| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/04445/И |
| Дугаар | 210/МА2025/01694 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01694
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05104 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот данснаас *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот дансанд 60,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн зээлдүүлсэн.
1.2. ******* нь *******ыг ******* ХХК-д ажиллаж байсан тул буцаан төлөх хугацааг тохирч шилжүүлээгүй ба ажиллаж байх хугацаанд нь хэсэгчлэн төлүүлэх үүднээс уг мөнгийг нэхдэггүй байсан.
1.3. ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үед шаардах эрхээ хэрэгжүүлж, уг мөнгө төлөхийг шаардахад төлнө гэх боловч одоог болтол төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь 2021 оны 07 дугаар сард Гарнет бриллиант ХХК-д ажиллаж байх үед ******* ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажиллах санал тавьж, улмаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
2.2. Тухайн үед өмнөх компанитай хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусаагүй байгаа тул ажиллах боломжгүй гэхэд надад буцалтгүй тусламж үзүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлж өөрийн компанидаа ажилд оруулсан.
2.3. ******* ХХК-д намайг ажиллаж байх хугацаанд буцалтгүй тусламжаар өгсөн 60,000,000 төгрөгийн талаар бичгээр гэрээ хийгээгүй, хөдөлмөрийн гэрээнд тусгайлсан нөхцөл заалт оруулаагүй. Нэхэмжилж байгаа 60,000,000 төгрөг нь намайг өмнөх ажлаас урвуулж өөрийн компанид ажиллуулсаны төлөө өгсөн буцалтгүй тусламж тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх иргэн ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******д Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот данснаас 60,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлдүүлсэн болон хариуцагчийг ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 2023 оны 04 дүгээр зарын 05-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримтын хувьд зохигч талууд маргаагүй гэсэн атлаа нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн ойлгомжгүй байна.
4.2. Нэхэмжлэгчээс хариуцагчид зээл олгосон баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч өөрийн дансанд нь тухайн мөнгө шилжсэн тухай хүлээн зөвшөөрсөн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан байхад шүүхээс нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо энэ талаар хариуцагчийг тухайн компанид ажиллаж байх үедээ ар гэрт нь мөнгөний яаралтай хэрэг гарсан гэсэн тул нөхцөл байдлыг ойлгон компанийн ерөнхий захирал *******д тайлбарлан зээл олгуулсан тухай тайлбарласан болохыг шүүх харгалзан үзээгүй.
4.3. Шүүх Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 60,000,000 төгрөгийг ******* нь бусдын нэрийн өмнөөс буюу ******* ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна. ******* ХХК нь *******д ямар нэгэн байдлаар тусламжаар эсхүл зээлээр мөнгө шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, энэ талаар баримт байхгүй байхад шүүх *******г бусдын өмнөөс хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.4. Хариуцагч нь ******* ХХК-д ажилладаг байсан эсэхээс үл хамааран иргэн *******тай зээл авах талаар тохиролцож хэлцэл хийсэн. ******* нь анхнаасаа хариуцагчид мөнгө зээлдүүлэх хүсэл зорилгоор өөрийн данснаас зээл олгов гэсэн утга бүхий гүйлгээг хариуцагчийн данс руу хийсэн. Зээл олгох талаар мэдээгүй, хүсэл зориггүйгээр өөрийн данснаас тус утга бүхий гүйлгээг хийх боломжгүй. Мөн тус утга бүхий мөнгийг өөрийн дансанд хүлээн авсан хариуцагчийг зээл авах талаар мэдээгүй, зээл аваагүй буюу тэдгээрийн хооронд зээл өгөх, авах талаарх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Хэрэв хариуцагч нь зээл авах хүсэл сонирхолгүй байсан бол зээл олгов гэж нэхэмжлэгчээс илгээсэн мөнгийг буцаан шилжүүлэх зэргээр үйлдэл хийх байсан.
4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс зээл аваагүй, зээл авах талаар түүнтэй холбогдож байгаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж дурдсан атлаа зээл аваагүй талаараа аливаа баримтаар нотлоогүй байхад зээл аваагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
4.6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар уйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ нь мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцогддог. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь иргэн *******гийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* руу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4 дэх хэсэгт ... зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм гэж дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Зохигч нарын тайлбараар ******* нь мөнгө зээлэх хүсэл зоргийг ******* ХХК-ийн захирал *******-д илэрхийлсэн нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд тухайн үед хариуцагч ******* нь зээлийг хэнээс олгосноос үл хамааран захирал *******гаас мөнгө авсны дараа ч энэ талаар маргаагүй, буцаан шилжүүлээгүй, ашигласан байгаагаас үзвэл ******* нь ерөнхий захирал *******гаас иргэний хувьд мөнгө зээлсэн болохоо үйл баримтаар зөвшөөрсөн байна.
4.7. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг буцалтгүй тусламж нэрийдлээр үгүйсгэж, нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг өгчээ. Энэ нь ******* тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгалтыг нотлохоос бус зээл аваагүйг болон уг мөнгийг буцалтгүй тусламжаар олгосон гэдгийг нотлохгүй байна. Шүүх өөрөө 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/09041 тоот захирамжид ... 60,000,000 төгрөгийг *******-с зээл олгов гэх утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэж, нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон атлаа шийдвэрээ үйл баримт нь тогтоогдоогүй тодорхойгүй утгаар гаргаж, нэхэмжлэгчийг 60,000,000 төгрөгөөр хохироож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1 дэх хэсэгт хариуцагч нь 60,000,000 төгрөгийг зээлж авах талаар нэхэмжлэгчид хүсэл зоригоо илэрхийлсэн талаар нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчээс зээл аваагүй, зээл авах талаар түүнтэй холбогдож байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох үүрэгтэй.
4.8. Зээлийн маргааны хувьд хариуцагч нь татгалзлаа мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчээс шилжүүлэн аваагүй тухай нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотолсон тохиолдолд шүүх үнэлэх ажиллагааг хийнэ. Харин нэхэмжлэгчийн хувьд зээлийг шилжүүлэн өгснөө баримтаар нотлох үүргийг тус тус хүлээдэг. Энэ тохиолдолд хариуцагчийн хувьд зээлийн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар үгүйсгэх байдлаар мэтгэлцээгүй нь зээлийг хүлээн авснаа баримтаар үгүйсгээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна. Гэтэл шүүх зээл аваагүй талаараа аливаа баримтаар нотлоогүй байхад зээл аваагүй гэж үзэж тайлбарласан нь хянан шийдвэрлэх ажиллагааны баримт үнэлэх, хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан байна.
4.9. Зээлийн гэрээгээр халхавчилсан өөр хэлцэл, үйл баримт байгаа тохиолдолд шүүх тухайн баримт нь нотлогдож буй тохиолдолд эсхүл тогтоосон баримтыг үндэслэж шийдвэр гаргаж болох ч үйл баримт нь болоогүй, тогтоогдоогүй байх бөгөөд энэ маргааны хувьд *******ын буцалтгүй тусламжаар олгосон гэх баримт мөн байхгүй байхад шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн үед ******* гэж хүнтэй уулзаж 60,000,000 төгрөг зээлэх талаар ярилцаагүй. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар бүхэлдээ үндэслэлгүй. Өмнө нь өөр компанид ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байхад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ирээд манай компанид ажиллах уу, манайх бие даасан анхны төслөө хэрэгжүүлэх гэж байна гэж өөрийн компанидаа урвуулан ажиллуулсан. Тухайн үед компанаас буцалтгүй тусламж олгоно гэж хэлсэн. Би өмнөх компанаас гарсан учраас орон сууцтай холбоотой нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлсэн учраас буцалтгүй тусламж олгоно гэж байсан. Тэр үед зээл олгоно гэж хэлсэн бол ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээнд заалт оруулаад эргэн төлөх хуваарь гаргах байсан боловч энэ талаар тохиролцоогүй. Гүйцэтгэх захирал ******* төслийг дуустал надтай хамтарч ажиллахаар өгсөн урамшуулал, буцалтгүй тусламж юм гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... уг мөнгө нь ******* ХХК-д ажиллах болсонтой холбогдуулан олгосон буцалтгүй тусламж гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх *******гийн данснаас хариуцагч *******ын дансанд *******-с зээл олгов гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх харилцаа буюу ******* нь ******* ХХК-ийн нэрийн өмнөөс *******д 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
3.1. Нэхэмжлэгч нь ...мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг буцаан шаардаж байгаа... гэж, хариуцагч нь ...мөнгөн хөрөнгө нь ******* ХХК-д ажиллах болсонтой холбогдуулан олгосон буцалтгүй тусламж тул буцаан төлөх үндэслэлгүй... гэж тус тус тайлбарласан.
3.2. *******гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 60,000,000 төгрөгийг ...*******-с зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин ******* тоот дансанд шилжүүлжээ.
3.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК -тай төслийн менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр дахин шинэчлэн байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч ******* ХХК-аас бус, нэхэмжлэгч иргэнээс зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдээс олгосон буцалтгүй тусламж гэж тайлбарлах боломжгүй байна.
Түүнчлэн, хариуцагч нь ...******* тоот хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг нь намайг буцалтгүй тусламж болох 60,000,000 төгрөгийг зээлсэн гэх худал яриаг нотлох болно гэж тайлбарлах боловч дээр дурдсан хөдөлмөрийн гэрээнүүд болон хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд ******* ХХК нь *******д 60,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх агуулга байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлоогүй гэж үзнэ.
3.4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 60,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.
3.5. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх хуулийн зохицуулалттай.
Талууд зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн шаардсанаар зээлийг төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ.
3.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
4. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү магадлал нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн харилцаатай холбоотой урамшуулал, буцалтгүй тусламжийн асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05104 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР