Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01716

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/ШШ2025/03071 дугаар шийдвэртэй,

 

*******ий нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 394,847,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч *******тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 286 м.кв талбайтай 2 давхар канад загварын байшинг 1 жилийн хугацаанд 170,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Гэрээний дагуу хаус бариулах төлбөрийг бэлэн болон бэлэн бус гүйлгээ, газар, бараа, автомашин шилжүүлэх зэргээр *******д зуслангийн зориулалттай газраас гадна нийт 111,240,000 төгрөгийг төлсөн. Ингээд миний бие 2013 оны 8 дугаар сард Монгол Улсад буцаж ирээд байшинг очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй, ан цав үүссэн, барилгын стандарт хангаагүй, гүйцэтгэл бүрэн биш байсан учир хүлээж авахаас татгалзсан. Хариуцагч ******* нь шинэ өөр байшин барьж өгөх тохиролцоо хийснийхээ дараа намайг Англи улсад ирсний дараа ажлын хөлсөнд өөрчлөлт орно, нэмж 50,000,000  төгрөг төл гэх зүйлийг тулган шаардсан. Миний хувьд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээнийхээ төлбөрийг 100 хувь давуулан төлж барагдуулсан, хариуцагч нь өөрөө гэрээнд заасан хугацаанд байшин барих үүргээ биелүүлээгүй учраас нэмж төлбөр төлөх боломжгүй, гэрээнийхээ үүргийг биелүүл гэх шаардлагыг түүнд тавьсан. 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Англи улсаас Монгол Улсад ирж 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******тэй уулзаж, байшин барьж өгөх үүргээ биелүүлэхгүй 9 жил болсон тул гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн боловч мэдэгдлийг авахгүй, гарын үсэг зурахгүй гээд уулзалтыг хаяж явсан. Дээрх нөхцөл байдлаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үр дагавар үүссэн гэж үзэж байна.

Иймд, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т тус тус зааснаар гэрээний үүрэгт шилжүүлж авсан ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах ******* нэгж талбарын дугаартай 6,120 м.кв талбайтай *******, -ийн газрын зах зээлийн үнэ болох 187,847,280 төгрөг, гэрээний төлбөрт бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлсөн 111,240,000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол болох 2012 оны 05 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хоёр улсын хооронд ирж, буцсан онгоцны тийзийн зардал 95,760,000 төгрөг, нийт 394,847,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч *******тэй 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 286 м.кв талбай бүхий 2 давхар канад загварын байшин барьж өгөхөөр, ингэхдээ суурь, цахилгаан, халаалт, байшин доторх сантехник, бохирын худаг зэргийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 1.1-т заасны дагуу гадна талын тохижилт хашаа, асфальтан зам болон бусад хэрэгслүүд энэхүү гэрээний тохиролцсон төлбөрт ороогүй. Би, гэрээний дагуу 170,000,000 төгрөгөөр байшинг барьж өгсөн. Уг байшин нь вилла 24 айлын хотхонд байрладаг бөгөөд гадна талбайн тохижилт /хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөг, сагс, волейболын талбай болон 2,800 м газар доорх цэвэр ус, бохир ус, халуун усны шугам, уурын зуухны халаалтын систем, харуулын байр, гадна талын хашаа, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, хотхон доторх авто зам, явган хүний зам, зүлэгжүүлэлт, хотхоны хаалга, камержуулалт, гоёлын чулуугаар хашаа хийсэн, хөрсний сэлгэлт /хийсний дараа нэг айлд хуваахад 280,000,000 төгрөг болж байсан, үүнийг айл бүр байшингийн төлбөрөөс тусдаа төлж байсан. ******* нь гадна талбайн тохижилтын мөнгийг бага багаар төлж дуусгана гэж хэлсэн. Ингээд би гэрээний дагуу 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Канад загварын 2 давхар байшинг барьж дуусгаад захиалагчид хүлээлгэн өгөх гэсэн боловч гадаадад байсан тул хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нь 2024 онд Англиас Монгол Улсад ирээд уг байшинг үзээд миний шинээр барьж байсан 3 метр өндөр таазтай байшинг сонирхоод манай байшингийн тааз намхан байна, өөр наран талдаа өндөр таазтай байшингаар сольж болох уу, гадаадад амьдарч байгаа болохоор яарах юм алга гээд надад өмнөх төлбөр дээр нэмж 70,000,000 төгрөг төлж шинээр байшин бариулахаар тохиролцсон. Мөн байшин барьж өгөхөөс өмнөх гадна талбайн тохижилтод 280,000,000 төгрөг өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* гэрээний дагуу барьж өгсөн байшинг хүлээж авалгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 240,000,000 төгрөгийн шинэ байшинг 280,000,000 төгрөгийн тохижилтын хамт бариулахаар тохиролцсон. Гэвч тэрээр нэмэлт төлбөр 70,000,000 төгрөг болон гадна тохижилтын төлбөр 280,000,000 төгрөгийг огт төлөөгүй юм.

Би, өөрийн аав гийн нэр дээр 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 113640336881*******0 нэгж талбарын дугаартай ******* дүүргийн дүгээр хороо, хотхон дотор 603 м.кв бүрэн тохижуулсан газар, бүх инженерийн шугам сүлжээ, цахилгааныг холбож бэлдээд *******ий захиалсан суурийг өнөөдрийг хүртэл хадгалж байна. Нэхэмжлэгч нь угаалгын нунтаг, хувцас, машины наймаа худалдаа эрхэлдэг байсан, мөн ын барьсан хотхонд байр захиалсан маргааны асуудлаар Монгол Улсад ирдэг байсан. Энэ тухайгаа надад удаа дараа ярьж байсан, зөвхөн надтай уулзах зорилгоор ирж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий газрын үнэлгээг 187,847,280 төгрөгөөр үнэлсэн байх тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн газар анх битүү модтой, намаг ус, шавар шалбааг бүхий газар байсан юм. Миний бие хөрөнгө оруулалт хийж тохижилт хийсэн, Шинжээч тухайн газрын анхны нөхцөл байдлыг хараагүй байж өнөөдрийн тохижилт хийсэн байдлыг үнэлсэн нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 299,007,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95,840,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,360,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 1,652,986.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. ...анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан байна гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү гэрээтэй холбоотой шаардах эрх Иргэний хуулийн 75.2.2-т зааснаар Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна зааснаар хөөн хугацаа дууссан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

2.Би, нэхэмжлэгч *******тэй анх маргаан бүхий газрын үнийг 70,000,000 төгрөгөөр тохиролцож гэрээний 3.2.1 заалтад тусгаж өгсөн байдаг. Гэтэл шүүх ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж 187,847,280 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл газрын үнийг бодохдоо 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу 1 м.кв газрын суурь үнэлгээг 27,300 төгрөгөөр бодож нийт 167,076,000 төгрөгөөр тооцсон.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байсан бөгөөд миний бие удаа дараа дахин шинжээч томилуулах хүсэлтээс гадна шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргахад шүүх мөн хүлээж аваагүй. Мөн шүүх шийдвэр гаргахдаа маргаан бүхий газрын зах зээлийн үнэ гэж тогтоосон 187,847,280 төгрөгөөр тооцож шийдвэрээ гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, анхнаасаа уг газрын үнийг бид 70,000,000 төгрөгөөр тохиролцсон байсан.

3. Шүүх нэхэмжлэгч *******ий Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн данснаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний дансанд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг гэрээний төлбөрт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл уг 2,000,000 төгрөг нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан захиалгын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа юм. Өөрөөр хэлбэл, тус 2,000,000 төгрөг 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөртэй огт хамаагүй юм. Би, гэрээ болон холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгсөн шүүх огт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг дурддаг. Гэрээний дагуу нэг тал нь ажлын хөлс төлөх, нөгөө тал нь байшин барьж өгөх үүрэг 2012 онд эхэлсэн боловч 2021 он хүртэл үргэлжилсэн. Тухайн үүргийг талуудын хэн аль нь дуусгавар болгоогүй тул үүнтэй холбоотой шаардлага гаргах хуулийн зохицуулалт хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд байсан буюу гэрээний үүрэг үргэлжилсэн хэвээр байсан. Гэрээнээс татгалзаж байгаа нөхцөл байдал болох нэгэнт байшин барьж өгөхгүй учир өгсөн, авснаа харилцан буцаая гэх агуулгыг илэрхийлж, хариуцагчийг цагдаагийн байгууллагад шалгуулах, түүнд гэрээнээс татгалзсантай холбоотой мэдэгдэл хүргүүлж байсан зэргийг харвал хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй юм.

Гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн эд зүйлийг бодитоор эсвэл түүний үр шимийг өгөх үр дагавар үүсдэг тул ******* дүүрэгт байрлах 6,120 м.кв талбай бүхий газрыг бодитоор буцаан өгөх ёстой байсан. Гэтэл тухайн газрыг бодитоор буцаан өгөх боломжгүй болсон тул Иргэний хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр төлөх хэмжээ нь шинжээчийн дүгнэлтээр 187,847,280 төгрөг гэж гарсан.

...Талууд гэрээ хэрэгжиж байх явцад 2,000,000 төгрөгийн асуудлын талаар хоорондоо тохиролцсон. Тухайлбал, 2 дахь гэрээг цуцалж уг гэрээний мөнгийг өмнө нь байгуулсан н гэрээ рүү шилжүүлэх нөхцөл байдал үүсэж байна гэх агуулгаар харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар захиалагч тал гүйцэтгүүлсэн ажлыг хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл хариуцагч тал гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд манай талын зүгээс хариуцагч талын анхны барьсан зуслангийн барилгыг чанарын шаардлага хангахгүй байна гэхэд хариуцагч талын зүгээс дахин барилга барьж өгье гэж хэлсэн. Түүнчлэн манай талд анх хүлээлгэж өгөх гэж байсан барилгаа өөр этгээдэд 600,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Үүнийг гэрээнээс татгалзсаныг нотлох үндэслэл болно гэж үзэж байна. Хариуцагч тал нь бид илүү чанартай барилга барьж өгье гэж хэлсэн атлаа 2 дахь барилгыг барьж өгөөгүй учир нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал манай талыг гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргадаг. Гэвч хариуцагч тал эхний барьсан барилгаа бусдад худалдсан, 2 дахь зуслангийн барилгыг барьж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл барьж өгөөгүй тул манай талын зүгээс газрын үнэ болон учирсан хохирлоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 394,847,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...286 м.кв талбайтай хувийн сууцыг 170,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, төлбөрт 6,120 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 70,000,000 төгрөгөөр тооцож өгснөөс гадна бэлэн мөнгө болон эд зүйлээр 111,240,000 төгрөгийг өгсөн боловч хариуцагчийн барьсан хувийн сууц чанаргүй байсан учир өөр хувийн сууц бариулахаар тохирсон, тийнхүү тохирсон хэдий ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж гэрээний үүрэгт төлсөн 111,240,000 төгрөг, газрын одоогийн үнэ болох 187,847,280 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холоотой учирсан хохирол 95,760,000 төгрөг, нийт 394,847,280 төгрөгийг гаргуулна... гэсэн бол,

 

хариуцагч нь хариу тайлбартаа ...ажил гүйцэтгэх гэрээгээр зөвхөн хувийн сууцыг 170,000,000 төгрөгөөр барихаар тохиролцсон ба харин гадна тохижилт, хашаа, асфальтан зам болон бусад хэрэгслүүдийн үнэ ороогүй, гэрээний дагуу нэхэмжлэгчид хувийн сууцыг барьж өгсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс уг хувийн сууцны таазыг намхан байна гэх үндэслэлээр өөр хэсэгт 240,000,000 төгрөгийн үнэтэй өндөр таазтай хувийн сууцыг бариулахаар нэмж 70,000,000 төгрөг дээр гадна тохижилтын үнэ болох 280,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч төлбөрийг төлөөгүй... гэсэн.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн материалаар 286 м.кв талбай бүхий 2 давхар канад загварын хувийн сууцыг 170,000,000 төгрөгөөр барих, нэхэмжлэгч ******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах *******, ийн зориулалттай 6,120 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 70,000,000 төгрөгт, мөн 2007 онд үйлдвэрлэгдсэн Nissan puck up маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг тус бүрийн 25,000,000 төгрөгөөр тооцож нийт 50,000,000 төгрөг, мөн бэлнээр 50,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1.х.х-ийн 9-11/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч тал хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зохигчийн байгуулсан гэрээ болон хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар талуудын байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т ...гүйцэтгэгч өөрийн материалаар 286 м.кв талбай бүхий 2 давхар Канад загварын байшин барихдаа фундамент, цахилгаан, халаалт, сантехник, бохирын худаг, кольцо зэргийг ...хийж гүйцэтгэнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.2-т гэрээгээр гүйцэтгэх байшингийн нийт үнэ 170,000,000 төгрөг байна гэж тус тус тохиролцсоныг тайлбарлахад уг үнийн дүн нь зөвхөн хувийн сууцыг барих хөлс бөгөөд үүнд гадна тохижилтын ажлын хөлс ороогүй байна.

 

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ болон тэдгээрийн харилцан бичсэн зурваст үзлэг хийсэн баримтаар ажил гүйцэтгэгч ******* нь нийт 170,000,000 төгрөгөөр зөвхөн хувийн сууцыг барих үүрэг хүлээж, харин захиалагч ******* нь гадна тохижилтын ажил, хүүхдийн тоглоом, хайлс, асфальтан зам болон бусад хэрэгслүүдийн үнийг нэмж төлөх үүрэг хүлээжээ. /1.х.х-ийн 9-11, 224-250/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 70,000,000 төгрөгт тооцож 6,120 м.кв талбайтай газар эзэмших эрх, мөн мөнгө болон эд зүйлээр 109,160,000 төгрөг, нийт 179,160,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй. /1.х.х-ийн 12-14, -21, 161-172/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь тодорхой шалтгаанаар 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар зохигч тухайн хотхоны өөр хэсэгт шинээр хувийн сууц барихаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж харилцан тохиролцсон байхад Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ийнхүү зохигч тус хотхоны өөр хэсэгт шинээр хувийн сууц барихаар тохирохдоо өмнө нь тохирсон гэрээний гол нөхцөлийг харилцан зөвшөөрсөн гэсэн боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Учир нь,

 

5.1 Хэрэгт авагдсан баримт болох талуудын хооронд харилцан бичсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө асуухад хайж байна, одоогоор мөнгө тааруу байна, удахгүй олж өгнө, Чи гаа эхлэх гэж байгаа юм уу, эхлэх гэж байвал эхэлчих л дээ, бид нарыг харахгүйгээр тэгэх үү, мөнгө хөөцөлдөж байна, чи ажлаа эхэлж бай л даа гэх зурвас илгээж байсан. /1.х.х-ийн 224-250, 2.х.х-ийн 1/

 

5.2 Мөн нэхэмжлэгч нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 170,000,000 төгрөгийг хариуцагчид бүрэн төлсөн атлаа нэмж мөнгө өгөхийг зөвшөөрч байсан, үүнээс гадна тэрээр хариуцагчийг өөрийн хөрөнгө зардлаар хувийн сууцыг барьж байх талаар зурвас илгээж байжээ. /1.х.х-ийн 237/

 

Үүнээс дүгнэвэл талууд шинээр барихаар тохирсон хувийн сууцны хөлсийг 170,000,000 төгрөгөөс илүү хэмжээгээр барьж гүйцэтгэхээр харилцан тохирсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

6. Талууд хэн нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөн болон ийнхүү зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан үзлэг хийсэн зохигчийн харилцан бичсэн дээр дурдсан зурвасыг үзвэл нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй болох нь тогтоогдсон.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч *******өөс ажлын хөлсийг шаардахад тэрээр мөнгө хайж байна, одоогоор мөнгө тааруу байна, удахгүй олж өгнө гэх хариу өгч, хувийн сууцны үнэ 70,000,000 төгрөг /өмнө нь төлсөн 179,160,000 төгрөг дээр нэмж төлнө/ болон гадна тохижилтын үнэ 280,000,000 төгрөгийг төлөөгүйгээс хариуцагч нь хувийн сууцыг бариагүй байна.

 

Энэ тохиолдолд хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хөлс төлөгдтөл уг ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж заасан.

 

Нэгэнт энэхүү магадлалд дүгнэснээр нэхэмжлэгч буюу захиалагч ******* нь хариуцагч *******д ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг бүрэн төлөөгүйгээс хувийн сууц хугацаандаа баригдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

8. Гэвч нэхэмжлэгч нь цаашид хариуцагчид ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлөхгүй, үүнтэй холбоотойгоор хувийн сууц баригдах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 2.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.3-т хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол гэж зааснаар зохигчийн байгуулсан гэрээг цуцлах нь зүйтэй.

 

Тус хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн тодорхой ажлыг хүлээн авахаас татгалзаж байх тул зохигч тус гэрээний дагуу өгсөн болон авсан зүйлийг харилцах буцаах үүрэг үүснэ. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******өөс хариуцагч *******д 179,160,000 төгрөгөөс гадна 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй боловч хариуцагч нь үүнийг дахь хувийн сууцны төлбөр байгаагүй гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн ...хариуцагч ******* нь 2,000,000 төгрөгийг гийн гэрээ рүү шилжүүлчих үү гэсэн зурвас...-аас үзвэл талууд тухайн мөнгийг маргаан бүхий гэрээний хөлсөнд нэмж төлсөн гэж үзэхээр байна. /1.х.х-ийн 236/

 

Тиймээс хариуцагчаас мөнгө болон эд зүйлээр төлсөн 111,160,000 /109,160,000+2,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.

 

10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гээд 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн гэж заажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 6,120 м.кв талбайтай газар дээр хувийн сууцууд баригдаж, хариуцагч нь үүнийг нэхэмжлэгчид буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч тал анхнаасаа тухайн газарт барилга байгууламж баригдан гэдгийг мэдэж байсан учир хожим буцаах боломжгүй гэдгийг мэдсэн гэж үзнэ.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах, *******, ийн зориулалттай 6,120 м.кв талбайтай газрыг 187,847,280 төгрөгөөр үнэлсэн байна. /1.х.х-ийн 76-94/

 

Гэвч хэргийн баримтаар талуудын гэрээнээс татгалзсан нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгч /хариуцагч/-ийн буруугаас болоогүй, харин үүрэг гүйцэтгүүлэгч /нэхэмжлэгч/-ийн өөрийнх нь буруугаас болсон тул нэхэмжлэгч нь газрын үнийг өнөөгийн зах зээлийн ханшаар буюу өссөн дүнгээр тооцож 187,847,280 төгрөгийг шаардах эрхгүй учир энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авч газрын үнэ болох 70,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

12. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, мэтгэлцэх зарчим бүх шатанд хэрэгжих тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасны дагуу хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас онгоцны тийзний зардал 95,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/ШШ2025/03071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 181,160,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 213,687,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...1,652,986.4 гэснийг 1,063,750 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс төлсөн 2,132,187 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР