Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1772

 

“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00482 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 968 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “М ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 16 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.А нь мөн өдөр “М ББСБ” ХХК-тай зээлийн барьцааны гэрээг байгуулж өөрийн гар утасны дугаар эзэмших эрхийг барьцаалсан. Зээлдэгч А.А нь “М ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй төлөхөөс зайлсхийсээр байна. “М ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож, уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч А.А нь зээл, зээлийн хүүг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. “М ББСБ” нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч зээлийн гэрээний төлбөр нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 13 968 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 505 600 төгрөг, нийт 32 473 600 төгрөгийн төлбөр хуримтлагдаад байна. Зээлдүүлэгчийн зүгээс энэхүү хуримтлагдсан төлбөрийн нэмэгдүүлсэн хүүгийн хэсгээс татгалзаж байна. Иймд А.А гаас 29 968 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч “М” ББСБ-д удаа дараа хандаж зээлийн үндсэн төлөлтөөс хасуулахаар хүсэлт тавьж байхад татгалзаж, бусдын зээлийн үүргийг надаас шаардаж, эхний ээлжинд ээжийнхээ, дүүгийнхээ зээлийг хаа гэх зэргээр миний төлсөн мөнгийг өөр зээлийн үүрэгт зөвшөөрөлгүйгээр тооцон авч, миний зээлийн үүргээс нэг ч төгрөг хасалгүйгээр зориудаар энэ удаан хугацаанд хүү тооцон, биднийг санаатайгаар өрийн дарамтад оруулж байгаад гомдолтой байна. “М” ББСБ нь зээлдэгчийн тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан нэг талыг барьсан, өөртөө давуу байдал олгосон гэрээг байгуулсан. Тухайлбал зээлийн гэрээний хүү нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон. Гэрээ байгуулах үед Банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийн дундаж хүү 2.5-3.5 хувь байсан. Одоо ч энэ дундаж хүүний хэмжээ хэвээр байгаа. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь зээлийг төлөх боломжийг боогдуулж урт хугацаанд зах зээлд байхгүй өндөр хүү болох сарын 4.5 хувиар хүүлж байгаа нь зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байгаа тул шүүхээс зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсч байна. Миний хувьд зээлийн үндсэн үүрэг 16 000 000 төгрөг, хүүд 7 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ...зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ...” гэж заасан бөгөөд “М ББСБ” ХХК болон иргэн А.А нарын байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн зүйл, заалтад нийцээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. “М ББСБ” ХХК нь зээлдэгчийн тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан зээлийн хүүг зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр гэрээлсэн нь зах зээлийн шударга байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талд ашигтай, өөртөө илт давуу байдал бий болгож, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдсэн болохыг анхааран үзнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал О.Гэрэл өөрөө зээлдэгч А.А-д зээл олгохдоо хууль болон өөрийн мөрддөг зээлийн үйл ажиллагааны журмуудыг зөрчиж олгосон тухайгаа хүлээн зөвшөөрсөн дүрс болон дууны бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хуулийн шаардлагыг нэхэмжлэгч тал болох “М ББСБ” ХХК нь хангаагүй, баримтлаагүй болохыг нотлох юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журмын 2 дугаар зүйлийн 2.11-т “...Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчин зээл олговол хариуцлагыг зээл олгохоор шийдвэрлэсэн этгээд хүлээнэ...” гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.А гаас үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 13 968 000 төгрөг, нийт 29 968 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч А.А төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны А.А гийн эзэмшлийн Мобикомын 00000 дугаарыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь “М ББСБ” ХХК нь зээлдэгчийн тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан зээлийн хүүг зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр гэрээлсэн нь зах зээлийн шударга байх зарчмыг зөрчсөн, хэт нэг талд ашигтай, өөртөө давуу байдал бий болгож, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон гэж.үзэж маргасан.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3 дахь хэсэгт “...Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй...”, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “...Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ...” гэж заасан.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хуулийн этгээдүүд дээрх хуулийн заалтыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо үүнд хяналт тавьж ажилладаг тул хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь зээлдэгч А.А тай зээлийн гэрээ байгуулах үед зээлийн хүүг ямар хэмжээгээр тогтоож нийтэд мэдээлсэн талаарх баримтыг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулахаар хүсэлт гаргасан боловч мэдээлэл өгөх боломжгүй гэж татгалзсан.

Өөрөөр хэлбэл тухайн баримтыг хариуцагч өөрөө олж авах боломжгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг. Гэтэл шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хзрэгжүүлэхдээ ...зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ...” гэж заасан бөгөөд “М ББСБ” ХХК болон иргэн А.А нарын байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн зүйл, заалтад нийцээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

“М ББСБ” ХХК нь зээлийн хүүг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон, мөн зээлдэгчийн төлбөрийн чадваргүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг багасгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Зээлдэгчийн дээрх хүсэлтийг уг зээлийг төлүүлэх тухай зээлдүүлэгчийн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэж болно гэж хуульчилсан.

Гэтэл шүүх хариуцагчийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн хүүг багасгах тухай хүсэлтийг зээлийн хүүгээс чөлөөлөх хүсэлт мэтээр ташаа ойлгож, шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...зээлд ногдох хүүгээс чөлөөлөх үндэслэл гэрээгээр болон хуулиар зохицуулаагүй байна...” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Түүнчлэн шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, үндэслэлийг тайлбарлахдаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 3 заалттайгаар танилцуулан сонсгосон.

Тодруулбал тогтоох хэсгийн нэг дэх заалтаар А.А гаас 29 968 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хоёр дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг, гурав дахь заалтаар гомдол гаргах эрхийг тайлбарлан шүүх хуралдааныг хаасан. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар огт дурьдаагүй болно.

Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр гаргахдаа танилцуулан сонсгосноос өөрөөр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “...Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно...” гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчээс тайлбар хүсч, хүсэлт гаргасан боловч давж заалдах гомдол гаргах өдрийн байдлаар хүсэлтийг шийдвэрлээгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00482 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хариуцагчийн зээлийн хүүг багасгах хүсэлтийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байгааг зөвтгөж, давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг батлаж шийдвэрийг өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч А.А-д холбогдуулан зээлийн төлбөрт 29 968 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн нэхэмжлэлээс 23 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагч нь 16 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар мобикомын 00000дугаарын өөрийн эзэмших эрхийг барьцаалжээ.

 /хэргийн 12-17 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны эрхийн харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүүг барьцааны зүйлээр хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч “миний төлсөн мөнгийг өөр зээлийн гэрээний үүрэгт зөвшөөрөлгүйгээр тооцон авч, миний зээлийн үүргээс нэг ч төгрөг хасаагүй” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэж шүүхийн дүгнэсэн үндэслэлтэй болжээ. /хэргийн 31, 64 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц хэт өндөр гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний хүүгийн хэмжээг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар багасгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь түүний Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлсэн эсэх нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг тодорхойлоход ач холбогдолгүй юм. Иймээс зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлсэн эсэхийг тодруулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1” гэж дугаарлан “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.А гаас үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 13 968 000 төгрөг, нийт 29 968 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч А.А гаас төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд түүний мобикомын 00000 дугаарыг эзэмших эрхийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.А гаас төлсөн 126 438 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ    

 

                                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                       

                                                                                                            С.ЭНХТӨР