Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2026/0021

 

“У***” ХХК-ийн гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт

шалгалт, зохицуулалтын газрын ахлах

мэргэжилтэн, улсын байцаагч С.Д***т

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Батбаатар     

Шүүгчид:                  М.Батсуурь    

                                     П.Соёл-Эрдэнэ

                                     Ц.Цогт

Илтгэгч шүүгч:     Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0784 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0800 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***, өмгөөлөгч Б.Солонго, хариуцагч С.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0039 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага:

“У***” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д***т холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0135048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч нараас “У***” ХХК-д холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2501000044 дугаартай зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д*** 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0135048 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг үндэслэн “У***” ХХК-д 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ “... Гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч шийтгэлийн хуудас үйлдэж, гомдлоо хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхэд халдсан, шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжийг бүрэн тодорхойлоогүй нь хууль бус, шударга ёсны зарчимд үл нийцнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан. Зөрчлийн хэрэг нээсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдээс аль нь ч бүрдээгүй. Манай компанид өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын сан байхгүй, 2022 оноос хойш сан байгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байгаа бөгөөд тус байгууллагын уялдаагүй үйл ажиллагаанаас шалтгаалж хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах хугацааг хойшлуулсаар байна. Улсын байцаагч нь хуульд заасан  хяналт шалгалтыг огт явуулаагүй атлаа зөрчлийн хэрэг нээж, нотлох баримтгүйгээр манай компанийг зөрчил үйлдсэн гэж буруутгасан ..., шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... Компанийн зүгээс Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх шалтгаанаар зөрчлийн хэрэг бүртгэлтэд мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэгт холбогдогчийг зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой ажиллагаанд өөрийгөө өмгөөлөх, тайлбар, мэдүүлэг өгөх боломжоор удаа дараа хангасан байхад “хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан” гэж байгаа нь үндэслэлгүй. Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө нь “У***” ХХК-ийн хувьд өглөг байдлаар санхүүгийн тайланд бүртгэгдсэн байх бөгөөд хөрөнгө оруулагчийн хөрөнгө болон компанийн хөрөнгийг тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг бий болгосон байна. Дээрх үйлдэл нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасныг илтэд зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу  шийтгэл оногдуулсан. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргасан.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0784 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасныг баримтлан “У*** ҮЦК” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д***ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0135048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“... Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын санг байгуулсны дараа өөрийн хөрөнгө болон сангийн хөрөнгийг тусгаарлан ялгахаар байх бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хөрөнгө оруулалтын сан байгуулсан тохиолдолд өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлах, ялгах үүрэгтэй. “У*** ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус компани хөрөнгө оруулалтын сан байгуулах хүсэлтээ гаргасан боловч Санхүүгийн зохицуулах хороо хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй болох нь тогтоогдсон.

5.2.Гэтэл хариуцагч нь хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй ““У*** ҮЦК” ХХК-ийг өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэж торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тус компани нь байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөөс ялгаж бүртгэх боломжгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.  

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0800 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

6.1.“ ... Хуульд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх бөгөөд хөрөнгө оруулалтын сан  байгуулах нь хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа байхаар зохицуулжээ. Гэтэл анхан шатны шүүх хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй үйл ажиллагаа явуулж буйг зөвтгөж, ... сан байгуулахгүйгээр бусдаас хөрөнгө татан төвлөрүүлж байгаа үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

6.2.Хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “У*** ҮЦК” ХХК өөрөө өөртэйгөө байгуулсан 24/***, Өвөр Монголын Ж*** худалдааны компанитай байгуулсан 24/*** дугаартай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” тус тус авагдсан байх ба эдгээр гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаас үзэхэд энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар хөрөнгө оруулалтын сан байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамаарна.

6.3.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй компанийн хөрөнгө оруулалтын сан байгуулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо эцэслэн шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран бусдаас хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын сан байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ агуулгаар Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон нөхцөлд хариуцлага хүлээлгэх гарцаагүй зарчим үйлчлэх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй ...” гэжээ.

7.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: … Манай компанийн хувьд хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-нд бүртгүүлэхээр шаардлагатай баримт бичгүүдийг хүргүүлж ажилласан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулагдаагүй учир шийтгэлийн хуудаст дурдсан хуульд заасан хориглосон үйл ажиллагааг эрхлэх бодит байдлын боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн тухай ямар ч нотлох баримт авагдаагүй. Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг шинжлэн судалж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн. Үүнээс үүдэн хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй боловч өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлах хууль зүйн болон бодит байдлын боломжтой эсэхийг авч үзэх шаардлагатай. Үүнд:

7.2.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, сангийн хөрөнгийг тусгаарлан бүртгэх үйл ажиллагааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд явуулахаар хуульчилсан. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.13.4-т кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын сантай хөрөнгө хадгалах гэрээг байгуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.12, 14.13-т тус тус заасны дагуу хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгээгүй, сан үүсгэн байгуулагдаагүй тул кастодианы үйлчилгээ үзүүлэгчтэй хөрөнгө хадгалах гэрээ байгуулах хууль зүйн субъект байхгүй байна. Ийм нөхцөлд хариуцагч “кастодиантай гэрээ байгуулаагүй, өөрийн хөрөнгийг сангийн хөрөнгөөс тусгаарлаагүй, хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэсэн” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж, бодит байдлын боломжгүй буюу хуулиас давсан шаардлагыг тавьж улмаар түүнийг биелүүлээгүй гэж буруутгасан нь хууль бус юм. Ийнхүү Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасан хориг нь зөвхөн бодитоор байгуулагдсан “хөрөнгө оруулалтын сан” оршин байгаад, тухайн сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрийн хөрөнгөөсөө ялгаж, тусгаарлаагүй нөхцөлд хэрэгжихээр байна.

7.3.Мөн хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулагдаагүй байхад хариуцагчийн хуулиас давсан шаардлагыг компани хэрэгжүүлэх бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартыг баримтлан гаргасан санхүүгийн тайлан бус Хороонд зориулсан тусдаа, зөрүүтэй тайлан гаргах, Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-ыг зөрчиж тайлан гаргах нөхцөл бүрдэнэ. Давж заалдах шатны шүүх энэ талаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж дүгнэлт, тайлбар хийгээгүй.

7.4.Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь хариуцагч компани бусдаас хөрөнгийг бодитоор татан төвлөрүүлсэн эсэх, мөн зөрчил үйлдэгдсэн болох нь хангалттай тогтоогдсон эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа, шийтгэлийн хуудасны үндэслэлийг зөвтгөн хуулийг тайлбарлан хэрэглэсэн.

7.5.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлийн тухайд: Хорооноос 2023 онд компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр компанийн “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-г Өвөр Монголын Ж*** худалдааны компани зэрэг этгээдүүдтэй байгуулж, үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзээд эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд шийтгэл оногдуулсан бөгөөд шийтгэлийг хүлээн зөвшөөрч, торгуулийг төлсөн баримтууд хэрэгт авагдсан. Тус хугацаанаас хойш компани нь “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-г бусад этгээдтэй байгуулаагүй, мөн нэмж хөрөнгө татаагүй, буцаан төлсөн. Харин хариуцагчийн зөрчлийн дүгнэлтдээ дурдаж буй 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/***, 24/*** дугаартай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын хүрээнд Хорооны Үнэт цаасны газраас шаардсаны дагуу Өвөр Монголын Ж*** худалдааны компанид хэдэн төгрөгийг буцаан төлөх ёстойг харуулах зорилгоор бэлтгэн хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээнүүд бодитоор огт хэрэгжээгүй бөгөөд гэрээнд заасан дүнгээр компани дахин хөрөнгө татан төвлөрүүлж, удирдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаар бүрэн нотлогддог.

7.6.Иймд хариуцагч нь 2021 онд байгуулагдсан “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-нд 2023 онд шийтгэлийн хуудас оногдуулсан боловч дээрх зөрчилд дахин шийтгэлийн хуудас оногдуулсан нь “Нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem) зарчмын эсрэг үйлдэл болно. Энэ үйлдлийг зөвтгөн дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Хэрэв магадлалд дурдсанаар хуулийг тайлбарлан хэрэглэвэл Хороо компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч бүртгэдэггүй эс үйлдэхүй үргэлжилсээр байх бүх цаг хугацаанд компани жил бүр шийтгэлийн хуудсаар торгууль төлөх логик үр дагаварт хүргэнэ.

7.7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “зөрчлийн шинжтэй үйлдэл” гэдэг нь тодорхой хууль зөрчсөн, баримтаар нотлогдсон, бодит үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой. Гэвч хариуцагч зөрчлийн дүгнэлтэд компанийн нийт хөрөнгө өссөн нөхцөл байдлыг зөрчлийн шинжтэй мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Компанийн тухай хуулиар компанийн үндсэн зорилго нь ашиг олох бөгөөд хөрөнгийн хэмжээ өсөх нь эдийн засгийн эсрэг үзүүлэлт юм. Хэрэв Хороо хөрөнгийн өсөлтийг дангаараа зөрчлийн үндэслэл гэж үзвэл бүх амжилттай ажиллаж буй аж ахуйн нэгж зөрчил үйлдэгч болох логик үр дүнд хүрнэ. Гэтэл хариуцагч шийтгэлийн хуудас дээрээ зөрчил үйлдсэн нь санхүүгийн тайлангаар нотлогдсон гэж тусгасан байдаг.

7.8.Хэрэв цаашид магадлалд дурдсаны дагуу шүүхээс Хорооны Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хуульд хориглосон үйл ажиллагаа” гэх ойлголтыг хэт хавтгайруулан тайлбарлавал хөрөнгө оруулалтын менежмент, хувийн хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хууль тодорхой байх зарчим алдагдах, эрх зүйн үр дагаврыг урьдчилан таамаглах боломжгүй болох, улсын байцаагч нотлох баримтгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулах, өмчийн эрх зөрчигдөх, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх боломжгүй болох, хөрөнгө оруулалтын орчин доройтох зэрэг сөрөг үр дагавруудад хүргэж болзошгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

11.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалтын хэрэглээг тогтоох нь зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзлээ.

12.Хэргийн үйл баримтын тухайд,

12.1.“У***” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны (цаашид “Хороо” гэх) 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тогтоолоор олгосон үнэт цаасны зах зээлд “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллага анх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах” тухай хүсэлтийг Хороонд гаргасан, үүнээс хойш хэд хэдэн удаа хандсан боловч (хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр) “шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл аваагүй байна.

12.2.Ийнхүү сан байгуулах зөвшөөрөлгүй байхдаа “У***” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын иргэн Ч*** тай 16.0 тэрбум төгрөгийн, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын иргэн Б.М***тай 100,000 ам.долларын, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Ж*** худалдааны компанитай 15,450,000 ам.долларын үнийн дүн бүхий “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-г тус тус байгуулж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан.

12.3.Иймд Хорооноос тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн буюу “хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөлгүйгээр иргэний хөрөнгийг итгэмжлэн удирдах гэрээг хийж, үйл ажиллагаа эрхэлсэн” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулж, 3,000,000 төгрөгөөр торгожээ.

12.4.Хорооноос “У***” ХХК нь “хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулалгүйгээр бусадтай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ” байгуулж хөрөнгө удирдсан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн өөрийн хөрөнгө болон бусадтай хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр удирдаж буй хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэсэн байж болзошгүй” гэх мэдээллийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

12.5.Улмаар хариуцагчаас маргаан бүхий акт болох 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0135048 дугаар шийтгэлийн хуудсаар “У***” ХХК-ийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг үндэслэн 50,000,000 төгрөгөөр торгожээ.

12.6.Хариуцагчаас гомдол гаргагчийг буруутгаж буй үндэслэлээ “У***” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөр Монголын Ж*** худалдааны компанитай 16,756,091,372 төгрөгийн 24/*** дугаартай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-г, мөн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/*** дугаартай “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-г өөрөө өөртэйгөө байгуулсан, энэхүү хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг тусгаарлалгүйгээр өглөг байдлаар өөрийн санхүүгийн тайландаа тусгаж хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг бий болгосон нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь заалтыг илтэд зөрчсөн” гэж тайлбарладаг.

12.7.Дээрх гэрээнд заасан мөнгөн хөрөнгө “У***” ХХК-ийн дансанд шилжсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гомдол гаргагчийн зүгээс уг гэрээг байгуулсан шалтгаанаа “Хорооноос шаардсаны дагуу Өвөр Монголын Ж*** худалдааны компанитай өмнө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 15,450,000 ам.долларын “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр хэд болохыг харуулах зорилгоор боловсруулж хүргүүлсэн” гэж тайлбарладаг, хариуцагч үүнийг нотлох баримтаар үгүйсгээгүй. 

13.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар ““хөрөнгө оруулалтын сан” гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг” хэлэх бөгөөд энэ нь “хамтын хөрөнгө оруулалтын сан” болон “хувийн хөрөнгө оруулалтын сан” гэсэн хоёр төрөлтэй байна (4.1.2, 4.1.3). Харин “хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэдэг нь хуулийн 4.1.11-д зааснаар “хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг” хэлнэ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд үүсгэн байгуулна” гэж тус тус заажээ. 

14.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сан гэдэг нь тус тусдаа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бөгөөд хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхгүй байж болно.[1] Хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн компаниас гадна зөвшөөрөл бүхий бусад этгээд ч байгуулж болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сан байгуулах, удирдах нь хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд нэг бол өөрөө (хамтын эсхүл хувийн) хөрөнгө оруулалтын сан байгуулж үйл ажиллагаа явуулж болно, эсхүл бусад этгээдийн байгуулсан санд гэрээний үндсэн дээр хөрөнгө удирдах үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үүнийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүнийг төлөөлөх ажиллагаа байна” гэснээс тодорхой харж болно.

15.Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг нь хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сан байгуулах болон гэрээний үндсэн дээр хөрөнгө итгэмжлэн удирдах гэсэн үндсэн үйл ажиллагааны төрлийг нь зохицуулсан заалт болохоос бус хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын санг заавал байгуулах үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш юм.

16.Үүнийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон 141 дүгээр зүйлээс тодорхой харж болно. Уг зүйлийн 141.1-д “Хувийн хөрөнгө оруулалтын санг хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болон Хорооноос зөвшөөрсөн бусад хуулийн этгээд гэрээний үндсэн дээр байгуулж болно” гэжээ.[2]

17.Гэтэл давж заалдах шатны шүүх “... хуульд хөрөнгө оруулалтын сан байгуулах нь хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа байхаар зохицуулсан, анхан шатны шүүх хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй үйл ажиллагаа явуулж буйг зөвтгөж, улмаар сан байгуулахгүйгээр бусдаас хөрөнгө татан төвлөрүүлж байгаа үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийн холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

18.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д “өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэх” гэсэн хориглосон заалт нь хөрөнгө оруулалтын сан байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн компанид хамааралтай буюу сан байгуулаагүй тохиолдолд хэрэглэх боломжгүй зохицуулалт байна, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19.Хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудастаа Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйл “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих” гэсний 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэснийг үндэслэхдээ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8 дахь хэсгийг заасан. Гэтэл “У***” ХХК нь хөрөнгө оруулалтын сан байгуулаагүй, Хорооноос холбогдох зөвшөөрлийг олгоогүй байтал дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

20.Хариуцагч тус компанийг “хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрөл авалгүйгээр бусадтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хөрөнгө удирдах үйл ажиллагаа явуулсан” гэж буруутгаагүй, уг зөрчлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх “сан байгуулахгүйгээр бусдаас хөрөнгө татан төвлөрүүлж байгаа үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан” гэж анхан шатны шүүхийг буруутгаж, маргаан бүхий актыг зөвтгөсөн нь (тухайн актад заагаагүй өөр зөрчлийг үндэслэн) буруу байна.

21.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

22.Шийдвэр, магадлалд гомдол гаргагчийг “У*** ҮЦК” ХХК хэмээн хуучин нэрээр нь бичсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0800 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧИД                                                           М.БАТСУУРЬ

                                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                         Ц.ЦОГТ 

                                                                                                                    Г.БАНЗРАГЧ                                      

 

 

[1]Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Хуульд зааснаас бусад тохиолдолд хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байна”, 141 дүгээр зүйлийн 141.2. “Энэ хуулийн 141.1-д заасан хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхгүй байна”.

[2]Хариуцагч хяналтын шатны шүүх хуралдаанд “хөрөнгө оруулалтын менежментийн компани заавал хөрөнгө оруулалтын сан байгуулах үүрэггүй” талаар тайлбар өгсөн ба одоогийн байдлаар Хороонд бүртгэлтэй 36 хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэлээд нь сангийн эрхгүй байна.