Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0252

 

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Я.Б  , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэмбэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бадамханд нарын давж заалдах гомдлоор Я.Б-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасныг тус тус баримтлан иргэн Я.Б-аас  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны нийт цалин, хөлс 10.199.085 төгрөгийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодруулснаар/ хариуцагчаас гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Я.Б   шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг хууль ёсны гэж үзэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч миний нэр төр, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр атал анхан шатны шүүх ганцхан Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол буюу хууль бус үндэслэлийг хэрэглэсэнд гомдолтой байна.

Би улсад 28 жил үүнээс төрийн захиргааны байгууллагад сүүлийн 15 жил тасралтгүй ажилласан. Төрийн албаны хууль, дүрэм, журамд заасан бүх болзол шаардлагыг хангасан, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч хүн. Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх 3 жилийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай Үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, “А”, “В” үнэлгээгээр дүгнүүлж зохих шагнал урамшууллыг авч байсан бөгөөд энэ хугацаанд ажлын хариуцлага алдаа, зөрчил, дутагдал гаргасан зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаа хийж байсан. Миний дээрх байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хавтас хэрэгт хангалттай авагдсан байгаа болно.

Гэтэл намайг Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг үндэслэн сонгон шалгаруулалтад ороогүй гэдгээр ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбар хийдэг. 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б/15, Б/19 дүгээр тушаал гаргаж, намайг томилсон. Хэрвээ энэ тушаал нь 2019 оны шинэ хуулийг зөрчсөн, үнэхээр хууль зөрчсөн акт бол энэ тушаалыг гаргасан субьект нь энэ шийдвэрийнхээ үр дагавар, хариуцлагыг хүлээх ёстой гэдэг энгийн ойлголт байна. Нөгөө талаас намайг 3 жил түр орлон гүйцэтгэгчээр ажиллахад Төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулалт зарлаж, явуулах үүрэгтэй Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн албаны салбар зөвлөл өөрсдөө энэ ажлаа хийгээгүйн төлөө жирийн төрийн албан хаагч намайг золиос болгон хохироож байгаа нь илэрхий байхад анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг үндэслэл болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/42 дугаар тушаалыг хууль ёсны гэж үзсэнд үнэхээр гомдолтой байна. Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол нь 2013-2017 онуудад буюу 6 жилийн өмнө гарсан, үр дагавар нь бий болсон сайдын тушаалыг 2019 оны Төрийн албаны шинэ хуулийн заалтыг үндэслэн хүчингүй болгох гэсэн заалттай. Энэ хууль бус тогтоолыг үндэслэн гарсан сайдын Б/42 дугаар тушаал шүүхийн шийдвэрээр хууль ёсны гэж баталгаажиж байгаа нь бүр эмгэнэлтэй байна. Энэ энгийн гаргалгаанд анхан шатны шүүх хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт хийлгүй, хууль бус 28 дугаар тогтоолыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь нөгөө талд ямар ч хамаагүй аргаар шийдвэр гаргах гэж хичээжээ гэж үзэхэд хүргэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал нь миний бусад эрх /ялгаварлан гадуурхагдахгүй байх, хөдөлмөрлөх/-ийг зөрчсөн бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт олон байгаа боловч огт үнэлж үзэлгүй, илт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Жирийн иргэн хүний хувьд шударга ёс, хууль ёсыг зүг чиг, эрхэм зорилгоо болгосон “Шүүх”-ийг энэ нөхцөл байдлыг тогтоон, иргэн миний зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээнэ гэдэг итгэл үнэмшилтэй байсан нь илт үгүй боллоо.

Төрийн албаны чиг үүргийг хуулиар хэрэгжүүлж эрх, үүрэг хариуцлага хүлээдэг Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хариуцлагагүй ажиллагааны буруу алдаатай захиргааны актын хохирогч нь би байх ёсгүй.

Би анхан шатны шүүхэд, Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хавсаргаж өгсөн. /Энэ тогтоолд би иргэний эрхийн дагуу эрх зүйн үндэслэл эргэлзээтэй хууль зөрчсөнийг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, гомдлын хариугаа аваагүй зэргээ нотлох баримтаар өгч байсан, хэлж байсан/ Анхан шатны шүүх эртнээс /богино хугацаанд/ үүнийг судлах хянах хангалттай цаг хугацаа өнгөрсөн. Гэтэл ажил орлогогүй болсон иргэн намайг бүтэн 7 сар чирэгдүүлсний эцэст ганц Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Надад төрд ажил хийж цалин авахаас өөр бизнес болон бусад орлого байхгүй. Ямарч хүн зах зээлийн нийгэмд цалин орлогогүй 7 сар болох нь бүү хэл 7 хоноход хэцүү шүү дээ.

Анхан шатны шүүх үндсэн хуульд заасан хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах зорилгод нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг байсан бол, хэргээ ядаж богино хугацаанд шуурхай шийдсэн бол иргэн намайг давхар цаг хугацаа, сэтгэл санаа бусад зүйлээр чирэгдүүлж хохироохгүй байх боломжтой байсан. Би анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн хандлага, мэдлэг, ур чадвар ёс зүйд үнэхээр.сэтгэл дундуур байна. Гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд: “Миний гомдлын дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо гаргуулах, шударгаар шүүлгэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, миний нэхэмжлэлтэй хэргийг хянаж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” заалтыг зөрчсөн. Үүнд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчиж хариуцагч тал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын талд илэрхий давуу байдал олгосон ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх явцад удаа дараа гаргаж байсан.

Захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захиргааны үүсгэх захирамж гаргаж /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ шүүхээс гаргасан атал хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь заалтыг зөрчсөн бөгөөд ингэснээрээ иргэн Я.Б-ыг чирэгдүүлж цаг хугацаагаар хохироож, хариуцагч талд давуу байдал олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө 3 удаа сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулахад шүүхийн зүгээс ямар ч хариуцлага тооцохгүй хариуцагч талд хууль зөрчих боломж олгосон. Тэр ч бүү хэл анхны шүүх хурал 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болоход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүхэд захиргааны хэргийн шүүх дээр хурал давхацсан тухай, нотлох баримт хавсаргаагүй хүсэлт ирүүлсэн байсан. Мөн уг хуралдаа ч оролцоогүй гэдгийг шүүгчийн туслах Б.Б хурлын өмнө нэхэмжлэгч талд хэлсэн тул өмгөөлөгч Ж.Б хариуцагчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулахыг хүсэхэд шүүгч С.Г хариуцагчийн оролцуулна гэснээс өөр хариуцлага тооцсон, анхааруулсан зүйл огт хийгээгүй, хурлыг хойшлуулсан.

Нэхэмжлэгч Я.Б   хариуцагч талаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд 3-4 удаа гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хангасан хэрнээ хариуцагчаас нотлох баримтаа бүрэн гаргуулж чадалгүй анхны шүүх хурлаа хийж байсан гэх мэт олон асуудал нь иргэн хүний дэргэд эрх мэдэл, сүр хүчээр харьцуулахгүй том сайдын өмнө иргэн байтугай шүүх хүртэл хүчин мөхөсддөг эсвэл нэг талыг барих ашиг сонирхол байна гэдэг эргэлзээ хардлагыг төрүүлж байна. Гэтэл нөгөө талд заавал биечлэх ёстой хуулийн заалтууд нь байж байх юм.

Ямартай ч иргэн хүний хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ёсоор энэ маргаанд хууль шүүхийн өмнө эрх тэгш оролцож чадаагүй бөгөөд анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр хууль ёсны байхад асуудал хамааралтай гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн талаарх гомдлын шаардлага ба үндэслэл: Я.Б   нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Я.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, хохирол гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Шүүх хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц би, өмгөөлөгч Ж.Б нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалтууд дээр маргаагүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт /хуульд заасан бусад үндэслэл/, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэсэн хэрэг дээр маргаж тайлбар хийж мэтгэлцсэн.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал нь Я.Б-ын Үндсэн хуулиар олгогдсон, хамгаалагдсан эрх, хөдөлмөрлөх эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан түүний эрхийг зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбар хийсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ олон үндэслэлд зохих тайлбар хийлгүй явцуурч, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалын хууль бус үндэслэл болох Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалаар үүрэг гүйцэтгэгч Я.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн албан тушаалаас нь “чөлөөлсөн” байдаг. Энэ хуулийн 46 дугаар зүйлийн нэг ч заалтад төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх заалт байхгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолын талаар нэхэмжлэгчийн ямар ч шаардлага гаргаагүй байхад энэ тогтоолд хуулийн тайлбар хийж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүгч нэг талыг барьж шийдвэр гаргахаар хичээсэн гэж үзэхэд хүргэж байна. Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, тогтоох хэсгийн 1 дүгээр заалт “Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж, төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад зөвлөсүгэй” гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай шинэ хуулийн 27,33 заалтыг “ЗӨРЧСӨН” 2013-2017 оны буюу 2-6 жилийн өмнө гарсан сайдын “тушаалыг хүчингүй болго” хэмээн зөвлөж, хууль болоод хүний эрхийн анхны мэдлэг мэдрэмжгүй тогтоол гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдох үндэслэл болж байна.

Шүүх Я.Б-ыг Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан, түүнийг гаргаагүй тул 28 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гээд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалыг хууль ёсны гэж үзжээ. Я.Б-ын 28 дугаар тогтоолын талаар шүүхэд хандах эсэх эрхийг шүүх түүнийг заавал хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн нь бүдүүлэг алдаа юм. Энэ эрх бол зөвхөн Я.Б  т хуулиар олгосон эрх шүү дээ. Нөгөө талаас шүүх Я.Б-ыг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, иргэнээс ирсэн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдээгүй. Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол илт хууль бус акт болохыг мэдсээр байж түүнийг үндэслэн хууль бус тушаал гаргасан хариуцагчийн талаар ганц үг дурдахгүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол нь илт хууль бус акт болно. Мөн хуулийн 47.2-д “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч, албан үүргээ шударгаар гүйцэтгэж явсан Я.Б-ын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж, хохироосон нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар нотлогддог. Шүүх энэ нотлох баримтуудыг Б/42 дугаар тушаалтай харьцуулан судалж, үнэлсэн бол захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр заалт буюу “захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг зөрчсөн дээрх тушаалыг хууль ёсны гэж үнэлэх боломжгүй байсан. Шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалыг захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан эрх зүйн акт, хууль ёсны гэж үзсэн хирнээ захиргааны актад тавигддаг Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “ захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-д “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана”, 40.4-д "захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн шалгуураар харахыг хүссэнгүй. Б/42 дугаар тушаал нь бүхэлдээ захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн эрх зүйн акт юм. Б/42 дугаар тушаалын бас нэг үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад ундэслэл" заалтыг Я.Б-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосноо хариуцагч чухам ямар хуулийн ямар заалт гэдгээ огт тайлбарлаж чадаагүй, шүүх ч үүнд ач холбогдол өгөлгүй, нэг талыг барьсан хууль бус шийдвэрээ гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зөрчсөнийг нотолж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаал нь бүхэлдээ хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагч Я.Б-ын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, ноцтой хохироосон тушаал тул захиргааны хэргийн анхан шатны шуүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 135 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэгдүгээрт: Шүүгч Захиргааны хэргийн ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Нэхэмжлэгч Я.Б нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдол гаргасан байх бөгөөд уг гомдолдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалын үндэслэх хэсэг болох Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг баримталсан нь үндэслэлгүй болох талаар гомдол гаргасныг Төрийн албаны Зөвлөл Я Болдбаатарын гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх 28 дугаар тогтоолыг үндэслэл болгон Я Б-ыг ажлаас чөлөөлсөн байна.

Хоёрдугаарт: Шүүгч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

Маргаан бүхий Захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсаныг эс зөвшөөрч байна

Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага нь уг тушаалын гол үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлага болохыг дүгнэн үзээгүй байна.

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралд Б/42 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй эрх зүйн акт болох талаар мөн уг тогтоолыг үндэслэл болгон Б/42 дугаар тушаалыг үндэслэн Я.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болох талаар ялангуяа Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол дээр шүүх хурлын мэтгэлцээн явагдсан болно.

Гуравдугаарт: Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалын үндэслэлийн нэг болох “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримталсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд тайлбарлахдаа Я.Б-ыг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй гэж тайлбарласан нь Төрийн албаны сонгон шалгаруулалтыг Я.Б   болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам ч зарлах эрхгүй уг эрх нь Төрийн албаны зөвлөлд өөрт нь хадгалагддаг.

Төрийн албаны зөвлөл нь 2016 оноос хойш Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй байна.

Тэгсэн атлаа Б/42 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтын баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Я Б-ыг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа уг орон тоонд тавигдах шаардлага хангахгүй сонгон шалгаруулалтад ороогүй ажилтан Б.Батцэцэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар томилсон байна.

Дөрөвдүгээрт: Я.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/46 дугаар тушаалаар 2019 оны ээлжийн амралтыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд эдлүүлэхээр тогтоосон байна. /ХХ 90-92/

Ээлжийн амралтын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг баримталсан атлаа мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь Ээлжийн амралттай байгаа ажилтны ажил албан тушаалыг хадгалах заалтыг зөрчиж 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/42 дугаар тушаал нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн төрийн албаны зарчим болох 7.1.2-д “Мэргэшсэн тогтвортой байх”, 7.1.5-д “Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” зарчмуудыг

2. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийг /62.1.3/

3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 заалтуудыг

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 1 2 дахь заалтыг

5. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эрх зүйн акт байсаар атал Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, өмгөөлөгч Ж Б нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар шийдвэртэй хэргийг хянав.

Нэхэмжлэгч Я.Б-аас  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны нийт цалин, хөлс 10.199.085 төгрөгийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодруулснаар/ хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, ихэсгээгүй байна.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн боловч доорх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Я.Б   нь төрийн жинхэнэ албан хаагч /нийт 28 жил үүнээс төрийн захиргааны байгууллагад сүүлийн 15 жил ажилласан/ байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар /тушаал дэвшиж/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Я.Б-ыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ. Уг маргаан бүхий тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарчээ.

Анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Б/42 дугаар тушаал гарах болсон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолын тухайд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Төрийн албаны зөвлөлийн /өөр субьектын/ гаргасан эрх зүйн акт үндэслэлтэй байгаа нь төрийн захиргааны өөр албан тушаалтан болох “сайд”-ын гаргасан захиргааны акт мөн адил хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж шууд дүгнэх үндэслэл болох ёсгүй.

Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс тухайн хуулийн зүйл, заалтад дурдагдсан ямар үндэслэл, аль хуулийн дагуу бүрэлдсэн тухайд нь үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд “урьд эрхэлж байсан албан тушаалд эргэн орох” гэсэн шаардлага байх бөгөөд энэхүү урьд эрхэлж байсан албан тушаал гэдгийг “даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулах, эсхүл мэргэжилтнээрээ томилогдохыг хүсэж байна уу” гэдгийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай.

Давж заалдах гомдол болон анхан шатны шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/46 дугаар тушаалаар 2019 оны ээлжийн амралтыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд эдлүүлэхээр тогтоосон байсан. Ээлжийн амралттай байгаа ажилтны ажил албан тушаалыг хадгалах заалтыг зөрчиж 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэл дурдагдаж байна. Анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо дурдаж байгаа “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэх захирамж шүүхээс гаргасан атал хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь заалтыг зөрчсөн бөгөөд ингэснээрээ иргэн Я.Б-ыг чирэгдүүлж цаг хугацаагаар хохироож, хариуцагч талд давуу байдал олгосон, ... Өмнөх шүүх хуралдааныг шалтгаангүй хойшлуулж байсан ...” гэх зэрэг нь шүүхийн шийдвэрийг хянах, түүнийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж чадахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолыг үндэслэсэн хэрэг дээр маргаж тайлбар хийж мэтгэлцсэн гэж тайлбарлаад, үүнийгээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мэтээр давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгааг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой маргасан гэж үзэхгүй.

“Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоол илт хууль бус акт болохыг мэдсээр байж түүнийг үндэслэн хууль бус тушаал гаргасан хариуцагчийн талаар ганц үг дурдахгүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус” гэж давж заалдах гомдолд дурдсныг хүлээн авах боломжгүй. Нэгэнт өөрсдөө Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой маргаагүй нөхцөлд шүүх түүнийг илт хууль бус гэж таамгаар үзэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон