц руу нь оруулж өгчихөөд гэр рүүгээ харих гээд явж байсан чинь машины зогсоолд машинууд зайгүй чихээд тавьчихсан байсан. Тухайн үед би машинуудын дундуур гарах гээд нэг хар өнгийн машины толийг нь очоод доошоо дарчихсан чинь хугарчихсан. Тэгээд согтуу байсан болохоор эрчиндээ жижиг толийг нь гулсаж очоод бариад авсан чинь хугарчихсан. Тэгэхээр нь би машины толийг машин доогуур шидчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, илтгэх хуудас /хх-н 6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-40, 44-46, 61-64/, хохирогчийн хүсэлт /хх-н 69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд-Ар хорооллын орчим байсан иргэн Б.С ын эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёата Харрер” маркийн машины толийг хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 577.600 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.С ын: “...2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...гэртээ ороод унтаж байхад 23 цаг өнгөрөөгөөд 30 минутын орчим үл таних хүн утсаар залгаад машины чинь толийг хүн эвдлээд яваад өглөө гэж хэлсэн. ...би гэрээс гарч байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд миний машины толийг эвдэлсэн гэх хүнийг барьж авч надад утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Ж.Б ийн: “...Гэр рүүгээ орох гээд машинаа тавьчихаад байрныхаа хойд талаас орох гээд алхаад явж байсан чинь нэг согтуу залуу машины толь хугалаад хажуу талынхаа машины доод тал руу чулуудчихаад яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр үед тэр машин руу очоод машин дээр утасны дугаар байхаар нь залгаж эзэн рүү нь өөрийнхөө ...дугаараас залгаад “толийг чинь хугалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, Эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ хохирогчийн автомашины толийг хугалж 577.600 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 69/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                              

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР