Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

 

    2019          09         09                                      2019/ШЦТ/766

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: Д.М өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905029820864 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж баарны орчим иргэн Э.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 02 цагийн үед “Дурсамж” пабад найзуудтайгаа хамт явж байсан. Манай найз нэг залуутай маргалдаж байсныг хараад салгаад байж байхад манай найз явсан байсан. Тэгээд тэр залуу найзыгаа олж ир гээд явуулахгүй байсан. Миний хувцсыг татаад чангаагаад урсан...” гэв.

Хохирогч Э.Б ий мөрдөн байцаалтад өгсөн: “...үүдэнд машин дотор сууж байхад ...М удалгүй Т  ахыг аваад гараад ирсэн. Нэг залуу М ыг үсдээд авсан, тэгэхээр нь би очоод салгатал нэг залуу нь миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би түлхсэн чинь хаана байна гээд асуугаад зогсож байсан чинь нэг залуу ирээд намайг нэг удаа шүд рүү цохьсон. Тэр үед миний амнаас цус гараад шүд аймар өвдөөд байсан. Удалгүй цагдаа ирээд намайг цохиж гэмтээсэн залууг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12, 52-54/,

Гэрч Г.М ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д тай маргалдсан залуу тэр залуугаа олж ир гээд бид нарыг явуулахгүй татаж чангаагаад байсан. Тэр үед М нөгөө хүмүүст хандан “одоо болъё, бид нар явъя” гэсэн чинь нөгөө хүмүүсийн нэг нь Мөнхбаатарыг цохьсон, М зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь нөгөө цохиулсан залуу шүд рүү цохьчихлоо гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 9267 тоот дүгнэлтэд: “...Э.Б ий биед дээд үүдэн хоёр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 61/,

Яллагдагчаар Д.М ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...таксинд суугаад явах гэхэд араас татаж чангаагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 58/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж баарны орчим иргэн Э.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б ий: “...үүдэнд машин дотор сууж байхад ...М удалгүй Т  ахыг аваад гараад ирсэн. Нэг залуу М ыг үсдээд авсан тэгэхээр нь би очоод салгатал нэг залуу нь миний нүүр рүү нэг удаа цохьсон тэгэхээр нь би түлхсэн чинь нэг залуу ирээд намайг нэг удаа шүд рүү цохьсон. Тэр үед миний амнаас цус гараад шүд аймар өвдөөд байсан. Удалгүй цагдаа ирээд намайг цохьж гэмтээсэн залууг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12, 52-54/, гэрч Г.М ын: “...Д тай маргалдсан залуу тэр залуугаа олж ир гээд бид нарыг явуулахгүй татаж чангаагаад байсан. Тэр үед М нөгөө хүмүүст хандан одоо болъё бид нар явъя гэсэн чинь нөгөө хүмүүсийн нэг нь М-ыг цохьсон, М зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь нөгөө цохиулсан залуу шүд рүү цохьчихлоо гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шинжээчийн 9267 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М нь хохирогч Э.Б ий шүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б ий биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн, эмчид үзүүлсэн 213.000 төгрөг, нийт 221.000 төгрөгийг шүүгдэгч Д.М төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч нь хавтаст хэрэгт 2 шүд хийлгэх шаардлагатай гэх эмчийн бичиг хавсаргасан, шүд хийлгэх мөнгөө нэхэмжилж байна гэсэн боловч уг хор уршиг бодитой учирсан нь тогтоогдохгүй байх тул хохирогчийн энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.М ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Д.Мөнхбатаарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн баримттай хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Э.Б  нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР