Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 854

 

 

 

 

 

 

  2019            09           09                                     2019/ШЦТ/767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

Шүүгдэгч/хохирогч: Н.Г ,

Шүүгдэгч/хохирогч: З.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.С , Н.Г  нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905023980829 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Г, урьд Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.С , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч З.С нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” караокены 7 номерын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт үйлчлүүлж байсан иргэн Н.Г ын зүй бус үйлдлийн улмаас харилцан зодолдож Н.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Г  нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” караокены дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт үйлчлүүлж байсан иргэн З.С ыг ямар нэгэн шалтгаангүйгээр пивоны шилээр нүүрэн тус газар нь цохиж, шилэн хүзүү рүү нь 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч З.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Н.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч З.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэв.

Хохирогчоор Н.Г ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны орой ...З намайг Өргөө кинотеатрын автобусны буудлын хажуунаас тосож аваад Скай гээд караоке руу орсон. Караокед ортол З намайг 7 шил пиво авчих гэхээр нь би текэн дээрээс 7 шил пиво аваад тэд нарын сууж байсан өрөөнд ороод Золоогийн хажууд суусан. Би нэг пиво задалж уугаад суусан тэгээд л нэг мэдсэн юунаас болж маргасныг мэдэхгүй байна, миний толгойноос цус гоожиж байсан. Тэгтэл дахиад миний толгой руу пивоны шилээр нэг хүн цохьсон.Би энэ үед газар унасан, намайг газар унахад нэг хүн миний баруун нүд рүү өшиглөсөн. Би цусаа гоожуулаад тэр караокены өрөөнөөс гараад текэн дээр очсон чинь бармен нь надаас 7, 8 мянган төгрөгийн тооцоо дутуу байна гэхээр нь би картаа уншуулж мөнгийг нь өгөөд караокены гадна гараад 00 цагийн орчимд 102 руу залгаж цагдаа дуудсан. Цагдаа ирээд Ичко, З бид гуравыг машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна... С миний баруун нүд рүү өшиглөснийг нь санаж байна, өөр яаж зодсоныг санахгүй байна. Тэр залуу гартаа пивоны шил барьчихсан байсан, гартаа барьсан пивоны шилээрээ 2 удаа миний толгой руу цохингуут нь би зөрүүлээд тэр намхан залуугийн хаашаа нь ч юм нэг газар руу нь цохьсон... би нилээн согтуу караокед болсон үйл явдлуудыг муухан санаж байна.... Зодуулсандаа гомдолтой байна. Одоо нүдний ухархайн хагалгаанд орох гэж байна, цаашдаа миний эрүүл мэнд ямар болохыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14/,

Хохирогчоор З.С ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед найз Ц , У болон У гийн хуурай эгч гээд 2 эмэгтэйн хамт Өргөө кинотеатрын баруун талд нэг караокед орж нэг цаг хийлгэн 0.75 литрийн 2 шил архи, 5 пивотой аваад дуулаад ууж байхад У гийн хуучин хамт ажиллаж байсан Э гэдэг залуу ирсэн. Удалгүй У маргааш ажилтай гээд явсан. Караокений 1 цаг дуусаад цагаа сунгуулаад орж ирэхэд араас Г гэх ах орж ирээд Ц , Ээгийн хоёрын хажууд суусан. Ц , Э хоёр тамхи татна гээд гартал Г ах араас нь гараад 1 минут ч бололгүй буцаж орж ирээд ширээн дээр байсан шилтэй пиво аваад миний нүүр рүү цохихоор нь би урдаа байсан пивоны шилийг аваад Г ахын толгой руу нь цохиод үргэлжлүүлээд нүүр рүү нь 2 удаа цохиж байхад гаднаас Ц , Э 2 орж ирээд бид хоёрыг салгаад намайг гар гээд өрөөнөөс гаргасан. Би гадаа байж байхад Э гарч ирээд явлаа гээд явсан. Араас нь У гийн хуурай эгч болох Очгэрэл, З хоёр гарч ирсэн ...тэгээд Ц , Г ах 2 гарч ирэхгүй болохоор нь би араас нь ороод шатаар доошоо уруудаж байхад текний урд Г ах Ц гийн нүүр рүү цохиж байсан. Хажууд нь хамгаалагч нь зогсож байсан. Би очоод яасан гэтэл Ц  зүгээр байхад 2 удаа цохьдог байна шүү дээ гэж байсан. Бид хоёр нийлж тооцоогоо хийгээд гадаа гартал Г ах гадаа гарчихсан “надад цагдаа үйлчилдэггүй шүү хүүхэд минь” гээд урдаас дайраад байхаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод барьцалдаад автал Ц  голоор орж салгаад “хүн зүгээр байхад зүгээр байгаач” гээд цээж рүү нь гараараа 1 удаа цохиод намайг аваад такси бариад явсан. Г ах Золоо, Очгэрэл хоёртой үлдсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Г миний нүүр рүү шилтэй пивоор цохиж уг гэмтлийг учруулсан... Золоо, Очгэрэл хоёр байсан, гаднаас Ц , Э хоёр орж ирэж салгасан. Мөн караокений ажилтан орж ирээд буцаад гарсан. Г ах ирэхдээ согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/,

Гэрч Г.З ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г ын толгойноос цус гарсан ба өөр гэмтэл учраагүй. Г ын биед учирсан гэмтлийг С гэж залуу л гараараа цохиж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч М.Ц гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У ын хамт ажилладаг Э бид хоёр тамхи татах гээд гарсан. Тамхи татчихаад Ээгийгээс би арай түрүүлээд караокений өрөөнд ортол С нил цус болчихсон хамар нь хугарсан найзыг нь энэ ах пивоны шилээр цохичихлоо гээд сууж байсан. У гийн эгчийнх нь найз гэх ах С тай заамдалцаад авах үед Э гаднаас орж ирээд салгаад би тэр хавиар шалан дээр унасан хувцас цүнхийг аваад текэн дээр очсон... С бид хоёр тооцоог нь хийчихээд гадагшаа гарсан бид хоёрыг гарахад нөгөө хоёр эгч болон С тай зодолддог ах гурав урд замын хажууд зогсож байсан, бид хоёр тэр гурав дээр яваад очтол С нөгөө ахтай заамдалцаад авсан би очоод тэр ахын цээж рүү нь 1 удаа цохьсон тэгсэн чинь нөгөө 2 эгч бид нарыг салгасан, би С ыг аваад тэндээс явсан... С хамт гарснаа түрүүлээд гүйгээд очоод тэр ахыг цохих шиг болсон хаашаа нь хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна... караокед ороод би зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч О.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр 22 цагийн орчимд 3 эмэгтэй, 2 залуу нийт 5 хүн орж ирээд манай караокены 7 номерын өрөөнд орсон 2 шил архи захиалж уусан. Яг хэдэн цагт ирсэнийг мэдэхгүй байна. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн ирсэн байх шиг байсан. 01 цагийн орчимд 7 номерын өрөөнд зодоон болоод байна гэхээр нь яваад орсон чинь 2 залуу зодолдсон голоор нь нэг эмэгтэй орчихсон хориод зогсож байсан. Би ороод арай гэж тэр хоёрыг салгасан. Зодолдохоо больсоны дараа тэр залуу хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хүмүүс манайд 30 орчим минут байж байгаад хоорондоо эвлэрээд гар бариад манай караокеноос гарсан. Хэн хэнийгээ харилцан цохиж байсан. Нэг нь өндөрдүү бор цариатай нөгөө залуугаа бодвол арай настайвтар эрэгтэй хүн байсан. Цагаан цамцтай настайвтар залуугийн нүүр ам нь нил цус болсон байсан. Нөгөө залуугийнх нь нүүр ам нь ил харагдах шархгүй байх шиг байсан. Тэр хоёр залуу байсан. 1 эмэгтэй тэр зодолдож байсан 2 залуугийн голоор нь орчихсон хорьж байсан ба нэг эмэгтэй хажууд нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Шинжээчийн 6730 тоот дүгнэлтэд: “...Н.Г ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун хөмсөгт няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар бүсэлхийд зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Шинжээчийн 7299 тоот дүгнэлтэд: “...З.С ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Яллагдагчаар Н.Г ын мөрдөн байцаалтад өгсөн: “...С ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...С ын нүүр рүү гараар цохиж уг гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/,

Яллагдагчаар З.С ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Г ын толгой руу пивоны шилээр, нүүр рүү нь гараараа цохиж гэмтлүүдийг учруулсан. Хоёулаа зууралдаад газар унах үед бүсэлхийндэх зулгаралт гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, компьютерт томографийн оношилгоо /хх-н 36/, шүүгдэгч/хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-44, 46-69/, шүүгдэгч/хохирогч нарын хүсэлт /хх-н 71-72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч З.С нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” караокены 7 номерын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт үйлчлүүлж байсан иргэн Н.Г ын зүй бус үйлдлийн улмаас харилцан зодолдож Н.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Г  нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” караокены дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт үйлчлүүлж байсан иргэн З.С ыг ямар нэгэн шалтгаангүйгээр пивоны шилээр нүүрэн тус газар нь цохиж, шилэн хүзүү рүү нь 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Н.Г ын: “...нэг мэдсэн юунаас болж маргасныг мэдэхгүй байна, миний толгойноос цус гоожиж байсан. Тэгтэл дахиад миний толгой руу пивоны шилээр нэг хүн цохьсон, би энэ үед газар унасан, намайг газар унахад нэг хүн миний баруун нүд рүү өшиглөсөн. ...С миний баруун нүд рүү өшиглөснийг нь санаж байна, өөр яаж зодсоныг санахгүй байна. Тэр залуу гартаа пивоны шил барьчихсан байсан, гартаа барьсан пивоны шилээрээ 2 удаа миний толгой руу цохингуут нь би зөрүүлээд тэр намхан залуугийн хаашаа нь ч юм нэг газар руу нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14/, хохирогчоор З.С ын: “...Г ах араас нь гараад 1 минут ч бололгүй буцаж орж ирээд ширээн дээр байсан шилтэй пиво аваад миний нүүр рүү цохихоор нь би урдаа байсан пивоны шилийг аваад Г ахын толгой руу цохиод үргэлжлүүлээд нүүр рүү нь 2 удаа цохиж байхад гаднаас Ц , Э 2 орж ирээд бид хоёрыг салгаад намайг гар гээд өрөөнөөс гаргасан ...Г миний нүүр рүү шилтэй пивоор цохиж уг гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/, гэрч Г.З ын: “...Г ын толгойноос цус гарсан ба өөр гэмтэл учраагүй. Г ын биед учирсан гэмтлийг С гэж залуу л гараараа цохиж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, гэрч М.Ц гийн: “...түрүүлээд караокений өрөөнд ортол С нил цус болчихсон хамар нь хугарсан найзыг нь энэ ах пивоны шилээр цохичихлоо гээд сууж байсан. ...С хамт гарснаа түрүүлээд гүйгээд очоод тэр ахыг цохих шиг болсон хаашаа нь хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч О.Т гийн: “...7 номерын өрөөнд зодоон болоод байна гэхээр нь яваад орсон чинь 2 залуу зодолдсон голоор нь нэг эмэгтэй орчихсон хориод зогсож байсан. Би ороод арай гэж тэр хоёрыг салгасан. ...Хэн хэнийгээ харилцан цохиж байсан. Нэг нь өндөрдүү бор цариатай нөгөө залуугаа бодвол арай настайвтар эрэгтэй хүн байсан. Цагаан цамцтай настайвтар залуугийн нүүр ам нь нил цус болсон байсан. Нөгөө залуугийнх нь нүүр ам нь ил харагдах шархгүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, шинжээчийн 6730, 7299 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Г , З.С нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Г , З.С нар нь согтуурсан үедээ хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г , З.С нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Н.Г , З.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Н.Г , З.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хэн алиных нь буруутай үг, үйлдлээс гэмт хэрэг гарсан, хэн алиных нь биед хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.С , Н.Г  нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г , З.С нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г , З.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР